| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 192/2025/00474/И |
| Дугаар | 210/МА2025/00730 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/00730
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/02015 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 14,004,825 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр *******-тай 1 жилийн хугацаатай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бусдын автомашиныг хааж зогсоолд тавьсан тул өөрийн ажлын газрын охиноор зогсоолоо солиулахаар түлхүүрээ өгч, зогсоолыг өөрчлөх явцад нь хашаа мөргөж осол гарсан.
1.2. *******-ийн үнэлгээний тайлангаар автомашинд 21,804,825 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Гэрээний 2.1-д жолоо шилжүүлэх үеийн эрсдэлийг даатгагчаас 100 хувиар тооцон нөхөн олговор олгоно гэж заасны дагуу учирсан хохирлыг барагдуулахаар *******-д хандахад 7,800,000 төгрөгийг олгож, үлдэгдэл төлбөрийг олгохоос татгалзсан.
1.3. *******-иас гэрээний 4.18.1 дэх заалтыг огт танилцуулаагүй, гэрээний өөр нөхцөлийг гарган тайлбарлаж, Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-д заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол гэж нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй тул үлдэгдэл төлбөр болох 14,004,825 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг ******* нөхцөлөөр байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тээврийн хэрэгслийг ******* гэх хүн зогсоолд байршуулах үедээ хашаа мөргөснөөр тээврийн хэрэгсэлд 21,804,825 төгрөгийн хохирол учирсан. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс дээрх тохиолдлыг шалгаж, жолооч *******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.
2.2. Иймд талуудын байгуулсан даатгалын гэрээний 4.18.1-д зааснаар жолоочийн буруутай үйлдлийн улмаас даатгалын нөхөн төлбөрийг хасаж олгохоор тохирсоны дагуу нөхөн төлбөрийг хасаж олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар *******-иас даатгалын нөхөн төлбөрт 921,930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,082,895 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 26,676 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,987 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхээс үүссэн тохиолдол, эрсдэлийг замын хөдөлгөөнд оролцоогүй үеийн эрсдэл гэх ерөнхий бүлэг хүснэгтэд хамааруулж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д замын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг, мөн хуулийн 3.1.6-д зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно гэж заасан.
Тухайн зам тээврийн осол нь дээр дурдсан хуулийн заалтуудын дагуу замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл гэх бүлэгт тэр дундаа жолоо шилжүүлэх үеийн эрсдэлд тооцогдохоор байна.
Нөгөөтэйгүүр, шүүхээс ослыг жолоо шилжүүлэх үеийн эрсдэлд хамаарахгүй гэж үзэж байгаа бол энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгвөл зохих байсан ч, орхигдуулсан байгаа нь шүүхийн шийдвэрийг учир дутагдалтай болгосон байна.
4.2. Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т заасан стандарт нөхцөлтэй гэрээний шинжийг хангаж байх ба үүссэн зам тээврийн осол нь гэрээнд тусгасан хэд хэдэн эрсдэлд нэгэн зэрэг хамаарч болохуйц ойлголтыг төрүүлж байна.
Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон осол нь даатгалын гэрээнд тусгагдсан эрсдэлүүдээс жолоо шилжүүлэх үеийн эрсдэл бөгөөд зориулалтын талбайд тээврийн хэрэгсэл оруулах, байрлуулах, хөдөлгөх үед учирч болзошгүй эрсдэл гэсэн хоёр хүснэгтэд аль алинд нь зэрэг хамаарч болохоор ойлгомжгүй, хоёрдмол байдлыг үүсгэсэн байна.
Уг нөхцөлд даатгалын байгууллага 100 хувь нөхөн олговор олгосноос 80 хувийг олгох нь ашигтай тул гэрээний ойлгомжгүй байдлыг ашиглаж даатгуулагчийг хохироосон нөхцөлд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх заалт хэрэглэгдэх ёстой гэж үзэж байна.
4.3. 2019 оны Даатгалын багц дүрмийн 7.2.2.в-д үйлчлүүлэгчээс даатгалын гэрээний эрх үүрэг, нөхөн төлбөр олгох болон олгохгүй нөхцөл, хязгаарлалт, зэргийг ойлгосон эсэхийг тодруулсан асуулгын хуудсыг бөглүүлж, баримтжуулан хадгалах гэж заасан байтал хариуцагч нь асуулга бөглүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд даатгагч нь гэрээний 4.18.1-т зааснаар нөхөн төлбөрийг 50 хувь хасаж олгосон нь үндэслэлгүй.
4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. *******-тай даатгалын гэрээ байгуулсан болохоос ******* гэх иргэнтэй байгуулаагүй. Манай байгууллага гэрээгээр хүлээсэн үүрэг буюу жолоо шилжүүлэх үеийн эрсдэлийг хариуцаж байгаа тул ******* гэх этгээдэд мөн даатгалын гэрээ үйлчлэхээр зохицуулсан.
5.2. Даатгуулагч буруутай тохиолдолд 10 хувийг хариуцна, даатгал үйлчлэхгүй хэсэг буюу даатгалын гэрээний 4.18.1, Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөн тохиолдолд нөхөн олговрыг 50 хувиар бууруулж олгоно гэж гэрээнд тодорхой заасан. Гэтэл анхан шатны шүүх даатгуулагчийн буруутай тохиолдол нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т хамаарч байх тул 10 хувийг хасах эсэх нь ойлгомжгүй байна гэх үндэслэлээр даатгуулагч талд ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн буюу 10 хувийг нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан.
5.3. Мөн манай байгууллагыг даатгалын багц дүрмийг мөрдөж ажиллаагүй, даатгуулагчийг төөрөгдөлд оруулах замаар гэрээ хийсэн гэж маргаснаар нэхэмжлэгч талын өөрсдийнх нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох үндэслэл нь няцаагдаж байна. Учир нь, Иргэний хуульд заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл хүчингүйд тооцогддог. Мөн нэхэмжлэгч нь даатгалын гэрээний үүрэгт нөхөн төлбөр шаардаж байгаа талаар анхан шатны шүүх хуралдааны үед маргаж байсан. Дээрх үндэслэлээр даатгуулагч нь үндэслэлгүй бөгөөд хэт өөрт ашигтай байдлаар буюу нэг талыг барьж даатгалын зүйлийг тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 14,004,825 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Хэргийн 7-10 дугаар талд авагдсан зам тээврийн осол дээр тогтоосон акт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байх ба уг баримт хуулбар хувиар хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан бичмэл нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангахгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг шүүх анхаараагүй байна.
4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/02015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,839 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА