Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 5135

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Дампилын 15-5 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЕС91042900, Ачит овогт Нямдоржийн Удвалцэцэгийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, 16-р байрны 1 тоотод оршин суух, эмэгтэй, РД-МХ63101008, Чавга овогт Бүрэн-Амгалангийн Алтанцэцэгт холбогдох

 1 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 23 өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 29 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Удвалцэцэг хариуцагч Б.Алтанцэцэгээс 1 600 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2009 оны 09 сард Шинжлэх ухаан технологийн их сургуульд хүнсний инженер биологийн чиглэлээр элсэн суралцаж, тодорхой шалтгааны улмаас сургуулиа төгсөж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн.

Энэ үед их сургуулийн диплом гаргаж өгдөг гэх хүний талаар сонсож, Ц.Ичинхорлоогоор зуучлуулан Б.Алтанцэцэг гэдэг хүнтэй танилцан, диплом гаргуулахаар тохиролцсон.

Би 2014-02-20 өдөр Б.Алтанцэцэгт 1 600 000 төгрөг өгсөн бөгөөд энэ өдрөөс хойш Б.Алтанцэцэгээс диплом хэзээ гаргаж өгөхийг асуухад “одоо болж байна, удахгүй” гэсээр 2 жил болсон.

Иймд Б.Алтанцэцэгээс 1 600 000 төгрөгийг буцааж гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Удвалцэцэгийн нэхэмжилсэн 1 600 000 төгрөгийг 2016-10-22 өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Удвалцэцэгийн нэхэмжилсэн 1 600 000 төгрөгийг хариуцагч Б.Алтанцэцэг бүхэлд нь буцааж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 40 550 төгрөгөөс 20 275 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 20 275 төгрөгийг, хариуцагчаас 20275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. 1 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Удвалцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Алтанцэцэг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 40 550 төгрөгөөс 20 275 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 20 275 төгрөгийг, хариуцагчаас 20275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.НАРАНЦЭЦЭГ