| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0286/Э |
| Дугаар | 291 |
| Огноо | 2019-07-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 291
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Б.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818008780107 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт Б.Г /регистрийн дугаар: ..../, 1978 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хатан түшиг” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд гавъяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Г нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ц.Д-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 6.600.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Б.Г-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
2019shiiitgeh-togtool-\Ganchimeg-17.3-1.docx
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ц.Д-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 6.600.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г-н өгсөн “...Гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Ц.Д-ын мөрдөн байцаалтад 2018 оны 11 дүгээр сарын 7, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би Г рүү өгсөн мөнгөнүүдээ авъя гэж уулзаж ярилцахад Г нь надад манай захын наймаачид өдрөөр мөнгө хүүтэй зээлж авдаг юм. Би чиний мөнгийг өгч чадаагүй удаасан юм чинь мөнгийг чинь хүүлж өсгөж тус болъё гээд надаас 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 2 дугаар сарын хооронд увуулж цувуулсаар 15 сая төгрөг авсан байна. Ч гэх охинд 3 сая төгрөг өгсөн талаар ярьж байсныг санаад тэр хүнийг олж уулзахад Г эгч надад мөнгө өгөөгүй харин миний иргэний үнэмлэхийг хүнд үзүүлж эгч нь чиний нэр дээр мөнгө зээлээд авчхаад буцаад өөрөө өгчихнө гэж хэлсэн талаар надад ярьсан. Ингээд би залилуулснаа мэдсэн.” гэх мэдүүлэг[1],
-Гэрч М.О-н мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Би анх 2015 оны 08 дугаар сарын орчим Г гэгч нь мөнгөний хэрэг байна. Хүүтэй мөнгө зээлдэг хүн байна уу гэхэд нь би Г-ийг дагуулж зах дээр очоод найз Д-тай танилцуулж 6 хувь хүүтэй 7 сая төгрөг зээлж авч өгсөн юм. Тэр үеэс хойш Г байнга Д-с нэмж мөнгө зээлж авсаар байсан. Би сүүлд мэдсэн.” гэх мэдүүлэг[2],
-Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би Б.Г эгчээс 2015 оны өвөл /сарыг нь санахгүй байна/ 1.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай өдрийн 40.000 төгрөгөөр эргэн төлөлт хийхээр зээлж авч байсан юм. Г эгч надад” манай найз сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг юм. Би тэгээд 1 сарын хугацаатай 1.000.000 төгрөгийг зээлж авахаар болсон. Би зээлж авсан мөнгөө өдөрт 40.000 төгрөг төлсөөр 1.100.000 төгрөг болгож буцааж өгсөн.Би дахиж Г эгчээс мөнгө зээлж авч байгаагүй ээ.” гэх мэдүүлэг[3],
-Гэрч П.Н-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 08 сард Д-с 3.000.000 төгрөг авахдаа эгч Г-ийн хамт очиж авсан. Авахдаа нотариатаар орж бичиг үйлдэж авч байсан. 2015 оны 10 дугаар сарын 10-ны орчимд би эгч Г-ийн хамт мөнгө хэрэг болоод эгч Г-ийг дагуулж Д-н ажил дээр нь очиж 2.000.000 төгрөгийг зээлж авч байсан юм. 2016 онд эгч Гээр дамжуулж Д-с өдрийн зээл гэж сарын хугацаатай 1.000.000 төгрөг зээлж авч байсан юм. Би тухайн зээлийн эргэн төлөлтийг өдөр өдөрт нь эгч Г-д тушааж 750.000 төгрөг тушааж үлдэгдэл 350.000 төгрөгийг Д-д төлөх мөнгөн дээрээ нэмж 3.000.000 төгрөг төлөхөөр болоод эвлэрэлийн гэрээ байгуулсан юм. Би Г эгчээс 1 л удаа өдрийн зээл гэж 1.000.000 төгрөгийг зээлж авч байсан. Г эгч энэ мөнгийг Д-с зээлж авч өгсөн юм.” гэх мэдүүлэг[4],
Яллагдагч Б.Д-н мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Би иргэн Ц.Д-аас 6.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ц-д учруулсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулж дуусгасан.” гэх мэдүүлэг[5] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Г-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун/ мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан болох нь хохирогч Ц.Д-ын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Б.Г-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 10-13 тал
[2] Хавтаст хэргийн 16 тал
[3] Хавтаст хэргийн 25 тал
[4] Хавтаст хэргийн 26 тал
[5] 2 дахь хавтаст хэргийн 107 тал