| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06717/И |
| Дугаар | 5136 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 5136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын 7-311А тоотод оршин суух, эмэгтэй, РД-ТИ84052801, Жагарынхан овогт Баярсайханы Урангоогийн нэхэмжлэлтэй,
хариуцагч-Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Хайрханы 4-114 тоотод оршин суух хаягтай, одоо 461 дүгээр хорих ангид хорих ял эдэлж байгаа, эрэгтэй, РД-ОЭ75021610, Шангас овогт Цэвээний Гангаад холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Б.Урангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Б.Урангоо нэхэмжлэл, тайлбартаа: Би Ц.Гангаатай 2006 онд танилцаж, 2007 оны 03 сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Охин Гангаагийн Ану-Үжин 2006-11-26 өдөр төрсөн. Гэр бүлээр 5 жил хамт амьдраад зан харилцааны таарамжгүй байдлаас 2010 оны 07 сараас тусдаа амьдарсан. Тусдаа амьдарсан хугацаанд охин маань миний асрамжинд байсан. Аавтайгаа уулздаг байсан. Би орон сууц худалдаж авахаар хөөцөлдтөл нөхрийнхээ бичиг баримтыг авчирч гэрээнд гарын үсэг зуруул гээд шаардсан тул Ц.Гангаатай уулзахаар хөөцөлдтөл гэмт хэргийн улмаас хорих ангид хоригдсон байсан. Иймээс хорих ангид очиж уулзаад, гэрлэлтээ цуцлуулахаар түүнтэй тохирсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү?
Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдээ би өөрийн асрамжинд авна. Хүүхдэдээ эцгээс нь тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч Ц.Гангаа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Б.Урангоотой танилцаж, улмаар 2007-03-23 өдөр гэр бүл болсон. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас цаашид хамт амьдрах боломжгүй болж, 2010 оноос салж тусдаа амьдарсан. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.Би хорин 461 дүгээр ангид 5 жил 1 сар хоригдох ял эдэлж байгаа учир шүүх ажиллагаанд оролцох боломжгүй тул надгүйгээр шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны тодорхойлолт, гэрлэлтийн 0020288, төрсний 0047318/Г-1017/ гэрчилгээнүүд, өрхийн эмнэлэг, сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг Хорих 461 дүгээр ангид хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаагийн улмаас өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан түүний тайлбарыг уншиж танилцуулж, хэргийг хариуцагчийн эзгүйд хэлэлцлээ.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хүүхэд болох Гангаагийн Ану-Үжин 2006-11-26 өдөр төрсөн байх бөгөөд зохигч 2007-03-23 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь төрсний болон гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Гэрлэгчид гэр бүлээр хамт амьдарч байх хугацаанд зан харилцааны таарамжгүй байдал үүсч, энэ байдлаас зохигч 2010 оноос тус тусдаа амьдарсан, уг хугацаанаас гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох охин Г.Ану-Үжин эхийнхээ асрамжинд байсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа байх бөгөөд гэрлэлтийг үргэлжлүүлэх нь нэхэмжлэгч насанд хүрээгүй хүүхэдтэйгээ амьжиргаагаа хэвийн авч явахад саад учруулж байгаа, хариуцагч хорих ял эдэлж байгаагийн улмаас хүүхдээ асрамжлах боломжгүй учир нэхэмжлэгч хүүхдээ асрамжлах үүргийг хүлээх тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийг насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Жагарынхан овогт Баярсайханы Урангоо, Шангас овогт Цэвээний Гангаа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг баримтлан 2006 оны 11 сарын 26 өдөр төрсөн охин Гангаагийн Ану-Үжинг 18 насанд хүртэл эх Б.Урангоогийн асрамжинд байлгасугай.
3. Зохигч дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхээс гардаж авах үүрэгтэй, хариуцагчид оршин суугаа хаягаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан хугацаанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ