Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00705

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/01385 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр *******-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авч өмчлөгч болсон.

1.2. Дээрх орон сууцыг ******* нь *******гаас зээлийн гэрээний үүрэгт шүүхийн шийдвэрээр шилжүүлж авсан байсан бөгөөд орон сууцны өмчлөгч болмогц *******тай холбогдож байрыг суллаж өгөхийг шаардахад хүүхдийн хичээл сургууль амартал хөлс төлж суух хүсэлтэй гэсний дагуу 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулж, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай, нэг сарын 1,000,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохирч, нэг сарын хөлс 1,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлөөгүй, орон сууцыг чөлөөлж өгөөгүй байна.

1.3. Иймд *******гаас үлдэгдэл хөлс 2,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх амьдарсан хугацааны хөлс 2,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тухайн орон сууц нь *******гийн нөхрийн өмчлөлд байсан бөгөөд 2013 онд *******гийн хүсэлтээр банк бус санхүүгийн байгууллагаас 80,000,000 төгрөгийн зээл авч, орон сууцыг барьцаанд тавьсан. Гэтэл ******* нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, төлбөрөө бүрэн төлөөгүй учраас 2019 онд шүүхээр шийдвэрлэгдэж, банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн.

2.2. ******* нь удахгүй байрыг буцааж авч өгнө, *******тэй хөлслөх гэрээ байгуулчих, төлбөрийг нь төлнө гэсний дагуу 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Уг гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй этгээд нь ******* юм.

2.3. Бидний хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуульд заасан эд хөрөнгө хөлслүүлэх гэрээ гэж үзэж байна. Эд хөрөнгө хөлслүүлэх гэрээг цуцлах шаардлагыг хуульд зааснаар бичгээр гаргах шаардлагатай байсан боловч бичгээр гаргаагүй тул орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 4,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ,, хаягт байрлалтай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч *******д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 157,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д ...хариуцагч орон сууц хөлслөх гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй хэдий ч төлбөр төлөх үүргийг ******* гүйцэтгэхээр тохиролцсон, энэ талаар үүрэг гүйцэтгүүлэгч мэдэж байгаа гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах хэдий ч хэргийн баримтаар өр шилжүүлсэн, эсхүл үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн болно... гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

-иас олгосон 80,000,000 төгрөгийн зээлийг авч ашигласан ******* байрыг тань удахгүй буцааж авч өгнө... та түрээсийн гэрээ байгуулчих... би сар бүр түрээсийн төлбөрийг нь төлөөд явна гэж хэлсэн учраас хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тэй 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулсан. Тухайн түрээсийн гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй этгээд нь ******* бөгөөд энэ талаар *******, түүний найз нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар бүгд мэдэж байсан.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс шүүхэд *******г гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан ба шүүхээс 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хангаж шийдвэрлэсэн.

Гэрч *******д шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хуралд хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн захирамжаар гэрчийг дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан ******* 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаартай тодорхойлолт болон Цагдаагийн байгууллагын илтгэх хуудас зэрэг баримтуудаар гэрч ******* нь ******* тоотод өрхийн бүртгэлгүй боловч оршин суудаг, Цагдаагийн байгууллагын ажилчид ажиллагаа явуулах тухайн үед гэртээ байгаагүй буюу Сэлэнгэ аймагт уурхайд ажиллаж байсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс *******г гэрчээр асуулгах шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШЗ2025/09149 дугаартай захирамжаар ...Гэрч ******* нь дуудсан хаягт оршин суудаггүй...Иймд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/03009 дүгээр захирамжийн биелэлт хангагдсан гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, талууд мэтгэлцэх, тэгш эрхтэй оролцох боломжоор хангаагүй гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд орон сууц түрээсийн гэрээ буюу эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д гэрээний хугацаа дууссан ч хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцохоор, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, 294.4, 294.6-д гэрээ цуцлах хугацаа 3 сар ба орон сууц хөлслөх гэрээг цуцлахдаа хөлслүүлэгч нь тухайн хугацааг баримтлах үүрэгтэй ба гэрээ цуцлах шаардлагаа бичгээр гаргахаар хуульчилсан.

Анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч талаас гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа шаардсан гэж тайлбарладаг боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байхад зөвхөн хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна гэх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

Мөн нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулсан 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г 3 сарын хугацаатай байгуулсан ч нэхэмжлэгч талаас гэрээг цуцлах тухай ямар нэгэн мэдэгдэл, шаардлага хүргүүлж байгаагүй гэрээний хугацаа Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасны дагуу сунгагдсан байхад анхан шатны шүүхээс 295 дугаар зүйлийн 295.1-д заасан гэрээний хугацаа дуусгавар болсон гэж дүгнэн орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байхаас гадна Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т заасан гэрээнээс татгалзах журам мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, 294.4, 294.6-д заасан зохицуулалтыг анхаарч үзээгүй, нотлох баримтыг тал бүрээс тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж дүгнээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулж, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ,,, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ийг бүртгэж, 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэрчилгээ олгожээ. /хх-ийн 5 дугаар тал/

3.2. *******, ******* нар 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, ******* нь 1 сарын 1,000,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 6 дугаар тал/

3.3. Дээрх гэрээг байгуулсан болон гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг төлсөн үйл баримтад зохигч маргаагүй, тэдний маргааны зүйл нь хариуцагч хөлс төлөх үүрэг бүхий этгээд мөн эсэх, гэрээ дуусгавар болсон эсэх асуудал болсныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч гэрээ дуусгавар болох хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлээс орон сууц чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

Орон сууц хөлслөх гэрээний хөлсийг иргэн ******* төлөх талаар хэлцэл хийгдээгүйгээс гадна өр шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Шаардах эрх шилжүүсэн талаар маргаагүй байхад шаардах эрхийн шилжүүлэг хийхэд хэлцлийн хэлбэрийг баримтлах талаарх дүгнэлт шаардлагагүй байсныг дурдах нь зүйтэй.

4.2. Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч орон сууцыг үргэлжлүүлэн эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон, хөлслөгчийн зүгээс гэрээг тодорхой хугацаагаар сунгах, хөлслүүлэгч орон сууцаа буцаан шаардаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.

Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтаар гэрээг сунгасанд тооцох гол үндэслэл нь хөлслүүлэгчийн хүсэл зориг бөгөөд түүний хувьд орон сууцыг хөлслөгч цаашид эзэмшиж, ашиглахыг зөвшөөрөөгүй гэж дүгнэх баримтгүйгээс гадна гэрээний хугацаа дууссанаас хойш 2 сар 16 хоногийн дараа орон сууцаа шаардсан зэргээс дүгнэхэд хөлслөгч орон сууцыг ашигласаар байгааг татгалзаагүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болсон, хариуцагч орон сууцыг буцааж өгөх хугацааг хойшлуулсан гэж алдаатай дүгнэлт хийжээ.

Харин хариуцагч нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд орон сууцны хөлс 4,500,000 төгрөгийг төлөөгүй тул түүнээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцжээ.

4.3. Нэгэнт гэрээний хугацаа сунгагдсан тохиолдолд гэрээг талууд харилцан тохиролцож, тохиролцож чадахгүй бол хуульд заасан журмын дагуу цуцлаж, дуусгавар болгох учиртай.

Орон сууц хөлслөх гэрээний хувьд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, 294.4, 294.6 дахь хэсэгт зааснаар хөлслүүлэгч нь гэрээ цуцлах мэдэгдлийг бичгээр гаргаж, тухайн мэдэгдлийг өгснөөс хойш 3 сар өнгөрсөн бол мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болно.

Нэхэмжлэгч нь дээрх журмаар гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй учраас гэрээ дуусгавар болоогүй байх тул Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид орон сууцыг буцааж өгөх үүрэг үүсээгүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу болсон, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

5. 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан *******гаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж, түүнд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн байх ба 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч хүрэлцэн ирээгүй байна. Анхан шатны шүүх гэрчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн түүнийг албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгүүлсэн боловч тэрээр заасан хаягт оршин суудаггүйн улмаас түүнийг шүүхэд албадан ирүүлэх боломжгүй болох нь цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудсаар тогтоогджээ. /хх-56-57, 63-65, 69 дүгээр тал/

Иймд шүүх гэрчийг дуудан ирүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн байх тул гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/01385 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 4,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 157,150 гэснийг 86,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА