Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Д.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буу тамгат овогт Доржийн Дд холбогдох 1929000000083 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Интер Транс” ХХК-ийн кемпийн хашаанд иргэн Б.Цогзолмаатай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар тээврийн хэрэгслийн хаазны троссны бүрээсээр зүүн гаран тус газар нь шавхардаж зодон Б.Цогзолмаагийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “Б.Цогзолмаатай хувийн таарамжгүй харьцаанаас болж ийм хэрэг үйлдсэн. Дахин ийм зүйл гаргахгүй, хийсэн хэрэгтээ их гэмшиж байна.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Цогзолмаагийн: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Дтай үл ойлголцож улмаар намайг зодсон. Миний зүүн шанаанд зүүн гараараа цохихоор нь шанагатай хүйтэн цай цацсан, тэгсэн чинь боорцогны тавгаар толгойруу цохихоор нь би шанагаараа цохих гээд далайхад намайг гараараа боогоод хананд шахаад зогсож байхад Баярмаа ирж салгасан” гэх мэдүүлэг /хх-н 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Д.Одхүүгийн: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн 6 дахь километрт байлах “Интер Транс” ХХК-ийн кемпд гадуур ажилтай явж байгаад  иртэл тогооч Б.Цогзолмаа ухаан алдсан байдалтай амрах өрөөнд хэвтэж байсан. Тэгээд эмнэлгийн тусламж үзүүлэн Цогтцэций сумын эмнэлэгт хүргэсэн. Намайг очиход Цогзолмаагийн хажууд жолооч Эрдэнэ-Очир, Д.Д нар байж байсан. Цогзолмааг харахад зүүн талын хацар бага зэргийн хавдартай харагдсан, баруун гарын сарвуу бугуйн хэсгүүд нь хавдаж хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-н 9 дүгээр хуудас/,

Гэрч Б.Баярмаагийн: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн 6 дахь километрт байлах “Интер Транс” ХХК-ийн кемпийн гал тогоонд ороод сууж байхад тогооч Б.Цогзолмаа эгч Цогтцэций сумаас хэрэглээний усанд яваад гал тогоонд дөнгөж орж ирээд цай уугаад сууж байхад гаднаас манай компанийн жолооч ажилтай Д.Д орж ирсэн. Тэгээд “цай байна уу, идэж уучихаар юм байна уу, цай майгаа чанасан юм уу” гээд зандрангуй өнгөөр асуухад тогооч Цогзолмаа “би өглөө эрт босоод цайгаа чанасан, халуун саванд байгаа, өөрөө хийгээд уу” гэхэд “боорцог байгаа юм уу” гэхээр нь би хөргөгчнөөс чанасан мах, боорцогтой гаргаж Д.Дд өгөхөд хутга асуухаар нь би заазуур аваад өгсөн чинь “хутга байхгүй юм уу” гэж асуусан. Тэгсэн Б.Цогзолмаа эгч “хажуу талын контейнерт байгаа өөрөө очоод ав” гэхэд Д.Д “чи ер нь юу гээд байгаа гичий вэ” гэхэд Б.Цогзолмаа эгч “чи эмэгтэй хүнээс төрөөгүй юу, чи яахаараа хүнийг ингэж муухай хэлдэг юм бэ” гээд уйлаад гартаа барьж байсан шанагатай цайгаа цацах шиг болсон. Тэгсэн хүн алгадах дуу чимээ гархаар нь би хүрээд очсон. Манай компанийн гал тогоо дундуураа тасалгаатай болохоор зарим үйл хөдөлгөөн харагдахгүй байсан. Тэгээд би хүрээд очиход Д.Д, Б.Цогзолмаа эгчийн хоолойг гараараа боогоод хананд шахаад зогсож байхаар нь “чи болиоч хүн аллаа ш дээ” гээд салгасан чинь Д.Д гүйгээд гарах үед Б.Цогзолмаа эгч шал угаадаг модны иш аваад Д.Дын араас шидсэн чинь Д уурлаад машины тоормосны тросс барьж ирээд Цогзолмаа эгчийг 2 удаа шавхардсан. Тэгсэн Б.Цогзолмаа эгч газар суугаад ёолоод байхаар нь би кемп менежерт хэлэх гээд явсан хойгуур Б.Цогзолмаа эгчийг аваад Цогтцэций сумруу аваад явчихсан байсан”  гэх мэдүүлэг  /хх-н 5 дугаар хуудас/,

Гэрч М.Эрдэнэ-Очирын: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Интер Транс” ХХК-ийн кемпийн хашаанд 12 цагийн үед усны машинаас саванд ус авч байхад гал тогооны байрнаас Цогзолмаа, Д нар хэрүүл маргаан хийн гарч ирсэн. Тэгээд Цогзолмаа шалны модны ишээр Дын нуруунд цохих шиг болсон. Тэгээд  тэр хоёр усны машины урд талд ороод надад харагдахгүй болсон. Тэгээд эмэгтэй хүн ёолоод байхаар нь хүрээд очиход тогооч Цогзолмаа газар суугаад толгойгоо гараараа барин “толгой өвдөөд байна толгой руу цохьчихлоо”  гээд ёолоод байсан. Би усаа авчихаад эргээд тогооч Цогзолмаа дээр ирэхэд Цогзолмаа газар татааад уначихсан Д хажууд нь сэрээх гээд зогсож байхаар нь би хамтраад биед нь массаж хийж байхад Цогзолмаа татах нь гайгүй болсон. Цогзолмааг амралтын өрөөнд оруулахад дахин татсан. Тэгээд яаралтай Цогтцэций сум явж эмэнэлэгт хүргэх шаардлагатай байсан тул механик Одхүү машинаараа Цогзолмааг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-н 7 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 397 дугаартай “Б.Цогзолмаагийн биед зулайд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 28 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-н 20-21 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч Д.Дын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 38, 40-42-р хуудас/,

Шүүгдэгч Д.Даас хохирогч Б.Цогзолмаад 1,800,000 төгрөг төлсөн тухай хохирогчийн мэдүүлэг, баримт /хх-н 17, 45 дугаар хуудас/,

Д.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 68-р  хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Интер Транс” ХХК-ийн кемпийн хашаанд иргэн Б.Цогзолмаатай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар тээврийн хэрэгслийн хаазны троссны бүрээсээр зүүн гаран тус газар нь шавхардаж зодон Б.Цогзолмаагийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Цогзолмаагийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Дын хохирогчийн толгойн тус газарт нь гараараа хойр удаа цохисон,  тээврийн хэрэгслийн хаазны троссны бүрээсээр зүүн гаран тус газар нь шавхардсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Д.Дыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.Цогзолмаагийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжуучийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 397 дугаартай “Б.Цогзолмаагийн биед зулайд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 28 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.Цогзолмаад хохирол төлбөрт 1,800,000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөг төлж барагдуулсан /хх-н 17, 45-р хуудас/, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900  /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлж шүүгдэгч Д.Дыг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Прокурорын зөвшөөрлөөр Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1,85 метр урттай, гол хэсэгтээ хатуулаг хуванцар материалтай, гадна талдаа хар хамеран бүрээстэй, 2 үзүүр хэсэгтээ резва бүхий төмөр зүйлтэй тээврийн хэрэгслийн хазны тросс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буу тамгат овогт Доржийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Цогзолмаад хохирол төлбөрт 1,800,000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Прокурорын зөвшөөрлөөр Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1,85 метр урттай, гол хэсэгтээ хатуулаг хуванцар материалтай, гадна талдаа хар хамеран бүрээстэй, 2 үзүүр хэсэгтээ резва бүхий төмөр зүйлтэй тээврийн хэрэгслийн хазны тросс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Д.Дын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Цогзолмаад хохирол төлбөрт 1,800,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Дд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ӨЛЗИЙ-ОТГОН