Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 14

 

 

 

 

Д.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Д.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1253 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 831 дүгээр магадлалтай, 201525030924 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Эын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Д.Э нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4 дэх заалтад заасан “Давтан үйлдлээр догшин авирлаж, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтныг эсэргүүцэж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Эыг давтан үйлдлээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтныг эсэргүүцэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4 дэх заалтад зааснаар 3 жил 08 сар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эад оногдуулсан 3 жил 08 сар хорих ялыг тэнсэж, 1 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Г.Даваахүүгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Д.Э, өмгөөлөгч Г.Даваахүү нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Миний бие 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн баяраа тэмдэглэсэн бөгөөд улмаар бидний баяр дуусаж найзыгаа таксинд суулгаж өгөхөөр гэрээсээ гарч яваад цагдаагийн дэд хурандаа Б.Цтай үл ойлголцож маргалдсан. Би Б.Цтай зодолдсон болохоос давтан үйлдлээр П.Дийг цохиогүй. Анхан болон давж заалдах шатны шүүх танхайрах гэмт хэргийн субьектив талыг огт нотлоогүй, зөвхөн обьектив талын хүрээнд асуудлыг хэлэлцсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Г.Даваахүү хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Анхан болон давж заалдах шатны шүүхэд субьектив талыг нотолж, тогтоогоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл миний хүсэлтийг хүлээж аваагүй. Хохирогч өөрөө шүүгдэгчийн араас татаж чангааж, зодолдсон байдаг. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд танхайн сэдэлт байсан эсэхийг тогтоогоогүй. Хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр зүйлчилсэн нь буруу тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч нь дэд хурандаа Б.Цыг шаардлага тавьж амжаагүй байхад үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Д.Э нь согтуугаар 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн дэд хурандаа Б.Цыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний биед хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан, мөн танхайрах үйлдлийг нь таслан зогсоох гэсэн цагдаагийн ахлах ахлагч П.Дийг зодож, түүний биед хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтныг эсэргүүцэж, давтан үйлдлээр танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт бэхжүүлэгдэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал нь гэмт этгээд олон нийтийг үл хүндэтгэн өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүйгээр эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан маргаан өдөх, агсам тавих зэрэг сэдэлтээр илрэн гардаг онцлогтой.

Хэргийн нөхцөл байдлуудыг шинжлэн судалбал, Д.Э нь согтуугаар цагдаагийн албаны машиныг зогсоож, цагдаагийн дэд хурандаа Б.Цт дөхүүлээд өгчих гэж хэлэн энэ унаа такси биш гэж Б.Цын хэлсний хариуд гараа салаавчлан хараалын үг хэлж, улмаар маргаан үүсгэж, хохирогч Б.Цын эрх чөлөөнд халдан биед нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн танхайрах үйлдлийг нь таслан зогсоох гэсэн цагдаагийн албан хаагч П.Дийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчмын дагуу Д.Эын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан байна гэж үзэв.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Д.Эын “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1253 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 831 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ