Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0185

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.А, Г.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гаас Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаартай Б.Б-д сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б намайг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ныг хүртэлх 12 сар 13 хоногийн цалин хөлсөнд 10479734 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Б.Ө, Х.Н  нар давж заалдах гомдолдоо: “...Б.Б 2018 оны 11 дүгээр сард төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. ... Төрийн албаны зөвлөл нь Б.Б-ийн ажиллаж байсан ажлын байранд төрийн албан хаагчийн сул орон тоо зарлаагүй, шалгалт явагдаагүй байдал нь тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх ашиг сонирхолд халдах, өөрийнх нь эсрэг ашиглагдах үндэслэл байх боломжгүй юм. ... Шүүх үндэслэх хэсэгтээ Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаа нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах ба маргааны тохиолдолд Б.Б нь хэдийгээр төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх боловч төрийн жинхэнэ албан хаагч биш байх тул энэхүү баталгаагаар хангагдах, төрийн жинхэнэ албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардах эрх үүсэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

... Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь Б.Б-г ажлаа хийх боломж нөхцөлийг санаатайгаар хясан боогдуулж, ажлын өрөө, сейфний түлхүүрийг хураан авч өрөөг нь түгжиж битүүмжилчхээд мөн амьдарч байсан байрыг суллаж, гудамжинд хөөж гаргачхаад ажлаа тасалсан гэж гүтгэсэн. ...Б.Б-г ажлаас халсан тушаалд хуулийн ямар үндэслэлээр ажлаас халж байгаа талаар бичээгүй, хэднээс ажлаа тасалсан гэж үзсэн талаар дурдаагүй байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар Б.Б-г “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоног ажил тасалж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ тайлбарлахдаа ажил тасалсан хугацааг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тооцсон гэжээ.

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...2018 оны 12 дугаар сарын 01-05-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 03-31-ний өдөр хүртэл өвчтэй байсан, бусад хугацаанд нь ажлын байрны дарамт үзүүлж, ажил хийлгэхгүй байсны улмаас ажилдаа очих боломжгүй байсан ба 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 14 хоног хэвтрийн дэглэм сахисан” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 03-аас 31-ний өдөр хүртэл өвчтэй байсан нь эмнэлгийн магадалгаагаар[1] тогтоогдсон, харин ажил тасалсан гэх бусад хугацаанд нэхэмжлэгч нь удирдлагаас албан ёсоор чөлөө аваагүй хэрнээ ажилдаа яваагүй, энэ хугацаанд өвчтэй байсан болохоо нотлох баримтыг хариуцагчид гаргаж өгөөгүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай, удирдлагаас дарамтлаад байсан учраас ажилдаа очих боломжгүй байсан гэж тайлбарлан маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ” 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж, Онцгой байдлын газрын хөдөлмөрийн дотоод журмын 6.11-д “Амьдралын зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авахыг хүссэн алба хаагчид ажлын 5, амьдралын зайлшгүй бусад шалтгаанаар чөлөө авахыг хүсвэл 3 хүртэл өдрийн цалинтай чөлөөг 1 удаа, ажлын 10 хүртэл өдрийн цалингүй чөлөөг эмнэлгийн магадалгаа, тодорхойлолт, холбогдох материалыг үндэслэн олгох ба чөлөө хүссэн алба хаагч өргөдөл гарган шат дараалсан дарга нараар зөвшөөрүүлж, гарын даргад танилцуулан хүний нөөцийн дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэнд өгч, чөлөөний хуудас авснаар чөлөө баталгаажих ба чөлөө дууссан өдрийг хүний нөөцийн ажилтанд өгч, чөлөөний хуудас авснаар чөлөө баталгаажна” гэж тус тус заасан байна.

Үүнээс үзвэл, ажилтан “өвчтэй байгаа” болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авах тохиолдолд удирдлагадаа энэ талаарх хүсэлт, шалтгааныг нотлох баримтыг гаргаж, холбогдох тушаал, шийдвэр гарснаар чөлөө олгогдох байтал нэхэмжлэгч Б.Б чөлөө олгох шийдвэр гараагүй байхад ажилдаа очоогүй байх тул уг хугацаанд түүнийг дур мэдэн ажлаа тасалсан гэж үзэх бөгөөд энэ хугацаанд өвчтэй байсан гэх боловч уг хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтгүй байх тул нэхэмжлэгчийг төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзэж, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.3-д “төрийн албанаас халах” гэж заасантай нийцсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь чөлөө олгох шийдвэр гараагүй бол ажлаа таслахыг хориглосон, ингэсэн тохиолдолд “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулахыг мэдсээр байж дээрх зөрчлийг гаргасан байх тул түүнийг ажлаас халсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “төрийн алба” гэдэг нь төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагааг хэлэх бөгөөд энэ чиг үүргийг гүйцэтгэж буй төрийн албан хаагч нь өөрийг нь ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй л бол төрийн албаны үйл ажиллагааг тасалдуулж, ажилдаа очихгүй байх эрхгүй, хэрэв ажлын байрны дарамттай гэж үзсэн бол холбогдох байгууллага албан тушаалтанд нь хандаж, удирдлагын хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор гомдол гаргах боломжтой юм.

Нэхэмжлэгчээс “...удирдлагаас дарамт, шахалт үзүүлсэн, ажил хийлгэхгүй, өрөөний түлхүүр авчхаад өгөхгүй байсан учир ажилдаа очоогүй” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, маргаан бүхий тушаал гарахаас өмнө ажлын байрны дарамт үзүүлсэн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол гаргаж байгаагүй, түүний дээрх тайлбар нотлогдохгүй байхад шүүхээс нотлох баримтаар тогтоогдоогүй тайлбарт үндэслэн нэхэмжлэгч Б.Б-г ажлын байрны дарамтад орсны улмаас ажлаа тасалсан гэж дүгнэх боломжгүй.

Мөн Б.Б-ийн гаргасан гомдлын дагуу Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн шалгалтаар[2] түүнийг ажлын байрны дарамтад өртсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 “Ажлын байрны дарамтад орсон талаарх бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгөхөд шүүх хүлээн аваагүй” гэх давж заалдах гомдлын тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгөхийг хүссэн утасны бичлэг нь хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй баримт байх тул анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаар гаргуулж болохгүй гэж үзэж, түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүхийн “Б.Б-г 2018 оны 12 дугаар сарын 04-24-ний өдөр хүртэл хугацаанд албан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй” талаарх дүгнэлтэд хэргийн оролцогчид гомдоогүй учраас давж заалдах шатны шүүхээс дүгнэхгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үйл баримтууд нотлогдоогүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, Х.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

 

 


[1] 1-р хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр хуудсанд авагдсан Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2/503 дугаар албан бичиг