| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 221/2024/0047/З |
| Дугаар | 001/ХТ2025/0014 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2025/0014
Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаар шийдвэртэй хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Б.М нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах,
2.Хэргийн нөхцөл байдал: Дээрх тушаалаар “зудад нэрвэгдсэн зээлдэгч иргэдэд үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй байдал, Ковид-19 цар тахлаас үүдэн улсын нийгэм эдийн засагт үзүүлсэн сөрөг үр дагаврыг бууруулах, санхүүгийн тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих” зорилгоор зээлдэгч иргэдэд үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан, 2017, 2018, 2021, 2022 онуудад иргэдийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн байх бөгөөд энэ дагуу иргэдийн хугацаа хэтэрч зээлээ төлж дуусгаж байсан зээлийн түүхийг зээл олгогч этгээд мэдэх боломжгүй болжээ.
3.Нэхэмжлэгчээс: “... Монголбанк өөрийн санаачлагаар зээлийн мэдээллийн санг өөрчлөх эрх олгогдоогүй, тохируулга хийх эрхгүй, зээлийн мэдээлэл үнэн зөв тусгагдсан байх ёстой, зээлийн түүхийг мэдэхгүйгээр зээл олгох нь санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх үр дагавар үүсгэж байна, өмнөх зээлээ яаж төлж байсныг мэдэж байж зээл олгох эсэхээ шийднэ” гэж,
4.Хариуцагчаас: “... муу зээлийн түүхгүй байх нь зээл олгохгүй гэх шалтгаан биш, зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулаагүй, тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан иргэдийн зээлийн мэдээллийн лавлагаанд тохируулга хийсэн, Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргасан тушаал нь иргэд хуулийн этгээдэд эерэг нөлөөлөл бүхий шийдвэр болсон, Ковид-19 цар тахлын дараах Монгол улсын эдийн засгийн сэргэлтийг дэмжих үүднээс тушаал гаргасан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
5.Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:
5.1.Хуулийн заалтуудад Монголбанкны Ерөнхийлөгч Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан зээлийн мэдээллийн сантай мэдээлэл солилцох үйл ажиллагааны хүрээнд “иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийг лавлагаанд хамруулахгүй байх шийдвэр гаргах эрх олгосон” зохицуулалт байхгүй байна.
5.2.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны А-74 дүгээр тушаалын зорилгыг “...зудад нэрвэгдсэн зээлдэгч иргэдэд үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй байдал, Ковид-19 цар тахлаас үүдэн улсын нийгэм эдийн засагт үзүүлсэн сөрөг үр дагаврыг бууруулах, санхүүгийн тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих” гэсэн байх боловч хэдэн оны зудын асуудал болох, мөн тус зудад нэрвэгдсэн хэдэн (малчин) иргэд зээлтэй байсан эсэх, санхүүгийн хүндрэлтэй байдалтай байгаа болох нь тодорхойгүй, энэ талаарх судалгаа баримт байхгүй, Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль (2020 он)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.-д “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ.” гэж зааснаар хуулийн үйлчлэл хэдийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон зэрэг нь дээрх тушаалын зорилго агуулгатай зөрчилдөж байна.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Б.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
6.1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны А-74 дүгээр тушаал нь аливаа нэгэн этгээдийн мэдээлэл авах эрхэд хязгаарлалт тавих зорилгогүй, тэдний мэдээлэл авах эрхийг хязгаарласан зохицуулалтыг ч мөн агуулаагүй, гагцхүү өөрт байгаа мэдээлэлдээ тохируулга хийсэн шийдвэр юм.
6.2.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна” гэсний хүрээнд Монголбанкнаас мэдээлэл нийлүүлэгч нартай гэрээ байгуулан зээлийн мэдээлэл солилцдог. Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгөх, авах гэрээний 2.1.1-д зааснаар Монголбанк нь “Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомжид заасны дагуу зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах”-ын хүрээнд шийдвэр гаргасныг шүүхээс дүгнээгүй.
6.3.Хуулийн этгээд алдагдалтай ажиллавал хариуцлагаа өөрөө хүлээдэг тул Монголбанкнаас “О И” ББСБ эдийн бус эрх, ашиг хууль ёсны сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй болно. Хэрэгт авагдсан 407,353 иргэн, аж ахуйн нэгжийн ойролцоогоор 4.2 их наяд төгрөгийн зээл энэхүү ажиллагаанд хамрагдах боломжтой байсныг тодотгожээ. Тус арга хэмжээний хүрээнд 64,925 иргэн, аж ахуйн нэгжийн 1,49 их наяд төгрөгийн зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх тохиргоог Монголбанкнаас гүйцэтгэсэн бөгөөд энэхүү тушаалыг хүчингүй болгосноор тухайн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд бодит сөрөг нөлөө үзүүлэхээр байна.
ХЯНАВАЛ:
7.Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
8.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэний зээлийн мэдээлэлд дараах мэдээллийг хамруулна” гэж, 6.1.8-д “гэрээний хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн, эсхүл гүйцэтгээгүй байгаа зээл, төлбөрийн дүн” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчийн зээлийн мэдээлэлд аливаа зээлдэгчийн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн тухай мэдээлэл заавал байх агуулгатай, уг мэдээллийг бүрэн дүүрэн бүртгэсэн тохиолдолд мэдээлэл үнэн зөв байх зарчим хангагдахаар байна.
9.Гэтэл хариуцагчаас тодорхой цаг хугацааг нэрлэн зааж, иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн гэрээний төлөлтийн түүхийг харагдахгүй байдлаар зээлийн лавлагаа гаргах тохируулга хийсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, ийнхүү хуулиар тогтоосон зээлийн мэдээллийн сангийн бүрдэлд хязгаарлалт хийх эрх хариуцагчид олгогдоогүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
10.Төв банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” гэж заасныг хариуцагчаас “шийдвэр гаргах эрх олгогдсон” зохицуулалт гэж маргаж байгааг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, энэхүү маргаанд хэрэглэгдэх нарийвчилсан зохицуулалттай хууль нь Зээлийн мэдээллийн тухай хууль байх бөгөөд уг хууль болон хариуцагчийн нэрлэн заасан Төв банкны тухай хуулиар зээлийн мэдээлэлд хязгаарлалт хийх эрхийг Монголбанкны Ерөнхийлөгчид олгоогүй байна.
11.Монголбанкны Ерөнхийлөгч нь банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хуульд нийцүүлэх, тусгайлсан хуулиар тодорхой заасан зохицуулалтын хүрээнд асуудлыг шийдвэрлэх, тогтвортой байдлыг хангах эрхтэй, тухайлбал, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдах ёстой хуулиар нэрлэн заасан мэдээллийг бүгдийг мэдээлэх замаар шийдвэр гаргах үүрэгтэй юм.
12.Түүнчлэн хариуцагчийн “Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28.1 дэх хэсэг, Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгөх, авах гэрээний 2.1.1-д зааснаар Монголбанк нь “Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомжид заасны дагуу зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах хүрээнд шийдвэр гаргасныг шүүхээс дүгнээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна” гэсэн нь хариуцагчид маргаан бүхий тушаалыг гаргах эрх олгосон зохицуулалт биш байна.
13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, хэрэгт авагдсан 407,353 иргэн, аж ахуйн нэгжийн ойролцоогоор 4.2 их наяд төгрөгийн зээл энэхүү ажиллагаанд хамрагдах боломжтой байсныг тодотгожээ. Тус арга хэмжээний хүрээнд 64,925 иргэн, аж ахуйн нэгжийн 1,49 их наяд төгрөгийн зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх тохиргоог Монголбанкнаас гүйцэтгэсэн бөгөөд энэхүү тушаалыг хүчингүй болгосноор тухайн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд бодит сөрөг нөлөө үзүүлэхээр байна” гэх гомдлын тухайд: Зээлийн мэдээллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хэрэглэгч нь дараах эрхтэй” гэж, 21.1.1-д “зээлийн лавлагаа үнэн зөв, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээлэл агуулсан байхыг шаардах эрхтэй” гэж заасан, энэ тохиолдолд маргаан бүхий тушаал гарснаар нэхэмжлэгчийн үнэн зөв мэдээлэл авах эрх зөрчигдсөн буюу зээлийн түүхийг судлахгүйгээр, зээлдэгч хугацаа хэтэрсэн зээлтэй байсан эсэх, түүний шалтгаан нөхцөлийг мэдэх боломжгүйгээр зээл олгох үр дагаврыг үүсгэж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д “Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоол гомдол гаргахгүй” гэж зааснаар маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийг хянасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цагаас хойш эрх зүйн үр дагавар учруулж эхлэх тул энэхүү тогтоол гарахаас өмнө нэгэнт олгогдсон зээл, зээлийн мэдээллийн лавлагаатай холбоотой аливаа шийдвэрт өөрчлөлт орохгүй, хариуцагчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
15.Дээрх үндэслэлүүдээр, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ