Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0024

 

        Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Булган аймаг дахь Ардчилсан оюутны хорооны нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган аймгийн Булган сумын Засаг даргад холбогдох

      “Булган сумын Засаг даргын цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/365 тоот албан бичгийн хариу болох шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2017/00024/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хариуцагч Булган сумын Засаг дарга Д.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Булган аймаг дахь Ардчилсан оюутны хорооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Булган аймгийн Ардчилсан оюутны хороо нь оюутан залуусын сайн дурын байгууллага бөгөөд ардчилсан үзэл, хувь хүний үндсэн эрх, эрх чөлөө, эх орон тусгаар тогтнолыг эрхэмлэсэн нийгэм дэх оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэл бүхий төрийн бус байгууллага бөгөөд 2017 оны 06 сарын 08-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж байгуулагдсан.

      Оюутнууд байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээр 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт төрийн эрх баригчдын ард түмэнд амлан гарч ирсэн амлалтуудыг сануулсан цаас барин тайван дуугүй алхаж байхад аймгийн Цагдаагийн газраас албадан тарааж, улмаар эрх баригчдын гомдлоор Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчилд холбогдуулан эвлэлдэн нэгдсэн нэр бүхий оюутнуудыг мөрдөн мөшгөж, эрхээ хэтрүүлэн тайлбар, мэдүүлэг авч айлган сүрдүүлж байна.

       Бид Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг иргэдэд таниулах,  хууль тогтоомжийн өөрчлөлт ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг байдалд анхаарал хандуулах, оюутан залуус болон иргэдийн нийгэм улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Өрнөөс салгана гэсэн яалаа, Хүүхдийн 20 мянга хаачив, ТОП 100 сургуулийн тэтгэлэг хаачив, Татвар нэмэхгүй гэсэн яалаа, Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх болов, Оюутны 70 мянгыг хаав" гэсэн бичээс бүхий А4-ийн цаасыг барьж явсан. Энэхүү үйл ажиллагааг бид жагсаал цуглаан гэж үзээгүй ба үйл ажиллагааны явцад нийгмийн хэв журам алдагдуулсан, бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан ямар ч үйлдэл гаргаагүй.

         Гэтэл цагдаагийн алба хаагчид бидний үйл ажиллагааг зогсоож, цагдаагийн хэсэг рүү авч явсан.

      Улмаар бид Цагдаагийн хэсгээс гараад Булган сумын Засаг даргад хандан тайван цуглаан хийх тухай мэдэгдлээ 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/01 албан тоотоор хүргүүлсэн. Гэвч тус сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/365 албан тоотоор "...Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлд сонгуулийн сурталчилгааны арга хэлбэрийг зааж өгсөн бөгөөд тус хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1-д хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэж заасан байна. Иймд улс төрийн нам эвсэл улс төрийн зорилгоор жагсаал цуглаан хийх нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тул жагсаал цуглаан хийхийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд бүртгэхгүй болно." гэсэн хариуг ирүүлжээ.

         Бид улс төрийн нам эвсэл биш бөгөөд тухайн үйл ажиллагааныхаа хүрээнд аливаа нэг намын нэр дэвшигчийг сурталчилсан агуулга бүхий жагсаал хийгээгүй болно. Хэрэв төр захиргааны байгууллагаас бидний үйл ажиллагааг жагсаал цуглаан гэж үзэж байгаа бол тухайн өдөр Засаг даргаас холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийхээ зогсоох тухай мэдэгдэж, 2 цагийн дотор тараах тухай албан шаардлага гардуулах ёстой байтал цагдаагаар албадан тараалгаж мэдүүлэг авсанд гомдолтой байна.

       Уг татгалзсан шалтгаан нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зуйлд заасан үндэслэлүүдээс өөр шалтгаанаар татгалзсан тул бидний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дугаар заалт, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дугээр зүйлийн 1-д заасан эрх зөрчигдөж байгаа тул шүүхэд хандаж байна.

          Иймд Булган сумын Засаг даргын цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/365 тоот албан бичгийн хариу болох шийдвэрийг хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

       Хариуцагч Булган сумын Засаг дарга Д.Наранбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ардчилсан оюутны холбооны нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн гомдлыг тухайн захиргааны байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

          Тус оюутны холбоо нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүүлээгүй байна.

       Сонгуулийн тухай хуулийн 113  дугаар зүйлийн 113.1-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг шийдвэрлэхэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг баримтална. Сонгуулийн тухай хуулийн 114, 115 дугаар зүйлд зааснаас үзэхэд Сонгуулийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх Сонгуулийн тухай хуульд заасан  журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл Сонгуулийн хорооны шийдвэрт гомдол гаргасан эсхүл зөрчлийн талаар гаргаж буй гомдол, мэдээллийг Захиргааны хэргийн шүүх Сонгуулийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх бөгөөд сумын Засаг даргын шийдвэрт гаргасан нэхэмжлэлийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх юм.

        Тус оюутны хороо нь жагсаал цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг жагсаал цуглаан зохион байгуулсныхаа дараа өгсөн бөгөөд бүртгүүлээгүй юм. Тиймээс Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль заасны дагуу Цагдаагийн байгууллага тараасан. Мөн улс төрийн байгууллагын хувьд жагсаал цуглаан зохион байгуулах нь Сонгуулийн тухай хуульд заасан холбогдох заалтыг зөрчих тул улс төрийн байгууллага сонгуулийн сурталчилгааны хугацаанд жагсаал цуглаан зохион байгуулах бүртгэхгүй тухай албан бичгийг хүргүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлд сонгуулийн сурталчилгааг явуулж болох арга хэлбэрүүдийг зааж өгсөн бөгөөд тус заалтанд жагсаал, цуглаан хийх гэсэн сурталчилгааны арга хэлбэр байхгүй бөгөөд мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1-т “энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.” гэж заасныг зөрчих юм.

     Тиймээс Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны хорооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

        Мөн Булган аймгийн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны хороо нь Булган сумын төв зам дагуу жагсаал цуглаан хийхээр мэдэгдэл ирүүлсэн даруйд тус байгууллагыг улс төрийн байгууллагын харьяа эсэхийг нягтлан шалгахад Ардчилсан намын удирдлагуудын Facebook хаяганд Булган аймгийн Ардчилсан намын дэргэдэх Оюутны хороо байгууллагдлаа гэдэг албан мэдэгдэл байсан болно.

         Булган сумын төв зам дагуу хүнсний захын зориулалтаар 6308003371 нэгж талбар бүхий 1018 м2 газрыг “Сүүдэр царам” ХХК, 6308005502 нэгж талбар бүхий 4456 м2 газрыг “Цэцэгжин” ХХК, 6308003414 нэгж талбар бүхий 4080 м2 газрыг иргэн Д.Баярмагнай эзэмшдэг байна.

         Иймд тус байгууллага нь улс төрийн намын дэргэдэх байгууллага болох нь баримтаар нотлогдож байгаа, жагсаал цуглаан хийх байршил дагуу хүнс, барааны зориулалтаар зах байршиж байгаа зэрэг нь Сонгуулийн тухай хууль, Жагсаал цуглаан зохион байгуулах холбогдох хуулиудыг зөрчиж байгаа тул бүртгэхээс татгалзсан.” гэв.

       Шүүх хуралдаанаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Булган аймаг дахь Ардчилсан оюутны хороо нь Булган сумын Засаг даргад холбогдуулан “цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан Булган сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/365 тоот албан бичгийн хариу болох шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

         Булган аймаг дахь Ардчилсан оюутны хороо гэх байгууллага нь Булган сумын Засаг даргад хандан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрүүдэд Булган сумын төв зам дагуу тайван дуугүй байдлаар Монгол улсын нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай мэдэгдэл хүргүүлж, Булган сумын Засаг дарга нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/365 дугаарын албан бичгээр “.. улс төрийн нам, эвсэл улс төрийн зорилгоор жагсаал цуглаан хийх нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тул жагсаал цуглаан хийхийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд бүртгэхгүй” гэсэн хариу хүргүүлсэн болох нь Булган аймгийн Ардчилсан оюутны холбооны мэдэгдэл, Булган сумын Засаг даргын 01/365 дугаарын албан бичиг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

      Нэхэмжлэгч байгууллага нь манайх ямар нэг нам эвсэлд хамааралгүй, бие даасан төрийн бус байгууллага гэх боловч Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Оюутны холбооны Булган аймаг дахь салбар хороо болох нь түүний тэргүүнд олгосон “БАТЛАМЖ” гэх баримтад дарагдсан “Ардчилсан нам, Ардчилсан намын дэргэдэх ардчилсан оюутны холбоо 8239304, 1117239274 Улаанбаатар хот” гэсэн тэмдэгийн дардас, мөн “Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны хороо Булган аймаг 8488916  ХНТ1384” гэсэн тэмдгийн дардас, “demparty.mn” гэсэн Ардчилсан намын цахим хуудаст тавигдсан Ардчилсан намын дэргэд Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан Оюутны холбоо, ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо гэх байгууллагуудтай тухай мэдээлэл, Ардчилсан Оюутны холбооны танилцуулгад “...Ардчилсан намын бодлого, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдлыг эрхэм зорилгоо болгоно” гэсэн мэдээлэл, улсын бүртгэлд “Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Оюутны холбоо” гэх нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаар 8239304 дугаарын регистрээр /төв холбоо нь/ бүртгэгдсэн байдал зэргээр нотлогдож байх ба Булган аймгийн Ардчилсан Оюутны хороо нь Ардчилсан намын дэргэд байгуулагдсан тус намын бодлого, үзэл баримтлалыг хэрэгжүүлж улстөрийн зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед жагсаал цуглаан зохион байгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэхээр байна.  

       Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “жагсаал цуглааныг монгол улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж заасны дагуу жагсаал цуглаан хийх эрхтэй байх боловч

        Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс хорь хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.”, гэж заасан бөгөөд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр нь 6 дугаар сарын 26-ны өдөр болсон,

       Булган аймаг дах салбар Ардчилсан Оюутны хорооны “цуглаан хийх зөвшөөрөл хүссэн мэдэгдэлд дурдсан цуглаан зохион байгуулах хугацаа буюу 2017 оны 6 дугаар сарын 16-24-ний өдрүүд” нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа явагдаж байгаа үетэй давхардсан,

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно”

     70.3-т “Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.” гэж заасан заалтуудад нэхэмжлэгчийн цуглаан зохион байгуулах  6 дугаар сарын 16-24-ний өдрүүд нь харшилж байх тул “...жагсаал цуглаан хийхийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд бүртгэхгүй”, гэж мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан Булган сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/365 албан бичгээр хариу өгсөн шийдвэр нь үндэслэлтэй байна. 

     Мөн Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...аймаг, нийслэлийн төв холбооны газар”, 4 дэх хэсэгт “...хот суурин газрын хүнсний болон барааны зах” зэрэг газарт жагсаал цуглаан хийхийг хориглосон байх ба   нэхэмжлэгчийн цуглаан зохион байгуулах газрын байршлын хувьд “Булган сумын төв зам дагуу”  гудамжинд Булган аймгийн төв холбооны газар, хүнс, барааны захууд байршдаг тул Булган сумын төв зам дагуу цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан Булган сумын Засаг даргын шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

      Иймд Булган аймгийн Ардчилсан оюутны хорооны “цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан Булган сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/365 тоот албан бичгийн хариу болох шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”. гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 пдүгээр зүйлийн 91.5, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 106.4 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн  2 дахь хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.3-т заасныг тус тус баримтлан Булган аймаг дахь Ардчилсан оюутны хорооны Булган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан Булган сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/365 тоот албан бичгийн хариу болох шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Булган төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээсүгэй.
  3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНТУЯА