Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1707

 

 

Н.Бадамхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04746 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Бадамхандын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-д холбогдох

 

12 647 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайгам-Алтай” ХХК нь иргэн Н.Бадамхандад Алтай хотхоны 139 айлын 12 дугаар байрны 6 давхрын 45 тоот 1 өрөө 47,2 метр квадрат бүхий байрыг худалдахаар 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээг зөрчиж, иргэн Б.Энхцацралтай 2012 оны 1 дүгээр сард хууль бусаар гэрээ байгуулснаар дээрх байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн эрх Б.Энхцацралд шилжиж улсын бүртгэлд бүртгүүлэн 2012 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлээс Ү2205042692 дугаарын гэрчилгээг авсан байсан. Тус компани анх надтай байгуулсан гэрээний заалтаа өөрсдөө бүхэлдээ зөрчсөн. Иймд Н.Бадамханд би дээрх байрыг худалдан авахаар бэлнээр төлсөн 26 910 000 төгрөгөөс аваагүй байгаа үлдэгдэл 12 647 000 төгрөгийг “Тайгам-Алтай” ХХК-иас гаргуулж авах шаардлагатай байна. Н.Бадамханд би Алтай хотхоны 6 давхрын 45 тоот 1 өрөө 47,2 м.кв бүхий байрыг 44 910 000 төгрөгөөр хүүдээ худалдан авч өгөхөөр “Тайгам-Алтай” ХХК-тай 2010 оны 8 сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, 2010 оны 10 сард байраа хүлээн авч орсон юм. Манай хүү амьдарч байх хугацаандаа тус байрны болконд бүтэн вакуум хаалт, шил хийж, шалыг нь паркетлэж (тухайн үед 750,000 төгрөг зарцуулж) хийхэд мөн байраа тохижуулж тасалгаа хийхэд нилээдгүй мөнгө зарцуулсан. Амьдрах хугацаандаа тус байрны далд шугам (турба) долоон удаа хагарч, ус алдаж тус компанийн слесарь ирж ханыг нь цоолж засаж байлаа. Энэ асуудлаар бид санал гомдол бичиж байгаагүй. Би тус компанид нийт 26 910 000 төгрөгийг бэлнээр тушааж үлдэгдэл төлбөрийг ярилцан, тохиролцож тодорхой хугацаанд цувуулж төлөхөөр тохиролцсон байсан. 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Тайгам-Алтай” ХХК-ийн нягтлан бодогч Урнаа нь над руу утасдаж гэрээгээ аваад хүрээд ир гэсэн. Тэгээд очтол Урнаа анхны гэрээг шууд аваад 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсанаар үг үсэг найруулгыг хувирган өөрчилж улмаар мөнгөн дүнг шууд 10 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж тэр өөрчилсөн гэрээгээ надад өгсөн. Иймээс анх байгуулсан гэрээг хураан авсан тул канондсан хувийг, мөн нягтлан бодогч н.Урнаагаас нэхэж байж авсан уг байрны үл хөдлөхийн гэрчилгээний канондсан хувийг баталгаажуулан хавсаргаж байна. Мөн анхны байгуулсан гэрээг өөрчилсөн хоёр дахь хувилбарыг баталгаажуулан хавсаргаж байна. “Тайгам-Алтай” ХХК нь надтай нэг өөр ярьж, давхар хүнтэй бас гэрээ хийж, уг байрны гэрчилгээг Б.Энхцацрал гэдэг хүний гэр дээр гаргуулж худалдсан байсан. Ингээд Б.Энхцацрал нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийгөө улсын бүртгэлтэй үл хөдлөх өмчлөлийн V2205042692 дугаарын бүртгэлтэй, дээрх байрыг худалдан авсан тул иргэн Н.Бадамхандын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгөхийг хүсэж нэхэмжилсэн. Түүний нэхэмжлэлийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 21-ний 13 цагт шүүх хурлыг зарлан хуралдуулсан. Шүүх хуралдаанаас хавтаст хэрэгт авагдсан нотлох бичиг баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад Б.Энхцацралын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм. Гэтэл “Тайгам-Алтай” ХХК-ний зүгээс болон хуулийн зөвлөх Б.Эрдэнэмөнх нь аргаа өөрчилж, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дээрх нэхэмжлэлийн санаагаа өөрчлөн намайг төлбөрөө барагдуулаагүй гэж алданги 9 250 000 төгрөгийг нэмж бүгд 27 750 000 төгрөгийг барагдуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргаж дахин шүүхэд хандсанаар, улмаар Шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжиж уг байрыг бид суллаж чөлөөлж “Тайгам-Алтай” ХХК-д хүлээлгэж өгсөн. Харин бид авч чадахгүй байгаа 12 647 000 төгрөгийг “Тайгам-Алтай” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ компани нь надтай байгуулсан гэрээгээ өөрсдөө эхэлж зөрчсөн учир миний мөнгөнөөс ямар нэгэн алданги суутгах, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай тус компани гэрээ байгуулан (1,803,750,000+80,000 =1,883,750,000 төгрөгийг) өгөхөөр тохиролцсон, урамшууллын мөнгийг миний мөнгөнөөс суутган тооцох ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд Н.Бадамхандтай орон сууц захиалгаар бариулах гэрээ хийсэн. Үүнээс хойш үлдэгдэл төлбөрийг нэхэмжилэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гээд шалтгаанаа хэлэхэд нь 3-4 удаа төлбөр төлөх хугацааг нь хойшлуулж байсан. Ямар нэг төсөл батлуулах гэж байгаа гэхээр нь ойлгож хугацаа өгч байсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээнд зааснаар байр худалдан авсан этгээд байрныхаа үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол өөр этгээдэд зарж борлуулахаар заасан байгаа. Хэрэв мөнгөө Н.Бадамханд буцааж авахаар болвол 5-6 жил энэ байранд үнэ төлбөргүй амьдарчхаад мөнгөө авсан шударга бус нөхцөл байдал үүссэн. Тийм учраас бид 9 250 000 төгрөгийн алданги тооцож Н.Бадамхандтай гэрээ байгуулсан. Энэ 9 250 000 төгрөг нь хэдэн жил амьдарсны хөлс болог гэж тохироод 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Н.Бадамхандын хүсэлтийн дагуу мөнгө төлөх хугацааг нь олгож, энэ хугацаандаа төлж чадахгүй бол байрыг нь хурааж авна гэж тусгасан. Ингээд хүлээсэн боловч Н.Бадамханд цаг хугацаандаа төлөөгүй. Гэтэл эвлэрлийн гэрээнд мөнгөө хугацаандаа төлөхгүй бол байрыг нь хураана гэж заасан болохоос биш үлдэгдэл мөнгө зөрүүлж өгнө гэсэн заалт байхгүй. Талуудын тохиролцоонд тийм зүйл байхгүй. Гэвч манай компанийн зүгээс түүнийг харж үзээд тооцоо нийлсэн акт дээр 3 000 000 төгрөг олгосон. Хүүхдүүдэд нь уг актыг үзүүлэх гэж дүр үзүүлсэн гэж бичээгүй байгаа. Мөн 2010 онд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 12 647 000 төгрөгийг 2016 онд нэхэмжилж байгаа нь гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар дууссан байна. Эвлэрлийнгэрээнд үлдэгдэл мөнгө буцааж өгнө гэсэн тохиролцоо байхгүй байна. Шүүх эвлэрлийн гэрээг баталсан байна. 14 263 000 төгрөг Н.Бадамхандад буцаан олгосон тооцоо нийлсэн акт байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас 8 610 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бадамхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 036 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бадамхандаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 698 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас 152 718 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Бадамханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Н.Бадамханд "Тайгам-Алтай" ХХК-ийн хооронд 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээг "Тайгам-Алтай" ХХК-иас хураан авч 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан огноотойгоор дахин шинэ "Орон сууц захиалгаар барих 2 дахь гэрээг байгуулж, анхны гэрээнд заасан орон сууцны үнэ 44 910 000 төгрөгийг 54 910 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн, 1.3, 1.4-д талбайн хэмжээтэй танилцсан зөвшөөрсөн тухай нэмэлт заалт оруулсан, анхны гэрээнд төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохиролсон 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудыг "... орон сууцны урьдчилгаа 26 910 000 төгрөгийг 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлсөн, 28 000 000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр өөрчилсөн байдаг. Энэхүү анхны гэрээнд оруулсан дээрх нэмэлт болон өөрчлөлтүүдээс үзэхэд 2 дахь гэрээг 2013 онд засварлаж хийсэн болох нь тогтоогддог. Анхан шатны шүүх орон сууцыг 44 910 000 төгрөгөөр захиалсан гэж анх байгуулсан гэрээний 1.1-д заасан үнээр дүгнэсэн атлаа төлбөрийг 2 дахь гэрээний 2.1, 2.2-д зааснаар төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээсэн гэж, 45 тоотыг 137 тоот гэж дүгнэсэн нь шүүх аль гэрээг үндэслэн зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан "худалдах-худалдан авах гэрээ"-нд хамаарна гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хариуцагч тал орон сууцны үнийн дүнг өөрчилсөн болон 2 дахь гэрээ байгуулсан асуудлаа нотолж чаддаггүй, ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй. Анхны гэрээний 1, 2 заалтуудад дээр дурдсан нэмэлт, өөрчилт орсон байхад шүүхийн шийдвэр доторх заалтууд ижил гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Зохигчдын хооронд байгуулсан "Орон сууц захиалгаар барих" 2 гэрээний аль алиных нь 3.4-д заасныг "Тайгам-Алтай" ХХК-иас илтэд зөрчиж үнийг үндэслэлгүйгээр 10 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчтэй анх гэрээ байгуулсан, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлбөрөө төлж дуусгахаар тохиролцсон атлаа 2012 оны 1 сард уг байрыг Б.Энхцацралд худалдаж түүнд 2012 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Ү-2205042692 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, гүйцэтгэгч тал буюу "Тайгам-Алтай" ХХК нь гэрээний үүргээ болон нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байдаг.

Анхан шатны шүүх "Орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч Н.Бадамханд үлдсэн төлбөрийг төлөөгүй тул хариуцагч шүүхэд орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102\ШШ2015\05617 дугаар захирамжаар Н.Бадамханд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 18 500 000 төгрөг, үлдэгдэл 9 250 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлөхөөр тохиролцон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг орон сууцны өмчлөгч Б.Энхцацралын Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 45 тоот орон сууцыг Н.Бадамхандын хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4859 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр хүчинтэй хэвээр байдаг бөгөөд дээрх 2 шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд "Тайгам-Алтай" ХХК-ийн өмч биш байх ба 2012 онд уг байрыг давхар худалдаж Б.Энхцацралд өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон болох нь 2014 оны 4859 тоот шийдвэрээр тогтоогдсон байхад "Тайгам-Алтай" ХХК нь нэхэмжлэх эрхгүй атлаа 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102\ШШ2015\05617 дугаар захирамжаар "Эвлэрлийн гэрээ"-г баталгаажуулсан нь хууль бус болсон байна. Ийнхүү "Тайгам-Алтай" ХХК буюу хариуцагч нь 2012 онд бусдад худалдаж төлбөрөө бүрэн авчихсан хохироогүй эрх ашиг нь зөрчигдөөгүй байхад 2015 он хүртэл нэхэмжлэгчээс байрны төлбөр нэхэж янз бүрийн байдлаар дарамт шахалт үзүүлж улмаар өнөөдөр хүртэл түүний төлбөрт тушаасан 26 910 000 төгрөгийн үлдэгдэл 12 647 000 төгрөгийг буцааж олгохгүй хохироосоор байгаа асуудалд анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байдаг.

...Нэхэмжлэгч Н.Бадамханд нь өөрийн амьдарч байсан "Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 45 тоот орон сууцыг өөрт нь мэдэгдэхгүйгээр 2012 онд Б.Энхцацралд худалдсан, түүнд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн, өдөр шөнөгүй гэрэл, усыг нь таслаад байж суух аргагүй болгосны улмаас өвчтэй хэлгүй дүлий тахир хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ арга буюу гаргаж сайн дураараа чөлөөлж өгсөн байдаг. Гэтэл шүүхэд хандах өдөр хүртэлээ тушаасан 26 910 000 төгрөгөөс 12 647 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх "Дээрхээс дүгнэвэл уг маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх зохицуулалт хамааралгүй бөгөөд Н.Бадамханд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх тул зохигчдын 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г Н.Бадамханд үүргээ биелүүлээгүй шалтгаанаар гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна" гэж дүгнээд 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн "Орон сууц захиалгаар барих" гэрээний 2.6-д захиалагч буюу худалдан авагч гэрээг дангаараа зөрчиж орон сууцыг худалдан авахгүй тохиолдолд төлсөн төлбөрөөс 15 хувийг төлөхөөр тохиролцсон байна. Н.Бадамханд нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тул түүний урьдчилан төлсөн 26 910 000 төгрөгөөс 15 хувь буюу 4 036 500 төгрөгийг хариуцагч "Тайгам-Алтай" ХХК нь тооцож авах эрхтэй байна" гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Гэрээг хэзээ цуцалсан цаг хугацаагүй, хариуцагч гэрээ цуцалсан тухай болон ямар нэгэн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, маргаагүй байхад шүүх нэхэмжлэлээс ангид асуудалд үнэлэлт өгч 15 хувь буюу 4 036 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь заалтыг хангаагүй гэж үзэж байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан баримтгүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Тайгам-Алтай” ХХК-иас 8 610 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд манай компанийн зүгээс Н.Бадамхандад нэг ч төгрөг төлөх үндэслэлгүй бөгөөд Н.Бадамханд нь нэхэмжлэхгүй эрхгүй гэж маргаж байна. Н.Бадамхандаас байраа албадан чөлөөлүүлж аваад манайд төлсөн байсан 26 910 000 төгрөгийн төлбөрөөс 14 263 000 төгрөгийг буцаан олгож зөрүү 12 647 000 төгрөгийг Н.Бадамханд авахгүй байхаар талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн гэрээ хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд байхад шүүх тус баримтыг огт үнэлээгүй. “Тайгам-Алтай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “байраа чөлөөлүүлж аваад буцаан өгөх төлбөр дээрээ талууд өөрсдөө тохиролцон тооцоо нийлсэн гэрээ байгуулан гарын үсэг зуралцсан. Иймд нэхэмжлэх эрх байхгүй" гэж тайлбарласан байхад шүүх энэ талаар няцаалт өгөөгүй, шийдвэрт дурдаагүй байна. Н.Бадамханд нь “Тайгам-Алтай” ХХК-тай тохиролцоод дараа нь тохиролцооноосоо буцаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл тэрхүү тохиролцсон гэрээний үүргээ зөрчиж байхад шүүх тэрхүү зөрчлийг нь баталаад шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Н.Бадамханд нь хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-д холбогдуулан 12 647 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан, эвлэрлийн гэрээ талууд байгуулсныг шүүх баталсан, энэ талаар тооцоо нийлсэн акт байгаа гэж маргажээ.

 

            Талуудын хооронд 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны 6 дугаар давхрын 45 тоот 1 өрөө, 49.9 м.кв орон сууцыг 44 910 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаанд Н.Бадамханд 26 910 000 төгрөгийг “Тайгам-Алтай” ХХК-д төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Хариуцагч “Тайгам-Алтай” ХХК гэрээ байгуулснаас хойш орон сууцны үнийн дүнг өөрчилж, улмаар нэхэмжлэгч Н.Бадамхандын захиалсан орон сууцыг Б.Энхцацралд худалдаж түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас үүдэн талуудын хооронд маргаан үүсчээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заажээ.

 

Иймээс “Тайгам-Алтай” ХХК нь гэрээнээс татгалзаж шүүхэд хандсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцвол Н.Бадамханд эрх зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдаагүй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 

Нэхэмжлэгч Н.Бадамханд нь гэрээгээр захиалсан орон сууцныхаа үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул хариуцагч “Тайгам-Алтай” ХХК ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж орон сууцаа буцаан гаргуулахаар шүүхэд хандсныг Баянгол, Хан-Уул, Сонгинорхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/05617 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.                                                                     

                                                                                                            /хэргийн 17-18 дугаар тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрээр Н.Бадамханд нь “Тайгам-Алтай” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 18 500 000 төгрөг төлөх, үлдэгдэл 9 250 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлөөгүй нөхцөлд орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Бадамханд шүүхийн шийдвэрт заасан хугацааны дотор 27 750 000 төгрөгийг “Тайгам-Алтай” ХХК-д төлж чадаагүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж уг орон сууцыг хүлээлгэн өгсөн байна.

 

Ийнхүү талууд гэрээнээс татгалзаж “Тайгам-Алтай” ХХК-иас Н.Бадамхандын урьдчилгаанд төлсөн 26 910 000 төгрөгөөс 14 263 000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримтын талаар маргаагүй, харин тооцоо хийсэн баримтаар төлөх төлбөргүй болсон эсэх талаар талууд маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн баримтаар төлөх төлбөргүй болсон гэж тайлбарласан бөгөөд хэргийн 43 дугаар талд авагдсан баримтыг үзвэл талууд гэрээнээс татгалзсаны улмаас гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг бодитойгоор буцааж өгсөн үйл баримтыг нотлох биш, харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төлөх төлбөрөөсөө суутгах үнийн дүнтэй холбоотой тооцооны баримт байна.

 

Дээрх баримтад үндэслэн нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн төлбөрийн үлдэгдэл 12 647 000 төгрөгийг хариуцагч хасч тооцох, хариуцагчийн нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс хойш олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Н.Бадамхандын гэрээний дагуу урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс 12 647 000 төгрөгийг буцааж өгөх үүрэг үүсээгүй болохоо хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзнэ.

 

Хариуцагч “Тайгам-Алтай” ХХК нь гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг шаардаагүй байхад шүүх санаачилгаараа торгуулийг төлөх төлбөрөөс суутгаж шийдвэрлэсэн буруу, нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхтэй.

 

Талууд гэрээнээс татгалзсанаар ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон нөхцөлд нэмэлт үүрэг нэгэн адил дуусгавар болдог тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 4 306 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн дүгнэлтдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас 12 647 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бадамхандад олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-иас 12 647 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бадамхандад олгосугай”,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “152 718 төгрөг гэснийг “217 302 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Тайгам-Алтай” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 718 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Бадамхандын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 534 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ