Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 349

 

Б.Батдэлгэрт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Батдэлгэр, түүний өмгөөлөгч Д.Наранбулаг,

Хохирогч Д.Зургаанжин, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Мөнх-Эрдэнийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 9 тоот эсэргүүцлээр Б.Батдэлгэрт холбогдох 20140104336 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон халтар овогт Бадгарын Батдэлгэр, 1973 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Эмралд хотхоны 50 дугаар байрны 1504 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ХИ73061015/;

 

Б.Батдэлгэр нь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 7 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтыг “Анод Катод” ХХК-ийн боловсруулсан Барилгын хөгжлийн төвийн экспертизээр хянагдаж, батлагдсан АС-34/2013 шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас “Сант” сургуульд 119.604.574 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Батдэлгэрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Батдэлгэрт холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар уг хэргийг нэг мөр, эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүрлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Батдэлгэрээс “Сант” сургуулийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхэд 1.200.000.000 төгрөгийн санхүүжилт авсан гэж, мөн хохирогч Д.Зургаанжингаас уг барилгыг бариулахад “Бүрэн цутгамал” ХХК-д 1.200.000.000 төгрөгийн санхүүжилт хийсэн гэж тус тус мэдүүлж байна.

Шүүгдэгч болон хохирогч нарын дээрх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад “Сант” сургуулиас “Бүрэн цутгамал” ХХК-д цахилгааны ажлын санхүүжилтэд яг хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй, мөн шүүгдэгч Б.Батдэлгэр шүүх хуралдаанд “Сант сургууль цахилгааны ажлын санхүүжилт гэж нэг ч төгрөг өгөөгүй. Манай компани “ТГК” ХХК-тай “Сант”сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. “ТГК” ХХК нь цахилгааны ажилд 53.000.000 төгрөг зарцуулсан ба үүнийг өөрөө гаргасан.” гэж мэдүүлснийг мөрдөн байцаалтаар нарийн шалгах нь зүйтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг “ТГК” ХХК хийсэн тухай мэдүүлцгээж байх тул уг байгууллага буюу захирал Т.Ганболдын хийж гүйцэтгэсэн ажлын улмаас “Сант” сургуульд хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг шалгах шаардлагатай байна.

Түүнчлэн хохирогч Д.Зургаанжин шүүх хуралдаанд “...Манайх буруу хийгдсэн цахилгааны ажлыг засуулахдаа хуучин хийсэн байсан цахилгааны утас болон бусад зүйлүүдийг бүгдийг шинээр хийсэн. Одоо тэр хуучин цахилгааны утас болон бусад зүйлүүд манай байгууллагад байгаа...” гэж мэдүүлж байх тул дээрх цахилгааны утас болон бусад зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргаж, уг эд зүйлд үнэлгээ хийх шаардлагатай гэж үзэв. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэргийн байдлыг тал бүрээс нь бодитойгоор нотлохын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Батдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Б.Батдэлгэрт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Б.Батдэлгэрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 1 дэх заалтад “...шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад “Сант” сургуулиас “Бүрэн цутгамал” ХХК-д цахилгааны ажлын санхүүжилтэд яг хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй, шүүгдэгч Б.Батдэлгэр шүүх хуралдаанд “Сант” сургууль цахилгааны ажлын санхүүжилт гэж нэг ч төгрөг өгөөгүй. Манай компани нь “ТГК” ХХК-тай “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. “ТГК” ХХК нь цахилгааны ажилд 53.000.000 төгрөг зарцуулсан ба үүнийг өөрөө гаргасан” гэж мэдүүлснийг нарийвчлан шалгах гэжээ.

Хохирогч Д.Зургаанжингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр барилгын ажил гүйцэтгэх шаардлагатай байна гэж хэлээд тухай бүртээ мөнгө нэхэмжилдэг байсныг дор бүр нь шилжүүлдэг байсан. Захиалагчийн зүгээс Б.Батдэлгэрт дээрх барилгын аль нэг ажлыг тодорхойлж мөнгө шилжүүлдэггүй байсан, Б.Батдэлгэрийн хувьд манайхаас шилжүүлсэн санхүүжилтээр барилгыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн. ...Барилга угсралтын ажилд зориулж 1.200.000.000 төгрөг шилжүүлсэн. ...уг шилжүүлсэн мөнгөнд цахилгааны угсралтын ажлын зардал багтсан” гэж мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж нь Б.Батдэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...барилга угсралтын ажлын санхүүжилт гэж “Сант” сургуулиас 1.200.000.000 төгрөг авсан. “Сант” сургуульд баригдаж буй барилгын түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан...” гэх мэдүүлгээр тодорхойлогдсон. Өөрөөр хэлбэл барилгын дотор цахилгааны ажлын санхүүжилт дээр дурдагдсан үнийн дүн бүхий барилга угсралтын ажлын зардлаас хийгдсэн байна. Түүнчлэн “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” сургуультай байгуулсан барилга угсралтын гэрээгээр барилгын бүхий л хийцийг батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх үүрэг хүлээж энэ дагуу уг барилгын цахилгаан угсралтыг туслан гүйцэтгэгч компани болох “ТГК” ХХК-тай дэд гэрээг хийлгүүлж гүйцэтгэлд  нь хяналт тавьж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. /Б.Батдэлгэрийн “...Сант сургуультай байгуулсан барилга угсралтын гэрээгээр туслан гүйцэтгэгч компанийн хийж гүйцэтгэсэн ажилд ерөнхий гүйцэтгэгчийн хувьд хяналт тавих үүрэгтэй/ Иймд Б.Батдэлгэрийн “ТГК” ХХК нь “Сант” сургуулийн дотоод цахилгаан угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ 53.000.000 төгрөгийг зарцуулж, үнийг өөрөө гаргасан” гэх мэдүүлгийн эх сурвалжийг мөрдөн байцаалтаар шалгах шаардлагагүй юм.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 2 дахь заалтад шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг “ТГК” ХХК хийсэн тухай мэдүүлцгээж байх тул уг байгууллага буюу захирал Т.Ганболдын хийж гүйцэтгэсэн ажлын улмаас “Сант” сургуульд хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг шалгах” гэжээ. “Сант” сургууль “Бүрэн цутгамал” ХХК-иудын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээгээр “Сант” сургуулийн өргөтгөлийн 5 давхар /зоорийн нэг давхар нэмэгдээгүй/ барилгыг “Бүрэн цутгамал” ХХК нь 1.560.000 ам доллар буюу 2.241.610.800 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ба үүнээсээ 1.200.000.000 төгрөгийн санхүүжилтийг авч зоорийн давхартайгаа 4 давхар барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээр дурдагдсан болон дурдагдаагүй туслан гүйцэтгэгч компаниудаар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс, бараа материалын үнэ зэрэгт зарцуулагдсан зардлууд багтсан талаар шүүгдэгч Б.Батдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Түүнчлэн уг барилга угсралтын гэрээнд “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” сургуульд өргөтгөлийн барилгын түлхүүр гардуулах нөхцлөөр барьж ашиглалтанд хүлээлгэн өгөх үүрэг хүлээхээр заасан байдаг нь тус компани барилга угсралтын бүхий л ажлыг ерөнхий гүйцэтгэгчийн хувьд мэргэшсэн удирдлагаар хангахын зэрэгцээ барилгын чанарын асуудлыг захиалагчийн өмнө дангаараа бүрэн хариуцах тухай ойлголт юм. Гагцхүү “Сант” сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын нэг хэсэг болсон дотор цахилгааны угсралтын ажлыг “Бүрэн цутгамал” ХХК нь ерөнхийлөн гүйцэтгэгчийн хувьд өөрийн эрх хэмжээний хүрээнд “ТГК” ХХК-нд санал тавьж, уг гүйцэтгэгчийн хувьд өөрийн эрх хэмжээний хүрээнд “ТГК” ХХК-нд санал тавьж, уг аж ахуйн нэгжээр хийлгэсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон ба анхан шатны шүүхээс томилсон мэргэшсэн инженерүүд “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтыг “Анод Катод” ХХК-ийн боловсруулсан Барилгын хөгжлийн төвийн экспертизээр хянагдаж батлагдсан АС-34/2013 шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгэсэн эсэхэд үзлэг хийж, техникийн дүгнэлт гаргаж, мэргэшсэн төсөвчнөөр үнэлгээ тогтоож өгсөн.

Хэрэв шүүх дахин хохирлын хэмжээг тогтоох шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахын тулд зохих байгууллагын шинжээч, тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг шинжээчээр ...шүүх тогтоол, шүүгч захирамжаар томилно” гэж зааснаас харахад шүүхээс тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг томилон дүгнэлт гаргуулах боломжтой. Дахин шинжээч томилж хохирлын хэмжээг тогтоох ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гагцхүү мөрдөн байцаалтаар хийж шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 3 дахь заалтад “Хохирогч Д.Зургаанжингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манайх буруу хийгдсэн цахилгааны ажлыг засуулахдаа хуучин хийсэн байсан цахилгааны утас болон бусад зүйлүүдийг бүгдийг шинээр хийсэн. Одоо тэр хуучин цахилгааны утас болон бусад зүйлүүдийг бүгдийг шинээр хийсэн. Одоо хуучин цахилгааны утас болон бусад зүйлүүд манайд байгаа” гэж мэдүүлж байх тул дээрх цахилгааны утас болон бусад эд зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргаж, уг эд зүйлд үнэлгээ хийх шаардлагатай” гэжээ. Энэхүү ажиллагааг дээр дурдснаар шүүх тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг томилон хохирогчийн тодорхойлсон эд зүйлсэд үзлэг хийж дүгнэлтдээ тусгах замаар хийж гүйцэтгэх бүрэн боломжтой. Харин дээрх эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргах нь ач холбогдолгүй тул мөрдөн байцаалтын шатанд уг ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэвэл зохих ажиллагаа биш гэж үзнэ. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаартай магадлалын хянавал хэсэгт “Сант” сургуулийн цахилгааны дотор цахилгаан хангамж, дотор монтажийн ажил зурагт төслийн дагуу хийгдээгүй гэх хэрэгт мөрдөн байцаалтын үед шалгавал зохих ажиллагаанууд хийгдсэн гэж дүгнэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэхлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Б.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээр цагаатгуулан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Учир нь энэ хэрэг зохиомол хэрэг. Нийт ажлын санхүүжилт 1.200.000.000 төгрөг, хохирлын хэмжээ 74.000.000 төгрөг буюу нийт ажлын 6 хувь байхад яагаад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ бол “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин манай “Бүрэн цутгамал” ХХК-ийн 500.000.000 төгрөгийг өгөхгүй гэсэн арга залиар үүсгэсэн хэрэг учраас зориуд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Урьд улсын яллагч анхан шатны шүүх рүү хэргийг буцааж шинжээч томилуулъя гэсэн хүсэлт тавьж байсан. Харин би хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай байсан. Өнөөдрийн хувьд энэ хэргийг хурдан шийдвэрлүүлж, нэр төрөө сэргээлгэх хүсэлттэй байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Батдэлгэрийн өмгөөлөгч Д.Наранбулаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй. Шүүх хуралдаан “ТГК” ХХК 800 метр 2.5-тай утсыг 1.5-тай утсаар сольсон. Энэ сольсон утасны үнэлгээний талаар баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа гэхэд зураг төслөөс хэдий хэмжээний ажил зөрөөд хэрхэн дутуу хийгдсэн талаар ямар ч шинжээч газар дээр нь очиж дүгнэлт гаргах боломжгүй. Эрчим хүчний яамнаас албан шаардлага гаргуулахад нь прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ шүүхийн шийдвэрээр эдгээр албан шаардлага нь хууль зөрчсөн шийдвэр байна гэсэн. Тухайн албан шаардлагыг гаргасан шинжээч нар газар дээр нь очиж үзээгүй. Гэтэл түүнээс хойш дүгнэлт, албан шаардлага гаргая гэхээр Д.Зургаанжин тухайн газар очоод барилгын ажлаа үргэлжлүүлсэн...” гэв.

 

Хохирогч Д.Зургаанжингийн өмгөөлөгч Б.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээс шүүхийн шатанд дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулъя гэсэн заалтаас бусад заалт нь үндэслэлтэй гэж үзэж байна. “Бүрэн цутгамал” ХХК цахилгааны ажлын санхүүжилтэд хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа учраас үүнийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтооё гэсэн дүгнэлт хийгээд шүүх буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт барилгын захиалагч, гүйцэтгэгч 2 хоорондоо гэрээ байгуулсан. Гэрээнд түлхүүр гардуулах нөхцөлөөр барилгыг барьж өгөхөд үнэлгээ нь 1.560.000 ам.доллар байна гэсэн гэрээ хийсэн. Үүнээс цахилгааны ажил болон өрлөгт хэдэн төгрөг зарцуулах тухай тодорхой заагаагүй. Төлбөрийн санхүүжилт 12 удаа хийгдсэн. Үүнээс яг хэд нь цахилгааны санхүүжилт вэ гэдгийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох боломжгүй. Харин хэрэгт өгсөн нотлох баримтаар энэ компанийн зураг төслийг зөрчиж хийсэн ажлыг дахин хийлгэхэд 87.000.000 төгрөгийн зардал гаргасан. Үүнийг 2 компани гэрээгээр хийсэн ажил байгаа учраас энэ шаардлага хангахгүй байна гэж шүүх дахин шинжээч томилж, энэ нь 74.000.000 төгрөг гэж үнэлгээ нь гарсан байгаа учраас дахин ажиллагаа хийж, хохирлын хэмжээг тогтоох шаардлагагүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж байна. “ТГК” ХХК-ийн захирал Ганболдын хийж гүйцэтгэсэн ажлын улмаас “Сант” сургуульд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар тогтоох шаардлагагүй гэх үндэслэлээр бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.18 дахь хэсэгт “барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах” гэж заасан байдаг...” гэв.

 

Хохирогч Д.Зургаанжингийн өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэх саналыг дэмжиж байна. Мөрдөн байцаалтад буцааж дүгнэлт гаргуулан хохирлыг дахиж тооцуулъя гэдгийг хүлээж авах үндэслэлгүй байна...” гэв.

 

Хохирогч Д.Зургаанжин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. “ТГК” ХХК-ийн тухай анхан шатны шүүх хуралдаанд гаргаж ирсэн нэр томъёо. Энэ талаар өмнө мөрдөн байцаалтын шатанд яригдаж байгаагүй. Зөвхөн “Бүрэн цутгамал” ХХК “Сант” сургууль нарын хооронд гэрээ байгуулсан. “Сант” сургууль цахилгааны компанитай ямар нэгэн харилцаа тогтоогоогүй. Энэ компанийн хийсэн ажлаас нь илүү мөнгө өгсөн.  Мөнгө шилжүүлсэн баримтад өрлөгийнх, цахилгааных гэсэн зүйл байхгүй. Энэ мөнгө 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд бидний харилцаатай байсан үед хийгдсэн ажил буюу цахилгааны ажилтай холбоотой. Эрүүгийн хэрэг үүсэж байхад цахилгааны ажил болохгүй байна гэдгийг олон шинжээч нар тодруулсан. 2.5-тай утсыг 1.5-тай утсаар сольж хийсэн. Тухайн байр луу гаднаас орж байгаа цахилгааны 2 шүүгээ байх ёстой байтал зургаар 1 болгож хийсэн. Давхаруудад 25 мм утас байх ёстой байтал 9 мм утас явуулсан. Энэ талаар сүүлд ухаж байж мэдсэн. Өөрөөр хэлбэл ашиглахад хүндрэлтэй болно. “Сант” сургуульд 1000 гаруй хүүхдүүд сурдаг. Албан байгууллагуудын гал гарч байгаа ихэнх шалтгаан нь цахилгаанаас хамааралтай байдаг. 2.5-тай утсаар гүйж байх ёстой цахилгаан 1.5-аар гүйвэл шатах эрсдэлтэй, гал гарах нөхцөл бүрэлдэнэ. Хохирлыг гарсны дараа биш, өмнө нь арилгаад шийдэх хэрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Б.Батдэлгэрт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоол нь үндэслэлтэй байна.

 

Учир нь хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр “Сант” сургуулиас “Бүрэн цутгамал” ХХК-д цахилгааны ажлын санхүүжилтэд хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй, мөн “Бүрэн цутгамал” ХХК, “ТГК” ХХК-тай “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын дотор цахилгааны ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан 53.000.000 төгрөг зарцуулсан гэж мэдүүлсэн байх боловч “Сант” сургуульд хэдэн төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоох, мөн “Сант” сургууль цахилгааны ажлыг дахин хийлгэхдээ хуучин цахилгааны утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий болжээ.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн шалгаж тодруулах нь зүйтэй.

 

Дээрх нөхцөл байдлын талаар шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсаны дараа Б.Батдэлгэрийн гэм буруутай эсэх асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул прокурор Ч.Мөнх-Эрдэнийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10 тоот эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Б.Батдэлгэрт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очих хүртэл Б.Батдэлгэрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Прокурор Ч.Мөнх-Эрдэнийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 9 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧИД                                           М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                    Н.БАТСАЙХАН