Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01696

 

Ц.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01418 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1931 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: Ц.Б

           Хариуцагч: Э.Ад холбогдох

           17.313.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн төлөөлөгч У.Т гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч У.Т, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015-07-02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчооны замд өөрийн эзэмшлийн Волво маркийн 95-77 УНЕ улсын дугаартай ачааны автомашинаа жолоодон явж байхад Ниссан маркийн 76-12 УНП улсын дугаар ачааны автомашины жолооч Э.А осол гаргасан.  Уг осолд  Э.Аийг холбогдуулан  шалгасан. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд гарсан шинжээчийн 5 дүгнэлтүүдэд Э.А Замын хөдөлгөөний дүрмийн 7.10-г зөрчсөн гэж дүгнэсэн. 2016-01-19-ний өдөр Тээврийн прокурорын газрын 36 тоот тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн. Миний  автомашины эвдрэлийн үнэлгээ нь шууд зардлын дүнгээр 17 313 000 төгрөг болсон тул уг мөнгийг  Э.Аээс гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.А миний бие 2015-07-02-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 22-н товчооны замд өөрийнхөө эзэмшлийн Ниссан маркийн 76-12 УНП улсын дугаарын автомашинтай явж байтал Ц.Б нь гэнэт буруу талаар хүчтэй дайрч ирэн, зогсож байсан миний тээврийн хэрэгслийн буруу талаас мөргөж осол гаргасан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгаас хэрэг үүсгэн шалгахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д зааснаар намайг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн мэтээр дүгнэлт гаргасан ба миний бие уг дүгнэлтийг эс зөвшөөрч дүгнэлт гаргуулахаар хандсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосон. Иймд  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01418 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Аээс 14 500 000 төгрөг гаргуулж Ц.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 813 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 515 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Э.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 230 450 төгрөгийг гаргуулж Ц.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар  Д.Алтангэрэлийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн  2017 оны 184/ШЗ2017/04005 дугаар захирамжийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар  Э.Аээс 100 000 төгрөгийг гаргуулж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 28-ны өдрийн 1931 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч хяналтын гомдолдоо: Иргэний хуулийн 499.1, 510.1-р гэм буруутай этгээдээс өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардах эрхийг бий болгож байна. Иймд гэм буруутай этгээдийг тодорхойлох, ямар хэмжээний гэм хорыг учруулсан нь ач холбогдолтой. Зохигчид нэг хашаанд очих гэж явж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 21-ний шүүх хуралдааны тэмдэглэлд “...Тухайн үед Э.А нэхэмжлэгчтэй нэг хашаанд очих гэж байсан” талаар нэхэмжлэгчийн  төлөөлөгч хэлсэн. Ц.Б нь Э.Аийг 3 дугаар эгнээнээс эргэхийг мэдсээр байж Э.Аээс урьтаж очихын тулд хэт хурдан явсан байдаг. Тиймээс шүүхээс томилсон  шинжээчдийн 2016 оны 420 тоот дүгнэлт буруу гарсан. Нэхэмжлэгч тухайн үед ямар зорилготой явсан? гэдгийг бүрэн тогтоогоогүй. Нэхэмжлэл дээр тодорхой дурдаагүй. Түүнтэй хамт явсан хүнийг нь байцаагаагүй. Ийнхүү хашаа руу орох зорилготой байсан жолооч зогсоох, хурдыг сааруулах арга хэмжээ авалгүйгээр, хурдтай ирснээр осол болсон байдаг. Басангийн явж байсан маршрутыг зөв тогтоохгүйгээр шинжээчийн дүгнэлт зөв гарахгүй. Басан хашаа руу орох зорилготой байсан тохиолдолд хурд сааруулах, зогсоох арга хэмжээ авах ёстой байсан учраас Замын хөдөлгөөний дүрмийн өөр заалт хэрэглэгдэж дүгнэлт гарах ёстой. Тиймээс шаардлагатай гэрчүүдийг асуух ёстой байсан. Мөн тухайн уулзвараар чигээрээ гарах гэж байсан мэтээр худал тайлбар өгсний улмаас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтүүд буруу гарсан. Шүүх шинжээчийн дүгнэлтийг хэргийн бусад нотлох баримт /нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг/-тай хамааралтай талаас нь үнэлээгүй. Нотлох баримтыг үнэлэх талаарх хуулийн заалтыг зөрчсөн байна. Ослын улмаас зохигчдын тээврийн хэрэгсэлд бодитоор ямар хохирол учирсныг тогтоох нь хууль зүйн хувьд чухал ач холбогдолтой байхад шүүх  нэхэмжлэгчийн машинд учирсан байсан бүх эвдрэл гэмтлийг  ослын улмаас учирсан хохирол мэтээр дүгнэсэн нь хийсвэр юм. Мөн нэхэмжлэгч тухайн зам тээврийн ослын улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд ямар хэмжээний хохирол учирсан болохыг нотлох үүрэгтэй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Ц.Б нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Э.Ад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 17.313.000 төгрөг шаардсан байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 14.500.000 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “...Э.А зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгчид хохирол учруулсан талаар 2016-08-15-ны өдрийн 420 шинжээчийн дүгнэлтээр тогтоосон... шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2015 оны байдлаар Волво маркийн 95-77 УНЕ улсын дугаартай автомашинд ослын улмаас учирсан хохирлыг тодорхойлсон...” гэсэн дүгнэлт хийснийг  давж заалдах шатны шүүх хянаж,  хэвээр үлдээжээ. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Э.А 2015 оны 07-р сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Ниссан маркийн 76-12 УНП улсын дугаартай ачааны автомашин жолоодон явж байгаад Замын хөдөлгөөний дүрмийн 7.10 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2015 оны 07-р сарын 24-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэсэн, 2016 оны 01-р сарын 19-ний өдөр Тээврийн прокурорын газрын прокурорын 36 тоот тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон баримт хэрэгт авагджээ.             

      Хариуцагч бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан буюу шүүх зохигчдын гаргаж өгсөн баримтын хэмжээнд дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

       Харин шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Э.А өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа осол гаргасан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан үндэслэлээр хариуцагчаас төлбөр гаргуулна. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1931 дүгээр магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын  “...499 дүгээр зүйлийн 499.1...” гэснийг “...497 дугаар зүйлийн 497.1...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.4-т  заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 230.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ