Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч: С.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анардынхан овогт Сономын Бөд холбогдох 1929000510059 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сард иргэн С.Энхболдоос 25 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар гаргаж өгнө гэж хуурч мэхлэн БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 85,000 юань , 2018 оны 07 дугаар сард иргэн Д.Жаргалзагдаас нүүрс тээврийн автомашины 4 ширхэг олон улсын тээврийн /С/ зөвшөөрөл гаргаж өгнө гэж БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 2000 юанийг тус тус залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: ”Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6, 8 дугаар хуудас/,

Хохирогч С.Энхболдын: “...Б надад бичиг баримт гаргаж өгөх ажил байна, чи энд удсан хүн юм чинь таньдаг мэддэг хүн олон байгаа биздээ, урагшаа орохоороо бичиг баримт гаргуулах хүн олоодох гэсэн. Тэгэхээр нь би хүн сурая гэж хэлээд урагшаа орсон, тэгээд хөтөчтэйгээ уулзан “25-30 машины бичиг баримт 7 хоногийн дотор гаргаж өгнө гэж байна” гэсэн чинь манай компанийн хөтөч гаргуулая гээд би 2018 оны 08 дугаар сард урдаас “Цагаан хад”-нд орж ирээд С.Бөд 87,500 юань бэлнээр нь өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл гаргаж өгсөн бичиг баримт байхгүй авсан мөнгөө ч бүгдийг нь өгөөгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Хохирогч Д.Жаргалзагдын: “...Б гэх хүнтэй Энхболдоор дамжуулан танилцаж байсан. Нэг /С/ зөвшөөрлийг 2000 юань-аар бодоод 10-н машиныг гаргуулах гэснээ болиод 4 машины урьдчилгаа болох 2000 юань өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Яллагдагч С.Бийн: “...2018 оны 6 сард С.Энхболд “БНХАУ-ын иргэний 25 машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулж авах хэрэгтэй байна” гэхээр нь би Улаанбаатар хотруу Баярсайхан гэх хүнрүү залган “БНХАУ-ын иргэний 25 машины бичиг баримт гаргаад өгөх хүн байна уу” гэж асуусан чинь “боломж байна аваад ир” гэсэн. Баярсайхан надруу байн байн залгаад “одоо хурдан бүтэх гээд байна” гээд байхаар нь би С.Энхболдоос бэлнээр “Цагаан хад”-нд байхад нь 85,000 юань авч Улаанбаатар хотруу явсан. Би хотод очоод Баярсайхантай уулзаж 80,000 юань бэлнээр өгч өөрөө 5,000 юанийг нь авсан. Баярсайхан надад хэлэхдээ “14 хоногийн дотор бичиг баримтыг нь гаргаж өгнө” гэсэн. Түүнээс хойш Баярсайхантай олон удаа уулзаж бичиг баримт нь гарч байгаа талаар асуусан чинь одоо гарч байгаа гээд байсан. 2019 оны 01 дүгээр сард алга болсон, хүмүүсээс асуусан чинь Монгол улсад байхгүй гадагшаа гараад явчихсан юм шиг байна гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

С.Банмөнхийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42 дугаар хуудас/,

С.Бийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 53-68, 71 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд С.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сард иргэн С.Энхболдоос 25 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар гаргаж өгнө гэж хуурч мэхлэн БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 85,000 юань /30,583,850 төгрөг/, 2018 оны 07 дугаар сард иргэн Д.Жаргалзагдаас нүүрс тээврийн автомашины 4 ширхэг олон улсын тээврийн /С/ зөвшөөрөл гаргаж өгнө гэж БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох 2,000 юань /721,220 төгрөг/-ийг тус тус залилан мэхэлж хохирол учруулсан үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөнд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлтийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авч буй үйлдлээр илэрнэ.

Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарыг олгох бөгөөд шүүгдэгч С.Бийн үйлдэл нь дээрх журмыг зөрчсөн, хохирогч С.Энхболд, Д.Жаргалзагд нарыг автомашины гэрчилгээ, үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч, хохирогч нарт хохирол учруулсан гэм буруутай болох нь

 - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6, 8 дугаар хуудас/,

- Хохирогч С.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

- Хохирогч Д.Жаргалзагдын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч С.Бийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдыг хуурч, эд хөрөнгийг өөртөө шилжүүлж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь хохирол, төлбөрт хохирогч Д.Жаргалзагдад 2,000 юанийн хохирлыг төлсөн, Д.Жаргалзагд нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай илэрхийлсэн /хх-ийн 23 дугаар хуудас/ байна.

Харин хохирогч С.Энхболдод учруулсан хохирлыг төлөөгүй, шүүгдэгч С.Баямөнх нь  85,000 юанийг төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчээс 85,000 юань буюу 30,583,850 /гучин сая таван зуун наян гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Энхболдод олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Энхболдод учирсан хохирлыг  Монгол банкнаас зарласан 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх юанийн албан ханшаар /хх-ийн 76 дугаар хуудас/ буюу 85,000 юанийг /1 юань=359,81 төгрөг/ Монгол улсын мөнгөн тэмдэгтээр 30,583,850 /гучин сая таван зуун наян гурван мянга найман зуун тавь/ төгрөгөөр тооцож гаргав.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирол хор уршгийг төлсөн, үлдэх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял шийтгэл оногдуулах, ...зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд энэ хэргийн хохирогч С.Энхболдод учирсан хохирол, хор уршиг арилаагүй, хохирогчийн зөрчигдсөн эрхийг нэн тэргүүнд хангах нь зүйтэй.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах саналыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Баямөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Анардынхан овогт Сономын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар С.Б нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөөс 85,000 юань буюу 30,583,850 /гучин сая таван зуун наян гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Энхболдод олгосугай.

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй С.Бийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогч Д.Жаргалзагдад 2,000 /хоёр мянга/-н юанийн хохирлыг төлсөн, Д.Жаргалзагд нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Бөд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ӨЛЗИЙ-ОТГОН