Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 201/МА2025/00016

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 309/ШШ2025/00145 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 9 898 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 9 898 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 9 690 000 төгрөг болгон өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Toyota prius-20 маркийн автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.1 дэх заалтыг зөрчин Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 25 дугаар байрны хойд талын зам дээр намайг мөргөн миний биед гэмтэл учруулсан.

...Иймд бариач *******гаар эмчлүүлсэн хөлс 1 сая төгрөг, эмчилгээ хийлгэхээр Сүхбаатар аймгийн Баруун урт хотод 2024 оны 08 дугаар сарын 14-нөөс 22-ны хооронд очиж сэргээн засах эмчилгээ хийлгэхэд болон аймгийн төв дотор явсан шатахууны зардал, Дорнод аймгаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Эрдэнэцагаан сумаас Дорнод аймаг руу ирж очсон шатахууны зардал 750 000 төгрөг, эм тарианд зарцуулсан 500 000 төгрөг, ажил хөдөлмөр хийх боломжгүй байснаас 7 сарын хугацаанд хөдөлмөр эрхлээгүй тул 4 620 00 төгрөгийн нөхөн төлбөр, Хан хужирт рашаан сувилалд эмчлүүлэх эмчилгээний зардал 2 380 000 төгрөг, Хужирт сувилалд очих, ирэх зардал 506 000 төгрөг, нийт 9 690 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж тайлбарладаг.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ: ...2024 оны 5 дугаар сарын 09-ний шөнө ******* зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч *******гийн биед гэмтэл учирсан талаар маргах зүйлгүй бөгөөд тухайн хэрэг нь Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн. Эрүүл мэндийн хохирол нэхэмжилж байгаа тохиолдолд шинжээчийн дүгнэлтээр тухайн хүний эрүүл мэндэд ямар гэмтлүүд учирсан, гэмтэлтэй холбоотой ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхой харагдах ёстой. ...бариа хийлгүүлсэн төлбөрт 1 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч 500 000 төгрөг төлсөн гэх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, бариач *******гийн бичиж өгсөн тодорхойлолт нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байх тул шүүх үнэлэх боломжгүй гэж үзэж байна. ...шатахууны зардал 639 082 төгрөгийн зарим хэсгийг хангах боломжтой, ...нэхэмжлэгч нь эм тарианы зардалд 500 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт 499 965 төгрөгийн баримт байна, гэхдээ бүх эм, тариаг жороор олгож байгаа. Би өөрөө эм зүйч мэргэжилтэй, анагаахын сургууль төгссөн учир нэхэмжлэгчийн өгсөн баримтанд заасан эм, тариа нь тухайн өвчтөнд хэрэглэгдэх үү гэдэгт хууль зүйн болон хамаарлын дүгнэлтийг хийж байна. ...тухайн гэм хортой хамааралтай байдлаас үзэхэд 499 965 төгрөгийг бүрэн төлөх үндэслэлгүй. ...Нэхэмжлэгч нь 06 дугаар сарын 10-ны өдөр Политехникийн коллежийг төгссөн. ...хохирогчид зөөлөн эдийн гэмтэл, хөнгөн гэмтэл учирсан бол эмнэлгийн чөлөөтэй байх хугацаа 14 хоногоос дээш байдаггүй, хэрэв 14 хоногоос дээш хугацаагаар эмнэлгийн акттай байсан бол эмнэлгийн магадлагаанд ажлаас болон сургуулиас чөлөөлөв гэсэн баримтыг үйлдэж өгснөөр ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй нь тодорхойлогдоно. Гэмтлийн улмаас ажилгүй байсан гэж үзэх боломжгүй тул 4 620 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, ...мөн Хан хужирт рашаан сувилалд эмчилгээ хийлгээгүй, эмнэлгийн баримтаар нотлогдохгүй байх тул сувилалтай холбоотой шаардлагыг төлөхөөс татгалзаж байна... гэж тус тус тайлбарлан маргажээ.

 5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

6. Шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

 7. Хариуцагч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Toyota prius-20 маркийн ******* ******* улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчин нэхэмжлэгч *******г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч *******гийн эрүүл мэндэд гэм хор учруулсан талаар маргаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.

8. Анхан шатны шүүх нь нийт 9 690 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас эм тариа, эмчилгээний зардалд 500 000 төгрөг, бензин шатахууны зардалд 498 572 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 4 620 000 төгрөг буюу нийт 5 618 572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 071 428 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ...нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаас үзэхэд эмчилгээний зардалд 221 950 төгрөг, бензин түлшний зардалд 372 572 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна, ...мөн нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр олгохдоо эмнэлгийн акт, ажлаас чөлөөлөгдөх ямар нэгэн нотлох баримтгүй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтгүй, өвчтөний амбулаторийн картанд хэвтэрийн дэглэм барих талаар эмчийн заалтгүй байхад 7 сарын хугацааны төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлэн 4 620 000 төгрөг гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна... гэх агуулга бүхий гомдлыг гаргасан.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эмчилгээний зардалд 221 950 төгрөг, бензин түлшний зардалд 372 572 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг төлөхөөс татгалзсан тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримт болох амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмчийн үзлэгийн хуудас, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд авсан эм тарианы и-баримтууд, мөн Дорнод аймгаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Эрдэнэцагаан сумаас Дорнод аймаг руу ирж очсон шатахууны зардлын и-баримтууд зэргийг үндэслэн эм тариа, эмчилгээний зардалд 500 000 төгрөг, бензин шатахууны зардалд 498 572 төгрөг буюу нийт 998 572 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

11. Харин анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөлд хүрсэн гэсэн үндэслэлээр ажилгүй байсан гэх 7 сарын хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу сарын 660 000 төгрөгөөр үржүүлэн нийт 4 620 000 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Гэм хор учруулах үед нэхэмжлэгч ******* нь Дорнод политехник коллежийн оюутанаар суралцаж байсан боловч зам тээврийн ослын улмаас түүнд ямар гэмтэл учирсан болох, уг гэмтэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан эсэх, хөдөлмөрийн чадвараа ямар хэмжээнд алдсан болох, эрүүл мэнд нь сарнисны улмаас хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нөхөн төлбөрийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

12. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 309/ШШ2025/00145 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...5 618 572... гэснийг 998 572, ...4 071 428... гэснийг 8 691 428... гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 268 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 28 516 төгрөгийг, илүү төлсөн 18 278 төгрөгийг төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 335 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй ба шүүхийн эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД Г.УРТНАСАН

С.ГАНЧИМЭГ