| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 182/2024/02688/И |
| Дугаар | 210/МА2025/00732 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/00732
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00879 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, *******т тус тус холбогдох,
Ажлын нэмэлт зардалд 174,740,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь 2021 онд *******ны захиалгаар, *******тай 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх/Зүүн бүсийн аймаг, дүүргүүдэд байгуулах хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр/ №2021/03/СҮ-2101/ тоот гэрээ-г байгуулсан байдаг.
1.2. Гэрээг гүйцэтгэх явцад Ковид-19 цар тахлын дэгдэлт гарсан. *******наас 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 2/3344 тоот албан бичгээр Коронавируст халдварын дотоодод батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод нэмэгдэж, хүчилтөрөгчийн хэрэглээ эрс нэмэгдсэн тул *******тай байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдэх хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийслэлийн 6 газарт түр суурилуулахаар болсныг бидэнд мэдэгдсэн.
1.3. Уг мэдэгдлийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг Улаанбаатар хот дахь дараах 6 газарт шуурхай суурилуулж, зохион байгуулж ажилласан. Үүний дараа *******наас 2021 оны 07 сарын 05-ны өдөр 2/3523 тоот албан бичгээр, *******2 байрны түр эмнэлэгт 145 орыг эрчимт эмчилгээний зорилгоор ашиглах зайлшгүй шаардлагатай тулгарсны улмаас хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэн, нэмэлтээр 1 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн угсралт суурилуулалтыг яаралтай зохион байгуулах дэмжлэгийг хүссэн.
1.4. Ингээд *******2 байранд нийт 2 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр суурилагдсан бөгөөд уг газар нь эмнэлгийн зориулалттай барилга биш учраас үйлдвэрийн суурилалт, шугамын ажил хийхэд ажиллагаа ихтэй зардал их шаардагдсан хэдий ч бид нийгмийн хариуцлагын хүрээнд Ковид-19 халдварын тохиолдол эрс нэмэгдэж байсан тухайн цаг үед өөрсдөөсөө зардал гарган эрчимт эмчилгээний 10 ор, энгийн 95 ор нийт 105 оронд хүчилтөрөгчийн ханын суулгацыг суулгаж, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг яаралтайгаар түргэн шуурхай угсарч өгсөн.
1.5. Түр байрлуулсан 2 хүчилтөрөгчийн үйлдвэрийн угсралтын ажлыг гүйцэтгэхэд 174,740,000 төгрөгийн бараа материал, ажлын хөлс орсон болно. Уг зардлаа авахаар *******, *******, Нийслэлийн Засаг дарга нарт 2021 оноос хойш албан бичиг хүргүүлсэн боловч хариуцах эзэн нь олдохгүй, өнөөдрийг хүртэл гаргасан зардлаа авч чадаагүй байна.
1.6. *******наас санхүүжилтээ дахин тодруулахад 2023 оны 09 сарын 21-ний өдрийн 7/4291 тоот албан бичгээр чиг үүргийн дагуу *******т хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн болно. Улмаар ******* болон Нийслэлийн Засаг даргад хандсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд хариуцагч нараас 174,740,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ны хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 2021/03, СУ-2101 дугаартай 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээ-г ******* ХХК нь *******тай байгуулсан.
2.2. Тус гэрээний 7 дугаар зүйлд техникийн тодорхойлолт болон ажил гүйцэтгэлийн хуваарь нь гэрээний хэсэг болно гэж заасан. Техникийн тодорхойлолтын тендерт оролцогчийн техникийн санал гэсэн хэсэгт ******* ХХК, ******* ХХК, *******-ийн инженер техникийн ажилчид аппаратын угсралт суурилуулалтыг хариуцах бөгөөд ******* ХХК-ийн инженер техникийн ажилчид контайнеруудын байрлал, суурь цутгалт, дотор тохижилтыг хариуцна. Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг дагалдуулаад эмнэлгийн хийн системд 600 м зэс труба угсралт хийгдэнэ. Хэрэглэгчтэй хийсэн зургийг үндэслэн эцсийн хэрэглэгчийн тоог гаргаж хүлээлцэнэ гэж нэхэмжлэгч тал тусгасан.
2.3. Гэрээний ерөнхий нөхцөлийн 3.1 дэх заалтад захиалагч нийлүүлэгчид бичгээр мэдэгдсэнээр гэрээний ерөнхий цар хүрээнд багтаан дор дурдсан загварыг багтаан доор дурдсан нэг буюу түүнээс дээш зүйлийн захиалгыг хэдийд буюу түүнээс дээш зүйлийн захиалгыг хэдийд ч өөрчлөх эрхтэй: Үүнд /в/ ажил гүйцэтгэх газар гэж заасан. Мөн гэрээний тусгай нөхцөлийн 2-т ... угсарч, суурилуулж, тохируулга сургалт хийж хүлээлгэн өгнө гэж заасан.
2.4. Нэхэмжлэгч тал нь дээрх гэрээгээр тохиролцсоны дагуу хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэж ажилласан бөгөөд хэрвээ гэрээнд зааснаас илүү төсөв шаардлагатай болсон тохиолдолд албан ёсоор төсөв нэмүүлэх хүсэлтийг тухайн үедээ гаргаад нэмэлт гэрээ байгуулах асуудлыг талууд харилцан хэлэлцэх байсан. Гэтэл нэхэмжлэгч талын дурдаж буйгаар нийгмийн хариуцлагын хүрээнд зардал гарган ажлыг гүйцэтгэсэн гэх тайлбарыг нэхэмжлэлтэйгээ гаргасан байна.
2.5. Нэмэлт зардал их шаардагдсан үйлдвэрийн угсралтын ажлыг гүйцэтгэхэд нийт 126,201,000 төгрөг гэж санхүүжилт хүсэх тухай 2024 оны 06 сарын 30-ны өдрийн 21/766 албан бичгийг *******анд ирүүлсэн ч 2021 оны 08 сарын 25-ны өдрийн *******т хүргүүлсэн 21/893 дугаар албан бичгээр 174,740,000 төгрөг болж өөрчлөгдсөн. Дээрх дүнгийн тухайд зардлын задаргаа болон батлах тооцооны баримтууд байхгүй.
2.6. Гэрээг ******* газрын дарга, ******* ХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтан байгуулсан. *******ны сайд, *******, *******ны эрх албан ёсны төлүүлэх этгээд Төрийн нарийн бичгийн даргын баталсан гарын үсэг гэрээнд байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* газрын хариу тайлбарын агуулга:
3.1. Манай байгууллага нь *******ны албан бичгийн дагуу ******* гийн Эрсдэлийн сангийн хөрөнгөөс 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг шийдвэрлэн худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж ажилласан.
3.2. Энэхүү ажлын хүрээнд *******ны захиалгаар тендерт шалгарсан ******* ХХК-тай манай байгууллага нь 2021/03, СҮ-2101 дугаар гэрээг байгуулан, уг гэрээний 3-т зааснаар ******* нийлүүлэгч байгууллагын ажлын үе шатны явцыг хянан баталгаажуулж, манай байгууллага гэрээний 4-т заасны дагуу санхүүжилтийг олгох ажилд оролцсон.
3.3. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.6, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 22 дугаар тогтоол, *******ны 2021 оны Чиглэл хүргүүлэх тухай 1а/2230, 2021 оны 2/4296 дугаар албан бичгийг тус тус үндэслэн холбогдох санхүүжилтийг техникийн комиссын 2021 оны 88/2021 дугаар урьдчилсан дүгнэлтийн дагуу 1 эмнэлгийн хүчилтөрөгчийн үйлдвэрийг 590,000,000 төгрөгөөр тооцож, нийт 8 эмнэлгийн 4,720,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор гэрээ байгуулсан.
3.4. Манай газар нь ******* ХХК-д 2021 оны 05 сарын 03-ны өдөр гэрээний урьдчилгаа санхүүжилт 1,416,000,000 төгрөг, 2021 оны 08 сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөр 3,304,000,000 төгрөг, нийт 4,720,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* газраас 87,633,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 87,106,330 төгрөгийн шаардлага болон хариуцагч *******анд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,031,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* газраас 596,118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. ******* нь *******ны 2020 оны 2/5533 дугаар албан бичгийн дагуу ******* гийн эрсдэлийн сангийн хөрөнгөөс 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг шийдвэрлэн худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулж ажилласан.
5.2. Энэхүү ажлын хүрээнд *******ны захиалгаар тендерт шалгарсан ******* ХХК-тай манай байгууллага нь 2021/03, СҮ-2101 дугаар 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээ-г байгуулан, уг гэрээний 3-т зааснаар ******* нийлүүлэгч байгууллагын ажлын үе шатны явцыг хянан баталгаажуулж, манай байгууллага гэрээний 4-т заасны дагуу санхүүжилтийг олгох ажилд оролцсон болно.
5.3. Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.6, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 22 дугаар тогтоол, *******ны 2021 оны Чиглэл хүргүүлэх тухай" 1 а/2230, 2021 оны 2/4296 дугаар албан бичгийг тус тус үндэслэн холбогдох санхүүжилтийг Техникийн комиссын 2021 оны 88/2021 дугаар урьдчилсан дүгнэлтийн дагуу 1 эмнэлгийн хүчилтөрөгчийн үйлдвэрийг 590,000,000 төгрөгөөр тооцож, нийт 8 эмнэлгийн 4,720,000,000 төгрөгийг санхүүжилт олгохоор гэрээ байгуулсан.
5.4. Манай байгууллага нь ******* ХХК-д 2021 оны 05 сарын 03-ны өдөр гэрээний урьдчилгаа санхүүжилт 1,416,000,000 төгрөг, 2021 оны 08 сарын 30 өдөр үлдэгдэл төлбөр 3,304,000,000 төгрөг, нийт 4,720,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь гэрээний үүрэгт тусгагдаагүй санхүүжилт буюу 87,633,670 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар захиалагч ажил гүйцэтгэх газрыг өөрчлөх эрхтэй хэдий ч нийлүүлэгч нь захиалгын өөрчлөлттэй холбоотой зардлын нарийвчилсан тооцоо, хэрэгжүүлэх хуваарийг гарган, өөрчлөлтийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор захиалагчид танилцуулах, талууд нийлүүлэгчийн тооцоог бичгээр батлах, баталгаажуулах хүртэл өөрчлөлтийг гүйцэтгэхгүй байхаар гэрээний 3.2, 3.3-д тохиролцсон байна. гэжээ.
5.6. ******* нь *******ны өгсөн чиглэлийн дагуу санхүүжилт шийдвэрлэх тухай албан бичгийг үндэслэн ******* гаас санхүүжилтийг олгох чиг үүрэгтэй гэрээ байгуулсан. Гэтэл ажил гүйцэтгэх газрыг өөрчлөх талаар ямар ч мэдээлэлгүй байсан ба захиалга өөрчлөхтэй холбоотой зардлын талаар ямар нэгэн чиглэл санхүүжилт олгох талаар албан бичиг *******наас ирүүлээгүй болно.
5.7. Мөн *******-ийн байранд шинээр байгуулагдаж буй Коронавирусын халдвартай иргэний хэвтүүлэн эмчлэх түр тасагт нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 38,337,024 төгрөгийг ******* ХХК-ийн дансанд ******* 2021 оны 12 сарын 22-ны өдөр шилжүүлсэн нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гарган өгсөн байтал гэрээний тусгай нөхцөлийн 2-т заасныг зөрчин угсрах зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
5.8. Мөн манай байгууллага нь Монгол Улсын Их Хурлаас жил бүр төсөв батлуулан ажилладаг бөгөөд гэрээнд зааснаар санхүүжилтийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай *******ны дүгнэлтийг үндэслэн санхүүжилт олгохоор заасан байдаг тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
6.1. Давж заалдах гомдлыг үндсэн 2 агуулгаар гаргасан. Нэгдүгээрт, манай байгууллагын нэмэлтээр гүйцэтгэсэн ажлыг огт мэдээгүй гэх агуулгыг дурдсан нь үндэслэлгүй.
6.2. Хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 06 сарын 25-ны өдөр болон 2021 оны 07 сарын 05-ны өдөр *******наас ******* ХХК болон бусад байгууллагад хүргүүлсэн албан бичиг байдаг. Үүнд жагсаалт гаргаад тухайн цаг хугацаанд шаардлагатай нэмэлт бэсрэг үйлдвэрийг хаана байгуулах талаар дараалал болон байршлыг зааж, дээрх эрүүл мэндийн байгууллагад хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр суурилуулах ажлыг яаралтай зохион байгуулж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг цаг алдалгүй танилцуулан шийдвэрлүүлж ажиллуулна гэх албан бичиг, нэмэлтээр ажил хийгдэх шаардлага үүссэн талаар танилцуулж, тухайн цаг хугацаанд энэ агуулгаар албан бичиг ирсний дагуу ******* шуурхай хуралддаг. ******* онцгой комиссыг ахлаад ажиллаж байсан.
Мөн ажил хүлээлцсэн актууд байдаг учраас мэдээгүй байсан гэх ойлголт байх боломжгүй.
6.3. Хоёрдугаарт, төсвөөс бүрэн санхүүжиж дуусгавар болсон гэх агуулгыг гомдолд дурддаг боловч нийт угсрах байсан бэсрэг үйлдвэрийн ажлын гүйцэтгэл хийгдсэн бөгөөд гэрээнд заасан байршилд бүрэн байршуулсан. Үйлдвэрийг хүлээн авах байсан газрууд нь бүгд бэсрэг үйлдвэрийг хүлээж аваад ашиглаж байна.
6.4. *******2 дугаар байранд олон тоотой ор байршуулж, ор бүрийн дээр хүчилтөрөгчийн аппарат суурилуулахтай холбоотойгоор үйлдвэрүүд барих нэмэлт ажил гарсан. Нэмэлт ажил хийгдэх болсон учраас санхүүжилтийг зайлшгүй олгох шаардлагатай байсан. Үүнд ******* газраас *******2 дугаар байр болон бусад газрууд үйлдвэрийг хүлээж аваад акт үйлдсэн. Санхүүжилт олгоход тухайн акт шаардлагатай байдаг тул үүнийг үндэслээд *******наас санхүүжилт олгодог.
6.5. Өөрөөр хэлбэл, ******* газрын актыг үндэслэж захиалагч болон ******* санхүүжилтийг олгох тохиролцоотой үндсэн гэрээ байдаг. Үндсэн гэрээний 3, 4, 6-д заасны дагуу гэрээнд заагдсан төлбөрийн хуваарь болон ажлын хуваарилалтыг гүйцэтгэхэд дарааллын дагуу *******наас санхүүжилтийг олгох шаардлагатай юм. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэн, зөв үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ны тайлбарын агуулга:
7.1. Нэхэмжлэгч ******* ХХК-аас *******анд ирүүлсэн мэдэгдлийн дагуу гэрээ болон ажлын даалгаварт заагдсанаас илүү гарсан тооцоо, өртөг бүхий нарийвчилсан нотлох баримтыг тухай бүр ирүүлээгүй. Энэ талаар 2 талын харилцан тохиролцсон баримт бичиг хавтаст хэрэгт авагдсан баримт болон *******наас ирүүлсэн баримт бичгийн хүрээнд байдаггүй. Зөвхөн нэг талын санаачилгаар хийгдсэн ажил үүрэг гэж үзэж байна.
7.2. ******* гэрээний тал биш хэдий ч гэрээнд заагдсан ажил үүрэг, ажлын хуваарьт өөрчлөлт оруулах, заагдсан газрыг өөрчлөх эрхийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, *******, *******т тус тус холбогдуулан ажлын нэмэлт зардалд 174,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* ХХК нь *******тай 2021 оны 02 сарын 04-ний өдөр 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх /Зүүн бүсийн аймаг, дүүргүүдэд байгуулах хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр/, 2021/03, СҮ-2101 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, ADEKOM маркийн, 8 ширхэг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг зүүн бүсийн аймаг, дүүрэг *******-д байгуулж, хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь 4,720,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон;
3.2. ******* ХХК болон ******* нь 2021 оны 05 сарын 11-ний өдөр 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр ажлын хугацааг 60 хоногоор сунгах, санхүүжилтийн хуваарийг 100 хувь гэж тохиролцсон;
3.3. *******наас ******* ХХК-д 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 2/3344 дугаар албан бичгээр ... Зүүн бүсийн аймаг, дүүргүүдэд байгуулах хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг *******эмнэлгүүдэд суурилуулах ажлыг зохион байгуулна уу гэж хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг суурилуулах газрыг өөрчилсөн;
3.4. *******наас ******* ХХК-д 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 2/3523 дугаар албан бичгээр ... *******хоёрдугаар байрны түр эмнэлэгт 145 орыг эрчимт эмчилгээний зорилгоор ашиглах зайлшгүй шаардлага тулгарсны улмаас хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлтээр 1 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг суурилуулах шаардлагатай болсон гэж мэдэгдсэн;
3.5. ******* газраас нэхэмжлэгч байгууллагад ажил гүйцэтгэх гэрээний хөлс нийт 4,720,000,000 төгрөгийг шилжүүлсэн;/хх-195-196/
3.6. ******* ХХК нь *******наас тогтоосон байршилд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг суурилуулах ажлыг гүйцэтгэж, актаар хүлээлгэн өгсөн байна.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлыг талаар дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй, мөн гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангана.
5.1. Нэхэмжлэгч байгууллага нь ... *******хоёрдугаар байрны түр эмнэлэгт 2 ширхэг хүчилтөрөгчийн үйлдвэрийг суурилуулах ажлыг гүйцэтгэхэд нэмэлт ажлын зардалд нийт 174,740,000 төгрөг зарцуулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
5.2. Хариуцагч *******наас Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зүүн бүсийн аймгийн эмнэлэгт суурилуулах хүчилтөрөгчийн үйлдвэрийг *******хоёрдугаар байрны түр эмнэлэгт 2 ширхэг хүчилтөрөгчийн үйлдвэрийг суурилуулахаар байршлыг өөрчилсөн үйл баримтад талууд маргаангүй.
5.3. ******* ХХК нь *******тай 2021 оны 02 сарын 04-ний өдөр 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх /Зүүн бүсийн аймаг, дүүргүүдэд байгуулах хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр/, 2021/03, СҮ-2101 дугаартай гэрээ-нд заасан нэг үйлдвэр нийлүүлэх, суурилуулах ажлын хөлс, замын зардал нийт 590,000,000 төгрөг байхаар тохиролцсон.
5.4. *******хоёрдугаар байрны түр эмнэлэгт 2 ширхэг хүчилтөрөгчийн үйлдвэрийг суурилуулах ажлыг гүйцэтгэхэд нийт 174,740,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан үйл баримтыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэгч нь *******хоёрдугаар байрны түр эмнэлэгт 2 ширхэг хүчилтөрөгчийн үйлдвэрийг суурилуулах ажлыг гүйцэтгэхэд нийт 174,740,000 төгрөгийн нэмэлт зардлын задаргааны талаар баримтыг гаргасан боловч уг баримтад дурдсан бараа материалын болон цалингийн зардал гарсан эсэх нь хэргийн бусад баримтаар тогтоогдохгүй байна. /хх-60, 61/
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэмэлт зардлын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаагүй, мөн дээрх зардлын тооцоолол нь хэргийн бусад баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч *******анд 2024 оны 06 сарын 30-ны өдрийн 21/766 тоот албан бичгээр *******хоёрдугаар байрны түр эмнэлэгт 2 ширхэг хүчилтөрөгчийн үйлдвэрийг суурилуулах ажлыг гүйцэтгэхэд нийт 126,201,000 төгрөгийн нэмэлт зардлын санхүүжилт хүссэн, мөн *******т 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 21/893 тоот албан бичгээр *******хоёрдугаар байрны түр эмнэлэгт 2 ширхэг хүчилтөрөгчийн үйлдвэрийг суурилуулах ажлыг гүйцэтгэхэд нийт 174,740,000 төгрөгийн нэмэлт зардлын санхүүжилт хүссэн байна. Дээрх зөрүүтэй тооцоолол ямар шалтгааны улмаас өссөн талаар баримтыг хэрэгт гаргаагүй.
5.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан гаалийн хилээр нэвтрүүлэх баримт, гадаад шилжүүлгийн даалгавар, ******* ХХК болон ******* нарын ******* ХК-ийн дансны хуулгыг баримтаар үнэлж маргааныг шийдвэрлэхдээ уг баримт нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг баримтлаагүй байна.
Тодруулбал, ******* ХХК нь *******тай 2021 оны 02 сарын 04-ний өдөр 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх /Зүүн бүсийн аймаг, дүүргүүдэд байгуулах хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр/, 2021/03, СҮ-2101 дугаартай гэрээ-ээр тохиролцсон ажлыг гүйцэтгэхэд кран, бараа хадгалах чингэлэг нь зөвхөн *******хоёрдугаар байрны түр эмнэлэгт 2 ширхэг хүчилтөрөгчийн үйлдвэрийг суурилуулахад гарсан зардал болох нь тогтоогдохгүй.
Өөрөөр хэлбэл, бусад газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг суурилуулахад краны зардал, ажилчдын цалин хөлсний зардлаас хэрхэн нэмэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан гаалийн хилээр нэвтрүүлэх баримт, гадаад шилжүүлгийн даалгавар зэрэг баримт нь нийт 8 ширхэг хүчилтөрөгчийн үйлдвэртэй холбоотой баримт байхад уг баримтыг *******хоёрдугаар байрны түр эмнэлэгт 2 ширхэг хүчилтөрөгчийн үйлдвэрийг суурилуулахад гарсан зардал гэж үнэлсэн нь буруу болжээ.
Гэрээнд заасан газар ажлыг гүйцэтгэхэд гарах краны зардал, агуулах чингэлэг болон ажлын хөлснөөс хүчилтөрөгчийн үйлдвэр суурилуулах газар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэрхэн нэмэгдсэн үйл баримтыг нэхэмжлэгч нь зааглан нотлоогүй байна.
5.6. ******* ХХК нь *******тай 2021 оны 02 сарын 04-ний өдөр 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх /Зүүн бүсийн аймаг, дүүргүүдэд байгуулах хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр/, 2021/03, СҮ-2101 дугаартай гэрээ-ний 3.1.В-д зааснаар ажил гүйцэтгэх газрыг захиалагч өөрчлөх эрхтэй тул хүчилтөрөгчийн үйлдвэрийг суурилуулах газрыг өөрчилсөн нь гэрээний тохиролцоонд үндэслэсэн байна.
Дээрх гэрээний 3.2-д ... Нийлүүлэгч нь захиалгын өөрчлөлтийн улмаас гэрээнд заасан бараа нийлүүлэх хугацаанд үзүүлэх нөлөө /хэрэв нөлөөлөх бол/-г харгалзан түүний зардлын нарийвчилсан тооцоо, хэрэгжүүлэх хуваарийг гаргаж, өөрчлөлтийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор захиалагчид танилцуулна гэж, 3.3-д Захиалагч 3.2-д дурдсан нийлүүлэгчийн тооцоог үндэслэж өөрчлөлтийг бичгээр батлах ба ийнхүү баталгаажуулах хүртэл нийлүүлэгч 3.1-д заасан өөрчлөлтийг гүйцэтгэхгүй гэж тус тус тохиролцсон.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэг зааснаар гэрээний агуулгыг тайлбарлахад ажил гүйцэтгэх газар өөрчлөгдсөн тохиолдолд гүйцэтгэгч ******* ХХК нь зардлын нарийвчилсан тооцоо, хэрэгжүүлэх хуваарийг гаргаж, өөрчлөлтийн мэдэгдлийг захиалагч талд мэдэгдэж, уг тооцоог үндэслэн төсвийг баталгаажуулсны дараа өөрчлөлтийн ажлыг гүйцэтгэх байжээ.
Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний тохиролцоо, журмыг баримтлан захиалагч талд гэрээнд дурдсан ажлыг гүйцэтгэхээс өмнө бичгээр үнийн өөрчлөлт, түүний тооцооллын мэдэгдлийг гаргах журмыг баримтлаагүй ажлыг гүйцэтгэсэн атлаа нэмэлт зардал шаардаж байгаа нь талуудын гэрээний тохиролцоонд нийцэхгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газраас татгалзсан байхад *******тай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан ба давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд *******тай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* газрын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00879 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, *******, ******* нараас ажлын нэмэлт зардал 174,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* газрын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
С.ЭНХБАЯР