| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0084/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Загал овогт Ганболдын Бт холбогдох 192900520078 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Хероесвин” ХХК-иас нүүрс тээвэр хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн “Фотон” маркийн 24-46 ӨМӨ улсын дугаартай автомашин, 41-44 БЧ дугаартай чиргүүлээс нийт 18 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 300 литр түлшийг завшиж бусдад 7,160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: ”Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хатанбаатарын: “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай копанийн 24-46 ӨМӨ улсын дугаартай “Фотон” маркийн тээврийн хэрэгсэл, 41-44 БЧ дугаартай чиргүүлийн хамт нүүрс тээвэрт авч явахаар хүлээн авсан Г.Б нь уг автомашинаас эд анги тонож зараад орхиод явсан хэрэг гарсан.” гэх мэдүүлэг /хх-н 16-р хуудаст/,
Гэрч Д.Цэвэлмаагийн : “...Саяхан 5 дугаар сарын дундуур шөнө 01 цаг өнгөрч байхад надруу залгаад “Ээжийн бие муудаад би гэнэт Улаанбаатар явахаар боллоо. Танай гадаа машинаа тавьчихая” гэж хэлсэн. Би “Тэг тэг” гэхэд удалгүй манай гадаа машин ирсэн. Би гарч хараад уулзахад Г.Б кабинаасаа хувцасаа авч байсан. Тэгэхдээ “эгчээ би энэ машинаас 8 дугуй зарчихсан. Надад зардал байхгүй болохоор өөр арга алга, би машинаа эзэн хужаад хэлчихсэн байгаа та түлшийг нь зарчихаарай. Сая би түлш авах хүн хайгаад олсонгүй” гэж хэлээд надад машиныхаа түлхүүрийг өгчихөөд явсан. Би маргааш өглөө нь манай гэрийн гадуур түлш авдаг машин явж байхаар нь дуудаад банкинд нь байсан түлшийг зарсан. Хэдэн литр түлш зарсныг санахгүй байна. Тэгээд мөнгийг нь Бын дансруу шилжүүлсэн. Тэгтэл маргааш шөнө нь унтаж байхад гадаа машин ирээд дугуй тайлах чимээ гарахаар нь гарч харахад нэг том машин ирчихсэн Бын машинаас дугуй тайлж байсан. “Юу болж байна аа” гэхэд “Бямбаад хэлчихсэн байгаа гэсэн”. Бямбаа явахдаа “Манай найз ирж 2 дугуй авна” гэж хэлсэн байсан. Тэр хүмүүс удаад байхаар нь “Хөөе чи хэдэн дугуй аваад байна аа” гэхэд 2 дугуй авсан байсан. Дахиад нэг дугуй авах гэсэн чинь “Солигдсон дугуй байна” гээд эргүүлээд боосон. Би Баас “Хөтчийн дугаараа өгчих, чи юу хийгээд байна аа” гэхэд дугаарыг нь өгөхгүй байсан. Тэгээд 5 хоногийн дараа нэг хүн ирээд “Манай компанийн машиныг тоноод танай гадаа орхисон байна” гэж хэлээд машиныг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-н 25-26-р хуудаст/,
Гэрч О.Мөнхтөрийн: “...Хаалга нь цоожтой байсан, түлхүүр нь тэр машин байсан айлын эгчид байсныг авсан. Чиргүүлийн 12 дугуй, зүтгүүрийн 8 дугуйг тайлсан байж болохоор дугуйны боолтон дээр шинээр мөр гарсан байсан. Запасанд нь ямар нэгэн дугуй байгаагүй. Машины дугуйнуудын оронд дандаа хуучин муу дугуй тавьсан гэмээр харагдаж байсан. Мөн 2 аккумлятор байхгүй, банкинд нь ямарч түлш байгаагүй. Би энэ талаар Баатарт хэлээд аккумлятор тавьж, түлш хийж БНХАУ-руу гаргаж Баатарт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 27-р хуудаст/,
Гэрч Б.Лхагва-Очирын: “...Би нүүрс тээврийн жолооч ажил хийдэг юм. Би өөрийн машинаараа компанийн нэр дээр нүүрс тээвэр хийдэг. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нүүрс буулгах гээд “Цагаан хад” дээр оочерт зогсож байхдаа хамт сууж байсан жолооч нар “Утсан дээр We chat дээр дугуй зарна гэсэн зар байна нэгийг нь 250,000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Би “ачаагаа буулгачихаад очиж авна” гэж тохирсон. Тэгээд би оочерт 2 хоночихоод 12-ны орой 22 цагийн үед залгаад “Би ачаагаа буулгачихлаа дугуйг чинь үзье” гэхэд “би хотод явж байна миний машин “Цагаан хад” дээр “Энержи Ресурс” ХХК-ийн урд айлын гадаа байгаа” гэж хэлсэн. Тэгээд би машин байгаа газрыг нь заалгаад машин дээр нь очиход улаан өнгөтэй “Фотон” маркийн машин айлын гэрийн урд хойшоо хараад зогсож байсан. Тэгээд би айлынх нь хүнтэй машиных нь жолооч гэх хүнийг утсаар яриулж байгаад надад зарна гэсэн залуугийн 2 дугуйг нь үзэхэд нэг дугуй нь тааруу хээ муутай дугуй байсан. Тэгээд би тэр хүн рүү дахиж залгаад “нэг дугуй нь хээ муутай юм байна үнийг нь буулга” гэхэд тэр хүн надад мөнгө хэрэгтэй байна 100,000 төгрөг нэмээд 600,000 төгрөгөөр 3 дугуй ав” гэж хэлсэн. Тэгээд би тэр машины залуугийн 2 дугуйг нь тайлж аваад оронд нь 2 хээ муутай дугуй сольж тавьсан. Запас дугуйг нь тайлж аваад өөрийн хаан банкны 5598012441 дугаарын данснаас мобайл банк ашиглан 600,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-н 28-р хуудаст/
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/42 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 29-р хуудаст/,
Г.Бын яллагдагчаар өгсөн: “...урд байхад хятадууд их түрэмгий дээрэлхүү зан гаргаад байхаар нь бас гэртээ харихгүй удсан болохоор харимаар санагдаад энэ машинаас дугуйг нь зарчихаад гэрлүүгээ явъя гэж бодоод “We chat” группэд дугуй зарна гэсэн зар тависан чинь 1 хүн ирж үзээд явсан. Тэгээд 22 цагийн үед “Ёл Ресурс” ХХК-ийн орчимд очиж би машинаасаа 8 шинэвтэр дугуйг нь тайлж зарсан. Нэг дугуйг нь 300,000 төгрөгөөр бодож зарсан. “...Мөн надад зардлын мөнгө байхгүй түлшийг нь зарах гэсэн авах хүн олдохгүй байна. Та зараад мөнгийг нь надруу шилжүүлчихээрэй гээд дансны дугаар үлдээсэн. “...маргааш нь Цэвэлмаа эгч миний дансруу 206,000 төгрөг шилжүүлсэн. ”...Цэвэлмаа эгч 250 литр түлш зарсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 37-39-р хуудас/,
Г.Бын хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 81, 83-88-р хуудаст/,
Г.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 82-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Г.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Хероесвин” ХХК-иас нүүрс тээвэр хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн “Фотон” маркийн 24-46 ӨМӨ улсын дугаартай автомашин, 41-44 БЧ дугаартай чиргүүлээс нийт 18 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 300 литр түлшийг завшиж бусдад 7,160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
- Хохирогч Э.Хатанбаатарын мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
- Гэрч Д.Цэвэлмаагийн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
- Гэрч О.Мөнхтөрийн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
- Гэрч Б.Лхагва-Очирын мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
- Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-н 41 дүгээр хуудас/,
- Г.Бын Хаан банкны Депозит дансны хуулга /хх-ийн 47-78 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
“Фотон” маркийн 24-46 ӨМӨ улсын дугаартай автомашин, 41-44 БЧ дугаартай чиргүүлийн хууль ёсны эзэмшигчээр “Хероесвин” ХХК бүртгэлтэй болох нь Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-н 8, 41 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Г.Быг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн “Фотон” маркийн 24-46 ӨМӨ улсын дугаартай автомашин, 41-44 БЧ дугаартай чиргүүлийн 18 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 300 литр түлшийг завшсан болох нь шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба дээрх алдагдсан эд хөрөнгө нь “Хөрөнгө Эстимэйнт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/42 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 29-р хуудас/-ээр нийт 7,160,000 төгрөгөөр үнэлэгдсэн нь тогтоогдож байна.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд энэ хэргийн хохирогч “Хероесвин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Хантанбаатар нь “уг хэрэгт холбогдсон Г.Баас ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Жолооч Г.Б нь 10,000 юань буюу 3,474,000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг нь хэрэг шийдэгдэж дууссаны дараа ажил хийж төлөхөөр тохиролцсон. Одоо манай компанид ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 16-17-х хуудаст/ өгсөн байх тул шүүгдэгч Г.Быг хохирол төлбөрт 3,474,000 төгрөг төлсөн, үлдэх 3,686,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирол хор уршгийг төлсөн, үлдэх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,200 /гурван мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлж, шүүгдэгч Г.Бт 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Загал овогт Ганболдын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Г.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогч “Хероесвин” ХХК-д хохирол төлбөрт 3,474,000 төгрөг төлсөн, үлдэх 3,686,000 төгрөгийг төлөөгүй, хууль ёсны төлөөлөгч Э.Хантанбаатар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН