| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06657/И |
| Дугаар | 5153 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 5153
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 15 тоотод байрлах, РД-2569787, Бүрэгий хөндий ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж, Грамматик төвийн 302 тоотод байрлах, РД-5283833, Топ дриллинг ХХК-д холбогдох
35 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтангэрэл, өмгөөлөгч А.Очбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 35 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бүрэгий хөндий ХХК нь 2015-03-17 өдөр Топ дриллинг ХХК-тай өрөмдмөл худаг гаргах 06 тоот гэрээ байгуулж, Дорноговь аймгийн Өргөн сумын Хөх булаг хэмээх газар 2 ширхэг худгийг нэгийг нь 15 000 000 төгрөгөөр буюу нийт 30 000 000 төгрөгөөр өрөмдүүлэхээр тохирч гэрээ байгуулсан.
Гэрээ байгуулагдсан өдөр Топ дриллинг ХХК-ийн захирал Ж.Алтангэрэлд 15 000 000 төгрөгийг, 2015-03-20 өдөр 5 000 000 төгрөг нийт 20 000 000 төгрөгийн ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн.
Топ дриллинг ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэг ч худгийг гаргаж өгөхгүй байсаар өдийг хүрч байгаа ба худаг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн ажил үүргийг гүйцэтгээгүй.
Иймд Топ дриллинг ХХК-иас урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 15 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай компани 2015-03-17 өдөр Бүрэгий хөндий ХХК-тай өрөмдмөл худаг гаргах гэрээг байгуулсан. Урьдчилгаа 20 000 000 төгрөгийг аваад нэхэмжлэгч байгууллагын захирал Д.Отгонжаргалтай Дорноговь аймгийн Өргөн сумын Хөх булаг гэдэг газар очиж эхний цооногийг 80 метр гүнтэй өрөмдсөн боловч ус бага байсан тул дараагийн цооногийг өрөмдсөн.
2 дахь цооногийг 90 метр гүн өрөмдөхөд ус бага гарсан. Ийм байдлаар 4 цооногийг нийт 270 гаруй метр гүн өрөмдсөн. Бид гэрээ ёсоор 2 худаг өрөмдөх ёстой байсан боловч ус бага гарсан учраас эрсдэл хүлээн захиалагч талаас тавьсан хүсэлтийн дагуу төлөвлөгдөөгүй газарт дахин 2 цооног өрөмдөөд, урьдчилж авсан санхүүжилт дууссан тул хот руу буцсан.
Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, урьдчилгаа төлбөрийг зарцуулж дууссан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын заасан газарт өрөмдлөгийн ажил эхлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Зохигч 2016-09-21 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 25 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10 000 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид 2016-09-21 өдөр бэлнээр өгсөн тул талуудын хооронд үүссэн маргаантай асуудал дуусгавар болов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 35 000 000 төгрөгийн 25 000 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, хариуцагч үлдэх 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлж, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд хариуцагч 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлээс 25 000 000 төгрөгийг шаардсан хэсгээсээ татгалзаж, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 332 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 166475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас 25 000 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс нэхэмжлэгч Бүрэгий хөндий ХХК татгалзаж, 10 000 000 төгрөгийг хариуцагч Топ дриллинг ХХК 2016-09-21 өдөр нэхэмжлэгчид төлж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 332 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 166475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ