| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 138/2023/01277/И |
| Дугаар | 201/МА2025/00018 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 201/МА2025/00018
*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.*******, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 309/ШШ2025/00220 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Орон сууц албадан чөлөөлүүлж, 9 388 897 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие өөрийн өмчлөлийн Хэрлэн сумын 7-р багт байрлах *******-р байрны ******* тоот 1 өрөө орон сууцыг 2019 оны 01 сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан *******т 42 000 000 төгрөгөөр худалдсан. Гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөр болгон 14 000 000 төгрөгийг тохиролцсон хугацаанд бэлэн төлж, цаашид үлдэгдэл 28 000 000 төгрөгийг ипотекийн зээлийн хуваарийн дагуу жилийн 8 хувийн хүү тооцон сар бүрийн 05-ны өдөр 382 000 төгрөгөөр тооцон 2019 оны 02 сарын *******-ны өдрөөс эхлэн 2028 оны 11 сарын *******-ны өдрийг хүртэл тухайн үед байсан Капитал банкинд байх *******гийн ипотекийн зээлийг төлөхөөр тохиролцсон юм.
Гэтэл 2019 оны 01 сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 сарын 17-ны өдөр хүртэл нийт 9 100 000 төгрөг төлсөн. Үндсэндээ өнөөр хүртэл миний байранд амьдарч байгаа хэрнээ урьдчилгаанд өгөхөөр тохирсон 14 000 000 сая төгрөгөөс 4 900 000 төгрөг дутуу өгсөн. Би байрныхаа урьдчилгааг бөөнд нь аваад Залуус хороололд авсан байрны төлбөр өгөхөөр тооцоолж байраа зарсан боловч өдий болтол тохиролцсон төлбөрийг маань төлөлгүй намайг давхар хохироосон.
Урьдчилгаа болгон тохирсон мөнгийг нэхэхэд эгч *******т өгсөн гэж хоёр тийш явуулсаар ирсэн. Эгч *******ээс нь удаа дараа нэхэж шаардахад өгнөө л гэдэг, залуусын байрны мөнгө нэхэгдээд аргагүйн эрхэнд урьдчилгааны 9 000 000 төгрөгийг 2 хүнээс хүүтэй зээл авч барагдуулж би өөрөө төлсөн.
Мөн сар бүр төлөх ипотекийн гэрээний мөнгийг хагас дутуу төлөөд байсан болохоор 2021 онд ковидын үед банкинд хүсэлт гаргаж гэрээнд өөрчлөлт оруулсан. Ингээд 2022 онд мөн төлөхгүй байсаар 2022 оны 11 сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг, 2023 оны 01 сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг төлж тус оны 1-10 сар хүртэл сар бүр 500 000 төгрөгөөр төлж ирсэн. Төлөхгүй байх хугацаанд банк миний данснаас суутган авдаг байсан.
******* гэрээний дагуу 31 190 000 төлөх байсан болов 20 707 000 төлсөн, банк миний данснаас төлөгдөөгүй үед 2 415 897 төгрөгийг суутгасныг надад буцаан өгөхгүй байгаа. Урьдчилгаа мөнгө бүрэн төлөх надаас суутгасан төлбөрийг удаа дараа нэхэж утас болон чатаар мэссэж бичиж харьцаж байсан.
Гэрээнээс татгалзах буюу байраа буцаан авах талаар мэдэгдсэн, өөрөөсөө мөнгө төлж банкинд найдваргүй харилцагч болж банкнаас зээл авах эрхээ хасуулах зэргээр давхар давхар хохирч байсан. Цаашид гэрээ биелэгдэх боломжгүй, амьдарч байх хугацаандаа төлбөрөө бүрэн хийж үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзаж буй тул түүний төлсөн төлбөрийг амьдарсан хугацааны сар бүрийн түрээсийн төлбөрт суутган авч хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.
Байрны гэрчилгээ миний нэр дээр байгаа, төлбөр төлж дуусангуут *******ын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байсан.
Иймд *******тай хийсэн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэг хангалтгүй биелж намайг хохироож байгаа тул гэрээнээс татгалзаж, *******ын амьдарч буй *******-******* тоот байрыг чөлөөлүүлж өмчлөгч ******* надад суллаж өгөх, Г.*******ын төлсөн төлбөр 20 700 000 төгрөг болон 2019 оны 02 сараас 2023 оны 10 сар хүртэл амьдарсан хугацааны түрээсийн төлбөр 27 680 000 төгрөгийг зөрүү 6 973 000 тегрөг, банк миний данснаас суутгасан болон миний төлсөн төлбөр 2 415 897 төгрөг, нийт 9 388 897 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тохирсон ёсоороо урьдчилгаа болон төлбөрүүдийг төлж явсан. *******, Г.******* хоёр ярилцаад уг байрыг ав гэж ятгасан учраас би гэрээ байгуулсан. *******, Г.******* хоёрын хооронд яриа байсан юм билээ. Г.******* нь миний эгч бөгөөд маш олон хүнд өглөг авлагатай явдаг хүн. Надаас ******* энэ байрыг авах үед байр авах гэж цуглуулсан мөнгөнөөс 5 000 000 төгрөгийг авсан. ******* үүнийг мэдэж байсан бөгөөд миний төлөх мөнгөнөөс хассан гэдэг байсан. Г.******* нь би *******гийн байрны төлбөрт мөнгийг чинь өгсөн гэж байсан. Тэр хоёрын тооцооноос болж би сарын 382 000 төгрөгийн төлөлтийг дандаа төлдөг бөгөөд ганц нэг удаа хэтрэлт гарсан байх. Үнэхээр надаас болоод түүний цалингаас суутгасан бол би 2 400 000 төгрөг гээд байгааг баримтыг нь үзэж байгаад төлнө. Би түрээсийн гэрээ хийгээгүй тул зөвшөөрөхгүй. Харин гэрээний дагуу төлбөрөө гүйцэт төлнө. Эсвэл үлдэгдэл төлбөрийг нь бүгдийг нь төлж байраа нэр дээрээ шилжүүлэх бодолтой байна. Г.*******, ******* хоёрын тооцоог бас харж байж хохирлыг нь арилгана, гэрээнээс татгалзахыг зөвшөөрөхгүй байна. гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн Орон сууц чөлөөлүүлэх, 9 388 897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 358 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн шаардлагыг хангахгүй байна.
Шүүхийн шийдвэр эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн хэрнээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгийг удирдлага болгосон нь нотлох баримтын хууль зүйн үндэслэл, шүүхээс түүнийг хэрхэн үнэлж буй талаар харилцан эсрэг байр суурьтай хууль хэрэглээний хувьд ноцтой алдаатай шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй болжээ.
Шүүхэд нэхэмжлэл гаргаад 1 жил 3 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хариуцагч шүүхэд эрэн сурвалжлагдаж байгаа эгчээсээ гэрчийн мэдүүлэг авахуулахаар маш их хугацаа алдсан бөгөөд энэ хугацаанд үүргээ биелүүлж ялимгүй зөрчсөн гэх дүгнэлтийг шүүх хийх үндэслэл болсон гэж үзэж гомдож байна.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээнд заасан урьдчилгаа төлөх үүргээ биелүүлээгүй 6 жил орчим болсон байхад үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Шүүхийн шийдвэр гарах хүртэл 4 900 000 төгрөг дутуу төлөгдсөн гэдэгт талууд маргаагүй байтал энэ зөрчлийг ялимгүй гэж үзсэн үү гэдэг нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна.
Шүүх хуралдааны өмнө өдөр гэрээний урьдчилгааны мөнгөний дутуугаа банкинд төлсөн гэж тайлбарладаг боловч тэрхүү мөнгө нь ипотекийн зээлийн төлөлтөнд хамаарах болохоос гэрээнд заасан урьдчилгааг төлсөн гэж үзэхгүй зөрчил арилаагүй байна. Гэрээ зөрчсөнөөс болж ******* нь бусдаас 2 удаагийн зээл авч түүний үүргийг хүүтэй нь хамт төлж хохирол амссан энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн, мөн байраа зараад хүүдээ байрны урьдчилгаа хийж чадаагүйгээс түрээсийн байранд амьдарч байгаа талаархи нотлох баримт гаргаж өгсөн боловч шүүхээс нотлох баримтыг хэрхэн үнэлсэн тухай шийдвэртээ тусгаагүй.
Гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчийн өмнөөс *******гийн данснаас суутган авсан 2.415.897 төгрөгт огт дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн хувьд шүүх бүрэн дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн гэрээний үүргийг Капитал банктай байгуулсан гэрээгээр сар бүрийн 07-ны өдөр төлөх ба энэ тал дээр хариуцагчийг хугацаа хожимдуулдаг гэж үзэх үндэслэлгүй байна гэж нотлох баримтыг үнэлэхдээ алдаатай шийдвэр гаргаж энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Харилцагч банкны дансны хуулгыг гаргаж өгөхөд сар дараалан гэрээнд заасан хугацааны дийлэнхи нь төлбөл зохих өдрөөсөө байнга хугацаа хожимдуулдаг үйл баримтыг бүрэн тогтоох боломжтой ба энэ тал дээр бодит байдалтай нийцэхгүй өрөөсгөл дүгнэлт гаргасан байна.
*******, ******* нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн ба гэрээний 3.3 дахь хэсэгт энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх худалдан авагч талд үүсэж худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болно гэсэн гэрээний болон хууль зүйн хувьд гэрээ хүчин төгөлдөр эсэхэд огт дүгнэлт хийгээгүй. Харин шүүх гэрээний тухай дүгнэлт хийхдээ 2019.01.30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэсэн ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Шүүхээс гэрээнд заасан үүргээ зөрчиж байсан гэж зөв дүгнэлт хийсэн хэрнээ энэхүү зөрчил үүсэх шалтгаан нь ковид 19 өвчин тархаж бүх үйл ажиллагаа зогссон нь нийтэд илэрхий байх тул төлбөрийг бүрэн төлж чадахгүй байсан гэх хариуцагчийн тайлбар нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж дүгнэлээ. Энэ үйл баримт нь аль цаг хугацаанд хамаарч байгаа талаар ойлгомжтой тодорхой эргэлзээгүй дүгнэлт шүүх мөн л хийж чадсангүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гэрээний үүргийн зөрчил байсаар байгаа нь дээрхи хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах уу.
Эцэст нь дурьдахад шүүхээс Иргэний Хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхээс Иргэний хуулийн зүйл заалтыг зөв хэрэглээгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан, хууль хэрэглээний хувьд эсрэг агуулгатай хуулийн заалтаар хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2023 оны 11 дүгээр сард нэхэмжлэлийг гаргасан. Бараг 16 сарын дараа хэрэг шүүхээр хэлэлцэгдсэн. Энэ хугацаанд ч гэсэн энэ хүн өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй ирсэн. Гэтэл гэрээний заалтыг ялимгүй зөрчсөн гэж үзээд байгааг нь гайхаж байна. Энэ асуудлыг бүр авч хэлэлцээгүй. Энэ хэсэгт мөн гомдолтой байна. Миний нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн нь нэхэмжлэл гаргаж байх үеийн мөнгөн дүн байгаа. Үүнээс хойш 16 сарын хугацаанд миний данснаас мөнгө авсаар л байгаа. 3 659 000 төгрөгийг дахиж нэмж авсан байна. Бүхэл бүтэн 6 жилийн хугацаанд төлбөр төлөөгүй байж яаж өөрийгөө өмөөрч чадаж байгааг нь гайхаж байна. Энэ бүхнийг харгалзан үзээд зөв шийдвэр гаргаж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолд бүхий л асуудлыг нарийн тодорхой дурдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаад нийт 7 үндэслэлээр гомдол гаргасан. 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна гэж үзэж байгаа юм. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах гэсэн хэсгийг шийдвэрт тусгасан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ нь өөрөө шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл юм. Энэ бол процессийн ноцтой алдаа байна. Мөн ялимгүй үндэслэлээр гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь үнэхээр байх боломжгүй юм. Байрны төлбөрт төлөгдөж байгаа мөнгийг хариуцагч талаас төлөхгүй байгаа учраас *******гийн данснаас мөнгө татагдаж ирсэн. Хугацаа хэтрүүлсэн хүү, алдангийн төлбөрийг ч мөн давхар татаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг энэ хэргийн хувьд бодит нөхцөл байдлыг яаж тогтоож байгааг нь ойлгохгүй болоод байна. Яагаад хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж байгааг гайхаж байна. Гэтэл 2,450,000 төгрөгийн хугацаа хэтрүүлсэн хүү, алдангийг татаж аваад байна. *******гийн гаргаж өгч байгаа нотлох баримт дээр шүүхээс ямар дүгнэлт хийж байгаа нь шийдвэрээс бүрэн харагдахгүй байна. Шүүх шийдвэрийнхээ хууль хэрэглээ болон бодит нөхцөл байдлыг үндэслэх хэсэгтээ тусгаж чадаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг анхан шатны шүүх зөрчсөн. 2019 оны 02 сарын 11-ний өдөр урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл хэсгийг төлөх ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл тухайн мөнгө нь төлөгдөөгүй байна. Энэ мөнгийг хэн төлж хариуцах ёстой юм бэ? Нэхэмжлэгчийн хувьд нэмж хохирсон хэвээр байна. Шүүхээс нотлох баримтыг үнэлж чадаагүй байна. Гэрээгээ зөрчсөн байгааг харсаар байж ялимгүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. *******гийн хувьд өөрөөсөө төлсөн байгаа мөнгийг *******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Хүний нэр дээрх зээлийг төлөх нөхцөлтэйгээр байр худалдан авчихаад тэрийгээ төлөхгүй үндсэн зээлдэгчээр зээлээ төлүүлээд байгаа нь өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа хэлбэр юм. Үүнийг шүүх анхаарч үзэхгүй байна. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Энэ гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Гэтэл гэрээн дээр шүүхээс ямар нэг дүгнэлт өгөөгүй байгаа нь харагдаж байна. Энэ гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан талаар саналаа гаргасан. Гэвч энэ тайлбар дээр ямар нэгэн няцаалт хийгээгүй. Мөн дараагийн дугаарт Ковид-19 өвчний нөхцөл байдлын улмаас гэрээг зөрчсөн гэж тайлбарладаг. Хорио цээрийн дэглэмийн цаг хугацаа нь илэрхий байдаг. Ковидын үед ******* нь өөрөө хүсэлт өгөөд төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан. Гэтэл бүхэлд нь тухайн өвчинтэй холбож тайлбарласан байгаа нь зохимжгүй байна. Шүүхийн шийдвэр нь үнэн зөв, үндэслэлтэй байгаа эсэхт эргэлзээ төрж байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Цуцлах гэдэг үндэслэл байгаа хэдий ч шүүх бүхэлд нь орхигдуулсан. Хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн болох нь уг нь бүрэн харагдаж байгаа. Агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа хэдий ч тогтоох хэсэгт өөр агуулгыг тусгасан байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй. Энэ тохиолдолд анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай болно. Тиймээс давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд өөрчлөлт оруулж ч шийдвэрлэх боломжтой юм. Хариуцагчийн хувьд шүүх дээр худал хэлээд яваад байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан үеэс хойш дахиж төлбар төлөөгүй, хувийн төлбөрийг нь ч төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Анхны урьдчилгаа төлбөрийн 5 сая төгрөгийн асуудал яригдаж байгаа юм. Би тухайн үед урьдчилгаа төлбөрөөс 9 сая гаран төгрөгийг нь төлж байсан. *******, ******* нар нь өөрсдөө койн аваад явж байсан хүмүүс. Анхан шатны шүүх хуралдаан дээр бид нар тохиролцох гэж хичээсэн. Би хоног хугацаа алдсан асуудал гаргасан нь үнэн. Бид хоёр гэрээн дээрээ 5-ны өдөр гэж тусгасан байсан. Гэтэл яг ипотекийн зээлийн гэрээн дээр 3-ны өдөр төлөх ёстой байсан юм байна лээ. Тиймээс байнга хугацаа алдсан мэт харагдаж байгаа гэсэн үг. Энэ бол өөрийнх нь буруу байх гэж бодож байна. Надад шүүхээр ч явах сонирхол алга. Уг нь тохиролцох саналтай байсан. Надаас л мөнгө авах гээд байгаа санаатай байх шиг байгаа юм. Би ямар ч хамаагүй ажил хийгээд зээлээ төлдөг байсан. Явцын дунд намайг бүр 500,000 төгрөгөөр төлбөрөө төл гэж хэлдэг байсан. Ингээд би саналыг хүлээн авч төлж байсан. Гэтэл надаас огт мөнгө авна гэж хэлдэггүй одоо байраа л авмаар байна гэж хэлдэг болсон. Өөрөө цаанаа ямар асуудалтай байгааг нь мэдэхгүй байна. Ашиг олсон олоогүй гэдгийг ч мэдэхгүй байна. Угаасаа надаас мөнгө авах сонирхолгүй байгаа нь харагддаг гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би гомдолтой холбоотой тайлбараа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Анхан шаны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л гарсан гэж харж байгаа. Шүүхийн шийдвэр эргэлзээтэй, ойлгомжгүй байна гэж гомдол дурдсан байна. 115.2.1 дэх хэсгийг тусгасан нь ноцтой алдаа мэт тайлбар гаргаж байна. Гэтэл үндэслэх хэсэг болон тогтоох хэсэг нь зөрүүгүй байдаг. Үүнийг ойлгохгүй байна гэж хэлээд байгааг нь гайхаж байна. Тухайн заалтыг оруулсан нь техникийн шинжтэй л алдаа гэж бодож байна. Хуулбарлах үедээ давхар хуулбарласан байх боломжтой юм. Мөн ялимгүй зөрчил гэж гэрээг үзсэн. Яагаад ингэж үзсэн болохоо тайлбарлаж байсан. Бүтэн 6 жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлж ирсэн. 5,000,000 төгрөг төлсөнгүй гэж яриад байна. Энэ мөнгийг ******* авсан гэдгийг ******* өөрөө мэдэж байгаа. Энэ талаараа нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодорхой дурдаад өгсөн байдаг. Зээл төлж ядаж байгаа *******ын хувьд нэгэнт төлсөн мөнгөө дахиж төлөх хүсэлгүй байх нь тодорхой юм. Тиймээс л *******ийг асуулгах хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн. *******ийн хувьд өчнөөн олон хэрэг дээр хариуцагчаар дуудагдсан, эрэн сурвалжлагдаж байгаа юм байна. Гэтэл *******ээр далимдуулж хэргийг удаашруулсан гэж яриад байх юм. Би үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгөхдөө энэ мөнгийг ямар ч байсан төлчих гэж хэлсэн. Ингээд анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө 5,000,000 төгрөгийг төлсөн. Гэвч энэ нь зээлийн данс байсан гэдгийг бид нар хуралдаан дээр л мэдсэн. *******гийн өөрийнх нь харилцах дансанд л манай талаас төлбөрийг шилжүүлсэн. Бүр банктай байгуулсан гэрээн дээр сар бүрийн 3-ны өдөр төлөх гэрээтэй байсан. Гэтэл *******, ******* нарын дунд 5-ны өдөр төлөхөөр гэрээ байгуулсан байсан. Бид бүр арга ядаад тэр хугацаа хэтэрсний төлбөрийг төлөх саналыг гаргасан. Гэвч үгүй, зээлийн гэрээгээ цуцална гэж хэлсээр ирсэн. 2022 оны 11 сараас илүү төлөлт төлөгдөж ирсэн юм байна лээ. Өөрсдөө гэрээнийхээ хугацааг мэдэхгүй байснаас шалтгаалж алданги үүссэн. *******ын хувьд сар бүр 383,000 төгрөг төлөх ёстой байсан. Энэ төлбөрөө төлсөөр ирсэн. Ковид гарах үеэр ******* нь өөрөө төлөлтийг хойшлуулах хүсэлтийг гаргасан. Ингээд хэзээ төлж эхлэхийг нь мэдэхгүй байсан учраас 2 сарын хугацаанд төлбөрийг төлөөгүй юм байна лээ. Ингээд төлбөрөө төл гэхэд нь 1, 1 сая төгрөгөөр төлбөрийг төлсөн. Ингээд ******* нь сар бүр 500,000 төгрөгөөр төл гэдэг шаардлага тавьсан ба хэлснийх нь дагуу төлбөрийг төлж ирсэн. Уг нь бол *******, ******* нарын дунд сүлжээний бизнес эрхэлдэг юм байна. Үүнийхээ өглөг, авлагад нь тооцоод ******* анх урьдчилгааны мөнгийг авч байсан гэсэн. Гэвч одоо гэрч байхгүй болохоор үгүйсгээд байгаа юм. Манай талаас тавьсан шаардлага бүрийг нь биелүүлж ирсэн. Гэрээгээ ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Одоо бид зээлийг бүхэлд нь хаах саналыг ч гаргасан боловч үгүй гэж хэлдэг. *******ын хувьд хүний нэр дээрх зээл төлж байхаар өөрөө зээл аваад төлбөрийг бүрэн төлөх санаатай байсан ч үгүй гэх хариуг авсаар өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах нөхцөл боломж бүрдээгүй байна. Анхан шатны шүүхийн үнэлэлт, дүгнэлтийг үндэслэлтэй гэж дэмжиж байгаа. Мөн улсын бүртгэлд бүртгүүлээгүй талаар тайлбартаа дурдаж байна. *******ын хувьд бүртгэлээ хийлгэхээр очих бүрт ******* нь өөрөө ирдэггүй байсан. Ер нь бол хэзээ ч бүртгэлээ хийлгэх боломжтой байгаа. Мөн дараагийн дугаарт төлбөрөө төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж заасан. Тиймээс өмчлөх эрхийн талаар өнөөдрийг хүртэл ярьж чадаагүй юм. Энэ нөхцөл байдлыг мөн онцгой анхаарч үзэх хэрэгтэй. Нийт 36 сая гаруй төгрөг төлөгдсөн байгаа. Тэрнээс хойш ч гэсэн төлбөрийг төлсөөр л ирсэн. Одоо ч хийж байгаа. Хэрэв үнэхээр байраа өгөхгүй гэж бодсон бол төлбөрийг буцаан шилжүүлэх боломжтой байсан. Гэвч одоог хүртэл авсаар л ирсэн. Ямартай ч одоог хүртэл 6 жилийн турш сар бүр төлбөрөө төлсөөр ирсэн. Ямартай ч зээлийн гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн төлбөрийн ихэнхи хэсгийг төлсөн байгаа. Цаашид ч хэвийн төлөх боломжтой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 6,973,000 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол 2,415,897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нь байрны урьдчилгаа төлбөр 14,000,000 төгрөгөөс 4,900,000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн, мөн ипотекийн зээлийн төлөлтийг үргэлж хугацаа хэтрүүлж байснаас хохирол учирсан тул гэрээнээс татгалзаж байна. Иймд хариуцагчаас худалдах,худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 6,973,000 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол 2,415,897 төгрөг гаргуулна... гэж тодорхойлсон.
5. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Миний бие тохирсон ёсоор урьдчилгаа болон төлбөрүүдийг төлж явсан. Манай эгч Г.******* нь миний байр авах гэж цуглуулсан мөнгөнөөс 5,000,000 төгрөг авсан бөгөөд *******д өгөх байрны төлбөрт чинь 5,000,000 төгрөгийг өгсөн гэдэг. Би эгч *******ээс авах 5,000,000 төгрөгтэй холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийн тулд хугацаа алдсан. Covid-19 өвчний үед бусдын адил зээл төлөлтөө зогсоосон. Ажил эхлэхэд 382,000 төгрөгийн зээл төлөлтийг 500,000 төгрөгөөр төлж эхэлсэн. Ганц нэг удаа хоногоор хугацаа хэтрүүлэх явдал гарсан. Надаас болоод зээл төлөлтийг түүний цалингаас суутгасан бол хохирол гэх 2,415,897 төгрөгийг төлнө. Бидний хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул түрээсийн төлбөр гэх 6,973,000 төгрөгийг төлөх боломжгүй. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж байраа нэр дээрээ шилжүүлнэ. Анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ... гэж тайлбарлан маргажээ.
6. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* дүгээр байрны 5 тоотод байрлах, 18 м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 42,000,000 төгрөгөөр худалдах,худалдан авахаар харилцан тохиролцож, худалдан авагч ******* нь урьдчилгаа төлбөр болох 14,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2019-01-10-ны өдөр төлж, 2019-01-30-ны өдрийн дотор 4,000,000 төгрөг, 2019-02-11-ний өдрийн дотор 9,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 28,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүү тооцон, сар бүрийн *******-ны өдрийн дотор 382,000 төгрөгөөр 2019-02-*******-ны өдрөөс 2028-11-*******-ны өдрийг хүртэл Капитал банкны 2036002294 тоот дансанд төлөхөөр тохиролцсон,
-худалдан авагч ******* нь 2019-01-10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019-01-31-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019-3-08-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019-9-30-ны өдөр 600,000 төгрөг, 2019-11-17-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 9,100,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн,
-мөн худалдагч *******гийн нэр дээрх Капитал банкин дахь ипотекийн зээлэнд 2019 онд 3,449,000 төгрөг, 2020 онд 4,194,000 төгрөг, 2022 онд 1,000,000 төгрөг, 2023 онд 7,000,000 төгрөг, 2024 онд 6,000,000 төгрөг, 2025 онд 5,000,000 төгрөг тус тус төлсөн /хариуцагч ******* 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн гэх боловч нэхэмжлэгчийн ипотекийн зээлийн дансанд төлсөн/ үйл баримтууд тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
7. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.
8. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах тухай хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч ******* нь ... хариуцагчид 2019 оноос хойш олон удаа боломж олгож байсан, улмаар 2023 оны 11 дүгээр сард гэрээгээ цуцлах тухай асуудал үүсгэж, 1 сар хүлээсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, тухайн хугацаанд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй ... гэж маргадаг боловч хариуцагч ******* нь дээрх хугацаанаас хойш гэрээний үүргийг биелүүлж байсан үйл баримт тогтоогдож байх ба тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, мөн байнга үүргээ зөрчиж байсан болон ямар нэгэн үр дүн гараагүй гэж үзэх боломжгүй байна.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Талууд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт тусгасан бөгөөд 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох урьдчилгаа төлбөрт 4,100,000 төгрөгийг төлөөгүй үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдож байгаа боловч урьдчилгаа төлбөрт 9,100,000 төгрөг, нэхэмжлэгчийн ипотекийн зээлийн дансанд 26,643,000 төгрөг нийт 35,743,000 төгрөгийг төлж гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхгүй талаар дүгнэсэн анхан шатны дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
9. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч ******* нь гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс банкнаас гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч *******гийн данснаас суутган 2,415,897 төгрөгийн хохирол учирсан гэх шаардлагыг үгүйсгээгүй, уг мөнгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул энэхүү үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхгүй болохыг дүгнэсэн тул орон сууц албадан чөлөөлүүлэх, хариуцагчаас 2019 оны 02 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд байранд амьдарсан хугацааны төлбөрт 6,973,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
11. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгосон нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, анхан шатны шүүх цаашид дээрх алдааг гаргахгүй байхад анхаарвал зохино.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 309/ШШ2025/00220 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн Орон сууц чөлөөлүүлэх, 9,388,897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.4.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохиролд 2,415,897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 6,973,000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,358 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 53,604 /2,415,897 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Ц.ЭРДЭНЭЗУУ