Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 5156

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би, 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 11-р хороо, 78А-1 байрны 1301 тоотод байрлах, Очир хотхон СӨХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 11-р хороо, 78А-1 байрны 803 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ҮМ61081972, Лувсангийн Бат-Эрдэнэд холбогдох,

396 160 төгрөгийг гаргуулах  тухай иргэний хэргийг хянаад,

 

                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Л.Бат-Эрдэнэ нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 2015 оны 5-12 саруудад 198 080 төгрөг, 2016 оны 01-8 саруудад  198 080 төгрөг, нийт 396 160 төгрөгийг төлөөгүй.

Л.Бат-Эрдэнээс СӨХ-ны зардлыг төлөхийг удаа дараа шаардсан боловч нэг ч төлөлт хийгээгүй байна.

Иймд Л.Бат-Эрдэнээс 396 160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Бат-Эрдэнэ нэхэмжилсэн 396 160 төгрөгийг  төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, бичмэл баримтыг судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Очир хотхон СӨХ хариуцагч Л.Бат-Эрдэнэд холбогдуулан 396 160 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд  гаргажээ.

 

Хариуцагч Л.Бат-Эрдэнэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжилсэн 396 160 төгрөгийг төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4  дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 12535 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1  дэх хэсгийг удирдлага болгон,                        

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Л.Бат-Эрдэнээс  396 160 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Очир хотхон СӨХ татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 12535 төгрөгөөс 6 267,5 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6 267,5 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.НАРАНЦЭЦЭГ