Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/00733

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/03344 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 19,757,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан 2024 оны 02 сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 19,757,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00468 дугаар шийдвэрээр *******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,855,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч ******* ТӨХК-д даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 210/МА2024/00785 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/01063 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-8-15/

 

4. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00468 дугаар шийдвэрт дурдсан хэмжээгээр буюу нэг өдрийн ажлын хөлсийг 83,720 төгрөгөөр тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол гарсан хугацаанаас тооцсон алдааг залруулж, энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

 

5.1. Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүх урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулсан хугацаанаас тооцох шүүхийн жишиг нэгэнт тогтсон.

 

Нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон байх тул уг шийдвэр гарсан өдрөөс ажилгүй байсан хугацааг тоолно.

 

5.2. *******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2024 оны 02 сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгчийн тодорхойлсон 2025 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход ажлын 234 өдөр байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон нэг өдрийн цалин 83,720 төгрөгийг ажилгүй байсан хугацаагаар тооцоход ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,590,480 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 167,440 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцнэ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/03344 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ТӨХК-аас 19,590,480 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 167,440 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 255,902 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,558 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР