Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 88

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Цэцээ гүн овогт Бямбаагийн Бт холбогдох 1929000000084 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь хилийн 0131 дүгээр ангийн 0154 дүгээр салбарын хариуцсан хэсэг болох Хилийн 702 дугаар тэмдэгтийн баруун талаар 1,8 километр зайд Монгол Улсын хилийг боомт бус газраар хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хил зөрчигчийн ул мөр хүлээлцсэн акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-18-р хуудаст/,

Ай Эс Эм /ISM/ программд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-р хуудаст/,

Гэрч Б.Ууганбаярын: “...Би 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Заставтаа байсан. Тухайн өдөр манай түр хилийн харуулын дарга, дэд ахлагч П.Балжинням 702 дугаар тэмдэгтийн талаар нэг явган хүн саатуулсан талаар мэдэгдсэний дагуу түр харуул дээр очиход Б.Б гэх Монгол иргэн саатуулагдсан байсан. Тэгээд түүний биед үзлэг хийхэд иргэний үнэмлэх, гар утас, 100 төгрөг гэх зүйл байсан. тэгээд тус иргэний зегистрийн дугаарыг шалган нэвтэрүүлэх боомт руу мэдэгдэж хил нэвтрэлтийг нь шалгахад 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсаас гарсан бүртгэлтэй байсан бөгөөд буцаж Монгол улсад орж ирсэн гэх бүртгэлд авагдаагүй байсан. Тэгээд тэр өдрөө 702 тэмдэгтийн талаар ул мөрийн шалгалт хийхэд хилийн 702 дугаар тэмдэгтийн баруун талаар 1,8 километр газарт БНХАУ-аас Монгол улсруу хил зөрчин орж ирсэн нь мэдэгдсэн. Тэгээд хятадын талтай хамтран шалгалт хийж, хил зөрчигчийн ул мөрийг хүлээлцсэн. Хятадын тал уг мөрийг хүлээн зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг /хх-н 27-28-р хуудаст/,

Гэрч Ж.Бат-Эрдэнийн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр улсын хилээс 1 километр зайд хил зөрчигч иргэн явж байхыг хараад харуулын даргад мэдэгдсэний дагуу харуулын байрнаас харуулын дарга Балжинням болон байлдагч Буян-Эрдэнэ нар тус хил зөрчигчийг саатуулж, харуулын байранд авч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 35-р хуудаст/,

Гэрч П.Буян-Эрдэнийн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Гашуун сухайт 7-р застав”-ын түр хилийн харуулын цэгт амарч байсан. Тухайн өдөр байлдагч Бат-Эрдэнэ гаднаас байранд орж ирээд 702 дугаар тэмдэгтийн чиглэлд нэг явган хүн алхаж байна гэж хэлсний дагуу харуулын дарга Балжиннямын хамт тус явган явж байсан хүн рүү очсон. Тэр хүн дээр очоод харуулын дарга уулзаад тус хүнийг саатуулж харуулын байранд авч ирэн заставын орлогчид мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-н 33-р хуудаст/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4 пиво ганцаараа уугаад амраад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу 1 дэх өдөр Монгол гарах гэж машинтайгаа явж байтал хятад цагдаа гарч ирээд “Драйгер” гаргаж ирэн үлээлгэсэн чинь нөгөө төхөөрөмж нь дуугараад миний гадаад паспорт болон машины гэрчилгээг хурааж аваад манай ажил дээр оч гэсэн. “...цагдаагийнхаа араас явсаар байгаад очиж уулзахад 2,000 юанийн торгуультай, мөнгөө олж ирээд бичиг баримтаа ав гэсэн. “...Тэгээд яах учраа олохгүй байж байтал машины эзэн хятад санаанд ороод машинаа 2-3 хоног явуулаагүй бол намайг зодох байх гэж айгаад 2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 6 цагийн үед хятадын цагтай хөшөөний ойролцоо уулан дээрээс Монгол руу алхсан. “...тэгээд хятадын хилийн торны доогуур шургаж гараад Монголын хилийн торны доогуур шургаж гараад шороон замын оочер руу дөхөж явахад 2 цэрэг ирээд намайг саатуулсан.” гэх мэдүүлэг /хх-н 56-57-р хуудаст/,

Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 59 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 58, 60-61 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1.         Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь хилийн 0131 дүгээр ангийн 0154 дүгээр салбарын хариуцсан хэсэг болох Хилийн 702 дугаар тэмдэгтийн баруун талаар 1,8 километр зайд Монгол Улсын хилийг боомт бус газраар хууль бусаар нэвтэрсэн болох нь

- Хил зөрчигчийн ул мөр хүлээлцсэн акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-18-р хуудаст/

- Ай Эс Эм /ISM/ программд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-р хуудаст/

  • Гэрч Б.Ууганбаярын мэдүүлэг /хх-н 27-28-р хуудаст/
  • Гэрч Ж.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-н 35-р хуудаст/

Гэрч П.Буян-Эрдэнийн мэдүүлэг /хх-н 33-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулсар хамгаалагдсан, Монгол улсын хилийн халдашгүй, дархан байдалд халдаж буй гэмт үйлдэл болох юм. 

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын хилийн тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.” гэж заасан.

Монгол улсын хилийн тухай хуульд зааснаар зорчигч нь улсын хил нэвтрэх эрхийн баримт бичгээр хилийн боомтоор хил нэвтрэх эрхтэйг хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Б.Бийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуулийн дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Дээрх гэмт хэргийн улмаас Монгол улсын хилийн халдашгүй дархан байдал зөрчигдсөн нь хил зөрчигчийн ул мөр хүлээлцсэн акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-18-р хуудаст/, Ай Эс Эм /ISM/ программд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-р хуудаст/-ээр тус тус тогтоогдож байх ба энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол, төлбөрийн талаар нэхэмжлэл гараагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэв

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Цэцээ гүн овогт Бямбаагийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 1,500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Бийн иргэний  баримт бичиг шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН