Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 5165

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, Хангайн 04-р гудамж, 15 тоотод оршин суух, эрэгтэй, РД-МБ80082119, Сартуул овогт Батжаргалын Баттулгын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 50-р байрны 62 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЛ68010806, Боржигон овогт Бямбын Сайханцэцэгт холбогдох,

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 885 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Баттулга, хариуцагч Б.Сайханцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар  оролцов.  

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 885 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Би Б.Сайханцэцэгт 2016-05-30 өдөр 8 000 000 төгрөг, 2016-06-30 өдөр 12 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг сард 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлдүүлсэн.

Б.Сайханцэцэг энэ хугацаанд огт төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний хугацаа дуусч, мөнгөө нэхэхэд өнөө маргаашгүй өгнө гэж аргацаасаар өдийг хүрсэн.

Иймд Б.Сайханцэцэгээс үндсэн төлбөр 20 000 000 төгрөг, 1 сарын хүү 1 000 000 төгрөг, алданги 3 885 000 төгрөг, нийт 24 885 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Сайханцэцэг тайлбар, хүсэлтдээ: Би Б.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 24 885 000 төгрөгийг 2017 оны 02 сарын 19 өдрийн дотор төлж барагдуулна гэв.

                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б.Баттулга нь 2016-05-30 өдөр 8 000 000 төгрөг, 2016-06-03 өдөр 12 000 000 төгрөгийг хариуцагч Б.Сайханцэцэгт зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Сайханцэцэгээс зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүүү 1 000 000 төгрөг, алданги 3 885 000 төгрөг, нийт 24 885 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь биелүүлэхээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлэхээр хүлээн зөвшөөрсөн түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны  дагуу  тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 282 380 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Сайханцэцэгээс 141190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон,

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.Сайханцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24 885 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 282 380 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Сайханцэцэгээс 141 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баттулгад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                           ШҮҮГЧ                                                        Д.НАРАНЦЭЦЭГ