Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 211/МА2025/00009

 

211/МА2025/00009

 

 

 

                                        Д.Мын хүсэлттэй иргэний

                                                           хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 301/ШШ2025/00066 дугаартай шийдвэртэй Боржигин овогт Дамдинсүрэнгийн Мын хүсэлттэй мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

 

            Хүсэлт гаргагч Д.Мын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Д.М, өмгөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Би малчнаар тэтгэвэрт орох гэсэн боловч А данс гарч ирэхгүйгээс бол нийгмийн даатгалаас мал маллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандаж байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд архивын лавлагаа, орон тооны бус зөвлөлийн тогтоол, тэмдэглэл бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Т сумын Б багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хувийн малаа маллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч Д.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. Би 1973 онд төрсөн. 1994 онд гэр бүл зохиож байсан. Тухайн үед А аймгийн Т сумын Б багт амьдарч байсан. Би малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох гэтэл 1995-2000 оны малын А данс архиваас гаргахгүй .. сумын архив шатаж байсан тул нотлох баримт байхгүй гэсэн албан бичиг сумаас гаргаж өгсөн. А аймгийн архиваас баримт шүүхэд мөн малын А данс гаргахгүй байгаа. Би А аймгийн Э сум руу 2012 онд нүүж ирсэн гэжээ.

 

3. Аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 301/ШШ2025/00066 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овгийн Дийн Мын А аймгийн Т суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

          4. Хүсэлт гаргагч Д.Мын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “..  миний бие А аймгийн Т суманд 1995 оноос эхлэн мал маллаж амьдарч байсан ба энэ хугацаанд өөр газарт шилжиж байгаагүй. Миний энэ мал маллаж байсан талаарх баримт нь архив шатсан тул байхгүй гэсэн албан бичиг сумаас өгсөн. Мөн гэрчүүд нь миний мал маллаж байсан талаар мэдүүлсэн байхад миний А аймгийн Т суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 00066 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж миний А аймгийн Т суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

5. Гомдол гаргагч Д.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байна. 1995-2000 онд би мал маллаж байсан. Тухайн үеийн багийн дарга нас барсан учраас дараагийн багийн дарга болох хүнээр мал маллаж байсан  гэдгээ гэрчлүүлсэн. Архиваас А данс гарахгүй байгаа. Т сумын архив шатсан гээд ямар ч баримт гарахгүй байгаа. Миний хувьд малаа л маллаж байсан, өөр ажил хийж байгаагүй. Тэр үед маллаж байсан хүмүүс маань бүгд байна. Манай хаваржаа, өвөлжөө тэндээ байна. 2012 онд Э суманд шилжиж ирсэн. Би эхний 2 хүүхдээ Т сумын эмнэлэгт төрүүлсэн. Сүүлийн 2 охиноо А аймгийн төрөх тасагт төрүүлсэн. Тэр үед би төрөхийн лавлагаанд ажилгүй гэж өгсөн. Тэр үед төрж байсан малчид ажилгүй гэж бүртгүүлдэг байсан. Одоог хүртэл би Хоршоололд малаа маллаж байгаа. Ганцхан би биш манай Т сумаас тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүс бүгд архив шатсан гээд баримт гардаггүй. Сумын архив шатсан гэдэг нь тухайн үед Онцгой байдлын газарт бүртгэгдээгүй юм билээ. Миний хувьд гомдолтой байна. 1995-2000 онд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

 

6. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Д.М сая өөрөө тайлбараа хэллээ. Д.Мын хувьд 1995-2000 оны хооронд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас эргэлзээтэй нотлох баримтууд байгаа. Гэхдээ тэр нотлох баримтууд нь Д.Мыг 1995-2000 онд маллаж байгаагүй юм гэдгийг үгүйсгээд байгаа нотлох баримт биш гэж харж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь 1995-2000 оны хооронд мал маллаж байсан байдлаа тогтоолгох байтал, 1999 онд хүүхдээ А аймгийн Э суманд төрүүлж, 2000 онд ажилгүй гэж бүртгэгдсэн гэж үзээд байгаа нь бусад нотлох баримтыг үгүйсгэж байгаа. Бүхэл бүтэн 6 жилийн үйл баримтыг 1999, 2000 оны баримтаар үгүйсгэж байгаа нь учир дутагдалтай байна. Эрх зүйн байдлыг дээрдүүлээд аль ашигтай байдлаар нь шийдэх боломжтой гэж харж байна. Тийм учраас хүсэлтийг нь бүрэн хангуулъя гэсэн хүсэлттэй байна. Үйл явдлыг өөрөө лавтай сайн мэдээд яриад байгаа болохоор бодитой байна. Гэрчүүд, багийн засаг дарга, малын эмч нар энэ хүн малаа маллаад амьдарч байсан гэдгийг тодорхой үйл явдлыг хэлж өгдөг. Төрийн байгууллагын бүртгэлд ажилгүй гэсэн байна гэдэг. Хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу малчин хүнийг ажилтай гэж огт бүртгэж байгаагүй. Хувийн малаа маллаж байсан хүн бүр ажилгүй гэж бүртгэгдэж байсан. Тухайн үеийн бүртгэлийн байдлыг харахад хувийн малаа малладаг гэж бүртгэл байхгүй байгаа. Ажилгүй гэж бүртгэсэн байдал нь мал маллаж байгаагүй юм гэдгийг хэлээд байгаа зүйл биш юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шүүх давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

            Хүсэлт гаргагч Д.М нь А аймгийн Т сумын Б багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргажээ.

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, санаачилгаараа болон зохигчийн хүсэлтээр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, хүсэлт гаргагчийн хүсэлт, үйл баримт, эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.Мын А аймгийн Т сумын Б багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн,  хүсэлтийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагч Д.Мөнгөнзул “...миний А аймгийн Т суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хэрэгт хүсэлт гаргагч Д.М нь А аймгийн Т сумын Б багт 1995-2000 онд мал маллаж байсан талаар нотлох баримт авагдаагүй, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан 

 

А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 672 дугаар албан бичгээр “Тус архивын сан хөмрөгт Т сумын Б багийн 1995-2000 онуудын малын А данс шилжиж ирээгүй тул Дийн С лавлагаа гаргах боломжгүй” гэсэн /хх-ийн 9/,

 

            -Хүсэлт гаргагчийн охин С.Бийн төрсний гэрчилгээ болон ХААТР-11 маягтад “1999 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эхийн нэр Дийн М, нийгмийн бүлэг ажилчин, байнга оршин суудаг А Э сум” гэсэн /хх-12, 22/,

 

            -Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэгт хавсаргасан А аймгийн Э сумын 5 дугаар багийн Засаг даргын 2013 оны 07 сарын 18-ны өдрийн тодорхойлолтод “...Д.М нь 1990-2000 онд манай багт ажилгүй амьдарч байсан нь үнэн болно..” гэсэн. Д.Мын өргөдөлд “ ...1991 оны 06 сарын 15-нд  ХАА-н техникум төгсөж ирээд 1991-2000 оны хооронд ямар ч ажил төрөл эрхэлж байгаагүй...” гэсэн 2/ХХ-ийн 26-8/

           

-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны 02/51 албан бичиг, Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-01/468 дугаартай лавлагаанд “... А аймгийн Э сумын 5 дугаар багийн оршин суугч, Дийн М...”  гэсэн /хх-ийн 42-44/,

 

            -Монгол Улс хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллогын ХАОСТ-1 маягтад “... А аймаг, Э сумын 0-р баг, Цын модны рам, Д С, өрхийн тэргүүлэгч...мод зүсвэрийн хөрөө рамд манаач...” гэсэн /хх-ийн 45-46/,

 

-А аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 28/42 дугаартай албан бичигт: “...Тус газрын галын нэгдсэн бүртгэлээс 1979-2014 оны хүртэлх гал түймрийн мэдээллийг шүүхэд Т сумын Засаг даргын газар /архив/ шатсан тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна...” гэсэн /хх-ийн 80/

 

-Аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 06 сарын 21-ний өдрийн 14/08 дугаар тогтоолд: “ ...Зөвлөлийн  гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд 1995-2000 онуудад малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт байхгүй тул 1995-2000 онуудад малчнаар ажилласныг тогтоох боломжгүй...” гэсэн /хх-ийн 7/,

 

-Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/66 дугаар албан бичигт:  “...1995-2000 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-2000 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзлээ...” гэсэн /хх-ийн 8/  нотлох баримтуудыг анхан шатны шүүх зөв үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт өгч, хүсэлт гаргагч Д.Мын А аймгийн Т суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэрэг авагдсан гэрч Х.Ц, Ч.Т, С.Г, Ч.Б нар  Д.Мыг 1995-2000 онд мал маллаж байсан гэж мэдүүлсэн боловч энэ мэдүүлэг нь дээрх бичгийн нотлох баримтуудаас зөрүүтэй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Хүсэлт гаргагч Д.Мын 2013 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 10900097 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх нь түүнийг 1995-2000 онд мал маллаж байсан болохыг нотлохгүй бөгөөд анхан шатны шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох зорилгоор  нотлох баримтыг санаачилгаараа, хангалттай бүрдүүлсэн ч тэрээр 1995-2000 онуудад Т сумын Б багт оршин сууж, мал маллаж байсан үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Д.Мын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч Д.Мын давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 301/ШШ2025/00066 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Д.Мын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хүсэлт гаргагч Д.Мын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..             

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ДАВААСҮРЭН

 

                                          ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                                Т.ГАНЧИМЭГ