| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07004/И |
| Дугаар | 5169 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 5169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 2-р хороо, өөрийн байр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй,
гуравдагч этгээд- Баянгол дүүрэг, 18-р хороо, 33-р байрны 123 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УС72010455, Боржигон овогт Ичинхорлоогийн Мөнхжаргалыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч 18-р хорооны хэсгийн байцаагч Б.Алтан-Өлзий, гуравдагч этгээд И.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт, тайлбартаа: И.Мөнхжаргал нь байнга архидан согтуурч иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. 9 сарын 10 өдөр И.Мөнхжаргалыг архи ууж, агсам тавьсан талаар эгч нь өргөдөл гаргасны дагуу цагдаа гэрт нь очоод шалгахад гэртээ байгаагүй. 9 сарын 19 өдөр Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг Бүжин төвийн орчмоос олсон. И.Мөнхжаргал 2 удаа архины албадан эмчилгээнд явж байсан. Сүүлд 2014 онд архины албадан эмчилгээнд явсан боловч архи уухаа зогсоогоогүй.
Иймд И.Мөнхжаргалыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд И.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 10 гаруй жил архи ууж байна. Би өмнө нь 2 удаа архины албадан эмчилгээнд явсан. Би архины эмчилгээнд явмааргүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс И.Мөнхжаргалыг архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
И.Мөнхжаргал нь 18 жил орчим архи ууж, гэр бүлийн хүрээнд агсам тавьж зөрчил удаа дараа гаргаж, эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, архины хамааралтай байдалд байгаа болох нь тогтоогдсон байх тул архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хангах үндэстэй байна.
Иймд И.Мөнхжаргалыг албадан эмчилгээ хийлгэхээр тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Ичинхорлоогийн Мөнхжаргалыг архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар И.Мөнхжаргалыг албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3. Тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ