Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/00734

 

 *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00881 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,028,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******ХХК нь 2020 оны 07 сарын 08-ны өдөр №2020/07/16/006 тоот гэрээг ******* ХХК-тай байгуулж, гэрээний дагуу 3 давхар шил бүхий металл цонхыг ******* аймгийн нийтийн номын санд 2020 оны 09 сарын 15-ны дотор бүрэн нийлүүлж дуусгасан ба төлбөрийг ******* ХХК нь цаг хугацаандаа бүрэн төлсөн.

1.2. 2020 оны 12 сард ******* ХХК-ийн захирал ******* мөн иргэн ******* нар холбогдож, ******* аймгийн номын санд 2021 оны 01 сарын 10-ны өдрийн дотор металл хаалга, хана, хуванцар хаалга хана дахин нийлүүлж өгөхийг хүссэн тул *******д итгэн *******д нийт 10,028,100 төгрөгийн хаалга, ханыг худалдахаар болсон. ******* нь 2020 оны 12 сарын 16-ны өдөр урьдчилгаа 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.3. Нэхэмжлэгч нь *******ын захиалгын дагуу металл хаалга 9 м.кв-ыг 1 м.кв тутамд 530,000 төгрөгөөр тооцон нийт 1,980,000 төгрөг, металл хана 6.4 м.кв-ыг 300,000 төгрөгөөр тооцон 1,920,000 төгрөг, хуванцар хаалга 9 м.кв-ыг 1 м.кв тутамд 220,000 төгрөгөөр тооцон 1,980,000 төгрөг, хуванцар хана 6 м.кв-ыг 1 м.кв тутамд 180,000 төгрөгөөр тооцон 1,358,100 төгрөгөөр тооцож, нийт 10,028,100 төгрөгийн хаалга, ханыг үйлдвэрлэж, ******* аймгийн номын сангийн байранд суулган нийлүүлэн өгсөн.

Иймд *******ас нийлүүлсэн хаалга ханын үлдэгдэл мөнгө болох 7,028,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч *******нь ******* ХХК-тай цонх нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу нийлүүлсэн цонхыг хүлээн авч байсан, төлбөр тооцоог ******* ХХК гэрээний дагуу хариуцах ёстой. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй хэдий ч ******* ХХК-ийг хариуцагчаар татах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

2.2. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн цонх чанар, стандартын шаардлага хангахгүй, салхи нэвт сийгдэг, зарим цонхны битүүмж муу учраас борооны ус шууд дотогш орж ирдэг, энэ асуудлыг нэхэмжлэгчд удаа дараа хэлж байсан боловч нийлүүлсэн цонхондоо засвар үйлчилгээ хийж засаж сайжруулж өгөөгүй, энэ байдлыг ******* ХХК-ийн захирал сайн мэдэж байгаа.

2.3. Хариуцагч *******ын хувьд нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй, зөвхөн утсаар холбогдож цонх захиалсан, цонхны урьдчилгаа төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгч өөрийн хийсэн ажлаа ямар нэгэн акт үйлдэж хүлээлгэн өгөөгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч *******ас 7,028,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,120 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 18,721 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч *******ас 127,399 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө сонгон шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч энэхүү ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,028,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хувьд иргэн ******* уг төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь иргэн ******* *******ХХК-аар ямар нэгэн ажил гүйцэтгүүлээгүй, зөвхөн цонхны захиалга өгсөн, түүний захиалсан цонхыг ******* ХХК-ийн барилгын ажилд ашигласан байдаг.

4.2. Шүүхээс иргэн ******* цонхны хэмжээ, үнэ, ажил гүйцэтгэх хугацааны талаар санал өгснөөрөө нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулга, зарчимд нийцэхгүй байна.

4.3. Иргэн ******* ямар нэгэн ажил гүйцэтгүүлэх тухай санал буюу захиалагч болж ажил гүйцэтгүүлэх гэсэн агуулга бүхий харилцааг үүсгээгүй, *******ыг захиалагч гэж үзвэл гүйцэтгэгчээс ажлын үр дүнг хүлээн авсан үеэс хөлс төлөх үүрэг үүсэх талаар хуульчилсан бөгөөд *******ХХК ямар нэгэн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

4.4. Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ ******* ХХК-ийн ******* утсаар ярьж захиалга өгсөн гэж дурдсан атлаа хариуцагч ******* гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, хугацаандаа хаалга, хана нийлүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад шүүхээс ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн барьж байсан барилгын ажилд бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдож байна гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч өмнө нь тухайн компанид цонх, хаалга бэлтгэн нийлүүлсэн байдаг.

4.5. Шүүхээс шийдвэрийн 17 дах хэсэгтээ ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн агуулгаасаа огт өөр байдлаар хариуцагчийг буруутгасан, өөрөөр хэлбэл, гэрээний зүйлийг хүлээлгэж өгснөөс хойш хариуцагч ажлын хөлс төлөх үүргээ огт биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, энэ агуулгаар хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлбөр гаргуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

4.6. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,028,100 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... уг гэрээг байгуулаагүй, гэрээний дагуу ******* ХХК хариуцна гэсэн үндэслэлээр маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн *******ХХК-д ******* нь ******* аймгийн Нийтийн номын санд 10,028,100 төгрөгийн үнэ бүхий металл болон хуванцар хаалга, хана зэргийг хийлгэхээр санал ирүүлснийг хүлээн авч, ажлыг гүйцэтгэсэн, ******* нь уг металл хаалга, хуванцар хана хийлгэсний урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнэж, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Хариуцагч нь ******* ХХК-ийн даалгаврыг гүйцэтгэсэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул энэ талаар гомдлыг хангахгүй үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4. Хариуцагч ******* нь ажлын хөлсний урьдчилгаа төлбөрийг төлсөн үйл баримтаас гадна, нэхэмжлэгч *******ХХК-ийн захирал ******* болон хариуцагч ******* нарын хооронд харилцсан цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ... нэхэмжлэгч нь *******ас гэрээний үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж байсан үйл баримт, харин *******ас мэдэж байгаа, шуудай ирээгүйг мэдэж байгаа биз дээ, цонхнууд маш их асуудалтай байгаа шүү, мөнгөө аваад өөрөө залганаа тайван байж байгаарай гэсэн зурвасыг үнэлж, маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчим, хүсэл зоригийн илэрхийллийг үндэслэн явагдах ажиллагаа тул талуудын хүсэлт гаргаагүй тохиолдолд анхан шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 02-ны өдрийн 210/МА2023/01513 дугаар магадлалд дурдсан ажиллагааг өөрийн санаачилгаар гүйцэтгэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэг болон уг зохицуулалтын тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 19 дүгээр тогтоолд нийцэхгүй.

 

Шүүх хуралдааны тэмдэглэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаас үзэхэд шүүх магадлалын заалтыг биелүүлэх талаар чиглүүлсэн боловч талууд гаргасан хүсэлтээс татгалзсан, мөн үндэслэл бүхий хүсэлт гаргаагүй ,хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

6. Хариуцагч нь ажлын үлдэгдэл хөлс 7,028,100 төгрөгийн тооцооллыг эс зөвшөөрч маргаагүй тул анхан шатны шүүх хариуцагчаас 7,028,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00881 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,399 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР