| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07025/И |
| Дугаар | 5173 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 5173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 2-р хороо, өөрийн байр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй,
гуравдагч этгээд- Баянгол дүүрэг, 16-р хороо, Орхоны 4-р гудамж, 14 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧД82110278, Тугчин овогт Доржсүрэнгийн Эрдэнэбаярыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Ж.Бат-Ирээдүй, гуравдагч этгээд Д.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт, тайлбартаа: Д.Эрдэнэбаяр нь Баянгол дүүргийн 16-р хороо, Орхоны 4-р гудамж, 14 тоотод ээж н.Янжин, хамтран амьдрагч н.Цэрэнханд, эгч Д.Баярцэцэг нарын хамт амьдардаг. Д.Эрдэнэбаяр нь байнга архидан согтуурч иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Д.Эрдэнэбаяр нь архины албадан эмчилгээнд 2 удаа, 15 удаа түр саатуулагдаж, 7 удаа захиргааны арга хэмжээ, 2 удаа баривчлах арга хэмжээ авахуулж байсан. Өдөр болгон архи ууж, гэртээ архичдыг цуглуулдаг. Цагдаагийн байгууллагад маш олон удаа дуудлага ирдэг бөгөөд, даралт өндөртэй гэсэн шалтгаанаар саатуулах байр хүлээж авах боломжгүй байдаг.
Иймд Д.Эрдэнэбаярыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Д.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр хүүхэд салж явснаас хойш 3 гаруй жил архи ууж байна. Би өмнө нь 1 удаа архины албадан эмчилгээнд явсан. Би архины эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Д.Эрдэнэбаярыг архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
Д.Эрдэнэбаяр нь 2010 оноос хойш удаа дараа эрүүлжүүлэгдэж, баривчлагдсан, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, архины хамааралтай байдалд байгаа болох нь тогтоогдсон байх тул архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хангах үндэстэй байна.
Иймд Д.Эрдэнэбаярыг албадан эмчилгээ хийлгэхээр тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан Тугчин овогт Доржсүрэнгийн Эрдэнэбаярыг архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Д.Эрдэнэбаярыг албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3. Тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ