Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1667

 

 

Д.Бямбацогзолын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04660 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Бямбацогзолын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Уранбилэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Уранбилэгийн давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хэрлэнчимэг, Т.Баярцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Д.Уранбилэгтэй зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай мөнгийг зээлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн нотариатч дээр очиж бэлнээр 10 000 000 төгрөгийг өгсөн. Харин буцааж төлөхдөө ХААН банкны 5019115711 тоот дансаар шилжүүлэх байсан. Д.Уранбилэг нь нийт 3 980 000 төгрөг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 10 395 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч 15 528 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Тооцоогоо буруу хийсэн учраас үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 1 020 000 төгрөг, алданги 3 210 000 төгрөг нийт 14 230 000 төгрөг болгож багасгаж байна. Д.Уранбилэгээс 14 230 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Уранбилэг нь 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Бат-Эрдэнэтэй зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Д.Уранбилэг нь шинэ жилээр борлуулалтаа нэмэхээр Хятад улсаас бараа авахаар Б.Бат-Эрдэнээс 10 000 000 төгрөг зээлээд, тэр мөнгөө 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 36 000 юань болгоод Голомт банкаар шилжүүлсэн. Ингээд 2015 оны 7 дугаар сар хүртэл сар бүр хүү төлсөн. Хэрвээ Д.Уранбилэг нь Б.Бат-Эрдэнээс мөнгө зээлсэн байхад яагаад Д.Бямбацогзол мөнгө нэхэмжлээд байгааг гайхаж байна. Харин Б.Бат-Эрдэнэ нь “хүүхэд өвдсөн, гадаад явах боллоо” гэж Д.Уранбилэгт хэлсэн байдаг. Б.Бат-Эрдэнэ бол Б.Бямбацогзолын төрсөн дүү Ганцэцэгийнх нь нөхөр, ийм учраас 10 000 000 төгрөгийн тооцоог би хийнэ гэж Д.Бямбацогзол хэлсэн байдаг. Гэтэл Д.Бямбацогзол нь 1 000 000 төгрөг бэлнээр аваад дахиж зээлийн гэрээ хийсэн. Б.Бат-Эрдэнийн үүргийг л шаардаж байгаа болохоос өөрөөс нь 10 000 000 төгрөг аваагүй юм. Д.Бямбацогзол нь Д.Уранбилэгийн дансаар өгсөн мөнгийг тооцчихоод бэлнээр авсан мөнгөө оруулж тооцохгүй байна. Б.Бат-Эрдэнэ, Д.Бямбацогзол нарт 9 800 000 төгрөгийг Д.Уранбилэг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Уранбилэг нь Б.Бат-Эрдэнэтэй 2014 оны 11 дүгээр сарын 29-ний зээлийн гэрээ хийж 10 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа өнгөрсөн ч Д.Уранбилэг нь сар бүр хүү төлж байсан. Харин Д.Бямбацогзол нь хүргэн дүү Б.Бат-Эрдэний хүүхэд нь өвдсөн учраас шаардах эрхийг шилжүүлэн авсан байдаг. Нийтдээ Д.Уранбилэг нь 9 800 000 төгрөгийг Б.Бат-Эрдэнэ, Д.Бямбацогзол нарт төлсөн. Энэ нь хэрэгт авагдсан 17 ширхэг баримтаар нотлогдож байгаа. Мөн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлдүүлэгч мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс эхлээд хүчин төгөлдөр гэж заасан. Тэгвэл Д.Бямбацогзол энэ мөнгийг бодитоор гардуулаагүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт заасан гэрээний гол нөхцөл нь биелэгдээгүй, 10 000 000 төгрөгийг аваагүй учраас хүчин төгөлдөр бус байна. Мөн зээлийн гэрээний 7 дугаар зүйлд нь барьцаа гэж заасан боловч бодитоор барьцаалаагүй. Иймд Д.Бямбацогзол, Д.Уранбилэг нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч мөнгийг бэлнээр хүлээж авсан. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Доржийн Уранбилэгээс 9 072 000/ төгрөг гаргуулж Дашчирэвийн Бямбацогзолд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 5 158 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Бямбацогзол, Д.Уранбилэг нарын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн Д.Уранбилэгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бямбацогзолоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 450 төгрөг, хариуцагч Д.Уранбилэгээс төлсөн 181 270 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Уранбилэгээс 160 102 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Уранбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Д.Бямбацогзол нь шүүхэд байнга худал мэдүүлж, жирийн иргэдэд байнга мөнгө зээлдүүлж зүгээр сууж байгаад амар хялбар аргаар мөнгө олох тусам улам улайрч зээлдэгч нарыг гүжирдэн гүтгэж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Хариуцагч Д.Уранбилэг нь Д.Бямбацогзолоос ямар ч мөнгө зээлж аваагүй, харин түүний дүүгийнх нь нөхөр болох хүргэн Б.Бат-Эрдэнээс 10 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлдүүлэгч Б.Бат-Эрдэний хүүхэд нь өвдөөд Солонгос улс руу явж байгаа тул цаашид надтай мөнгөний тооцоог хийх болсон гэж Д.Бямбацогзол хэлээд, гэрээгээ сунгуулах гэвэл 1 000 000 төгрөгийг бэлнээр авчир гэсэн. Ингээд бас 1 000 000 төгрөгийг бэлнээр авсан ба энэ мэтээр авсан мөнгөнүүд тооцогддоггүй. Би ажилчдаа ажилтай байлгахын тулд борлуулалт нэмэгдэх цаг үеэр зээл авч бараа татдаг. Зээлдүүлэгч Д.Бямбацогзол ажил дээр ирж, ажилчдыг харааж зүхэн орилж чарлаад байнга дарамт үзүүлэн мөнгө аваад, авсан мөнгөө дуртай үедээ алдангид тооцсон гэж хэлээд тооцооноос хасдаггүй. Д.Бямбацогзол нь зээлдэгчээс бэлэн мөнгө авчихвал баримт өгөхгүй, шүүхэд нотлогдохгүй хожоо гаргадаг гэдгийг маш сайн мэддэг. Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч Д.Бямбацогзол нь мөн л сурсан аргаараа бэлнээр авсан мөнгөө аваагүй гэж гүтгэж байна. Үүнээс болоод хариуцагч Д.Уранбилэг нь бэлнээр төлсөн 2 000 000 төгрөгөө нотолж чадаагүй хохирч байна. Мөн Д.Бямбацогзолтой хийсэн гэх зээлийн гэрээнд барьцааны тухай дурдсан боловч мөн л ямарч барьцаа аваагүй. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болох 10 000 000 төгрөгийг аваагүй тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаагүйд гомдолтой байна. Иймд хэргийг дахин хянуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.Бямбацогзол нь хариуцагч Д.Уранбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 395 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 15 520 000 төгрөгөөр нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Д.Уранбилэг нь нэхэмжлэгч Д.Бямбацогзолын хүргэн Б.Бат-Эрдэнээс 10 000 000 төгрөг зээлсэн, эргүүлж түүнд 9 800 000 төгрөг төлсөн, Д.Бямбацогзол Б.Бат-Эрдэнийн хүүхэд өвдсөн гээд надтай дахин зээлийн гэрээ байгуулсан, Д.Бямбацогзолоос 10 000 000 төгрөгийг шилжүүлэн аваагүй гэж мэтгэлцсэн байна.

 

Хэргийн 4 дүгээр талд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн бичгийн Зээлийн гэрээ авагдсан бөгөөд уг гэрээнд Д.Бямбацогзолоос Д.Уранбилэгт 10 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлэхээр талууд тохиролцжээ.                                                       

                                                                                                                  

Хариуцагч нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн аваагүй гэж маргасан боловч дээрх зээлийн гэрээний 6-д “хариуцагч Д.Уранбилэг 10 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан” талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зуржээ.

 

Хэргийн 24-40 дүгээр талд авагдсан Хаан банкны Депозит дансны хуулга, хэргийн 54-59 дүгээр талд авагдсан бэлэн мөнгө төлсөн орлогын баримтуудаар Д.Уранбилэгээс Д.Бямбацогзолын дансанд 2015 оны 8 дугаар сарын 11-нээс 2016 оны 2 дугаар сарын 08 хүртэлх хугацаанд нийт 6 280 000 төгрөг төлсөн тухай үйл баримт тогтоогджээ.

 

Мөн хэргийн 53-54 дүгээр талд тооцооны хуудас гэх баримт авагдсан, уг баримтаас үзвэл Д.Уранбилэгт Д.Бямбацогзол нь төлбөр тооцоотой байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 

Иймд хариуцагчийн удаа дараа мөнгө төлсөн байдал болон хэрэгт авагдсан баримтуудыг хооронд харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчээс хариуцагч нь 10 000 000 төгрөгийг зээлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөг зээлээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолоогүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагчийн хүлээсэн үүрэг 13 000 000 төгрөгөөс түүний нэхэмжлэгчид төлсөн 6 280 000 төгрөгийг хасч тооцвол хугацаандаа гүйцэтгээгүй үүрэг 6 720 000 төгрөг болох бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ  хугацаандаа төлөөгүй нөхцөлд алданги төлөхөөр анзын гэрээг бичгээр хийсэн байна.

 

Шүүх дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Уранбилэгийг нэхэмжлэгч Д.Бямбацогзолд зээл, зээлийн хүү 6 720 000 төгрөг, алданги 2 352 000 төгрөг нийт 9 072 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл дээрх байдлаар үгүйсгэгдэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Зээлийн гэрээнд талууд барьцааны талаар дурдсан боловч барьцаа аваагүй нь зээлийн гэрээг байгуулагдаагүй эсхүл зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагч Д.Уранбилэгийн гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Д.Уранбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ