Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 28

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ш.Мягмарцэрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1024 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 889 дүгээр магадлалтай, 201526030012 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ш.Мягмарцэрэн нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Бгээс 14,503,922 төгрөг гаргуулан Б.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,358,218 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ш.Мягмарцэрэн нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ш.Мягмарцэрэн, Б.Тэнгис нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ш.Мягмарцэрэн нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүхээс хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт болсон. Шүүгдэгч Б.Б нь талийгаачийн хэрцгий догшин үйлдлээс айж түүнийг таслан зогсоох үедээ өөрийн амь биеийг хамгаалах, өөрт ирэх аюулыг зайлуулахын тулд талийгаачийн хоолойгоор гараараа татаж унагасан тэр үед боолт орсон байхыг үгүйсгэдэггүй. Шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтуудад Б.Б Т.Аыг санаатай алсан гэж дүгнэхээр баримт байхгүй. Гэтэл шүүхээс Б.Бг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Б.Бгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүх “хэрэг болох үед Б.Б талийгаач хоёроос өөр хүн байгаагүй. Б.Бг өөртөө дээрх гэмтлүүдийг учруулсан гэж шууд дүгнэх боломжгүй ч талийгаачийн зүгээс дээрх гэмтлүүдийг учруулсан болохыг нотолж тогтоосон баримтгүй” гэсэн хоёрдмол, ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Шүүх мөн “хохирогчийн зүгээс дээрх гэмтлүүдийг учруулсан болохыг нотолж тогтоосон баримтгүй, хохирогчийн зүгээс довтолгоон эхэлсэн, түүний биед эхэлж халдаж гэмтэл учруулсан, шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хийхэд хүргэсэн гэх нотлох баримтууд тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн. Б.Бгийн биед учирсан гэмтлүүдээс өөрийнх нь гар хүрэхгүй газар хутгалагдсан гэмтлүүдийг хэн, хэзээ учруулсан болохыг үнэлээгүй орхигдуулсан нь хэтэрхий нэг талыг барьсан, бодитой бус шийдвэр болсон. Талийгаачийн биед хийсэн үзлэг шинжилгээгээр шүүгдэгч Б.Б талийгаачийг ямар нэгэн байдлаар зодож хөхрүүлсэн, хутга болон ир үзүүртэй зүйлээр хатгасан, хутгалсан гэж үзэхээр ул мөр байхгүй байгаа нь Б.Б талийгаачид багалзуурдахаас өөрөөр хүч хэрэглээгүй гэдэг нь тодорхой байхад шүүх анхаарч дүгнэлт хийсэнгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн өмсөж байсан хувцаснуудыг шинжлэн судлах гэхэд байхгүй гэсэн шалтгаанаар шинжлэн судлалгүй орхигдуулсан. Мөн хэлэлцэж байгаа хэргийн талаар ямар нэгэн ойлголтгүй, хохирогч болон өмгөөлөгч нарын эртний танил, урьд нь хохирогчтой хамтран гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байсан Ч.Э гэх хүнийг шүүх хуралдаанд оруулж мэдүүлэг авсан бөгөөд түүний мэдүүлэг нь хуулийн байгууллагаар урьд нь шалгагдаж тогтоогдоогүй, эх сурвалж нь баталгаагүй, Б.Бг гүтгэсэн шинжтэй, хэлэлцэж буй хэрэгт хамааралгүй зүйлс ярьсныг нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Шүүгдэгч Б.Бд бусдыг санаатай алах санаа сэдэлт, зорилго байгаагүй, зөвхөн талийгаачийн хэрцгий догшин үйлдлийг таслан зогсоох, өөрийгөө аврах бүхий л бололцоотой үйлдлийг хийж байх явцдаа түүний амь насыг хохироосон гэж дүгнэхээр баримтууд цугларсан байна. Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл өөрийн амьд явах эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахдаа Эрүүгийн хуульд заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэж Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заажээ. Иймд уг заалтын дагуу Б.Бд холбогдох хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна. Гаднаасаа цоожтой, түлхүүргүй ийм нөхцөл байдалд Б.Б биеэ хамгаалж, довтолгооныг няцаасныг буруу зүйл хийсэн гэж яллах, эсвэл тийм зүйл хийхгүй байх байсан гэж тулгах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Шүүгдэгч зөвхөн өөрийгөө хамгаалах зорилго сэдэлттэй үйлдэл хийж байсан нь тогтоогдсон. Нэгэнт эхлээд үргэлжилж байгаа, төгсөөгүй халдлагын эсрэг хийгдсэн үйлдэл нь аргагүй хамгаалалтын байдалд хийгдсэн үйлдэл гэдгийг харуулж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтад зааснаар Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв Б.Бг гэм буруутай гэж үзвэл хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, мөн түүний хууль бус үйлдлээс өөрт нь хүнд хор уршиг учирсан, учирч болох байснаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгээр зүйлчилж болох үндэслэлтэй байхад ч энэхүү хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жгийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Согтолтын хэмжээ, биеийн жин, өндөр намын байдлуудыг харахад удаа дараа хутга, заазуур барьж очоод ээлж дараалан дүрэх боломж байхгүй. Б.Б үнэхээр цочрон давчидсан юм бол яагаад энэ хэргийг баллахын тулд хүүхдүүд нь ирэхэд гэртээ оруулахгүй, “ээж нь гараад явсан” гэж хэлээд утсыг нь цонхоор шидэж өгөөд нуун дарагдуулаад байна вэ. Энэ байдлаас нь үзэхэд хэргийн нөхцөл байдлыг бүдгэрүүлэх гэсэн оролдлого байж болзошгүй гэсэн хардалт төрдөг. Өмгөөлөгч нар шүүгдэгчийн биед олон тооны шарх үүссэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарлаж байна. Шинжээч эмч эдгээр гэмтлүүдийг өөртөө учруулж болох бүрэн боломжтой гэж мэдүүлсэн. Энэ хэргийн хувьд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан, аргагүй байдалд орж хамгаалалт хэрэглэсэн байдлууд тогтоогдоогүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хавтаст хэрэгт яллах болон цагаатгах нотлох баримтууд хангалттай цугларсан. Хохирогч, шүүгдэгч нар өмнө нь маргалдаж байсан талаар хэрэгт нотлох баримтууд авагдсан. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хажууд нь өөр хүн байхгүй байсан боловч гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч шүүгдэгч нар маргалдаж, хоорондоо ноцолдсон шинж хэргийн газрын үзлэгийн зураг, хэрэгт авагдсан материалуудаар хангалттай нотлогдсон. Б.Б нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Амь хохирогч 2015 оны 03 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө нас барсан байхад шинжээчийн дүгнэлтэд 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нас барсан гэж тэмдэглэж техникийн алдаа гаргасан байна” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 40 тоотод хамтран амьдрагч Т.Атай архидан согтуурч улмаар хоорондоо маргалдах явцдаа түүнийг багалзуурдаж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт бэхжүүлэгдэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал, шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Т.А нь хүнд зэргийн, яллагдагч Б.Б нь хөнгөн зэргийн согтолттой байсан /хх-I-80, 92, II-50-53 дугаар хуудас/ бөгөөд Т.А нь Б.Бгийн эсрэг идэвхтэй үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй төдийгүй хэргийн газраас олдсон “...шарах шүүгээ, пиво, архины шил, үзүүр нь хугарсан хар иштэй хутганы ажлын хэсэг дээр ...Б.Бгийн баруун гарын эрхий, долоовор, дунд, ядам, чигчий, зүүн гарын эрхий, долоовор, дунд хурууны хээгээр тус тус үүссэн. Эдгээр гарын мөрүүд нь хохирогч Т.Аын гарын хээний дардастай тохирохгүй” гэсэн криминалистикийн шинжээчийн дүгнэлт /хх-I-101 дүгээр хуудас/ гарсан ба шинжээчийн 4150 дугаар дүгнэлтээр Б.Бгийн биед баруун бугуйд шөрмөс тасарсан зүсэгдсэн шарх, зүүн бугалга, зүүн хонго, баруун шагайд шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон, харин уг гэмтлүүдийг Б.Б өөртөө учруулах боломжтой гэж шинжээч эмч О.Болороо мэдүүлсэн /хх-II-54 дүгээр хуудас/ болон хөнгөн зэргийн согтолттой Б.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан, өөрөөр хэлбэл хэрэв хүнд зэргийн согтолттой Т.А нь түүний эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийсэн бол Т.Аын амь насанд халдахгүйгээр түүнээс холдож зайлах, цагдаагийн байгууллагад хандах буюу бусдаас туслалцаа авах бүрэн боломжтой байсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчмын дагуу Б.Бгийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан байна гэж үзэв.

 

Иймд Б.Бг аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин түүний үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Шүүх хуралдааны явцад прокурор А.Оюунгэрэл “шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч Т.А нь 2015 оны 03 дугаар сарын 12-нд нас барсан гэж тэмдэглэж техникийн алдаа гаргасан” хэмээн танилцуулсан боловч шинжээчийн 857 дугаар дүгнэлтэд “...Талийгаач нь задлан шинжилгээ хийх үед буюу 2015 оны 03 дугаар сарын 12-ны 11 цагт нас бараад 14-16 цаг орчим хугацаа өнгөрсөн байна” гэж нас барсан өдрийг тодорхойлсон байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1024 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 889 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ш.Мягмарцэрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТЦЭРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТ-ЭРДЭНЭ