Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0711/З |
Дугаар | 221/МА2020/0193 |
Огноо | 2020-03-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2020/0193
“Мт” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ө, хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 904 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны давж заалдах гомдлоор, “Мт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 904 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 57 дугаар дугаар зүйлийн 57.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба хууль бус үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 6,843,392 /зургаан сая найман зуун дөчин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг Нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба давж заалдах гомдолдоо: “... “Мэи” ХК өөрийн эзэмшлийн газарт хашаа барих үед “Мт” ХХК-ийн зүгээс эсэргүүцэл үзүүлсэний улмаас нийтийн хэв журам сахиулах үүргээ биелүүлэх үүднээс цагдаагийн байгууллагын оролцоо байсан талаар нэхэмжлэгч болон хариуцагч хэн аль нь маргаагүй энэ талаар нэхэмжлэгч шүүх шүүх хуралдаанд дурдсаныг анхаарч үзээгүй. Анхан шанты шүүх тус газарт нэхэмжлэгч өөрийн хашаа барьсан эсэх, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хашаа буулгаж газар чөлөөлсөн аль нь болох талаар нотлох баримтыг цуглуулахгүйгээр дан ганц нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн видео бичлэг болон фото зургийг үндэслэн захиргааны байгууллага буруутай гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн буруутай ажиллагаа олсон бөгөөд Цагдаагийн байгууллага болон хариуцагч этгээдүүдийн оролцоог ялгаж салгасны үндсэн дээр дүгнэх ёстой байжээ. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч тус байгууллагын зүгээс газар чөлөөлөх ажиллагаа хийгээгүй, газар албадан чөлөөлөх талаар захиргааны акт гаргаагүй, “Мэи” ХК-ийн үйл ажиллагаа байхад захиргааны байгууллагыг шууд буруутгасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 751 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор “Мт” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаагүй 4520 м.кв газрыг “Мэи” ХХК-д эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.1.3-д зааснаар дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй байхад нэхэмжлэгч “Мт” ХХК нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 03-06/3651 дүгээр мэдэгдлээр “Мэи” ХК-ийн эзэмшил газарт барьсан хашааг албадан буулгахыг мэдэгдсэн байна.
Гэтэл мөн уг мэдэгдлийг нэхэмжлэгч “Мт” ХХК хүлээн авснаас хойш газар чөлөөлөх ажиллагааг сайн дураар хийгээгүй атлаа “...мэдэгдэлд хугацаа заагаагүй учраас газар чөлөөлөх ажиллагаа хууль бус болсон” гэж маргаж буй нь үндэслэлгүй, газар эзэмших эрхгүй гэдгээ мэдсээр байж тухайн газарт өөрийн хөрөнгүүдийг байрлуулж, “Мэи” ХК-ийн газраа эзэмшиж, ашиглах эрхийг “2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш газар чөлөөлөх ажиллагаа хийгдсэн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 4 сар гаруй хугацаанд” зөрчсөн хууль бус үйлдлээ “мэдэгдэлд хугацаа заасан бол хугацаанд нь биелүүлэх байсан” гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй үндэслэлээ “...Газрын албатай зөвшилцөж байсан” буюу “шүүхийн шийдвэрийн үр дагаврыг үгүйсгэх нөхцөл байдал үүсэх байсан” гэх агуулгаар маргаж буй нь үндэслэлгүй.
Хэдийгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 03-06/3651 дүгээр мэдэгдэлд хугацаа заагаагүй байх боловч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш газрыг сайн дураараа чөлөөлөх хангалттай хугацаа байсан байх төдийгүй хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл газар чөлөөлөх ажиллагаа нэг өдрийн дотор хийгдэж дууссан байгаагаас дүгнэхэд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан гэх 2019 оны 08 дугаар сарын 13-аас 16-ны өдөр хүртэл газрыг сайн дураар чөлөөлөх боломжит хугацаа байсан гэж үзэхээр байна.
Учир нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар газар чөлөөлөх талаар хугацаатай мэдэгдэл өгч буй зорилго нь тухайн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж ашиглаж буйг түүнд мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээр газрыг сайн дураараа чөлөөлөх, боломжийг олгох, эс чөлөөлбөл албадан чөлөөлөх ажиллагаа хийгдэх болохыг анхааруулахад оршдог бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс “Мэи” ХК-ийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа болохоо мэдсэн, энэ хугацаанаас газрыг чөлөөлөх ажиллагааг сайн дураараа хийх үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, газар чөлөөлөх мэдэгдэлд хугацаа зааж буй нь газраа сайн дураараа чөлөөлөх боломжит хугацааг олгож буй явдал болохоос мэдэгдэлд заасан хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглах эрхийг олгож байгаа ойлголт биш.
Иймд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүйгээр “Мэи” ХК-ийн эзэмших эрх бүхий газрыг чөлөөлөх хангалттай хугацаа байхад газрыг чөлөөлөөгүй байх тул газрыг албадан чөлөөлсөн хариуцагч нарын үйлдлийг буруутгах боломжгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг буруу тайлбарлаж, хариуцагч нь мэдэгдэлд хугацаа заахгүйгээр газар чөлөөлөх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 904 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Мт” ХХК-ийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба хууль бус үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 6843392 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН