| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 121/2023/0021/З |
| Дугаар | 001/ХТ2025/0017 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2025/0017
Өвөрхангай аймгийн Боловсрол,
шинжлэх ухааны газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 109/ШШ2024/0021 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2024/0738 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Г.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Хэргийн нөхцөл байдал: 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2 дугаар сургуулийн хамт олны хурлаар сургуулийн 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэж, комисс байгуулж, хандивын данс нээж, 72,000,000 төгрөгийн хандив цугларсан байна. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04/13126 дугаар албан бичгээр “сургуулийн захирал Ц.Б нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй хандив цуглуулсан, зохих хариуцлага тооцож хариу ирүүлнэ үү” гэсэн байх бөгөөд энэхүү албан бичгийн дагуу нэхэмжлэгчийг сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн байна.
5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Үүнд:
5.2.Нэхэмжлэгч нь төсөвт байгууллагад төсвийн шууд захирагчаар буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байхдаа тус ойн арга хэмжээг хийхтэй холбоотойгоор бусад этгээдээс 72.000.000 (далан хоёр сая) төгрөгийн хандив цуглуулан төрийн сангийн нэмэлт данс нээлгэлгүйгээр зарцуулсан үйл баримт тогтоогдож байх тул “.... төрийн сангийн тусгай данс нээгээгүй төгсөгчдөөс 72.000.000 төгрөгийн хандив цуглуулан зарцуулсан” гэх үндэслэл бодитой байна.
5.3.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тухайлсан сахилгын шийтгэлийн төрлийг заасан, Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ захиргааны байгууллагад олгогдсон байхад хариуцагч захиргааны байгууллагаас Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар ажлаас чөлөөлөх л эрх хэмжээтэй гэж явцуу байдлаар тайлбарлан маргасныг шүүхээс хүлээн авах үндэсгүй байна.
5.4.Бодит байдалд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл хүлээлгэх зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчим, шаардлагыг мөн хангахгүй байна.
5.5.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг зөрчин сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон энэ тохиолдолд сахилгын зөрчил гаргасан албан хаагчид сахилгын шийтгэлийг сонгох боломжийн хүрээнд оногдуулах эрх нь томилох эрх бүхий хариуцагчид хуулиар олгогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэлээс зөрчлийн шинж байдал, материаллаг хуулийн хэм хэмжээтэй нийцүүлэн, захиргаа сонгох боломжийн хүрээнд нөхцөл байдалтай уялдуулан шинэ акт гаргах боломжтой бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн байх ба энэхүү алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх, энэ тохиолдолд шүүх захиргааны чиг үүргийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй гэжээ.
6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
6.1.Нийтийн албан тушаалтан хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөл шийдвэргүй, төрийн сангийн тусгай данс нээлгүйгээр хандив тусламж цуглуулан, зарцуулсан нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон бол эрх бүхий этгээдээс тухайн нийтийн албан тушаалтныг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэх журамтай байна.
6.2.Нэхэмжлэгч Ц.Б нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон.
6.3.Хариуцагч аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-т заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Ц.Б-д албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэхийн тулд сургуулийн захирлын албан чөлөөлөхөөс өөр шийдвэр гаргах боломжгүй гэжээ.
7.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.Анхан шатны шүүхээс миний хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалж ажлаас чөлөөлсөн нь зөрчлийн шинж байдал, материаллаг хуулийн хэм хэмжээнд нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй байна гэж үзсэн байхад үүнд ямар нэгэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт, тайлбар өгөлгүйгээр давж заалдах шатны шүүхээс тухайн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөхөөс өөр боломжгүй гэж үзэн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.
7.2.Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохгүйгээр өөрчлөгдөн ажиллах бодит нөхцөл байдал үүсэх ёстой байтал Хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл заалтыг зөрчсөнөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдал үүсч, миний бие өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй эрх зөрчигдсөөр байна.
7.3.Давж заалдах шатны шүүх маргаан бүхий тушаалын хүрээнд өөр албан тушаалд бууруулан ажиллуулах эрх бүхий субъект биш чөлөөлөх, томилох эрхтэй учир захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, Үндсэн хууль, ердийн хууль болон тэдгээрт үндэслэсэн эрх зүйн бусад хэм хэмжээ холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, хүний эрхийг зөрчсөн захиргааны алдаатай акт дээр ямар нэгэн дүгнэлт тайлбар өгөлгүйгээр шийдвэрлэсэн.
7.4.Хэрэв бууруулах боломжгүй албан тушаалтан гэж үзсэн тохиолдолд Авлигын эсрэг хуулийн 33.1.2-т заасан цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах арга хэмжээг авах боломжтой байсан.
7.5.2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр сургуулийн ойн ажиллагаа зохион байгуулах зөвшөөрөл авахаар аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан. Гэвч аймгийн Засаг даргаас зөвшөөрөл олгохгүй талаар бичгээр хариу ирүүлээгүй, багш, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл удаа дараа уулзсаны дагуу ойн арга хэмжээгээ зохион байгуулсан.
7.6.Төгсөгчдөөс хандив цуглуулах ажиллагаа авагдсан бөгөөд энэ үйл ажиллагааг сургууль хамт олноороо зохион байгуулж, хандивын дансыг тусдаа нээж хандивыг хүлээн авсан. Хуулийн 17.3-т тухайд албан тушаалтан хандив тусламж авах тохиолдолд зөвшөөрөл авах агуулгатай харин байгууллага хандив авах тохиолдолд 17.2-т заасны дагуу зөвшөөрөл авахаар хуульд заагаагүйгээс гадна, уг цуглуулсан хандив нь төрийн нийтийн албаны хэрэгцээнд зориулан цуглуулсан хандив биш учир төрийн сангийн тусгай сан нээх шаардлагагүй харин тусдаа хандивын данс нээсэн.
ХЯНАВАЛ:
8.Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
9.Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэх хариу өгөх, шаардлагатай хууль зүйн асуудал нь: албан тушаал бууруулах хуулийн үндэслэл бүрдсэн эсэх, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргах зохицуулалтыг зөв хэрэглэсэн эсэхэд оршиж байна.
10.Тогтоогдсон үйл баримтын тухайд,
11.Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж, “... сургуулийн “100-н жилийн ой” хүндэтгэлийн арга хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулахыг дэмжин шийдвэр гаргуулах” тухай хүсэлт гаргасан гаргасан байх бөгөөд аймгийн Засаг даргаас 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/301 дүгээр албан бичгээр Авлигатай тэмцэх газарт “хандив цуглуулах чиглэлээр зөвшөөрөл олгоогүй болно” гэсэн утгатай албан бичгийг хүргүүлж байсан, улмаар Авлигатай тэмцэх газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны 04/13126 дугаар албан бичгээр “... сургуулийн захирал Ц.Б нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрийн сангийн тусгай данс нээхгүйгээр төгсөгчдөөс 72,000,000 төгрөгийн хандив цуглуулсан, зохих хариуцлага тооцож хариу ирүүлнэ үү” гэсэн, энэ дагуу нэхэмжлэгчийг сургуулийн захирлын ажлаас чөлөөлөх тушаал гарчээ.
12.Хууль хэрэглээний хувьд:
13.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж, 29 дүгээр зүйлийн 29.2.3-т “энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4, 201.2-т заасныг зөрчсөн ... бол албан тушаалыг нь бууруулах” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Б нь сургуулийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ 72 сая төгрөгийн хандив цуглуулсан, ийнхүү хандив цуглуулахаас өмнө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байх тул зөрчил гэж үзсэн маргаан бүхий тушаалын зарим хэсэг хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
14.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, аймгийн Засаг даргаас “хандив авах цуглуулахыг зөвшөөрсөн” шийдвэр гараагүй, нэхэмжлэгчийн албан бичгийн хариуд “сургууль үүсгэн байгуулагдсантай холбоотой шүүхийн маргаантай байгаа, хүлээж бай” гэсэн хариу амаар өгсөн болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байх тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах хэмжээний зөрчил гаргасан байна.
15.Гэхдээ хариуцагч маргаан бүхий Б/18 дугаар тушаалыг гаргахдаа сургуулийн захирлын албан тушаалаас бууруулж, ямар ажилд томилж байгаа талаар шийдвэрлээгүй орхисон нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д нийцээгүй байна. Учир нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, шилжүүлэх, албан тушаал бууруулах зэрэг нь өөр өөр үндэслэлээр үүсч, эрх зүйн өөр өөр үр дагавар учруулдаг бөгөөд энэ тохиолдолд маргааны үйл баримт нь ажлаас чөлөөлөх биш албан тушаал бууруулах үндэслэлд хамаарч байгаа тул нэхэмжлэгчийг ямар ажил эрхлэх талаар маргаан бүхий тушаалаар шийдвэрлэх байсан, ийнхүү шийдвэрлээгүй үр дагаврыг захиргааны хэргийн шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, хариуцагчийн чиг үүрэгт хамаарч байх тул маргаан бүхий тушаалыг түдгэлзүүлж, ажлын байраар хангасан шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
16.Давж заалдах шатны шүүхээс “... албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэхийн тулд сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөхөөс өөр шийдвэр гаргах боломжгүй, Боловсролын газрын дарга нь сургуулийн захирлыг л томилж, чөлөөлөх эрхтэй, харин бусад багш, ажилтныг хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлөх эрхийг ... сургуулийн байгууллагын захирал хэрэгжүүлэх хуулиар тогтоосон журам байхад ...” гэх дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон буруу бөгөөд албан тушаал бууруулах, албан тушаалаас чөлөөлөх зохицуулалтын агуулгыг буруу тайлбарласан, ялгаатай үндэслэлийг адилтган хэрэглэсэн байна.
17.Энэ тохиолдолд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасан үндэслэлээр Боловсролын газрын даргын тухайд албан тушаал бууруулах шийдвэр гаргах үүрэг үүссэн, энэхүү үүргийн хүрээнд эрх бүхий этгээд болох сургуулийн захиралтай зөвшилцөх, өөр бусад орон тоог судлах замаар нэхэмжлэгчийг албан тушаалд томилох зайлшгүй шаардлага үүссэн байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.
18.Албан тушаал бууруулах шийдвэр нь агуулгын хувьд нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд томилох, ингэхдээ албан тушаалын ангилал, зэрэглэлийн хувьд бууруулан ажилд томилох агуулгатай байдаг бол албан тушаалаас чөлөөлөх шийдвэр нь өөр албан тушаалд томилдоггүй, үргэлжлүүлэн албан үүргээ хэрэгжүүлэх үр дагавар үүсдэггүй байдлаараа ялгаатай юм.
19.Иймд, хариуцагчийн “багшаар томилох эрх Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад олгогдоогүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, маргаан бүхий тушаалд “томилох эрх бүхий этгээд буюу сургуулийн захиралд ажлын байраар нэхэмжлэгчийг хангах үүрэг хүлээлгэх, эсхүл томилсон шийдвэр гаргахыг даалгах” байдлаар эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэж, хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан, энэ үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан нь хууль бус болжээ.
20.Нэхэмжлэгчийн “цалин бууруулах арга хэмжээ авах боломжтой” тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй, хуулийн дээрх заалтуудаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хандив цуглуулсан бол албан тушаал буурах нарийвчилсан зохицуулалттай, түүнчлэн Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төсвийн захирагч нь дараах нэмэлт төсвийг холбогдох төсөл, арга хэмжээнд зарцуулж болно: 47.1.1-д төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив, тусламж” гэж, 47.2-т “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэж заасан, тухайн тохиолдолд сургуулийн ажилтны нэр дээр данс нээлгэж, хандив цуглуулсан нь төсвийн захирагч буюу сургуулийн захирлыг хяналт тавих үүргээс чөлөөлөх, захиралд хамааралгүй гэж үзэх үндэслэл биш, нэхэмжлэгчийн “төрийн нийтийн албаны хэрэгцээнд зориулан цуглуулсан хандив биш учир төрийн сангийн тусгай сан нээх шаардлагагүй харин тусдаа хандивын данс нээсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
21.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхисон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
22.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргасны дараа нэхэмжлэгчийг ажлын байраар хангах зорилгоор санал тавьсан боловч нэхэмжлэгч татгалзсан болох нь Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлд “...Ц.Б: Одоо албан тушаал бууруулна гэхээр яг ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ гэхэд, газрын дарга Г.П: сургалтын менежер юм уу, нийгмийн ажилтан эсхүл өөрийн санал хүсэлтээр багш болгох гэх мэт тийм арга хэмжээг хэлж байна гэсэн, Ц.Б: албан тушаал бууруулах арга хэмжээ авалгүй сахилгын арга хэмжээ цалингийн хувь ч юм уу, тийм арга хэмжээ байж болохгүй юу гэсэн саналтай” гэснээр тогтоогдож байх тул шүүхээр албан тушаал бууруулсан тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчийн нэрлэн заасан ажлын байранд ажиллах үүрэгтэй байсан, ийнхүү ажиллаагүйн үр дагаврыг хариуцагч хариуцахгүй.
23.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийн хууль бус үйлдэл тогтоогдоогүй, ажлын байраар хангах зорилгоор нэхэмжлэгчид санал гаргасан байх тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
24.Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан буюу анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй орхисон байхад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нөгөө талаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангасан агуулгаар маргаан бүхий тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй, нэхэмжлэгч гомдол гаргасан байхад эрх зүйн байдлыг дордуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн байх тул магадлалыг хүчингүй болгов.
25.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах боломжтой, энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосныг хяналтын шатны шүүхээс зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үр дагавар үүсэхгүй тул цалин хөлсний маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
26.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “... Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж зааснаар анхан шатны шүүхээс маргаан бүхий тушаалыг 2 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн, энэ хугацааг хяналтын шатны шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тоолох бөгөөд уг хугацаанд хариуцагч нэхэмжлэгчийг ажлын байраар хангасан шийдвэр гаргаагүй бол (нэхэмжлэгч уг албан тушаалд ажиллахаас татгалзсанаас бусад тохиолдолд) маргаан бүхий 2023 оны Б/18 дугаар тушаал хүчингүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2024/0738 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 109/ШШ2024/0021 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “2, 3” дахь заалтын дугаарыг “3, 4” гэж өөрчилсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ