Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 0025

 

       Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Булган сумын иргэн Ц.Хандсүрэнгийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох

            “Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2017/0020/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Хандсүрэн, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Хандсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний хяналтын улсын байцаагчаар 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр томилогдож одоог хүртэл ажиллаж байсан. Гэтэл тус газрын дарга С.Баясгалан хууль бусаар 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр чөлөөний хугацаа дуусаагүй байхад надад мэдэгдэлгүй ажлаас гэнэт халж, миний амьдрал, сэтгэл зүйд ноцтой хохирол учруулсанд гомдолтой байна. С.Баясгалан дарга намайг ажлаас халахдаа Солонгос улсад өвчтэй ээжийгээ авч гарахгүй ганцаараа гарсан, хуурч мэхэлж чөлөө авсан, ээж нь гараагүй гэж гүтгэн үндэслэлгүй хууль бусаар ажлаас халсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би хүнд өвчтэй ээжийгээ Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай байсан тул ажлаас албан ёсоор чөлөө авч явсан. Ээлжийн амралт, цалинтай 1 сар, цалингүй 1 сарын чөлөө олгож явуулсан боловч цалинтай чөлөөний мөнгө гаргаж өгөөгүй. Харин ч бүр учир битүүлэг ажил тасалсан хэргээр ажлаас халсанд гомдолтой байна. Ээлжийн амралтыг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, цалинтай чөлөө 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл байсан. Нөгөө талаар С.Баясгалан даргын үзэж байгаагаар намайг худлаа ярьж явсан, ээжтэйгээ яваагүй, ээж нь хил гараагүй, эмчлүүлээгүй гэж хил гаалиар шалгуулсан байсан. Би ээжээсээ нэг сарын өмнө түрүүлж гарсан нь үнэн. Учир нь ээжийн маань төлбөр мөнгө өндөр байсан ба эмнэлгээ сонгох, бичиг баримт бүрдүүлэх гээд ажил байсан тул түрүүлж гараад араасаа ээж, дүү хоёрыгоо авсан. Эдгээр нөхцөл байдлыг С.Баясгалан дарга ялгавартай авч үзэлгүй өөрийн эрх мэдэл, албан тушаалаа буруугаар ашиглан холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөнд гомдолтой байна. Би сард 645556 төгрөг, төрд алба хаасны нэмэгдэл 15 хувийн нэмэгдэл 46312 төгрөгийн цалин авдаг.

        Иймд Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоон, эмчилгээний чанарын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэв.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/20 тоот тушаал нь илт хууль бус захиргааны акт байгаа. Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд ажилтны хүсэлтээр чөлөө олгох эрхийг ажил олгогчид олгосон байгаа. Нэхэмжлэгч Ц.Хандсүрэн нь албан ёсоор чөлөө хүссэн өргөдлөө өгсөн байдаг бөгөөд байгууллагын удирдлагын зүгээс ээлжийн амралтыг олгож, цалинтай 1 сар, цалингүй 1 сарын чөлөөг олгох тухай аман шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн чөлөө хүссэн өргөдлийн хариуг өгсөн байна. Энэхүү шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь Солонгос улс руу ээжийгээ эмчлүүлэх асуудлыг хөөцөлдөхөөр явсан байдаг. Ингээд явсных нь дараа түүнийг ажлаас халсан шийдвэр гаргасан. Дээрх ажлаас халсан шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны акт гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй нь харагдаж байна. Мөн ажлаас халсан шийдвэрийн үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлийг тогтоогоогүй, ямар зөрчил хэдийд гаргасан бэ? гэдгийг тогтоож, нотлоогүй байж сахилгын зөрчлөөр ажлаас халах хуулийн зүйл заалтыг баримталж, арга хэмжээ авсан нь буруу юм. Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан гэх Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 тоот тушаалыг илт хууль бусад тооцож, ажилд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 53 хоногийн цалинг гаргуулж өгнө үү” гэв.  

     Хариуцагч Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Баясгалан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Хандсүрэн нь “Бүгд найрамдах Солонгос улс руу ээжийгээ эмчилгээнд авч явахын тулд 3 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл чөлөө олгож өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ээлжийн амралтыг нь олгосон. Гаргасан өргөдлийг хүлээн авч танилцан 1 сарын цалинтай, 1 сарын цалингүй чөлөө олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу амралтын хоног дууссан даруйд чөлөө олгох тушаалыг гаргахаар тогтсон болно. Ингээд ээлжийн амралтын хугацаа дуусч чөлөө олгох тушаал гаргах болсон тухайн үед Ц.Хандсүрэн нь эх Х.Жигзмаагийн хамт Солонгос улс руу хамт гараагүй байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахаар Гадаад харилцааны яаманд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/97 тоотоор хамт гарсан эсэхийг нь тодруулж өгөхийг хүссэн албан бичиг явуулсан. Энэ хугацаанд Ц.Хандсүрэн нь эхийгээ Солонгос руу авч гарсан эсэх нь тодорхойгүй байсан тул өргөдлийг нь 1 сарын хугацаатай сунгасан.

       Ц.Хандсүрэн нь байгууллагыг хуурч мэхлэн, худал хэлж ээлжийн амралтаа аван БНСУ-д ажил хийхээр гарчээ гэх үндэслэл байсан тул түүнтэй холбогдож  дээрх асуудлаа  тодруулах, ээжтэйгээ цуг гарсан бол нотлох баримтаа гаргаж өгөх талаар мэдэгдэх, үгүй бол ажлаас халах шийдвэр гаргана гэдгийг  холбогдох ажилтнуудад үүрэг болгосон. Үүний дагуу Дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн болон Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналт хариуцсан хэлтсийн дарга нар тус тус холбогдож дээрх үүссэн асуудлын талаар мэдэгдсэн болно. Мэдэгдсэнээс хойш нотлох баримтаа ирүүлээгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 тоот тушаалаар Ц.Хандсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд түүнийг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох боломжгүй юм” гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Хандсүрэнгийн нөхцөл байдлын талаар бид ярилцаад ээлжийн амралт, цалинтай 1 сарын чөлөө, цалингүй 1 сарын чөлөө олгохоор тогтсон байсан. Ингээд ээлжийн амралтыг 2 дугаар сард олгож, чөлөө олгосон шийдвэрийг ээлжийн амралтын хугацаа дуусахаар гаргах байсан. Гэтэл тухайн үед нэхэмжлэгчийг ээжийгээ авч яваагүй, Солонгос улс руу ажил хийхээр явсан гэсэн мэдээлэл ирсний дагуу энэ талаар тодруулж, холбогдох бичиг баримт, нотлох баримтаа бүрдүүлж ир гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн. Ц.Хандсүрэнг ажлаас халах гэж байгаа тухай миний бие албан ёсоор мэдэгдсэн гэж үзэж байгаа. Ээлжийн амралт нь дуусаад цалинтай болон цалингүй чөлөө олгох тушаал гараагүй байхад ажилд ирээгүй асуудлыг ажил тасалсан гэж үзэж байгаа. Тэрээр худлаа ярьж, хамт олноо хууран мэхэлж ажил тасалсан нь буруутай учир ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ц.Хандсүрэнгээс Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан “2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бусад тооцуулж, Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

           Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж тус тус хариуг нь авсан байна.[1]

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болон хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         Нэг. “ Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бусад тооцуулж, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ц.Хандсүрэн нь Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/81 дүгээр тушаалаар тус байгууллагад Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд[2] томилогдсон байх ба албан тушаалын нэршил нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 305 тоот тушаалаар Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч болж өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилтээр тогтоогдож байна[3]. Нэхэмжлэгч нь дээрх албан тушаалд ажиллаж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.[4]

            Нэхэмжлэгч нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр байгууллагын захиргаанд өөрийн ээжийг гадаад улс руу эмчилгээнд авч явах шаардлагатай болсон талаараа дурьдаж, чөлөө хүссэн байх[5] ба өргөдлийг байгууллагын удирдлагын зүгээс 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр шийдвэрлэн “Бүртгэл-хяналтын карт”-ыг хөтөлж, уг хяналтын картад “1 сарын цалинтай, 1 сарын цалингүй чөлөө олгож, ээлжийн амралтыг олгоё” гэж шийдвэрлэснийг бүртгэжээ.[6] Дээрх бүртгэл хяналтын карт болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар[7] зэргээр эрх бүхий албан тушаалтан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн гэдэг нь тогтоогдож байна. Үүний дагуу 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Б/07 дугаар “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалын хавсралтад нэхэмжлэгчийн ээлжийн амралтыг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тооцохоор заажээ.[8] Харин нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн атлаа эхний шийдвэрээ өөрчилж бүртгэл хяналтын картыг дахин хувилж, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр шийдвэрлэсэн бичилттэй картанд “Ц.Хандсүрэн нь ээж Жигзмааг эмчид үзүүлэх нь худлаа байсан тул 1 сарын чөлөөг хүчингүй болгож байна” гэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгч анхнаасаа 2 сарын чөлөө хүссэн байхад 1 сарын чөлөөг хүчингүй болгож, үлдсэн 1 сарын чөлөөний асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ заагаагүйн дээр ямар үндэслэл, шалтгаанаар эхний шийдвэрээ өөрчлөх болсон нь тодорхойгүй байна.[9]

        Хариуцагчаас “нэхэмжлэгч нь өөрийн ээжийг эмчлүүлэх гэж яваагүй, Солонгос улс руу ажиллахаар явсан, хамт олноо хууран мэхэлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн” гэж маргаж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна.  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” үндэслэл, сахилгын шийтгэлийн хэлбэрийг заасан байх ба мөн хуулийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ...” гэж сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхойлжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад төрийн жинхэнэ албан хаагч үүргээ хэрхэн биелүүлсэн эсэх болон хуулиар хориглосон зүйлийг гүйцэтгэсэн зэргээс шалтгаалан зөрчлийн шинж байдал, үр дагаврыг харгалзан шийтгэлийн аль хэлбэрийг сонгон хэрэглэхийг ажил олгогч буюу захиргааны байгууллагад эрхийг нь олгосон байна. Хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Хандсүрэнд сахилгын шийтгэл ногдуулахдаа дээрх хуулийн зохицуулалтыг удирдлага болгосон байх ба хуулийн 1 дүгээр зүйлд заасан зөрчлүүдээс аль зөрчлийг гаргасан, тухайн зөрчлийг хэрхэн илрүүлсэн болон байгууллагын зүгээс хяналт шалгалт хийсэн эсэх нь тодорхойгүй байх ба ямар эх сурвалжаас мэдээлэл авч нэхэмжлэгчийг буруутгаж байгаагаа нотолж чадаагүйн дээр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл /Нөхцөл байдлыг тогтоох/-д заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй,  25 дугаар зүйлд заасан шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах зэрэг ажиллагааг хийгээгүй байна. Хариуцагчаас нэхэмжлэгчид мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 /Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/-д заасан боломжийг олгоогүй, түүнийг эзгүйд арга хэмжээ авч, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4 /Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй/ -т заасныг зөрчиж сахилгын ямар зөрчил гаргасныг тогтоолгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримталж арга хэмжээ авсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 /иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй/ -д заасны дагуу илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч Ц.Хандсүрэнг хуучин эрхэлж байсан албан тушаал буюу Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй юм.

Хоёр. “Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах” шаардлагын тухайд:  Төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах, баталгаагаар хангагдан ажилладаг ба түүнийг буруу халсан үед ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг өмнө авч байсан цалингийн дундажаас тооцож нөхөн олгохыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн авч байсан цалинг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай”  тогтоол, нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолт[10], Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн цалингийн тооцооны карт[11]-д үндэслэн нийт 53 өдрийн олговор болох 1856007 /нэг сая найман зуун тавин зургаан мянга долоон/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

     Ажилгүй байсан хугацааны олговрын тооцоолол: 645556 /үндсэн цалин/ +96834/ төрийн албаны 15 хувийн нэмэгдэл/ = 742390/сарын цалин/, 742390 / 21.2 = 35019 /1 хүн өдрийн хөлс/,  35019*53 = 1856007/нэг сая найман зуун тавин зургаан мянга долоон/ төгрөг.

Иймд Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг илт хууль бусад тооцож, нэхэмжлэгч Ц.Хандсүрэнг Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 1856007 /нэг сая найман зуун тавин зургаан мянга долоон/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан маргаан бүхий Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.Хандсүрэнг эмчилгээний чанарын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

      2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан Ц.Хандсүрэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 53 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 1856007 / нэг сая найман зуун тавин зургаан мянга долоон/ төгрөгийг хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын дарга /С.Баясгалан/ -аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

       3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч /С.Баясгалан /-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Хандсүрэнд олгосугай.

      4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4 -т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЖАРГАЛ

 

 


[1] Хавтаст хэргийн 23, 52 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 111 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 11 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 8 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 41 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 53 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 43, 44 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 40 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 79 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 80 дугаар тал