Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 07

 

*******од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Х.Гэрэлмаа,  Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Д.Баянмөнх

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нарыг  оролцуулан хийж,  Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр  шийдвэрлэсэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар  шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр *******од  холбогдох эрүүгийн 201212000216 тоот хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр  Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй,   боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, аав ээжийн хамт Дундговь аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд нь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хохих ялаар шийтгүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 415 дугаар хорих ангид ял эдлэж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Их ******* овогт *******ын *******  /РД:*******/ гэв.

 Яллагдагч ******* нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг  олох зорилгоор тээврийн  хэрэгсэл  ашиглаж 2012 оны 10 дугаар  сарын 04-05-нд шилжих шөнө Сайнцагаан  сумын Тэвш багийн  Хотгор тойрмын ус гэх  газраас иргэн  ын хонгор  азаргатай 45 тооны  адууг хулгайлж 24.175.998 төгрөгийн хохирол, 2010 оны 08-09-р сард Төв аймгийн  Баян-Өнжүүл сумын Бараат бригадын “Ац холбоо” гэх газраас иргэн гийн  бөөн  сүүлтэй, цавьдар  зээрд азаргатай 19 тооны адууг  хулгайлж 12.542.000 төгрөгийн  хохирол, 2010 оны 08 сард Төв аймгийн  Баян-Өнжүүл  сумын Бараат бригадын  “Ац холбоо” гэх  газраас  иргэн  гийн  19 тооны  адуу, ын 27 тооны адууг хулгайлж  д 13.490.000 төгрөгийн  хохирол, од 15.125.000 төгрөгийн  хохирол, 2013 оны 6 сард Төв аймгийн  Алтанбулаг  сумын “Хар хужирт” гэх  газраас иргэнийн бөөн  сүүлтэй, хүрэн азаргатай 42 тооны адууг хулгайлж  28.746.000 төгрөгийн  хохирол  буюу  бусдын нийт 152 адууг тус тус хулгайлж, 94.078.998 төгрөгийн  онц  их  их хэмжээний  хохирол  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:  

Шүүгдэгч  *******од холбогдох эрүүгийн  201212000216 тоот хэрэгт нэмэлт мөрдөн  байцаалтын ажиллагаа  хийлгэхээр Дундговь аймгийн  Прокурорын  газрын хяналтын прокурорт буцааж, 

 Шүүхийн тогтоол хүчин  төгөлдөр болмогц  энэ хэрэгт  эд  мөрийн баримтаар хураагдаж  ирсэн  захиа 1 хуудас, 100.000 төгрөг, Бонго пронтер  маркийн 39-71 УНБ улсын  дугаартай тээврийн  хэрэгсэлийн  АЯ0457360  дугаартай  гэрчилгээ зэргийг  хэргийн  хамт прокурорт хүргүүлэхийг  шүүгчийн  туслах Г.Нямаад  даалгаж,

 Энэ хэрэгт хураагдсан 39-71 УНБ улсын дугаартай Бонго пронтер  маркийн автомашин нь Цагдаагийн  газрын  хашаанд  байгаа  гэж  яллах дүгнэлтийн  хавсралтанд бичсэн  болохыг  дурдаж,

Хэргийг  прокурорт  очтол  шүүгдэгч  *******од  урьд авсан  цагдан  хорих  таслан  сэргийлэх арга  хэмжээг  хэвээр  үргэлжлүүлж,

Энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас  хойш  ажлын 5 хоногийн  дотор  прокурор эсэргүүцэл  бичих  эрхтэйг  дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Баянмөнх эсэргүүцэлдээ: Дээрх хэргийг хянан хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд: 1. Шүүхийн тогтоолд “Прокурорын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0/9 дугаартай тогтоолд...Яллагдагч Занданд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохдоо бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна” гэжээ.

Прокуророос 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч Д.Занданд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо 01а тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байхад “0/9” дугаартай тогтоол гэж бичсэн нь ойлгомжгүй, прокуророос ийм дугаартай тогтоол гараагүй байна.

Мөн яллагдагч Д.Занданд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01а дугаартай тогтоолын олсон нь хэсэгт: “Яллагдагч Д.Зандан нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Шижирийн фермийн урд ам гэх газарт нутаглаж байхдаа 2010 оны 08 дугаар cap, 2012 оны 09 дүгээр сард яллагдагч *******ын хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж хулгайлсан эд зүйлийг зарахад дэмжлэг үзүүлэн, хуурамч бичиг баримт гаргаж өгөх, хоноглох орон байраар хангах зэрэг үйлдлээр гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь яллагдагч Н.Чинбатын: “...тэр өвгөн ярихдаа санаа зовох юм байхгүй, миний орон гэрээс ирж авч байгаа юм, чи миний л юм гэж бод, наад хүүхдийн чинь аав ээжийг би сайн таньдаг, отор нүүдлээр хамт явдаг сайн таньдаг хүмүүс байгаа юм гээд байсан...” гэсэн мэдүүлэг болон хохирогч , иргэний нэхэмжлэгч Б.Амгаланбаатар, гэрч Г.Эрдэнэцогтын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон боловч түүний үйлдсэн гэмт хэргийг Монгол Улсын Их хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул” гэж бичсэн. Энэ нь яллагдагч Д.Зандангийн үйлдлийн хэлбэрийг буюу иргэний нэхэмжлэгч Б.Амгаланбаатарт 7 тооны адууг 3.500.000 төгрөгөөр зарсан үйлдэлд, гэрч Н.Чинбатад 10 тооны адууг 1 адууг нь 600.000 төгрөгөөр бодож 6.000.000 төгрөгөөр худалдсан, иргэний нэхэмжлэгч Н.Баттөгсөд 1 тооны адууг 480.000 төгрөгний үнэтэй Айфон гар утсаар сольж, 480.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад 9.980.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх 3 үйлдэлд “хулгайлсан эд зүйлийг зарахад дэмжлэг үзүүлсэн, хуурамч бичиг баримт гаргаж өгсөн, хоноглох орон байраар хангах” үйлдлээр хамжигчаар оролцсон нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсоныг тодорхой бичсэн байхад аль үйлдэлд оролцсон нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх дээрх үйлдлийг яллагдагч нь хулгайн гэмт хэрэгт бусдын 91 тооны адууг хулгайлахад биечлэн оролцож, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан мэтээр дүгнэлт хийж, яллагдагч Д.Зандангийн бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдоогүй үйлдэлд бүлэглэн оролцсон гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

2. Шүүгдэгч *******ын хувийн байдлыг нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй, гэмт хэрэгт татагдахын өмнө хаана оршин сууж байсан, сургуульд сурч байсан эсэх, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг гэх боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *******ын талаар:

- Дундговь аймгийн ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт

- Дундговь аймгийн Цэргийн штабаас авсан *******ыг цэргийн алба хаасан тухай албан бичиг

-  Шүүгдэгч *******ын ээж н.Хоролсүрэнг гэрчээр байцаасан тэмдэглэл

- *******той хамтран амьдарч байсан С.Даваасүрэнг гэрчээр байцаасан тэмдэглэл

-  Хэрэг хариуцах чадвартай болохыг нотолсон Булган аймгийн шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээч эмчийн 1*******тай дүгнэлт

-  201212000216 дугаартай Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр татагдахаасаа өмнө Хорих 415 дугаар ангид ял эдэлж байсныг нотолсон            албан бичиг

-  Яллагдагч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа

-  Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны  өдөр  яллагдагчаар  өгсөн  байцаалтандаа:   “... би  сургуульд      огт сурч байгаагүй,  бичиг үсэг мэдэхгүй...”   гэж мэдүүлсэн тул түүний хаана сурч байсныг тогтоох боломжгүй юм.

Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт цугларсан дээрх баримтуудад анхан шатны шүүх дүгнэлт хийсэн эсэх нь эргэлзээтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

          Яллагдагч *******ын сэтгэцийн талаархи шинжилгээний акт 13 гэсэн баримт          1-р хавтаст хэргийн 165-167-р талд авагдсан боловч уг баримтыг хуулбарласан, он, cap, өдөр нь тодорхойгүй байгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна гэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нотлох баримтыг тодорхойлохдоо: “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт сэлт мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж заасан.

Шүүгдэгч ******* нь Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон, дээрх шийтгэх тогтоолоор Булган аймгийн шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээч эмчийн 1*******тай дүгнэлтийг үндэслэж, шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоож, ял оногдуулсан байхад дээрх шийтгэх тогтоолоор нотлогдсон үйл баримтыг дахин нотлуулах шаардлагатай гэж үзсэн нь мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Шүүгдэгч *******од холбогдох 201212000216 дугаартай хэрэг прокуророос 5 удаа яллах дүгнэлт үйлдэж Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 4 удаа нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байх ба анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан тохиолдол бүрт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж өөр өөр үндэслэл зааж буцаасан нь анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь, бодит байдлаар нь хянаж үзэх үүрэгтэй гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30******* зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож,  хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.

Анхан шатны шүүх яллагдагч *******ын 2010 онд үйлдсэн гэх үйлдлүүдийн алинд нь Д.Зандан оролцсон, Д.Занданг *******той хамтран Ганбаатарын 45 тооны адууг хулгайлсан гэж үзсэн атлаа *******  т их хэмжээний, Д.Занданг  т үлэмж хэмжээний  хохирол учруулсан гэж үзсэн үндэслэл тодорхойгүй байна.

Мөн шүүгдэгч *******ын хувийн байдлыг нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна. Эдгээр ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 “Шүүгдэгч ******* нь Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон, дээрх шийтгэх тогтоолоор Булган аймгийн шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээч эмчийн 1*******тай дүгнэлтийг үндэслэж, шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоож ял оногдуулсан байхад дээрх шийтгэх тогтоолоор нотлогдсон үйл баримтыг дахин нотлуулах шаардлагатай гэж үзсэн нь мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж прокурор эсэргүүцэлдээ дурджээ.

1 дүгээр хавтаст хэргийн 165-167 дугаар хуудаснуудад Шагдарын ******* гэгч этгээдийн сэтгэцийн талаар гаргасан дүгнэлт байх бөгөөд хавтаст хэрэгт *******ын *******ын сэтгэцийн байдлыг тодорхойлсон талаархи шинжээчийн дүгнэлт алга байна. 

Прокурорын эсэргүүцэлд “Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 4 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байх ба анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тохиолдол бүрт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж өөр өөр үндэслэл зааж буцаасан нь анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бодит байдлаар нь хянаж үзэх үүрэгтэй гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна ...” гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох явдлыг хангахад оршдог. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15 дугаар зүйлд шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдахаар заасан байх тул прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315.1.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

      

  1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Энэ магадлалд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                               Х.ГЭРЭЛМАА

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ