Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01701

 

П.Эы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06228 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2007 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: П.Э

           Хариуцагч: Г.Яд холбогдох

           Зээлийн гэрээний үүрэгт 44.290.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Нэхэмжлэгч П.Эы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Э, түүний өмгөөлөгч Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Яд нийт 3 удаагийн зээлийн гэрээгээр бүгд 22,5 сая төгрөг хүүтэй зээлүүлсэн. 2013-11-27-ны өдөр гэрээ байгуулж уг гэрээний дагуу 15сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж мөнгийг тэр өдрөө хүлээн авсан. 2013-12-03-ны өдөр Г.Я өөрийн компанийн нягтлан бодогчооор дамжуулан зээлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу 5сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, мөнгөө авсан. Г.Я энэ мөнгийг хүлээн авсан талаараа маргаагүй. 2014-01-15-ны өдөр  гэрээ байгуулж 2,5 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж, мөнгөө авсан. Г.Я тодорхой хэмжээгээр зээлийг төлж байсан бөгөөд гэрээнүүдийн хугацаа дууссан ч  төлж дуусгах үүргээ биелүүлээгүй. Зээл, хүүг төлж дуусгахыг удаа дараа мэдэгдсэн. Г.Ятэй  тооцоо нийлэн бид 2016-02-17-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, хугацааг 2016-06-01-ний өдөр хүртэл сунгаж, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг актаар үндсэн зээлийн үлдэгдэл 22 500 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 10 450 000 төгрөг, /2016 оны 2 дугаар сарын дуустал байдлаар/  нийт 32 950 000 төгрөг болохыг баталгаажуулсан. Гэвч Г.Я төлбөр төлөөгүй.Нэмэлт гэрээний 3.,5-н дагуу Г.Я 2016-06-01-ний өдөр хүртэл хугацаан үндсэн төлбөрөөс 6 хувийн хүү төлөх үүрэг хүлээж, 2016-06-01-ний  дотор зээл, хүүг барагдуулаагүй бол 0.2 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Иймд Г.Ягээс үндсэн зээл 22 500 000 төгрөг, хүү 14 500 000 төгрөг, нөхцөл байдлыг харгалзаад алдангийг  багасгаж  4 000 000 төгрөг, нийт 41 000 000 төгрөг шаардаж байна гэжээ.

       Хариуцагч Г.Я нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг шүүхэд  гаргаагүй байна.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06228 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан  Г.Ягээс 41 000 000 төгрөг гаргуулан П.Эд олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 06-ны өдрийн 2007 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

       Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. ИХШХШТХ-ийн 167.1.5-д үзвэл “ноцтой” зөрчил гаргасан байхыг тодруулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн явдал нь хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, эсхүл нотлох баримт зохих ёсоор бүрдээгүйн улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол “ноцтой” гэж үзэж болно. Шийдвэрийн огноо, дугаарыг буруу тавьсан нь техникийн алдаа бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэмжээний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил биш юм. ИХШХШТХ-н 167.1.5, 168.1-р “хаалттай жагсаалт” буюу тодорхой 7 үндэслэлийг дурджээ. Анхан шатны шүүх өөр хуулийг хэрэглэсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргаагүй, харин шийдвэрийн огноо, дугаарыг буруу тавьсан нь техникийн алдаа  байна. Энэ техникийн алдааг засаж өөрчлөх боломжтой. Гэтэл давж заалдах шатны шүүх ИХШХШтХ-ийн 168.1.1-г буруу  тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулж байна. Шүүх  шийдвэрийг талуудад гардуулсан бөгөөд шийдвэр нь 2017-06-19-ний өдөр гэсэн огноотой, 101/ШШ2017/02124 дүгээр эх хувь болно. /Нэхэмжлэгчид гардуулсан шүүхийн шийдвэрийн эх хувийг хавсаргав/ Хариуцагч 2017-06-19-ний өдрийн 101/ШШ2017/02124 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах хүссэн нь түүнд  уг  шийдвэр гардуулсан  байна.  Шийдвэр хууль зүйн хувьд адил хүчин чадалтай. Иймд огноо, дугаар буруу бичигдсэн гэдгээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаан 2017-06-19-ний өдөр хуралдсанг талууд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тодорхой хэлсэн бөгөөд энэ талаар маргаагүй, гомдол гаргаагүй болно. Давж заалдах шатны шүүх нотлогдож байгаа асуудлаар өрөөсгөл дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Шүүх хуралдааны тэмдэглэл 2017-06-19-ний өдрөөр огноотой байхад  шүүх 2017-10-17-ны өдрөөр бичигдсэн гэж буруу дүгнэсэн. Иймд  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийн огноо, дугаарт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ: 

         П.Э 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Г.Яд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 22.500.000 төгрөг, хүү 14.500.000 төгрөг, алданги 7.290.000 төгрөг нийт 44.290.000 төгрөг гаргуулах шаардлага тавьсан байна. 

         Анхан шатны шүүх хариуцагчаас 41.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг “... шүүхийн шийдвэрийг хэзээ гаргасан нь тодорхойгүй ...шийдвэр болон тэмдэглэлийн огноо зөрүүтэй...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

         Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцээгүй байна. 

         Хэрэгт хавсаргасан баримтаас үзвэл, Г.Яд холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ огноог 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тодорхойлж, 101/ШШ2016/06228 дугаарыг авсан /хх 38-42/ боловч шүүх хуралдааны тэмдэглэл нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөр огноолжээ.

         Шүүх хуралдааныг хэзээ хийсэн талаарх шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг хэзээ гаргасан талаарх шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг зөрүүтэй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.  

         2. Шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ зээлийн гэрээ, түүний хүчин төгөлдөр байдал, хүүг сар бүр тооцох болон алданги гаргуулах /хх 4-6/ үндэслэлийн талаар шийдвэрт заагаагүй /хх 7/ нь дутагдалтай байна. 

         Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй хэдий ч нэхэмжлэлийн талаар   хэрэгт байгаа баримтын хэмжээнд  дүгнэлт хийж, шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцнэ.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2007 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57  дугаар зүйлийн 57.4-т  заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 379.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ