| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2023/04171/И |
| Дугаар | 210/МА2025/00740 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00740
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01452 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* /*******/-д холбогдох,
гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******тай 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17020/ Зайсангийн тойруу гудамж, ******* байр, *******02а тоот хаягт байрлах 179.81 м2 талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 809,145,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.
Гэтэл хариуцагч нь гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулах үед үнийг бууруулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулахад төлөх татварыг бага төлөхтэй холбоотойгоор гэрээний үнийг бодит бусаар буюу 100,000,000 төгрөгөөр байгуулах санал гаргаж гэрээ байгуулсан.
Тухайн үед хариуцагч нь гэрээний төлбөрийг анх тохирсон хэмжээгээрээ бүрэн төлнө гэж тайлбарласан боловч хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж одоог болтол гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг үндэслэж, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгө буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хэрэв талуудын хооронд байгуулагдсан хэлцэл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн бол бодит байдал дээр хэрэгжихгүй. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө *******гийн өмчлөлд шилжиж, улсын бүртгэлд бүртгүүлснээр ******* өмчлөх эрх дуусгавар болсон.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах хэлцлийн тухайд, халхавчлагдсан хэлцэл байх шаардлагатай байдаг. Гэтэл *******, ******* нарын хооронд дээрх гэрээнээс өөр төрлийн хэлцэл байгуулагдаагүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 42, 43, 110, 189, 195, 196, 56, 106, 110 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчөөгүй хүчин төгөлдөр юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан *******, БНХАУ-ын иргэн ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч *******д хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлэн авсан Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Зайсангийн тойруу гудамж ******* байр, *******02а тоот, 179,81 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******д буцаан шилжүүлэхийг даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******ас улсын тэмдэгтийн хураамж 657,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Талууд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан. Тус гэрээний 3.3-т "төлбөрийг бүрэн төлж дууссан" гэж тэмдэглэсэн бөгөөд үүнийг нотариат баталсан.
Хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу төлбөрийг төлсөн гэдгийг нотлох зорилгоор нэхэмжлэгчийн Хаан банкны 5003947*******4 тоот дансны хуулгыг гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагч нэхэмжлэгчид үнийг төлсөн баримтгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй. Мөн энэ гэрээний талаарх бүх үйл явцыг мэдэж байсан *******ийг гэрчээр асуухаар шийдвэрлэсэн боловч биелэлт хангагдаагүй.
"Худалдах, худалдан авах гэрээ"-ний 4.8-д "худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернэтийн төлбөр гэх мэт/ болон татвар хураамжийг худалдагч төлөх үүрэгтэй" гэж заасан.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т "энэ хуулийн 10.1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр" татвар ногдуулахаар заасан. Хууль болон гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан татварыг худалдагч тал буюу нэхэмжлэгч төлөх үүрэгтэй байхад хариуцагчийг татвараас зайлсхийж, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт Mercedes Benz G-63 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, үүн дээр маргаагүй" гэдэг тайлбарыг өгдөг. Гэтэл шүүх энэ талаарх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрийг төлөөгүй гэж үзсэн нь учир дутагдалтай.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг 809,145,000 төгрөгөөр худалдахаар тохирсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч талын зүгээс олон янзаар тухайн нөхцөл байдалдаа тохируулан тайлбар гаргадаг боловч тухай бүрээ нотолж чадаагүй. Нотлох баримт цуглуулахтай холбоотой ажиллагаануудын талаарх хүсэлт гаргахдаа нэхэмжлэгчийн ХААН банк ХК-ийн бүтэн жилийн хуулгыг авъя гэдэг. Ямар үндэслэлээр яаж авах, хэдэн төгрөгийг, хэзээ төлсөн гэдгээ тодорхойлно уу гэхэд би сайн мэдэхгүй байна, харж байгаад хэлье гэдэг.
Анхан шатны шүүх хэлцэл хүчин төгөлдөр бус талаар зөв дүгнэсэн. Харин үр дагаврыг шийдье гэхээр хариуцагч ямар байдлаар төлбөр төлсөн болохоо тодорхойлоогүй учир тухайн асуудлыг нээлттэй орхисон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн дүр үзүүлж хэлцэл хийсэн үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17020/ Зайсангийн тойруу гудамж, ******* байр, *******02 а тоот, 179.81 м2 талбайтай орон сууцыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь гэрээ хүчин төгөлдөр гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Зайсангийн тойруу гудамж ******* байр, *******02а тоот хаягт байрлах, 179,81 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ******* /*******/-д 100,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон гэрээ хэрэгт авагдсан байна.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй, хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах хүсэлтийг үндэслэлгүй хязгаарласан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх үндэслэлд хамаарч байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг төлсөн гэх тайлбар гаргаж, үүнийгээ нотлох зорилгоор нэхэмжлэгчийн банк дахь дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасан боловч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар хангаагүй.
Хариуцагчийн гаргасан хүсэлт нь хэрэгт хамааралтай бөгөөд хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй баримт байхад шүүхээс хүсэлтийг ийнхүү хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
Харин ямар хугацаанд хамаарах нэхэмжлэгчийн банк дахь дансны хуулгыг гаргуулах эсэхийг шүүх маргааны үйл баримтад нийцүүлэн тодруулан шийдвэрлэх боломжтой юм.
4.1. 2024 оны 07 дугаар сарын 01, 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын зүгээс орон сууцны төлбөрт Мерседес бенз маркийн автомашин хүлээж авсан, үүнийг дараа нь буцааж өгөх боломжтой агуулгаар тайлбар гаргажээ. Энэ байр суурийг мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн.
Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж буй тохиолдолд шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврын асуудлыг нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх ёстой тул холбогдох үйл баримтыг тогтоох ёстой.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан Мерседес бенз маркийн автомашиныг зохигчийн байгуулсан гэрээний хүрээнд хүлээлцсэн эсэх, мөн хэнээс хэнд уг автомашиныг хэзээ шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй орхигдсон тул хэрэв хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон тохиолдолд түүний үр дагаварт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй болжээ.
4.2. Иймд анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт холбогдох үйл баримтыг тогтоогоогүй, нотлох баримт дутуу цуглуулсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир нотлох баримтын үнэлгээний талаарх гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.
5.1. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан гэрчээр *******оос мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж, зохих ажиллагааг хийсэн боловч оршин суугаа хаяг тодорхойгүйгээс шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, үүнтэй холбоотойгоор хариуцагч дахин хүсэлт гаргаагүй.
Гэхдээ хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаатай холбоотойгоор энэ талаар зохигч дахин хүсэлт гаргах эрх нээлттэй болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01452 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Т.БАДРАХ