Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00710

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01177 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 98,813,207 төгрөг, хохиролд 22,800,000 төгрөг, нийт 121,613,207 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 28-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь 98,813,207 төгрөгийг хариуцагчид төлсөн.

1.2. Хариуцагч нь орон сууцыг 2022 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон ч одоог хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй. Орон сууцны барилга одоогоор 4 давхар цутгалт хийгдсэнээс өөр ажил хийгдээгүй.

1.3. Барилга ашиглалтад орохгүй байгаагаас бид орон сууц хөлсөлж хотод сурдаг хүүхдээ амьдруулж байна. Орон сууцны хөлсийг малаар болон мөнгөөр төлсөн.

Иймд гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 98,813,207 төгрөгийг хохиролд 22,800,000 төгрөгийн хамт нийт 121,613,207 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлээс 98,813,207 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө.

2.2. Орон сууцны барилга нь өнөөгийн нөхцөл байдлын хувьд 505 айлын орон сууцны 6 блок барилгаас 4 блок нь 70 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл орон сууц ашиглалтад ороогүй байгаа.

2.3. Түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний зөрчлөөс үүссэн хохирол учирсан бол төлнө, алданги төлнө гэсэн заалт орон сууц захиалгын гэрээнд байхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас нийт 115,613,207 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,999,999 төгрөгт холдогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 766,020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 736,016 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн орон сууц хөлсөлсөн гэж дүгнэн 16,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар гэрээнээс учирсан хохирол, гэм буруу, шалтгаант холбоогоор тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүснэ.

4.2. Хариуцагч талд үүргийн ялимгүй зөрчил байгааг хүлээн зөвшөөрч байгаа ч төсөл хэрэгжиж байгаагаас гадна нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоор гэрээнээс татгалзах шийдвэр гаргаснаас гадна татгалзах шийдвэрт хариуцагчийн гэм буруугаас хохиролд нэхэмжлэгч талд учирсан нь тогтоогдоогүй байхад хохирол учирсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.3. Орон сууц хөлслөх гэрээнд мал хөрөнгө шилжүүлсэн нь банкны хуулга, тодорхойлолтоор тогтоогдож байна гэж үндэслэх хэсгийн 16-д дурдсан нь ямар малыг хэдэн төгрөгөөр үнэлэн шилжүүлсэн зэрэг нь тодорхой бус байхад зөвхөн малын тооны хуулга гэх зүйл нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй тул дахин хянаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

5.1. Талууд гэрээ байгуулсан болон төлбөр төлсөн талаар маргаагүй. Нэхэмжлэгч орон сууц хөлсөлж байгаа талаар 2024 онд хариуцагч компанид мэдэгдэж, төлбөрийг өгөхгүй бол шүүхэд хандахаа илэрхийлсэн.

5.2. Мэдэгдэл хүргүүлсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгч нь өөрөө хөдөө амьдардаг, хүүхэд нь хотод сургуульд сурдаг бөгөөд захиалсан орон сууц ашиглалтад орохгүй байсан учраас өөр байр хөлсөлсөн.

5.3. 2 дахь орон сууцны төлбөрт мал өгөхөөр тохиролцож, сумын засаг дарга дээр очиж хэдэн тооны мал өгсөн талаарх тодорхойлолт хийлгүүлсэн. Нэхэмжлэгч орон сууцны хөлсөлсөн төлбөр төлсөн болох нь банкны дансны хуулгаар нотлогдоно.

5.4. Хариуцагч талыг орон сууцаа ашиглалтад оруулаагүй үйл баримтыг ялимгүй зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Орон сууц ашиглалтад ороогүй 2 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар барилга 4 давхар хүртэл баригдаад гацсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, 98,813,207 төгрөгийг хохирол 22,800,000 төгрөгийн хамт нийт 121,613,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 98,813,207 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХХК болон ******* нар 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалгын нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ******* хотхоны ******* байр, 9 давхар, 74,04 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 147,339,600 төгрөгийг худалдахаар, ******* нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны дотор 73,339,600 төгрөгийг, үлдэх 73,669,800 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаанд компанийн зээлээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* нь орон сууцны үнэд 98,813,207 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ийн эзэмшлийн Хаан банк ХК-ийн ******* тоот дансанд төлөх үүргийг гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй.

 

5. Өргөө хүрээ ХХК нь гэрээний 6.1.2-т заасан хугацаанд буюу орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч болох *******д хүлээлгэж өгөх үүргийг гүйцэтгээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч хууль хэрэглээгүй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүргийг 1 жил 10 сарын хугацаагаар хэтрүүлсэн боловч уг зөрчил арилаагүйтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах эрхийг зөв хэрэгжүүлсэн байна.

Иймд орон сууцны үнэд төлсөн 98,813,207 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ талаар хариуцагч тал маргаагүй.

Хариуцагч талын гаргасан зөрчил нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ялимгүй зөрчилд хамаарахгүй тул хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол шаардах эрхтэй. Харин тэрээр өөрт учирсан хохирлоо нотлох үүрэгтэй.

Харин анхан шатны шүүх хэрэгт хохирлын хэмжээг нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс үйл баримтыг буруу тогтоосон, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх хохирлыг тооцохдоо хугацааг ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 6.1.2-т ******* ХХК нь орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэж өгөхөөр тохиролцсоноос хойш тоолсон нь зөв болжээ.

 

6.1. Иймд *******, ******* нар 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь *******ын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, *******, үйлдвэрийн гудамж, *******, хаягт оршин байх 56.31 м.кв орон сууцыг 1 сарын 1,200,000 төгрөгөөр 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 10 сарын хугацаагаар хөлслөхөөр тохиролцсон, үүнээс 2023 оны 01 дүгээр сараас хойш төлсөн төлбөрийг нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн, Хаан банк ХК-ийн тоот данснаас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,200,000 төгрөгийг bair 2023.01 sar утгатайгаар, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1,200,000 төгрөгийг bair 2023.02 sar утгатайгаар, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1,200,000 төгрөгийг bair 2023.05 sar гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн нийт 3,600,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг нотлогдсон гэж дүгнэж хангана.

6.2. Харин , ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн нэртэй гэрээгээр ******* нь ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, *******, үйлдвэрийн гудамж, , хаягт байрлах, 11.10 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 сарын 1,200,000 төгрөгөөр 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаагаар хөлслөхөөр, гэрээний 3.1-т төлбөрийг үхрээр хийнэ гэж тохиролцсон боловч иргэн ийн гараар бичсэн миний бие нь ...Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, , 2 өрөө байраа ...*******д 2023 оны 08-р сараас 2024 оны 6-р сар хүртэл 10 сарын хугацаанд 1,200,000-аар бодон байраа түрээслүүлсэн нь үнэн, түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөгийг мал авсан нь үнэн гэх тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэлийг хангах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл иргэний тодорхойлолт нь нэг талын баримт болохын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл баримтаар үнэлэх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлээ нотлох үүргийг нэхэмжлэгчид шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тайлбарлаж өгсөн байх бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг авхуулах бүрэн боломжтой байжээ.

Гэтэл уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт эргэлзээтэй гэж үнэлэх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

7. Иймд 2022 оны 4 дүгээр улирал буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойших хугацаанд хамаарах хохирлыг нотлогдсон 3,600,000 төгрөгийн хэмжээгээр ******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01177 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 115,613,207 гэснийг 102,413,207 гэж, 5,999,999 гэснийг 19,200,000 гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 736,016 гэснийг 670,016 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА