Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00739

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/03183 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********т холбогдох,

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********т холбогдуулан ******* хотхоны барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч ажлыг хийж гүйцэтгээгүй үндэслэлээр ажлын хөлс 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нотолгооны хуваарилалтыг буруу хийсний улмаас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд нэхэмжлэгч ******* нь Улаанбаатар хотод ******* хотхоны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр хариуцагч ********тэй амаар харилцан тохиролцож, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 27-28-ны өдөр ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

Учир нь хэдийгээр нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж тайлбарласан ч ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн тохиролцоог талууд хийгээгүй, харин нэхэмжлэгч нь ******* хотхоны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ хариуцагчийг Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар туслан гүйцэтгэгчээр оролцуулсан байна.

 

3.2. Хариуцагч нь ажлын хөлсөд хүлээн авсан 5,000,000 төгрөгт тохирох ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбараа нотлох зорилгоор ажилчдын хоол хүнс, цалин, тээврийн хэрэгслийн шатахууны зардлын талаар бичсэн шар өнгийн дэвтрийг хэрэгт баримтаар гаргаж өгсөн.

 

3.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх ёстой боловч 5,000,000 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн болохоо хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Өмнө дурдсанчлан хариуцагч нь ажил хийхэд зарцуулсан зардлын тооцоолол бичсэн дэвтрийг баримтаар гаргаж өгсөн боловч бодитоор уг зардал гарсан эсэхийг бусад баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэхгүй.

Хариуцагчийн гаргаж өгсөн баримт нь үнэн зөв, эргэлзээгүй болох нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс уг баримтыг няцаах үүргийг нэхэмжлэгчид ногдуулсан нь нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

3.4. Ийнхүү хариуцагч гэрээний дагуу ажил хийж гүйцэтгээгүйгээс гэрээ хэрэгжээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Энэ үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, зохих тэмдэгтийн хураамжийг хуваарилна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн гаргасан нотлох баримтын үнэлгээнд холбогдох алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/03183 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********ээс 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Т.БАДРАХ