Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Энхтүвшингийн Бд холбогдох 1929001630070 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Гашуун сухайт” хилийн боомтоор “Берун Ложистик” ХХК-ийн эзэмшлийн “Хово” маркийн 09-25 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 16-41 ГЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд 50 боодол бүхий 1,400 килограмм малын давсалсан гүзээг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5-7-р хуудаст/,

2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Пүрэвсүрэнгийн гаргасан мөрдөгчийн тогтоол /хх-н 20-р хуудаст/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан тэмдэглэл /хх-н 13-14-р хуудаст/,

Гэрч Э.Батсүрэнгийн: “...2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Гашуун сухайт” хилийн боомтын нүүрс гаргах чиглэлд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байх үед “Берун Ложистик” ХХК-ийн эзэмшлийн нүүрс ачсан “Хово” маркийн 09-25 УНӨ улсын дугаартай авто машины 16-41 ГЧ улсын дугаарын чиргүүл дээрх нүүрсийг шалгахад уг чиргүүлийн нүүрсэн доторх 50 ширхэг хар өнгийн гялгар уут, цагаан шуудайнд боодолтой зүйл илэрсэн. Уг шуудай, гялгар уутыг задалж үзэхэд давсалсан бог малын гүзээ байсныг харьяалалын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж байна... Уг иргэн нь ямар ч бичиг баримтгүй барааг зориулалтын бус тээврийн хэрэгсэлд нууж хилээр нэвтрүүлсэн” гэх мэдүүлэг /хх-н 29-31-р хуудаст/,

Гэрч Э.Сугиржамцын: “...тэгээд 06 дугаар сарын 05-ны өдөр нэг залуу надруу залгаад “Машиныг чинь шахъя” гэхээр нь би машинаа зааж өгөөд тэр Б гэх залууд 500 юань өгөхөөр тохирч машинаа өгөөд тэр өдөртөө “Ганц модруу явсан. Тэгээд намайг “Халиут” хотруу явчхаад “Ганц модонд ирэхэд уг “Хово” машины эзэн нь залгахаар нь очиж уулзахад “чиний машинаар бараа гаргах гэж байгаад хил дээр саатуулагдсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 33-р хуудаст/,

Гэрч Н.Тэгшээгийн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр намайг Улаанбаатар хотод гэртээ байж байтал манай компанийн “Цагаан хад” дахь ачилт буулгалтыг хариуцдаг Буян гэдэг Өвөр-Монгол залуу надруу утсаар ярихдаа “манай 09-25 УНӨ улсын дугаартай машинаар “Гашуун сухайт” хилийн боомтоор гүзээ ачиж гарах гэж байгаад баригдчихаж гэж хэлсэн. Энэ асуудлаар “Берун Ложистик” ХХК-аас итгэмжилж томилсон.” “манай зүгээс Б гэх залуутай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Уг тээврийн хэрэгслийг манай үндсэн жолооч Сугиржамц гэдэг залуу жолооддог юм. Жолооч Сугиржамц нь уг 09-25 УНӨ улсын дугаартай авто машинд нүүрсээ ачуулаад урагшаа боомтруу явж байгаад “Халиут” руу явах ажилтай болоод Б гэдэг залууд машинаа үлдээгээд явсан хойно нь Б гэх залуу гүзээ ачсан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 38-р хуудаст/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын “Мал эмнэлэг, үржлийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №05 дугаартай “Махны төрөл тодорхойлох тухай” дүгнэлт  /хх-н 40-р хуудаст/,

Э.Бий яллагдагчаар өгсөн: “...тэгээд намайг машиндаа байж байсан чинь хэсэг хугацааны дараа хаалга цохихоор нь босоод хаалгаа онгойлгоход 2 залуу зогсож байгаад болсон шүү гэж хэлчихээд явсан. Тэгээд би маргааш өдөр нь буюу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад хилээр ороход гаалийн талбай дээр мэргэжлийн хяналтын хүмүүс миний машиныг шалгаад нуусан барааг гаргаж ирсэн. Миний жолоодож явсан машины чиргүүл дээрээс нүүрсээр өнгөц хучсан 50 ширхэг хар өнгийн гялгар уутанд боосон 1,400 килограмм малын давсалсан гүзээ гарч ирсэн.” гэх мэдүүлэг/хх-н 52-53-р хуудаст/,

Өмнөговь аймгийн Авто тээврийн төвөөсийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 56 дугаар хуудаст/,

Э.Бий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41 дүгээр хуудаст/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 62-66 дугаар хуудаст/

“Берун Ложистик” ХХК-ийн эзэмшлийн “Хово” маркын 09-25 УНӨ улсын дугаартай авто машины 16-41 ГЧ улсын дугаартай чиргүүлийн тенхикийн тодорхойлолтын нотариатоор гэрчлүүлсэн хуулбар /хх-н 82 дугаар хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Гашуун сухайт” хилийн боомтоор “Берун Ложистик” ХХК-ийн эзэмшлийн “Хово” маркийн 09-25 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 16-41 ГЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд 50 боодол бүхий 1,400 килограмм малын давсалсан гүзээ нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5-7-р хуудаст/,

-2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Пүрэвсүрэнгийн гаргасан мөрдөгчийн тогтоол /хх-н 20-р хуудаст/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан тэмдэглэл /хх-н 13-14-р хуудаст/,

-Гэрч Э.Батсүрэнгийн мэдүүлэг /хх-н 29-31-р хуудаст/,

-Гэрч Э.Сугиржамцын мэдүүлэг /хх-н 33-р хуудаст/,

-Гэрч Н.Тэгшээгийн мэдүүлэг /хх-н 38-р хуудаст/,

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын “Мал эмнэлэг, үржлийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №05 дугаартай “Махны төрөл тодорхойлох тухай” “Хураагдсан 1,400 килограмм зүйл нь малын дайвар бүтээгдэхүүн мөн байна.” гэх дүгнэлт  /хх-н 40-р хуудаст/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт зааснаар экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн үзлэг, шалгалтанд оруулах шаардлагыг хангаагүй бол тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт зааснаар улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглосон байна. 

Иймд шүүгдэгч Э.Бийг хязгаарласан буюу Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заагдсан боловч шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй, хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Э.Бд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,600 /гурван мянга зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хянаад, шүүгдэгч Э.Бд 2,000 /хоёр мянган/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Прокурорын тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 50 боодол бүхий 1,400 килограмм бог малын давсалсан гүзээг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЗ/109 тоот шүүгчийн захирамжаар устгасан болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг тус тус шийдвэрт дурдав.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Энхтүвшингийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 2,000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Прокурорын тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 50 боодол бүхий 1,400 килограмм бог малын давсалсан гүзээг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЗ/109 тоот шүүгчийн захирамжаар устгаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол, төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Бий иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ӨЛЗИЙ-ОТГОН