| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0294/Э |
| Дугаар | 304 |
| Огноо | 2019-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 304
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Т.О /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Т-ын О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918003820326 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Т-ын О /регистрийн дугаар: .../, 1991 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Туяа” үсчин, гоо сайхны газарт үсчин ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Т.О нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 4 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ОК” зочид буудал дотор хувийн маргааны улмаас иргэн Г.О-ийг зодож эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн хөмсөг, баруун нүдний зовхи, баруун, зүүн хацар, доод эрүү, зүүн бугалга, баруун, зүүн шуу, тохой сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц нь Т.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн
D:\2019on. shiitgeh togtool \Otgontsetseg-11.6-1.docx
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.О нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 4 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ОК” зочид буудал дотор хувийн маргааны улмаас иргэн Г.О-ийг зодож эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн хөмсөг, баруун нүдний зовхи, баруун, зүүн хацар, доод эрүү, зүүн бугалга, баруун, зүүн шуу, тохой сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О-ийн өгсөн “...Гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[1],
-Хохирогч Г.О-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би S караокед бармен ажилтай, 2019 оны 5 сарын 12-ны орой 00 цагийн үед би найз А, Б нартай уулзах гээд “Ок” нэртэй буудалд очсон тэгээд тэнд тэр хоёртой нийлээд 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи уусан, хэсэг байж байгаад Д-тэй уулзах гэж доошоо буусан, манай найз Д тэнд ресепшин хийдэг юм аа. Би буудалд ирэхдээ халамцуу дээрээс нь бас нэмээд бага зэрэг архи уучихсан ерөнхийдөө нэлээн халамцуу байсан. Тэгээд найз Д-тэй юм яриад сууж байхад 2 хүүхэн гараад ирсэн /одоо нэрийг нь мэддэг болсон/ О, А над руу А аймаар хараад байхаар нь би согтуу байсан болохоор “яагаад над руу ингэж айхтар хараад байгаа юм бэ” гэсэн чинь А чам руу харахаар яадаг юм бэ гэхээр нь би чи над руу аймаар хараад байх юм аа, чи намайг таньдаг юм уу гэж асуусан согтуудаа танихгүй байгаа юм болов уу гэж бодоод тэгж асуусан юм аа. Тэгсэн А уурлаад намайг дуугүй бай гичий минь гэсэн тэгэхээр нь чи хүнтэй зөв харьцаж сураач ээ гэсэн чинь цаанаас нь О уурлаад надтай хэрэлдээд зодоон эхэлсэн. О намайг үснээс зулгаагаад зөндөө цохиж маажсан, би ч бас уур хүрээд согтуу байсан учраас өөдөөс нь зодолдоод хэрэлдсэн.” гэх мэдүүлэг[2],
-Гэрч М.Д-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...О нь цуг явсан шар үстэй хүүхэнтэйгээ араас нь гараад ирсэн ба чи муу яахаараа миний найзтай хэрэлддэг юм гээд тэр хоёр А-ийгээ өмөөрөөд хэрэлдээд эхэлсэн ба хэрүүл даамжирч бие биенийгээ элдвийн хараалын үгээр доромжлоод эхэлсэн ба энэ үед тэр О гэх эмэгтэй эхлээд О-ийг үстээд авсан ...би тэр үед салгах гээд дийлэхгүй байсан.” гэх мэдүүлэг[3],
-Гэрч Л.Э-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...А эгч гадагш гарч ариун цэврийн өрөө орох гээд буудлын коридорт нэг эмэгтэйтэй маргалдаад байх дуу гарахаар нь О эгч бид хоёр гадагшаа гараад ирсэн чинь шар царайтай махлагдуу бүлцгэр царайтай шал согтуу эмэгтэй коридорт А эгчтэй маргалдаад байж байсан юм. Тэгээд А, О, тэр эмэгтэй 3 хоорондоо маргалдаад зодолдоод эхэлсэн юм. Тэр үед буудлын ресепшин эгч бид хоёр салгах гээд оролдоод арай гэж салгаад А, О эгч бид 3 өрөөндөө орсон юм. Удалгүй цагдаа нар ирж энэ хэдийг авч яваад эрүүлжүүлсэн юм .” гэх мэдүүлэг[4],
-Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 5 сарын 13-ны өдөр “Ок” караоке баарны ресепшин Доогий гэх эмэгтэй над руу залгаад хүрч ирээд О-ийг ирээд аваадхаач энд 3 хүүхэнд зодуулчихсан байна гээд над руу залгасан юм. Тэгээд би 5 цагийн үед яваад очсон чинь О согтуу уруул нь хавдаад цус гоожоод нүд нүүр нь хавдчихсан байдалтай буудлын өрөөнд байсан юм. ...бид хэд буцаж нөгөө буудлын үүдэнд орсон чинь тэр 3 хүүхэн үүдэнд зогсож байсан ба Э эгч явж ороод та нар яагаад хүүхдийг ийм болтол зодож байгаа юм бэ гэсэн чинь тэр О гэх эмэгтэй Э эгчтэй маргалдсан ба удалгүй О хоёр хоорондоо дахиж зодолдоод эхэлсэн ба тэр үед О нь О-ийг газар унагаагаад толгой хэсэг рүү 2 удаа өшиглөсөн ба тэгээд тэр хоёр зууралдаад буудлын гадаа гарсан ба тэр үед цагдаа нар хүрч ирээд О, А нарыг эрүүлжүүлсэн юм.” гэх мэдүүлэг[5],
-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...Г.О-ийн биед дух, баруун, зүүн хөмсөг, баруун нүдний зовхи, баруун, зүүн хацар, доод эрүү, зүүн бугалга, баруун, зүүн шуу, тохой сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 426 дугаар шинжээчийн дүгнэлт[6],
Яллагдагч Т.О-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн: “...би нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон, тэгээд л зууралдсан, өөр цохиж зодсон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг[7] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Шүүхээс шүүгдэгч Т.О-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Т.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн эхний 3 сар 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр, сүүлийн 1 сар 150.000 /нэг зуун тавин мянган/төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Хохирогч Г.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Хэрэгт шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх
төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Т-ын О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн эхний 3 сар 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр, сүүлийн 1 сар 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 14 тал
[2] Хавтаст хэргийн 15-16 тал
[3] Хавтаст хэргийн 17-18 тал
[4] Хавтаст хэргийн 24 тал
[5] Хавтаст хэргийн 25 тал
[6] Хавтаст хэргийн 27-28 тал
[7] Хавтаст хэргийн 48 тал