Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/00777

 

 

 

 

******** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01919 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 26,442,200 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн төлөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр сургуулийн захирал намайг ажлаас чөлөөлж хууль бус тушаал гаргасан. Боловсролын тухай хууль 2023 оны 07 дугаар сард батлагдаж, тухайн хууль батлагдсанаар 2018 онд гарсан дүрэм, журмууд Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэхгүй гэснийг зөрчиж, буцаан хэрэглэж тушаал гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажилтан эрхэлж байгаа ажилдаа тэнцэхгүй, ур чадвар нь гүйцэхгүй гэсэн эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэрээр тогтоогдсон байх ёстой. Мөн тогтоогдсоны дараа тодорхой хугацаанд ажлаа сайжруулсан талаар хугацаа олгох ёстой байдаг. Гэтэл ямар нэгэн эрх бүхий этгээдийн дүгнэлт гаргаагүй байхад энэ хуулийн зүйл заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг удирдлага болгосон. Гэтэл ажилтан давтан зөрчил гаргаагүй, мөн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргаагүй. Ажлаас халах тушаал гэж байгаа боловч хөдөлмөрийн ёс зүйн харилцааг дуусгавар болгох тушаалын хоёр зөрчилдөөнтэй заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг баримталсан нь тухайн тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлага хангахгүй байна.

Мөн тушаалын 1 дүгээр бичвэрт 12 дугаар ангийн нийт 91 сурагчийн материалыг засалгүй, шууд худал дүн тавьж гаргасан нь багшийн ёс зүйд нийцэхгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Боловсрол, шинжлэх ухааны сайд ёс зүйн дүрмийг батлах ёстой. Гэтэл ёс зүйн дүрмийн ямар заалтыг зөрчсөн бэ гэх ойлголттой холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй.

Иймд ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 26,442,200 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2023-2024 оны хичээлийн жилийн анги дэвших улсын шалгалт авах Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/425 тоот тушаал, журмын дагуу захирлын тушаал гарч, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр улсын хэмжээнд англи хэлний шалгалт авсан.

Тэр үед багш ******** манай анги 12 дугаар ангиа төгслөө, дүн муу байж болохгүй, та нар засаад хэрэггүй, гайгүй дүн тавь гэж бусад багш нараа уриалж, загнаж элдэв ааш гаргасан. Энэ шалгалтыг авсан өдрийн 23:00 цагаас 4 багш нийлж шалгалтыг засварлаж эхэлсэн. Багш нар шалгалтын материалыг засахдаа үнэн зөв гэдэг дээр үнэлэлт хийхгүйгээр аль сурагчид хэдэн оноо өгөхийг ерөнхий зан байдалд тааруулан гаргасан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог.

Шалгалтыг үнэн зөвөөр аваагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээс харагдана. Одоо багш ******** Хан-Уул дүүргийн Нийслэлийн ерөнхий боловсролын *******д сургалтын менежерээр ажиллаж байгаа гэх мэдээлэл авсан ба эрүүл мэнд, нийгмийн даатгал, ажилгүйдэл зэрэг нь тасраагүй төлөгдөж, ажилласан хугацааны цалингаа авч ямар нэгэн эдийн засгийн хохиролд ороогүй.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Багш нар зуны амралтаар 48 хоног амардаг. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш тухайн үед сургууль амарсан байсан. Хичээлдээ орох хүртэл хамгийн сүүлд өгсөн цалингийн 3 сард хувааж нийгмийн даатгалын бичилт нь хийгддэг. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл тасарсан гэж үзэхгүй.

Хөдөлмөрийн гэрээний 4 дэх хэсэгт гэрээг дуусгавар болгох хэсгийн 3 дахь догол мөрөнд ажлын байранд болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажлын байранд согтуу ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр жижгээр танхайран, байгууллагын журам, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар гүйцэтгэхээс татгалзсан, эсэргүүцсэн бол, ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан сургалтын үйл ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлсөн үйл баримт гаргасан гэж заасныг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримталсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар ********г ******** сургуулийн англи хэлний багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ******** сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин 25,480,580 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 961,620 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан ******** ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг ********д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******** улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******** сургуулиас 285,352 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн материалыг нэг бүрчлэн засаагүй, мөн худлаа оноо өгсөн болох нь Боловсролын үнэлгээний төвийн шинжээчийн багийн дүгнэлтээр батлагдаж байгаа. Гэтэл шүүх уг дүгнэлтийг үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн заавал хийх ёстой үйлдлийг хийгээгүй буюу эс үйлдэл гаргасан байдалд ач холбогдол өгөөгүй.

Тухайн улсын шалгалтад нэхэмжлэгч ********тай хамт шалгалтын материалыг зассан 3 багш ижил шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг гурван багшийн хувьд гаргасан зөрчлөө ухамсарлан давтан зөрчил гаргахгүйгээр үргэлжлүүлэн ажиллах өргөдөл өгсний дагуу буцаан ажилдаа орсон. Шүүх хуралдаанд уг 3 багшийн нэг ****** гэрчээр оролцуулсан. Шалгалтын материалыг засах үед нэхэмжлэгчийн бусад шалгалтын материалыг засаж байсан багш нарт гаргасан зан авир болон зүй бус шаардлагуудыг мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний Дөрөв дэх зүйл, гэрээг дуусгавар болгох, цуцлах гэсэн заалтын 4.2.2-ын 3 дах догол мөрөнд ...шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан.

Сурагчдын материалыг нэг бүрчлэн засах шалгалтын гүйцэтгэлд тохирсон дүн тавих нь багш хүний хувьд заавал хийх ёстой үйлдэл, мөн удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар юм. Үүнээс үзвэл хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу цуцалж болох үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Тушаал гарах үед нэхэмжлэгчийг зөрчил гаргасан болохыг тогтоосон баримт байхгүй. Хэрэгт одоо авагдсан баримтууд нөхөж хийгдсэн ажиллагаа. Тухайн үед асуудалд орсон гэх багш нараас ганцхан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь ялгаварлан гадуурхсан хэрэг. Иймд шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********д холбогдуулан ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 26,442,200 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь багш ******** нь анги дэвших шалгалт авахдаа 91 сурагчийн материалыг засаагүй шууд худлаа дүн тавьж гаргасан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. ******** нь 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ********д англи хэлний багшаар ажиллажээ.

 

3.1. Тус сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг баримтлан багш ******** нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр улсын хэмжээнд нэгдсэн цагаар авдаг англи хэлний шалгалтын 12 дугаар ангийн нийт 91 сурагчийн материалыг засаагүй шууд худлаа дүн тавьж гаргасан нь багшийн ёс зүйд нийцэхгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

3.2. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдсон байна.

 

4. Ажил олгогчийн зүгээс ажилтныг 91 сурагчийн материалыг засаагүй шууд худлаа дүн тавьж гаргасан гэж ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т зааснаар мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна.

 

4.1. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийг цуцлах тохиолдолд ажил олгогч нь ажилтан нь мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг тус тус тогтоох үүргийг хүлээнэ.

 

4.2. Хэрэгт нэхэмжлэгч нь мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд англи хэлний багшийн ажил үүрэгт тэнцэхгүй болохыг тогтоосон баримт авагдаагүй, энэ талаарх мэтгэлцээний байр сууриа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Түүнчлэн анхан шатны шүүхээс ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тохиолдолд энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т хуульчилсан ба тэр талаарх баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, баримтаар нотлоогүй гэж зөв дүгнэсэн.

 

4.3. Харин анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан тушаалын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зөрчлийн талаарх хэсэгт дүгнэлт өгөлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой байна.

Өмнө дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд ажил олгогч нь ажилтны гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг тушаал гаргах үедээ баримтаар тогтоосон байх ёстой.

 

4.4. Хэрэгт авагдсан шинжээч Боловсролын үнэлгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/370 тоот дүгнэлт, гэрч ****** нарын мэдүүлгээр ******** нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр улсын хэмжээнд нэгдсэн цагаар авдаг англи хэлний шалгалтын 12 дугаар ангийн нийт 91 сурагчийн материалыг засахдаа зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна.

Гэхдээ эдгээр баримт нь ажилтны гаргасан зөрчлийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөж хийсэн үйл баримт байх ба харин, ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас чөлөөлөх үед түүний гаргасан ноцтой зөрчлийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Өөрөөр хэлбэл, хожим аливаа хэлбэрээр ажилтны урьд гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байгаа нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр гаргах үед ажилтны гаргасан зөрчлийг нотлоогүй орхигдуулсан эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймээс ажил олгогч нь ажилтныг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг баримтжуулж тогтоогоогүй атлаа түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцээгүй байна.

 

4.5. Хэргийн 133-143 дугаар талд хариуцагчийн зүгээс шалгалтын дүнгийн хурлын протокол гэх баримт гаргаж өгсөн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь заасан шаардлагыг хангаагүй тул үнэлэхгүй.

Уг баримтыг бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаж өгөх үүргийг хариуцагч хүлээнэ.

 

4.6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ******** сургуулийн англи хэлний багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцжээ.

 

5. Мөн анхан шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 25,480,580 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6. Дээрх үндэслэлээр нэмэлт эрх зүйн дүгнэлт өгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/01919 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ