| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2024/06635/И |
| Дугаар | 210/МА2025/00677 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/00677
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/01703 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч *******-т холбогдох,
2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/36 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* дугаартай, 410 м.кв талбай бүхий хувийн сууцыг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 500 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрын хамт дуудлага худалдаанд оруулсан хэсэг, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/25 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, , түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.2. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 410 м.кв талбай бүхий хувийн сууцыг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 500 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрын хамт худалдан борлуулах хоёр дахь албадан дуудлага худалдаа 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагт болох талаар мэдэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөхийг сануулсан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/25 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр чөлөөлөхийг мэдэгдсэн.
1.3. Дуудлага худалдааны тэмдэглэлд дэд дарга, хурандаа ******* гарын үсэг зураагүй ба дуудлага худалдааны мэдэгдэлд дурдсан хугацаанаас өөр өдөр дуудлага худалдаа явуулж, дутуу бичиг баримтаар миний үнэ бүхий хөрөнгийг бусдад шилжүүлэх үйлдэл хийсэн нь хууль зөрчсөн. Энэ талаар 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2/956 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох боломжгүй талаар мэдэгдсэн. Тухайн албан бичигт өөрийн хөрөнгийг дуудлага худалдааны ялагчид сайн дураар хүлээлгэн өгч гомдол, санал гаргахгүй талаар хүсэлт гаргасан байна гэж дурдсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон холбогдох бичиг баримтуудыг хуулийн дагуу бүрдүүлээгүй болох нь илт харагдаж байхад эс анхаарч шалгаагүй. Миний бие тус хариу мэдэгдлийг эс зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан боловч 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9-1/2278 дугаартай албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.
1.4. Дуудлага худалдаагаар худалдагдсан тухайн үл хөдлөх эд хөрөнгө доторх тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулаагүй болно. Иймд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/36 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* дугаартай, 410 м.кв талбай бүхий хувийн сууцыг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 500 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрын хамт дуудлага худалдаанд оруулсан хэсэг, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/25 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, гэрчилгээний ******* дугаартай, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах 410 м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, орон сууцны зориулалтай газар эзэмших эрхийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж дээрх барьцаа хөрөнгүүдийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор хураасан.
Талуудаас үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр төлөгч *******, ******* нараас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 410 м.кв талбай бүхий хувийн сууцыг 1,800,000,000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 500 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрыг 900,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн хүсэлтийг ирүүлсэн.
Төлбөр авагч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үнэлгээ нь бодит бус, зах зээлийн үнэлгээнээс хэт давсан үндэслэлээр хөндлөнгийн шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох талаар хүсэлт гаргасан ба 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/105 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийг шинжээчээр томилсон. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ш-4/6 дугаартай үнэлгээний тайланг хүлээн авч хуульд заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *******, *******, ******* дугаартай албан бичгээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн.
2.3. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/31 дугаартай тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн *******, ******* дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч *******-д гардуулж өгсөн. Тус газраас зохион байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 410 м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 500 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрыг тус тус оруулсан боловч худалдан авах санал ирүүлээгүй.
Төлбөр төлөгч *******, ******* нарын гаргасан ******* ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ш-4/6 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15530 дугаартай захирамжаар түдгэлзүүлсэн. Тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2068 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1598 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1330 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.4. Ийнхүү тус хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5/36 дугаартай тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр төлөгч *******-д танилцуулж, төлбөр төлөгч *******-д дамжуулж өгөхийг даалгаж тус тогтоолд гарын үсэг зуруулсан. Тус дуудлага худалдаагаар 555,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон тул 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжүүлэх тухай *******-д танилцуулж, төлбөр төлөгч *******-д дамжуулж өгөхийг даалгахад төлбөр төлөгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дуудлага худалдаагаар тус хөрөнгө 555,000,000 төгрөгөөр зарагдсанд татгалзах зүйл байхгүй, эд хөрөнгөтэй холбоотой маргаан гаргахгүй, албадан дуудлага худалдааны ялагч *******, д хүлээлгэн өгөх болохоо илэрхийлсэн хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн.
Мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй бөгөөд өмчлөх эрх шилжүүлэх тухай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/25 дугаартай тогтоолд гомдол гаргаагүй тул 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичгийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж *******, гийн өмчлөлд бүртгэсэн.
Иймд төлбөр төлөгч *******, ******* нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.1. *******, гийн хувьд 2024 оны 01 дүгээр сард ******* тай түрээсийн гэрээ байгуулан маргаан бүхий зочид буудал, караокены зориулалттай байшинг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл удалгүй шийдвэр гүйцэтгэх газраас энэхүү байрыг дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа талаар мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сайт руу ороход энэхүү хөрөнгө нь 518,175,000 төгрөгөөс дуудагдахаар зар гарсан байсан. Ингээд *******, гэр бүлийн хүнтэйгээ зөвлөлдөөд дэнчингийн мөнгө 51,820,000 төгрөгийг төлөөд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дуудлага худалдаанд оролцсон. Дуудлага худалдаанд 2 хүн оролцсон ба *******, нь хамгийн өндөр үнэ буюу 555,000,000 төгрөгийг хэлсэн тул ялагч болж, хуульд заасны дагуу 14 хоногийн дотор үлдэгдэл мөнгийг төлж дуусгасан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан.
3.2. *******-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд албадан дуудлага худалдааг мэдэгдэлд дурдсан хугацаанаас өөр өдөр явуулсан гэж дурдсан байна. Хавтас хэргийн 141 дүгээр талд авагдсан 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10764 дугаартай албан бичигт хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах өдрийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэж буруу бичсэн боловч *******-д дуудлага худалдаа 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болох талаар мэдэгдэж, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг гардуулсан. Уг тогтоолд дуудлага худалдаа 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт зохион байгуулагдах талаар бичсэн. Энэ мэдэгдэлд дурдсанаас өөр өдөр дуудлага худалдаа явуулаагүй.
3.3. ******* нь гаргасан хүсэлтдээ 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дуудлага худалдаагаар миний үл хөдлөх хөрөнгийг 555,000,000 төгрөгөөр зарсан байх бөгөөд үүн дээр татгалзах зүйл байхгүй, ямар нэгэн маргаан байхгүй, гомдол гаргахгүй, дуудлага худалдааны ялагч *******, д бүх эд хөрөнгөө хүлээлгэж өгөхөд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн.
3.4. Нэхэмжлэгч нь дутуу бичиг баримтаар түүний хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэдэг. Хавтаст хэргийн 187 дугаар талд байх дуудлага худалдааны тэмдэглэлд ахлах шийдвэр гүйцэтгэгч *******, , дэд дарга *******, мэргэжилтэн ******* нар гарын үсэг зураад тамга дарсан. Дэд дарга, хурандаа ******* гарын үсэг зураагүй нь тухайн тэмдэглэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. *******, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулсан. Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч *******-ын хариуцагч *******-т холбогдуулан гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/36 дугаартай тогтоол, мөн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгчид холбогдох хэсгийг болон 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 6/25 дугаартай өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хоёр дахь албадан дуудлага худалдаа 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагт болох талаар мэдэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөхийг сануулсан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 6/25 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолд үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр чөлөөлөхийг мэдэгдсэн.
Дуудлага худалдааны тэмдэглэлд дэд дарга, хурандаа ******* гарын үсэг зураагүй ба дуудлага худалдааг мэдэгдэлд дурдсан хугацаанаас өөр өдөр явуулж, дутуу бичиг баримтаар миний үнэ бүхий хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн.
5.2. Албан бичиг, тогтоол, мэдэгдлүүдэд он, cap, өдөр илт зөрүүтэй, мөн дагалдах хөрөнгүүд, тоног төхөөрөмж зарагдаагүй байхад хамтад нь шууд шилжүүлсэн зэрэг алдаатай ажиллагаанууд байхад шүүх үүнд дүгнэлт хийсэнгүй.
5.3. Мөн иргэний хэрэг үүсгэсэн тухай захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасны дагуу түдгэлзүүлэх тухай хүсэлтийн хамт шийдвэр гүйцэтгэх газар, ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсээр байтал ажиллагааг түдгэлзүүлэлгүй явуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 10 дугаар сард шилжүүлсэн. Үүнээс харахад шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ажлаа хуулийн дагуу явуулдаггүй болох нь тодорхой харагдаж байна.
5.4. Шүүх зөвхөн хариуцагчид ашигтай нотлох баримтуудыг үнэлж, алдаа бүхий баримтуудыг дурдаагүй, мөн хавтаст хэргийн 188 дугаар талд байх 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдлээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлбөрийг төлсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид хөрөнгө шилжихгүй талаар мэдэгдсэн байна гэж дүгнэсэн.
Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
6.1. Албан бичигт он, сарыг бичихдээ техникийн алдаа гаргасан боловч нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5/36 дугаартай тогтоолтой 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр танилцаж, тухайн өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэж, нөхөр *******-д дамжуулж өгөхөөр гарын үсэг зурж хүлээн авсан. Иймд дуудлага худалдааны он, сарыг андуурч, мэдээгүй гэх үндэслэл байхгүй.
6.2. Дуудлага худалдааны тэмдэглэлд дэд дарга, хурандаа ******* гарын үсэг зураагүй гэх боловч уг тэмдэглэлд дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч болон тухайн үед дуудлага худалдааг даргалж байсан дарга гарын үсэг зурж баталгаажуулсан. Тэмдэглэлд 2 дэд дарга заавал хоёулаа гарын үсэг зурах шаардлагагүй.
Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн албан тоотод техникийн алдаа гаргаж 05 дугаар сарын 10-ны өдрийг 04 дүгээр сарын 10-ны өдөр гэж буруу огноо бичсэнийг хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан албан бичигт дуудлага худалдаа 04 дүгээр сарын 10-ны өдөр болно гэж бичих боломжгүй. Энэ нь техникийн алдаа юм.
7.2. Гомдолд дуудлага худалдаагаар борлогдсон хөрөнгө дотор байсан эд хөрөнгийн талаар дурдсан. Нэгдүгээр хавтаст хэргийн 196-197 дугаар талд *******-ын гараар бичсэн хүсэлт байдаг. Уг хүсэлтдээ ******* нь дуудлага худалдааг хүлээн зөвшөөрч, цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар ямар нэгэн санал гаргахгүй талаар бичсэн.
Иймд *******, нь дуудлага худалдаанд бүртгүүлж, дэнчин тавьж оролцон ялагч болж, үлдэгдэл мөнгөө төлж хууль ёсоор өмчилж авсан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/36 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанаас нэхэмжлэгч *******-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан хэсэг, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/25 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00626 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 1,187,870,014.76 төгрөгийг гаргуулан *******-д олгохоор, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, гэрчилгээний ******* дугаартай, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах 410 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, үйлчилгээтэй орон сууцны зориулалтай газар эзэмших эрхийг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /1хх42-52/
3.2. Тус шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч *******, ******* нар сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр битүүмжилж, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хураан авсан байна. /1хх57-59, 60-62/
3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч *******, ******* нар нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хөрөнгийн үнэлгээний талаар саналаа ирүүлсэн ба төлбөр авагч ******* -аас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шинжээч томилуулж, хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох талаар гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/105 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор ******* ХХК-ийн шинжээч *******-ийг томилжээ. /1хх63-65/
******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ш-4/6 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байх ба уг тайланд үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1,036,350,000 төгрөгөөр үнэлсэн байна. /1хх69-92/
3.4. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 6/31 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан. Төлбөр төлөгч *******, ******* нар нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02068 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2023/01598 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг Улсын дээд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2023/01330 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /1хх118, 127-139/
4. Анхан шатны шүүхийн ...******* ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарах хүртэлх хугацаанд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянах шаардлагагүй. гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/36 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон хоёр дахь албадан дуудлага худалдааны товыг мэдэгдээгүй, дуудлага худалдаанд өөрийн хөрөнгийг худалдан авах эрхээр хангаагүй гэх агуулгаар гаргасан гомдол хангагдахгүй. Учир нь нэгдүгээр хавтаст хэргийн 140, 142 дугаар талд авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/36 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол болон нэхэмжлэлийн шаардлага нь няцаагдаж байна.
Тодруулбал, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай мэдэгдэлд хоёр дахь албадан дуудлага худалдаа болох он, сар, өдрийг зөрүүтэй тэмдэглэсэн байх боловч нэхэмжлэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/36 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолтой 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр танилцсан, уг тогтоолд дуудлага худалдаа явуулах өдрийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт болох талаар заасан, мөн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулагдах талаар нэхэмжлэгч *******-д тодорхой танилцуулагдсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч *******-ыг мэдээгүй, эрхээр хангагдаагүй гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
6. Дуудлага худалдааны дараа дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх эсэх асуудлаар нэхэмжлэгч ******* ас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч *******-т гаргасан хүсэлт хавтаст хэргийн 196 дугаар талд авагдсан ба энэ хүсэлтэнд, нэхэмжлэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дуудлага худалдаагаар түүний хөрөнгө 555,000,000 төгрөгөөр зарагдсанд татгалзах зүйл байхгүй, эд хөрөнгөтэй холбоотой маргаан дахин гаргахгүй, хөрөнгөө дуудлага худалдааны ялагч *******, д хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй болохоо тус тус илэрхийлсэн байх тул үүнийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 188/2 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсан нь хуульд нийцсэн гэж үзнэ.
7. Мөн нэхэмжлэгч ******* нь дуудлага худалдааны тэмдэглэлд дэд дарга гарын үсэг зураагүй гэх агуулгаар гомдол гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.17 дахь хэсэгт Дуудлага худалдааны явцын талаар тэмдэглэл хөтөлж, дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч болон тэмдэглэл хөтлөгч, шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурах бөгөөд дуудлага худалдааны оролцогч тэмдэглэлтэй танилцаж, санал гаргах эрхтэй. гэж заасан тул 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл нь хуулийн шаардлага хангасан байна. /хх148-187/
Иймд дээрх дуудлага худалдааны тэмдэглэлд дэд дарга, хурандаа ******* гарын үсэг зураагүй нь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
8. Түүнчлэн нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийг хамт шилжүүлсэн гэх агуулгаар гаргасан гомдол хангагдахгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгө дотор байсан хөрөнгө нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зүйлд хамаарахгүй байгаа учраас энэ асуудлыг тусад нь шийдвэрлүүлэх нь зүйтэй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/01703 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН