| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2024/05595/И |
| Дугаар | 210/МА2025/00678 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/00678
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01315 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,289,500 төгрөг, зээлийн хүү 9,857,048 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,497,522 төгрөг, нийт 20,644,070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , *******, хариуцагч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******, ******* нартай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* дугаар зээлийн гэрээг байгуулж, 14,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авах хүсэлт гарган, зээлдэгч *******-гийн ******* тоот харилцах дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон.
1.2. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нар сар бүрийн 20-ны өдөр 540,808 төгрөгийн төлөлт хийхээр тохиролцсон боловч 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр явцын хугацаа хэтрэлттэй 15 удаагийн үйлдлээр нийт 8,131,290 төгрөг төлсөн. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй, зээл чанаргүй ангилалд шилжиж зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Дээрх хугацаанд *******-ийн зүгээс зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Тухайн үед зээлийн төлбөр 16,105,155 төгрөг байсан.
1.3. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/Ш32023/03345 дугаар захирамжаар хаяг тодорхойгүй шалтгаанаар буцсан. Хаяг тодруулахаар удаа дараа зээлдэгч *******-тай холбогдоход эргээд холбогдоно гэсэн боловч ирээгүй. Иймд хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,289,500 төгрөг, зээлийн хүү 9,857,048 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,497,522 төгрөг, нийт 20,644,070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: ******* -аас 14,000,000 төгрөгийг 2018 оны 09 дугаар сарын 19-ний өдөр 3 жилийн хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн хуваарийн дагуу төлөөд 9 сая гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ үед ковид гарч, үүний улмаас хөл хорио тогтоож зээлийн эргэн төлөлт төлж чадаагүй. Мөн ******* бөөрний өвчтэй учраас эмчилгээ хийлгэж, улмаар санхүүгийн боломж буурсан. Зээлийн эргэн төлөлт алдагдаж, зээлдэгч зээлээ төлөхгүй бол гэрээг цуцалж нэн даруй шүүхэд хандах учиртай байтал ******* санаатайгаар их хэмжээний хүү нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* -тай зөвшилцсөн, тооцоо нийлсэн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14,399,145 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин үндэслэлгүйгээр илүү нэхэмжилсэн 6,343,573 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд 14,399,145 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9,289,500 төгрөг, зээлийн хүү 9,857,048 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,497,522 төгрөг, нийт 20,644,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 261,663 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 261,663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******-гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Зээлийн хүү 9,857,048 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,497,522 төгрөг, нийт 11,354,570 төгрөг болж байгаа. Гэтэл үндсэн зээл 9,289,500 төгрөгийг дахин нугалж хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч тал 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн дүн 16,655,256 төгрөг байсан. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/Ш32023/03345 дугаар захирамжаар хаяг тодорхойгүй шалтгаанаар буцсан. Хаяг тодруулахаар удаа дараа зээлдэгч *******-тай холбогдоход оршин байгаа хаягаа хэлж өгөөгүй, мөн утас холбогддоггүй гэх худал мэдээллээр санаатайгаар хүүг өсгөж иргэний хохироож байгаад гомдолтой байна. Хаяг асууж шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар нэн ч удаа холбогдож мэдээлэл өгөөгүй болно. Хэрэв бидэнд мэдэгдсэн бол асуудлыг хүндрүүлэхгүйгээр шийдэх боломжтой байсан. Иймд 16,655,256 төгрөг төлөх хүсэлтэй байна гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Зээлдэгч ******* 2018 онд 14,000,000 төгрөгийн зээлийг тухайн үед өөрийн ажиллуулж байсан хүнсний дэлгүүрт эргэлтийн хөрөнгө, бараа нэмэгдүүлэх зорилгоор авсан. Цар тахлын үе байсан гэж давж заалдах гомдолд дурдсан боловч цар тахлын үеэр Засгийн газраас хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд ямар нэгэн хориг тавиагүй. Банкнаас зээл төлөх талаар мэдэгдлийг хариуцагч нарт нийт 4 удаа хүргүүлсэн бөгөөд хариуцагч тухайн үед өөрөө хүлээж аваад зээлийг төлнө гэдгээ амалж, мэдэгдлийг хүлээж авсан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч нар олдоогүй учраас шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дараа нь 2024 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргаж, энэ хугацааны хүүг нэмж нэхэмжилсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. Банкны зээлийн цаана хадгаламж эзэмшигч нараас татсан мөнгийг санхүүжилт шаардлагатай харилцагч нарт зээл болгон олгодог тул цаана нь бодогдож буй хадгаламжийн хүүг банк буцаан төлөх шаардлагатай байдаг. Энэ үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч *******-гийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрт техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,289,500 төгрөг, зээлийн хүү 9,857,048 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,497,522 төгрөг, нийт 20,644,070 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 16,655,256 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* нь *******, ******* нартай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 14,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-8-10/
3.2. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
3.3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал болон шаардах эрхийн талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
3.4. Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* д 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 14,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн./хх15-18/
4.1. Хариуцагч нар нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 14,000,000 төгрөгийг зээлдэн авснаас хойш зээлийн гэрээний үүрэгт нийт 8,131,290 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.
4.2. Иймд хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд зөрчлийг арилгах талаар зээлдэгч нарт сануулсан, зээлдэгч зөрчлийг арилгаагүй байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
5. Нэхэмжлэгч талаас баримтаар гаргасан зээлийн дансны харилцагчийн хуулга, зээл, хүүгийн тооцооны хуудаст ******* нь гэрээний хугацаанд нийт 8,131,290 төгрөг төлснийг үндсэн зээлд 4,710,499 төгрөг, зээлийн хүүд 3,417,862 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,928 төгрөг тооцон суутгасан, одоо зээлийн үлдэгдэлд хариуцагч нар үндсэн зээл 9,289,500 төгрөг, зээлийн хүү 9,955,695 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,497,522 төгрөг төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэгч тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
5.1. Хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
6. Иймд зээлдэгч нар үндсэн зээл 9,289,500 төгрөг, зээлийн хүү 9,955,695 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,497,522 төгрөг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээл 9,289,500 төгрөг, зээлийн хүү 9,955,695 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,497,522 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэрийг тооцохдоо 20,742,718 төгрөг гэж техникийн алдаа гаргаж буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан хариуцагч нараас гаргуулах нийт төлбөрийн дүнг 20,644,071 төгрөг гэж залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.
7. Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулна.
8. Хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хугацаа алдаж нэхэмжлэл гаргасан нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэж, их хэмжээний зээл төлөх болсон гэсэн агуулгатай гаргасан тайлбар, татгалзал нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй боловч түүний шаардах эрхийг үүрэгжүүлэх боломжгүй тул уг гомдлыг хангахгүй.
Мөн хариуцагч нь ...зээлийн эргэн төлөлтөд цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн, энэ үеийн хүүг зогсоогоогүй гэх агуулгаар гомдол гаргажээ. Ковид-19 цар тахлын үед хариуцагч нарын зүгээс банкинд зээлийн хүүг зогсоолгох талаар хүсэлт гаргасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсоныг хасч тооцох үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн этгээд нараас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь зөв байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 20,742,718.46 гэснийг 20,644,070 гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 261,663 гэснийг 261,170 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* гаас төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН