Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 306

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Ц-н Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918004880358 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С овогт Ц-н Г /РД:ИЭ55101570/, 1955 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт суудаг, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол 41 дүгээр байрны 15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Шүтээн” рестораны зүүн талын төв зам дээр тоёота приус  маркийн 3296 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Х мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Р холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

 

D:\shiitgeh togtool \Gelegbalsan-27.10-1-shiitgeh togtool .docx

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Шүтээн” рестораны зүүн талын төв зам дээр тоёота приус  маркийн 3296 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Х мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Ц.Г-ийн: “...Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан. Улсын яллагчтай 500 нэгжээр торгох ялыг тохиролцсон, зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг.

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын зураг[2],

 

-Хохирогч Э.Х-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 6 дугаар сарын 29-ний орой ...”Шүтээн” пабын орчмоор зам хөндлөн гарч явахдаа машинд мөргүүлсэн. Нэг мэдсэн эмнэлэг дээр ухаан ороод сэрсэн. Тэгээд эмнэлэгт 10 орчим хоног хэвтээд гарсан. Тэр машины жолооч ах болон эхнэр нь надад учирсан эрүүл мэндийн хохирлыг төлсөн байсан. Намайг Улаанбаатар хотод хүртэл очиж үзүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[3],

 

-Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ...Н-той юм ярьж алхаж байгаад эргээд харахад найз Х ганцаараа 5-8 метрийн зайтай ганцаараа бид хоёрыг дагаад алхаж байсан. Тэгээд бид гурав 1 дүгээр 60 айл өнгөрөөд зам хөндлөн гарахаар болоод Н бид хоёр зам гараад “Gold” зочид буудлын дэргэд ирэхэд машин тоормослох чимээ гарсан. Тэгээд эргээд хартал найз Х байхгүй байсан. Тэгээд тоормосолж зогссон приус 20 маркийн автомашиныг тойроод хартал Х машинд мөргүүлж зам тээврийн осолд орсон байсан.” гэх мэдүүлэг[4],

 

-Хохирогч Э.Х-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Э.Х-ийн биед тархины дунд зэргийн няцрал, зүүн нүдний ухархайн ар хананы битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 569 дугаартай дүгнэлт[5],

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Ж-ын 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 40 дугаартай ослын талаарх “...Жолооч Цийн Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан Жолооч  харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолоог өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна. Мөн дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.” гэх шинжээчийн дүгнэлт[6],

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 032 дугаартай “...3296 УНН дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн эвдрэлгүй байсан, техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[7],

 

-Ц.Г-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... Би гэрээсээ 01 цагийн орчим зээ хүү Мөнхсүлдийг хуучин Дарханаас авах гээд 3296 УНН улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байтал хуучин Дарханд “Шүтээн” пабын орчим нэг залуу замын голоор явж байхаар нь дуут дохио өгөөд гэрлээр дохисон чинь тэр залуу зогссон. Тэгэхээр нь би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явахад нөгөө залуу миний машины хажуугаас орж ирээд машинд мөргүүлсэн.” гэх мэдүүлэг[8] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Г-нг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой 897.650 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Г-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Ц-ийн Г-нг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Г-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-нд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 3-6 тал

[2] Хавтаст хэргийн 6-7  тал

[3] Хавтаст хэргийн 14-15 тал

[4] Хавтаст хэргийн 17 тал

[5] Хавтаст хэргийн 24-25 тал

[6] Хавтаст хэргийн 29 тал

[7]Хавтаст хэргийн 33-36 тал

[8] Хавтаст хэргийн 55-56 тал