Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00690

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01525 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны өмчлөгчөөр *******-ийг тогтоолгох тухай үндсэн, орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, олох байсан орлого 14,072,500 төгрөг, үйлчилгээний хөлсөнд төлсөн 300,000 төгрөг, нийт 14,372,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 272,260,320 төгрөгийн үнэ бүхий дээврийн сэндвич, хүрээ төмрийг зээлээр худалдан авсан. Энэ гэрээгээ баталгаажуулах зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр барьцааны гэрээ байгуулан нэхэмжлэгч болон түүний хүү *******-ий өмчлөлийн орон сууцыг тус тус барьцаалсан.

 

1.2. 2023 оны 04 дүгээр сар гэхэд зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрөөс 62,179,600 төгрөгийг төлж, 210,080,720 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Цар тахлын улмаас нэхэмжлэгчийн ажил бүрэн зогссоны улмаас өр төлбөрөө төлж чадаагүй тул 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тодорхой нөхцөл зааж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлийн барьцаанд тавих зорилгоор хариуцагчид түр шилжүүлэн худалдах, худалдан авах гэрээг 210,080,720 төгрөгийн хүрээнд байгуулсан.

1.3. Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 02 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, нийт 4,100,000 төгрөгийг төлж байсан боловч хариуцагчаас гэрээний үүрэгт орон сууцыг чөлөөлөхийг шаардаж эхэлсэн. Энэ байдлыг урьдаас төлөвлөсөн гэж харж байна. Учир нь хариуцагч маргаан бүхий орон сууцыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******-нд 300,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байснаа сүүлд мэдэгдсэн.

 

1.4. Нэхэмжлэгч нь анхнаасаа орон сууцыг худалдах санаа, зорилго агуулаагүй, дүр үзүүлсэн гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгч нь үлдсэн төлбөрөө өөрийн боломжоороо төлж барагдуулах хүсэлтэй байгаа. Маргаан бүхий орон сууцыг 2007 онд нэхэмжлэгч худалдан авч 2022 оныг хүртэл хүүтэйгээ хамт амьдарч байгаад хүү нь Япон Улсад суралцахаар явсан тул нэхэмжлэгчид итгэмжлэл олгосон.

 

Иймд *******, , ******* нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны өмчлөгчөөр *******-ийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 22/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 272,260,320 төгрөгийн үнэ бүхий дээврийн сэндвич, төмөр хүрээ худалдан авсан ба төлбөрөөс 62,179,600 төгрөгийг төлж, үлдэх 210,080,720 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

 

2.2. Үлдэх төлбөрийг төлөх баталгаа болгож 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ байгуулан нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах 70 м.кв талбай бүхий орон сууц, *******-ий өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах 85.6 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан.

 

2.3. Нэхэмжлэгч нь бараа материалын төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд төлөхийг удаа дараа шаардахад барьцаанд тавьсан түүний өмчлөлийн 70 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгвөл тухайн орон сууцаа худалдаад хариуцагчийн төлбөрийг төлж барагдуулах талаар гуйсан тул хариуцагч нь уг орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн боловч нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй хариуцагчийг мэхэлсэн.

 

2.4. Талууд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулан барьцаанд үлдсэн нэхэмжлэгчийн хүү *******-ий өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлж авсан. Энэхүү худалдах, худалдан авах гэрээнд нэхэмжлэлд дурдсанчлан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, эсхүл дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.5. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ хийгдээд хүчин төгөлдөр болсны дараа 4,100,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь үнийн дүнгээс хасагдаагүй байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт төлбөл зохих 210,080,720 төгрөгийг төлж барагдуулаагүй боловч хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг өнөөдрийг хүртэл үнэ төлбөргүй эзэмшиж, ашигласаар байна гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. ...Нэхэмжлэгч нь бараа материалын үнийг төлөөгүй тул талууд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулан түүний хүү *******-ий өмчлөлийн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлж авсан. Мөн энэ өдөр ******* дугаартай хэлэлцээр байгуулан дараах нөхцөлийг тохирсон. Үүнд:

 

А. 2023 оныг дуустал маргаан бүхий орон сууцыг түрээслэхгүй, худалдахгүй, зөвхөн хариуцагчийн хэрэгцээнд шаардлагатай мөнгөнд барьцаанд тавьж ашиглана. Зээлийн хүүг хариуцагч хариуцна.

Б. 2023 оныг дуустал нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд амьдарч болно. Бусдад худалдах ба түрээсэлж болохгүй.

В. 2023 он дуусахаас өмнө нэхэмжлэгч нь 210,080,720 төгрөгийг төлж барагдуулаагүй бол хариуцагч орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байхаар тохирсон.

 

3.2. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөл зохих 210,080,720 төгрөгийг төлж барагдуулаагүй, хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг өнөөдрийг хүртэл үнэ төлбөргүй эзэмшиж, ашигласаар байгаа тул орон сууцыг чөлөөлүүлж, орон сууцыг зах зээлийн ханшаар хөлсөлсөн тохиолдолд олох байсан орлого 14,072,500 төгрөг болон лавлагаа гаргуулахад төлсөн 300,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

 

Иймд ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, 2024 оны 01 дүгээр сараас эхлэн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг хөлсөлсөн тохиолдолд олох байсан орлогод 14,072,500 төгрөг, ******* ХХК-аас лавлагаа гаргуулахад төлсөн 300,000 төгрөг, нийт 14,372,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбарын агуулга:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий орон сууцыг анх худалдан авах зорилгогүй байсан, сэндвичний үлдэгдэл төлбөрийг авах байсан гэх тайлбарыг гаргасан боловч тухайн үед худалдах, худалдан авах гэрээ бодитоор хийгдсэн үндэслэлээр орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Төлбөрийн үлдэгдэл 4,100,000 төгрөгийг хүлээн авсан нь гэрээний харилцаа үргэлжилж байгааг харуулж байна. Худалдах, худалдан авах гэрээ бодитоор хийгдсэн бол 4,100,000 төгрөгийг буцаагаад шилжүүлэх ёстой байсан. Энэ нь өөрөө эрх зүйн өмнөх харилцаа үргэлжилж байсан гэдгийг нотолж байна.

 

4.2. Шүүх процессыг он, capын дарааллаар хянан үзэх хэрэгтэй. 2022 оны 06 дугаар сард гэрээ хийгээд жил хүрэхгүй хугацаанд 62,000,000 төгрөгийг төлсөн ба 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг шинэчилж худалдах, худалдан авах гэрээ хийж үнийг тохирсон байдаг. Хариуцагч нь удаа дараа албан бичиг явуулан анхны тохиролцоогоо зөрчиж байсан тул нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгч төлбөрөө төлөх талаар илэрхийлсэн гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох *******, , ******* нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны өмчлөгчөөр *******-ийг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот тоот хаягт байрлах 85.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******, өөс 4,047,500 төгрөг гаргуулж хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 10,325,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,278,554 төгрөг, хариуцагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,020 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, өөс 149,910 төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэрэг, маргааны үндсэн шалтгаан, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлгүүд, шүүх хуралдааны явцад өрнөсөн талуудын мэтгэлцээнд үнэн зөв дүгнэлт өгч чадаагүй, өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт гаргаж, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж шударга бус шийдвэр гаргасан.

 

6.1.1. Нотлох баримт, талуудын тайлбар, хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийгээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...сүүлд 4,100,000 төгрөгийг гэрээ байгуулсны дараа төлсөн, энэ мөнгө нь үнийн дүнгээс хасагдаагүйг хүлээн зөвшөөрч байна. гэж тайлбарласан, нэхэмжлэгч 4,100,000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлсөн үйл баримт тогтоогдсон зэргээс харахад талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгчид шахалт үзүүлэн материалын үнийг төлүүлэх зорилгоор хөшүүрэг болгон байгуулагдсан, анхнаасаа бодит байдлыг нуун дарагдуулсан, дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 993 дугаартай худалдах, худалдан авах гэрээний харилцаа үргэлжилж байсан гэдэг нь хангалттай тогтоогдоно. Гэвч анхан шатны шүүх эдгээр тайлбар, нотлох баримт, үйл баримтуудад огт дүгнэлт өгөөгүй.

 

6.1.2. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн талаар буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчаас авсан материалын үнийг цаг хугацаанд нь төлж чадаагүйгээс болж хариуцагчид санхүүгийн хүндрэл үүсэж, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд маргаан бүхий орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавьж, мөнгө босгох, авсан зээлийг хариуцагч бүрэн хариуцахаар талууд тохиролцоо хийсэн. Энэ тохиролцоог хэрэгжүүлэхийн тулд маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоол-ын 5.2 дахь хэсэгт Энэ зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. гэж, мөн уг тогтоолын 5.3 дахь хэсэгт Мөн зүйлийн 5.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино. гэж тус тус тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулах үедээ орон сууцыг бодитоор худалдан борлуулаагүй бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ нь хариуцагчийн нэр дээр шилжсэнээр хариуцагч нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломжтой болсон.

Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсний дараа 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/202351361809 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар авсан нь хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан Зээл төлөх мэдэгдэл гэх баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар хариуцагчийн тухайн үеийн санхүүгийн хэрэгцээг хангах хэлцэл буюу халхавчлуулж буй хэлцэл нь хэрэгжсэн байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг бодитоор худалдаагүй, хариуцагч бодит худалдан авалт хийгээгүй гэдгээ талууд сайн мэдэж байсан болох нь маргаан бүхий орон сууцны эзэмшлийн асуудал нэхэмжлэгчийг шүүхэд хандах хүртэл буюу 2024 оны 06 capыг хүртэл огт хөндөгдөөгүйгээс харагдана. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нь орон сууц суллах талаар шаардлага тавьж эхэлсэн.

 

6.1.3. Анхан шатны шүүх буцаан худалдан авах болзол тавьсан хэлцэл хэмээн буруу дүгнэж, Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд маргаан бүхий орон сууцыг буцаан худалдан авах талаар ямар ч заалт байхгүй бөгөөд тухайн өдөр нэхэмжлэгчийн бичсэн амлалт бүхий өргөдлийг хүчин төгөлдөр гэж үзсэн нь учир дутагдалтай. Учир нь маргаан бүхий орон сууцны жинхэнэ өмчлөгч *******-ийг төлөөлж түүний өмчийн үл хөдлөх эд хөрөнгөөр худалдан авагчид амлалт, баталгаа өгөх, болзол тавих эрх хэмжээ нэхэмжлэгчид байгаагүй.

Шүүх ...Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар зохигч талуудын хооронд байгуулсан дээврийн сэндвич болон хүрээ төмрийг 272,260,320 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны зөвхөн өмчлөх эрхийг эрхийг тодорхой тохиролцооны дагуу түр шилжүүлсэн ба эзэмших эрхийг огт шилжүүлээгүй. Тухайн орон сууцыг биет байдлаар, сайн дураар шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалт хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь эзэмших эрхийн маргаангүй тохиолдолд үнэн зөв хэрэгжих бөгөөд шударгаар эзэмшиж байгаа этгээд өмчлөх давуу эрх эдлэнэ.

 

6.1.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдол бүхий хүсэлтүүдийг бүгдийг нь хангахаас татгалзсан. Үүнд: гэрч асуулгах, гуравдагч этгээдийг татан оролцуулах, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас дэлгэрэнгүй лавлагааг шүүхийн журмаар гаргуулах, өмгөөлөгч авах зэрэг хүсэлтүүдийг хангахаас татгалзсан нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн.

Анхан шатны шүүх нь маргааныг шударгаар шийдвэрлэхийн тулд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх, мөн халхавчлуулж буй хэлцэл /тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь зээлийн барьцаанд тавигдсан эсэх/ хэрэгжсэн эсэх талаар зайлшгүй тодруулж шалгах ёстой байсан. Мөн шүүх хуралдаан эхлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч *******-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар эргэлзэж байгаа болохоо илэрхийлсэн боловч шүүх үүнд дүгнэлт өгөөгүй.

 

Иймд хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Давж заалдах гомдолд 4,100,000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлсөн үйл баримт тогтоогдсон зэргээс харахад 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь үргэлжилж байсан гэдэг нь хангалттай тогтоогддог. гэж дурджээ. Нэхэмжлэгчээс гаргасан 4,100,000 төгрөг шилжүүлсэн баримт нь нэхэмжлэгчээс *******-д шилжүүлсэн баримт бөгөөд уг мөнгийг 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд төлсөн байна. Гэтэл маргаан бүхий орон сууцыг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Тодруулбал, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч төлбөртөө тухайн орон сууцыг шилжүүлснээр барааны үлдэгдэл төлбөрийг дуусган талуудын хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй болсон, мөн худалдагчаас төлбөрийн асуудлаар ямар нэгэн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдол үндэслэлгүй болно.

 

7.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ орон сууцыг бодитоор худалдан борлуулаагүй... зээл авах зорилгоор шилжүүлсэн гэх агуулгаар гомдол гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчид бараа материалаа нийлүүлж, нэхэмжлэгч нь худалдан авсан бараа материалын үнийг тохирсон хугацаандаа төлөөгүйгээс санхүүгийн хүндрэлд орж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж, зээл авч үндсэн зээл, зээлийн хүүг төлсөн нь үнэн.

Талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөн өдөр ******* дугаартай хэлцэл хийсэн. Уг хэлцлээр 2023 оныг дуустал энэхүү байрыг түрээслэхгүй, худалдахгүй, зөвхөн компанийн хэрэгцээнд шаардлагатай мөнгөнд барьцаанд тавьж ашиглана.

Энэ хугацаанд нэхэмжлэгч нь бараа материалын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахгүй бол хариуцагч захиран зарцуулах эрхтэй байхаар тохиролцсон. Энэ тохиролцоогоор бараа материал худалдан авагчийн төлбөрийн үлдэгдлээ хийх эсэх нь өөрөөс нь шалтгаалж байгаа тул болзол тавьж хийсэн хэлцэлд хамаарахгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

Мөн талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлтэй байсан болох нь дээрх хэлцлээр харагдаж байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн шинжийг хангахгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

7.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо ...эзэмших эрхийг шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Нэхэмжлэгч нь худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс барьцаанд тавьсан орон сууцыг үлдэгдэл төлбөртөө тооцон өгөхөөр харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ хийж, өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй тул хариуцагчаас орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад эзэмших эрхийн маргаангүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчид хандан ******* дугаартай орон сууцыг чөлөөлүүлэх тухай албан бичгүүд хүргүүлсэн нь хавтаст хэргийн 58, 59 дүгээр талд байгаа болно.

Хавтаст хэргийн 58, 59 дүгээр талд авагдсан нотлох баримтаас харахад уг хэлцэл нь орон сууцыг буцаан худалдах, худалдан авах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сард багтаан төлбөрөө төлбөл хариуцагч орон сууцыг буцаан өгөхөөр тохирч уг хэлцлийг байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч одоо хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.

 

7.4. Анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гаргасан гомдлын тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт бүрийг шүүх тухай бүрт нь шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш энэ хугацаанд өмгөөлөгч авах бүрэн боломжтой байсан ба шүүхээс нэхэмжлэгчид өмгөөлөгч авах боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангахаас татгалзсан гэх гомдол үндэслэлгүй байна.

 

7.5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу ямар нэгэн доголдолгүй бараа материалыг тоо ширхэгийн дагуу нийлүүлсэн боловч төлбөрийн үлдэх хэсгийг өнөөдрийг хүртэл бүрэн авч чадаагүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл эзэмшилдээ авч чадаагүй байна.

 

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны өмчлөгчөөр *******-ийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, олох байсан орлого 14,072,500 төгрөг, үйлчилгээний хөлсөнд төлсөн 300,000 төгрөг, нийт 14,372,500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйл, хэргийн үйл баримтад зөв дүгнэлт өгсөн байна. Харин хууль хэрэглээний зарим алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 22/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр 272,260,320 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авахаар, урьдчилгаа 49,552,400 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дотор, үлдэгдэл 222,707,920 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тус тус тохирсон байна. /хх5-9/

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 994 дугаартай барьцааны гэрээ байгуулсан ба тус гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018335 дугаартай, 70 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, *******-ий өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 85.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалан тус гэрээг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх62-63/

 

4.2. Нэхэмжлэгч нь бүтээгдэхүүний төлбөрөөс 62,179,600 төгрөгийг төлсөн ба 210,080,720 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Талууд уг төлбөрийн хэмжээнд маргаагүй байна. Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 9 удаагийн гүйлгээгээр нийт 4,100,000 төгрөгийг төлсөн болохыг хариуцагч зөвшөөрсөн. /хх78-85, 107-111/

 

4.3. Маргаан бүхий орон сууц нь *******-ий өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд өмчлөгч *******-ээс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид орон сууцыг бусдад худалдах эрх олгосон 404 дугаартай итгэмжлэлийг үндэслэн талууд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. /хх15-16, 54/

Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь заалтаар *******-ий өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг 210,080,720 төгрөгөөр үнэлж, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 993 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчийн нэр дээр шилжүүлэн өгөхөөр тус тус тохирсон байна.

Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хэлэлцээр гэх баримтыг үйлдсэн байх ба уг баримтад 2023 онд багтаан 210,080,720 төгрөгийг төлж барагдуулан маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, хэрэв барагдуулаагүй бол уг орон сууцыг хариуцагчид шилжүүлэхээ илэрхийлсэн байна. /хх56/

 

4.4. Дээрх 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр хариуцагчийг бүртгэжээ. /хх48/

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв дүгнэсэн. Талуудын хооронд үүссэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээний харилцааны хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчид төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч нь үлдэгдэл 210,080,720 төгрөгийн төлбөрт тооцон маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, 210,080,720 төгрөгийг 2023 онд багтаан төлсөн тохиолдолд хариуцагч уг орон сууцыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх54, 56/

Талуудын 2023 онд багтаан 210,080,720 төгрөгийг төлсөн тохиолдолд маргаан бүхий орон сууцыг буцаан шилжүүлэх агуулга бүхий тохиролцоог Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Талууд уг гэрээг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд, эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийх хүсэл зоригтой байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгч нь үлдэгдэл 210,080,720 төгрөгийг бүрэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор хариуцагчийн өмчлөлд маргаан бүхий орон сууцыг шилжүүлэх тохиролцоо бүхий 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд, анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгчээс 4,047,500 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 10,325,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ шийдэлд зохигч давж заалдах гомдол гаргаагүй учраас талуудын зарчмын үүднээс давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах, гуравдагч этгээд оролцуулах, өмгөөлөгч авах, гэрч оролцуулах талаар гаргасан хүсэлтүүдийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

7.1. Нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийн тухайд, энэ хэргийн хувьд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Хариуцагч 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааг хавсарган шүүхэд гарган өгсөн. Тус баримт нь 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд орсон өөрчлөлтүүд, тодруулбал уг хугацаанд маргаан бүхий орон сууцны өмчлөгч болон түүний өөрчлөлт, барьцааны бүртгэлийн талаарх мэдээллийг агуулсан. Мөн хариуцагчийн нэр дээр маргаан бүхий орон сууц бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүй гэж байгаа боловч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд энэ талаарх баримтууд авагдсан, эдгээр баримтыг тодруулах шаардлага хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш нэхэмжлэгч энэ талаарх хүсэлтээ шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан тул анхан шатны шүүх шүүх хуралдаанд энэ агуулгаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй. /хх48, 68/

 

7.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр *******-ийг оролцуулах, өмгөөлөгч авах тухай хүсэлтүүдийг анхан шатны шүүх хангахаас татгалзсан гэх агуулгаар гомдол гаргасан. Хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон мөн өдрийн 183/ШЗ2024/25882 дугаартай шүүгчийн захирамжаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр *******-ийг оролцуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасан байна. Анхан шатны шүүх өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй гэж үзэхгүй.

Мөн анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр *******-ийг оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт нийцсэн.

 

7.3. Түүнчлэн давж заалдах гомдолд *******-г гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлээгүй гэж дурдсан. Хэрэгт авагдсан *******-тай холбоотой төлбөр тооцооны баримтууд, хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд *******-г гэрчээр оролцуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардсан байх тул маргаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг баримтална. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн хувиар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардсан тул шүүх тус хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг баримталсан нь буруу болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг баримталсныг хасаж, тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг нэмж оруулна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01525 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 56.1.3... гэсний дараа 56.5 гэж нэмж, ...95 дугаар зүйлийн 95.1... гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,278,554 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН