| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06542/И |
| Дугаар | 5220 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 5220
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж, 8-р байрны 18 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХИ75123169, Тайчууд овогт Базаррагчаагийн Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Хасбаатарын гудамж, 6-р байр, 6 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЙС75071508, Номтынхон овогт Бадамраагийн Хонгорзулд холбогдох
7 811 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ичинхорлоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Содончимэг, хариуцагч Б.Хонгорзул, хариуцагчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 7 300 000 төгрөг, алдангид 511 000 гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би багын найз Хонгорзул болон түүний нөхөр Р.Оюунболд нарт 2015-06-04 өдөр 10 000 000 төгрөгийн цалингийн зээлийг банкнаас авч, банкны зээлийн хүүтэй нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн билээ.
Уг зээлийг Б.Хонгорзул болон түүний нөхөр Р.Оюунболд нар Чингэлтэй дүүрэг, Хайлаастын орчимд байрших, хуучин цэцэрлэгийг буулгах, хогийг нь цэвэрлэх, газрыг нь чөлөөлөх тендерийн ажлыг авч хийх боломж гарлаа, мөнгөний боломж байвал тендерийг хариуцаж байгаа хүмүүст нь мөнгө өгөх гэсэн юм гэсэн.
Ингээд би Б.Хонгорзулд итгээд өөрийн эцэг С.Базаррагчааг хамтран зээлдэгчээр оруулж, 10 000 000 төгрөгийн цалингийн зээл авч, 2015-06-04 өдөр Б.Хонгорзул, түүний нөхөр Р.Оюунболд нарт бэлнээр өгсөн.
Б.Хонгорзул 2015 оны 07 сар, 2015 оны 08 саруудад цалингийн зээлийн эргэн төлөлтөд 1 274 000 төгрөг, 2015 оны 12 сард 150 000 төгрөг, 2016-04-20 өдөр 2 700 000 төгрөгийг эргүүлж төлсөн.
Б.Хонгорзул элдэв шалтаг тоочиж явсаар зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.
Иймд Б.Хонгорзулаас зээлд 7 300 000 төгрөг, алдангид 511 000 төгрөг, нийт 7 811 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Миний бие Б.Ичинхорлоотой багын найзууд билээ. Би Б.Ичинхорлоогоос нэхэмжлэлд дурдсан 10 000 000 төгрөгийг зээлж аваагүй, эргүүлж өгнө гэж тохиролцоогүй.
Нэг өдөр Б.Ичинхорлоотай уулзаж ярилцаж суухдаа “найзад нь Саран, Тамир гэх 2 эмэгтэй Нийслэлээс гарах хуучин цэцэрлэгийн барилга буулгах болон сургуульд тавилга нийлүүлэх ажил байна, урьдчилгаа мөнгөө өгчихвөл шууд гэрээнд оруулж өгнө гэсэн” гээд хамтарч ажиллавал их ашигтай, ажлыг нь авчихвал хэн хэнд маань хэрэгтэй юм гээд бид хоорондоо ярилцсан юм. Ингээд тал талаасаа мөнгө гаргаад ажлыг авахаар болж, 2015 оны 6 сарын 4-ны өдөр Б.Ичинхорлоо цалингийн зээл авч 10 000 000 төгрөг өгсөн. Би үүн дээр нь 4 000 000 төгрөг нэмж нийт 14 сая төгрөгийг Саран, Тамир хоёрт өгч тендерийн ажлаа хөөцөлдүүлэхээр болсон.
Ингээд Саран, Тамир хоёроос ажил хэрэг юу болж байгааг лавлахад “хүлээж бай удахгүй” гэж хэлээд хугацаа хойшлуулсаар байсан. Сүүлдээ уг ажил маань бүтэхгүй боллоо, нэгэнт мөнгө өгч авалцсан юм чинь Нийслэлээс зарлагдаж байгаа 160-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг авч өгье. Харин барилга барих зөвшөөрөлтэй компани байх шаардлагатай гэсэн учир нөхөр Оюунболдын ахын компанийн нэр дээр тендерт оролцох болж “Мега денки” ХХК-ийн нэр дээр материал бүрдүүлж, цахим тендерт оролцсон. Тендерт өөрсдийн компаниа оролцож байгаа эсэхийг баттай мэдэх үүднээс тендерийн нээлтэд очиж үзэхэд манай компанийн материал байсан. Ингээд өөрсдөө харж баталгаажуулсан учир тэдэнд итгэж явсаар 8 сар гарч ажил юу болж байгааг асуухад одоо удахгүй гээд өөртөө нэг л итгэлгүй хэлэх шиг болсон. Тэгэхээр нь нөхөр Оюунболдын хамт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт очиж лавлахад 2015 оны 9 сарын 30-ны өдрийн 2/1755 тоот албан бичгээр мэдэгдэл ирүүлснээр манай компани тендерт шалгараагүй болохыг мэдсэн. Энэ тухай Саранд хэлэхэд ямар сонин юм бэ, би өөрсдийн ярьсан хүмүүстэйгээ ярьж үзье гэж хэлээд түүнээс хойш холбогдохгүй алга болсон. Саяхан Саран, Тамир нар нь бидний нэгэн адил олон хүмүүст тендерийн ажил олж өгнө гээд их хэмжээний мөнгө аваад ажлыг нь бүтээж өгөөгүй учир Эрүүгийн хуульд заасан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа, тэднийг цагдан хоригдсон болохыг олж мэдсэн юм.
Б.Ичирхорлоо бид хоёр хамтарч ажиллахаар болоод тал талаасаа хөрөнгө мөнгө гаргаж Саран, Тамир нарт өгсөн боловч хэлэлцэж тохиролцсон ажлаа бүтээж, эхлүүлж чадаагүй адилхан хохирсон болно.
Нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээний тухайд Б.Ичинхорлоо нь найз нь 8 хувийн байрны зээлд хамрагдах гэсэн юм, орон сууц зарж байгаа хүн нь бусдаас авлагатай гэсэн баримт аваад ирвэл бүтээж өгье гэсэн гээд надтай зээлийн гэрээ байгуулж мөнгө авсан мэтээр гэрээ хийж өгөөч” гэхээр нь найзын хувьд нотариат дээр очиж хуурамчаар зээлийн гэрээ гэж байгуулж, гэрчлүүлсэн юм. Энэ гэрээний дагуу Б.Хонгорзул би Б.Ичинхорлоогоос 10 сая байтугай нэг ч төгрөг гар дээрээ бэлэн аваагүй. Тиймээс миний бие нэхэмжлэлд дурдагдаад байгаа мөнгийг Б.Ичинхорлоод өгөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэгэнт бид хамтран ажиллая гээд тал талаасаа тодорхой хэмжээний мөнгө гаргасан боловч бидний ажил дээрх хүмүүсээс болоод бүтээгүй адилхан эрсдэлд хүлээсэн байж нэгнээсээ мөнгө авахаар шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Б.Ичинхорлоогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч 2016-09-28 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 7 811 000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7 811 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид 3 сарын дотор төлөхөөр зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд хариуцагч 7 811 000 төгрөгийг нэхэмжлэгчид 3 сарын дотор төлөхөөр зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 139930 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 69965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Хонгорзулаас 7 811 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч Б.Ичинхорлоогийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 3 сар буюу 2016-12-28 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 139930 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 69965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ