Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Э.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүдээрий овогт Энхнасангийн Нд холбогдох 1929001300079 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт “Гашуун сухайт” хилийн боомтоор 7 шуудай бүхий нийт 125 килограмм ховор ургамал болох “Дэрэвгэр Жиргэрүү”, 20 боодол бүхий 570 килограмм бод малын дайвар бүтээгдэхүүнийг 82-94 ӨМА улсын дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийн 72-68 ГЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ: “Би хориотой эд зүйл хилээр тээвэрлэсэн нь үнэн.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8, 9-р хуудаст/,

82-94 ӨМА улсын дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийн 72-68 ГЧ улсын дугаартай чиргүүлийн техникийн тодорхойлолтын хуулбар /хх-н 17 дугаар хуудаст/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан тэмдэглэл /хх-н 20-25-р хуудаст/,

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 32-р хуудаст/,

Гэрч Д.Идэрбаярын: “...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн орчим 82-94 ӨМА улсын дугаартай 72-68 ГЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гаалын хяналт шалгалт хийж чиргүүл дээр гарч нүүрсэнд үзлэг хийсэн. Чиргүүл дээр гарахад нүүрсэн дунд бараа эд зүйл байх шиг байсан тэгээд хучилгыг хуулж үзэхэд гадуураа хар өнгийн гялгар ууттай уг уутыг гадуур нь тунгалаг наалдамхай туузаар наасан байдалтай харагдаж байсан тэгээд уг эд зүйлийг буулгаж үзэхэд 20 боодол 570 килограмм адууны хагас боловсруулсан өлөн гэдэс, 7 боодол нийт 125 килограмм чихэр өвс зэрэг бараа байсан тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж өгч байна... Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа. 1998 оны 05 дугаартай Улсын Их Хурлаас батлан гаргасан “улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифийн бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалт батлах тухай” тогтоол, мөн 2002 оны “Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай” хууль зэрэг эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаг. Адууны өлөн гэдсийг тусгай зөвшөөрөл авсан эрх бүхий хуулийн этгээд экспортоор гаргадаг, чихэр өвсний хувьд Монгол улсын хилээр гаргахыг хязгаарласан бараа юм.” гэх мэдүүлэг /хх-н 34-р хуудаст/,

Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/117 дугаартай дүгнэлт /хх-н 43-р хуудаст/,

Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-н 46-47-р хуудаст/,

Э.Нгийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-нд “Цагаан хад” дээр байхад зүс таних нүүрсний жолооч таараад машин чинь хаана байгаа юм бэ? гэхээр нь оочерт байгаа гэж хэлэхэд тэгвэл малын гэдэс хилээр гаргаад өгвөл 2000 юань өгье гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд машинаа зааж өгчхөөд хоол идчихээд оочер байсан машин дээрээ очиход 4 залуу ажиж ирсэн бараагаа буулгачхаад машинаа явуулчихсан байсан. тэгээд бараагаа миний машины чиргүүлийн урд хэсэгт нүүрс хонхойлгоод байгаад бараагаа хийж булчхаад нүүрсээр  хучсан. Тэгээд би оочерт явсаар байгаад 5 дугаар сарын 04-ний өдөр “Гашуун сухайт”-ын хилээр орж очиход гаалийн байцаагч шалгаж миний машинд нуусан барааг гараж ирээд намайг саатуулж цагдаад хүлээлгэж өгсөн.” Гэх мэдүүлэг /хх-н 53-54-р хуудаст/,

Э.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 56 дугаар хуудаст/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 55, 57-58 дугаар хуудаст/,

Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 103 дугаар хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч Э.Н 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт “Гашуун сухайт” хилийн боомтоор 7 шуудай бүхий нийт 125 килограмм ховор ургамал болох “Дэрэвгэр Жиргэрүү”, 20 боодол бүхий 570 килограмм бод малын дайвар бүтээгдэхүүнийг 82-94 ӨМА улсын дугаартай “Нордбенз” маркийн тээврийн хэрэгслийн 72-68 ГЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авсан тэмдэглэл /хх-н 20-25-р хуудаст/

- 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 32-р хуудаст/

- Гэрч Д.Идэрбаярын мэдүүлэг /хх-н 34-р хуудаст/

- Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/117 дугаартай дүгнэлт /хх-н 43-р хуудаст/

- Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-н 46-47-р хуудаст/

- Э.Нгийн Хаан банкны Депозит дансны хуулга /хх-ийн 66-75 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт зааснаар экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн үзлэг, шалгалтанд оруулах шаардлагыг хангаагүй бол тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт зааснаар улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглосон байна. 

Иймд шүүгдэгч Э.Нг Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

Дээрх гэмт хэргийн улмаас улсад 6,250,000 төгрөгийн хохирол учирсан талаар улсын яллагч яллах дүгнэлтэндээ дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс дээрх хохирлыг нэхэмжилж байх боловч хохирогчоор тогтоогдвол зохих этгээд байхгүй, холбогдох баримт, үндэслэлийн талаар шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд тус нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Э.Нд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,600 /гурван мянга зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хянаад, шүүгдэгч Э.Нд 3,000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 7 шуудай бүхий нийт 125 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү”-г улсын орлогод оруулж, 20 боодол бүхий 570 килограмм бод малын өлөн гэдсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дүдээрий овогт Энхнасангийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд 3,000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Прокурорын тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 7 шуудай бүхий нийт 125 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод хүлээлгэж өгөхийг, 20 боодол бүхий 570 килограмм бод малын өлөн гэдсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комиссд тус тус даалгасугай.

 5. Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол, төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Нгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Нд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ӨЛЗИЙ-ОТГОН