| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2024/02155/И |
| Дугаар | 210/МА2025/00693 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00693
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/00544 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* , ******* нарт холбогдох,
Зээлийн хүүг багасгуулж, 30,435,000 төгрөг гаргуулах, татварт төлсөн 1,600,000 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч *******-гийн нэхэмжлэгч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагч ******* , ******* , түүний өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-д бартераар авах орон сууцнаас худалдан авахаар хэлцэл хийж, 330,000,000 төгрөгөөр үнэлэн ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 114 м.кв талбай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдахаар тохиролцсон. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг ******* нь зээлийн барьцаанд барьцаалсан ба 30,435,000 төгрөгийг *******-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* тоот данснаас ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* тоот дансанд Нямжав зээл хаав гэсэн гүйлгээний утгаар төлж, зээлээс чөлөөлөн авсан. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК-ийн захирал ******* нь ******* аас 1 жилийн хугацаатай, худалдах, бэлэглэх, арилжих, хөлслүүлэх, түрээслүүлэх, зээлийн гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах зэрэг Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасан бүрэн эрх бүхий итгэмжлэлийг нотариатоор батлуулсан. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ******* нь ******* ХХК-д зээлээр худалдаж, төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авах, мөн төлбөрийг төлөх хүртэл дээрх үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК нь зээлийн барьцаанд барьцаалахаар тохиролцсон.
1.2. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК -ийн захирал ******* нь ******* гаас 80,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцож, зээлийн барьцаанд дээрх ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 114 м.кв талбай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Барьцааны эд зүйлийг зээлдүүлэгч ******* барьцаалахдаа 80,000,000 төгрөгөөр дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, өөрийн нэр дээр шилжүүлэн авч, барьцаалсан. Ингэхдээ тухайн үед үл хөдлөх хөрөнгө ******* ын нэр дээр байсан ба итгэмжлэл ******* үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд ******* гийн дансанд зээлдүүлэгч ******* 80,000,000 төгрөг шилжүүлснээс 8,000,000 төгрөгийг ******* эхний сарын хүүнд урьдчилан буцаан авсан байх ба үлдсэн 72,000,000 төгрөгийг ******* д шилжүүлсэн.
1.3. ******* ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр, газар нь эрхийн зөрчилтэй байна гэх үндэслэлээр 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан. Үүнээс үүдэн *******-гийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* тоот данснаас ******* ын зээлийг хаасан 30,435,000 төгрөгийг *******-д бараа материалын төлбөрт өгөх 41,982,000 төгрөгөөс хасч тооцсон. ******* ХХК нь *******-д барааны үлдэгдэл төлбөр 11,547,000 төгрөг дээр ******* гаас дамжуулан ******* гаас авсан зээл болох 80,000,000 төгрөг, нийт 91,547,000 төгрөгийн өглөгтэй болсон ба үүндээ тооцон 2023 оны 03 дугаар сард бараа материал өгч өглөгөө хаасан. ******* нь ******* ХХК -аас ямар нэгэн хүү, алданги авах эрхгүй учир ******* гаас авсан зээлийг 80,000,000 төгрөгөөр тооцож авлагаа хаасан юм. Нэгэнт ******* ХХК нь *******-гийн зээлийг төлөхөөргүй болсон учир ******* нь 37,500,000 төгрөгийг ******* д өнөөдрийн байдлаар төлсөн.
1.4. Түүнчлэн, ******* ын нэр дээр байсан ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 114 м.кв талбай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь өмчлөх эрхийн болон газар эзэмших эрхийн зөрчилтэй байсан. 2023 оны 04 дүгээр сард ******* дүүргийн Газрын албанаас газрын эрх цуцлах талаар удаа дараа мэдэгдэл ирүүлж байсан болон н.Ганзориг гэх хүн дээрх үл хөдлөх хөрөнгийн төлбөр тооцооны асуудал дуусаагүй, буцааж авахаар маргаантай байгаа гэж мэдэгдсэн. Мөн энэхүү эд хөрөнгө нь зах зээлийн ханш нь хэт өндөр 200,000,000 төгрөг хүрэхээргүй байх тул манай зүгээс зээлэнд төлсөн 30,435,000 төгрөгийг ******* аас гаргуулан дээрх эд хөрөнгийг буцааж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн. Нэгэнт ******* ХХК -ийн захирал *******-гийн данснаас ******* ын зээлэнд төлөгдсөн 30,435,000 төгрөгийг ******* ХХК-ийн тооцооноос хассан учир манай компани төлсөн гэж үзэн, нэхэмжилж байгаа.
Иймд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ******* гаас олгосон гэх 80,000,000 төгрөгийн зээлийг өөрсдөө авч ашиглаагүй атлаа сарын 10 хувийн хүү 8,000,000 төгрөгийг нийт 3 сарын хугацааны 24,000,000 төгрөг төлөх нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасныг үндэслэн зээлийн хүүг багасгуулна. ******* ын ******* ХХК-ийн зээлд төлж өгсөн 30,435,000 төгрөгийг ******* аас гаргуулах, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ******* тай байгуулсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний үл хөдлөх хөрөнгө борлуулсаны 2 хувийн татварт төлсөн 1,600,000 төгрөгийг ******* ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2022 оны 07 дугаар сард Версал гарден хотхонд барьж байсан орон сууцнаас 3 өрөө орон сууцыг 330,000,000 төгрөгөөр худалдана гээд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг ******* тай хийж, орон сууцны үнэ 360,018,000 төгрөгийн нийт үнийн дүнд ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 114 м.кв талбай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тооцож авахаар тохирсон.
2.2. Уг гэрээний дагуу захиалагч нь Версал Гарден цогцолбор хотхоны барилгыг бариулж буй эрх бүхий хүмүүстэй уулзахад ******* , ******* нар нь тухайн байгууллагатай ямар ч гэрээ байгуулаагүй атлаа иргэн намайг хууран мэхэлж гэрээ хийсэн байсан. Энэ гэрээг хийх үедээ ******* миний үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэлийг надаар хийлгүүлсэн. Энэ итгэмжлэлээ ашиглаж иргэн *******д зээлийн барьцаанд иргэн миний өмчлөлийн ******* улсын бүртгэлийн дугаартай 114 м.кв талбай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 80,000,000 төгрөгийг зээлсэн байсан. ******* нь анхнаасаа намайг хууран мэхэлж гэрээ хийсэн ба энэхүү гэрээг үндэслэн 30,435,000 төгрөгийг чөлөөлсөн боловч одоо миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалж иргэн *******гаас зээл авсан болох нь нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой харагдаж байна. Энэ зээл нь бүрэн төлөгдсөн эсэх нь тодорхойгүй,. Өөрөөр хэлбэл, ББСБ-ын зээлээс чөлөөлөгдсөн миний үл хөдлөх хөрөнгө дахин барьцаанд тавигдсан ба барьцаанаас хэдийд чөлөөлөгдөх нь ойлгомжгүй байна. Нөгөө талаар ******* надаас үл хөдлөх хөрөнгийг худалдаж авна гэсэн тул зээл чөлөөлсөн мөнгийг надаас эгүүлэн нэхэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд ******* гийн нэхэмжилж буй 30,435,000 төгрөгийг төлөх шаардлагагүй, хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-гийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* тай байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр болохыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/00693 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Түүнчлэн, нэхэмжлэгч өөрөө хүүг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний хариу төлбөр болох 24,000,000 төгрөгийг ******* надад төлсөн бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс 26,500,000 төгрөгийг төлж одоо 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 53,500,000 төгрөгийг төлөхгүй хохироож байна.
3.2. Нэхэмжлэгч ******* гийн өөрийнх нь хүсэлтийн дагуу тухайн зээлийн гэрээний хүү, хугацаа, нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулж, тохиролцооны дагуу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгийг шилжүүлэх үйлдэл хийсэн бөгөөд хөрөнгө өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгэгдсэн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг зээлдэгч ******* гийн Капитрон банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Харин ******* гаас миний Хаан банкин дахь ******* тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүний төлбөр 8,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн нь баримтаар нотлогддог.
3.3. ******* нэхэмжлэлд дурдагдсан ******* , ******* , ******* ХХК , ******* нарын хоорондын бартерын асуудал, нэг нэгийнхээ зээлийн төлбөр төлсөн, хөрөнгө мөнгө хоорондоо шилжүүлэхээр тохиролцсон асуудлыг мэдэхгүй. Учир нь би ******* тай зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн хэрэгцээ шаардлагаа хангасны дараа төлбөр хийх хугацаа болоход буюу 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш энэхүү зүйлийг ярьж, элдэв хүмүүстэй уулзуулж, хэрүүл хийж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэлд дурдсанаас харахад ******* нь ******* , ******* ХХК , ******* нартай холбоотой хувийн асуудлаа дуусаж цэгцэлсний дараа ******* надаас 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 80,000,000 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, зөвхөн гэрээний хүү өндөр тул буулгаж өгнө үү гэх шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Энэ нь зээлийн гэрээний талуудын маргаагүй байхдаа тохирсон хүүний хэмжээ бөгөөд нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч ажлын нөхцлөө тооцон өөрийнхөө хүсэлтээр нэг сарын хүүг нь урьдчилан төлснийг би хүлээн авсан. Хуулийн хүчин төгөлдөр гэрээний нөхцөл болон нэгэнт хүлээн зөвшөөрч төлсөн хүүний төлбөрийг шүүх хөндлөнгөөс оролцон багасган тооцох, буцаан гаргуулах асуудал нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцэхгүй гэж үзэж байна гэжээ.
4. Хариуцагч ******* ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Анх нэгдүгээр хорооллын газрыг худалдсан. Гэрээ хийхэд зээлийн барьцаанд байгаа хүү 30,000,000 төгрөгийг төлсөн. Манайхаас газрын асуудлыг судлахад маргаантай газар байсан тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах талаар мэдэгдээд *******-д өгөх байсан төлбөрөөс зээлийн барьцаанаас чөлөөлсөн мөнгөн төлбөрийг суутгасан. Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний татварт төлсөн 1,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Хариуцагч *******-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: ******* нь *******-д 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 80,000,000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. ******* энэхүү зээлийн төлбөрийн баталгаа болгож, ******* ын өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 114 м.кв талбай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ******* дүүргийн ******* хороо, ******* сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* нэгж талбарын дугаартай 66 м.кв талбай газрыг миний өмчлөлд түр шилжүүлж, харин ******* зээлсэн 80,000,000 төгрөг, түүний хүүгийн төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа ******* би энэхүү хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхээр тохирсон. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ******* миний нэр дээр бүртгэгдсэн. Харин ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гэмт хэрэг зөрчил маш их гардаг, сургуулийн орчинд дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаагаас гомдол их гарч байгаа гэх шалтгаанаар газар эзэмших эрхийг шилжүүлээгүй тул урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. ******* энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тохиролцсон ёсоор зээлийн үүргийн баталгаа болгосон хөрөнгө шилжин бүртгэгдсэн. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 80,000,000 төгрөгийг нь зээлдэгч ******* гийн Капитрон банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Харин ******* гаас миний Хаан банкин дахь ******* тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүний төлбөр 8,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн. Үүнээс хойш нийт 28,000,000 төгрөгөөс 24,000,000 төгрөгийг хүүний төлбөрт тооцон авсан бөгөөд илүү 4,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж зээлийн үлдэгдэл 76,000,000 төгрөг болсон. Үүнээс хойш ******* нь мөн компаниар дамжуулж нийт 22,500,000 төгрөгийг төлсөн. ******* нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 53,500,000 төгрөгийг төлөхгүй намайг хохироож байна. Иймд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 53,500,000 төгрөгийг ******* гаас гаргуулж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч ******* гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: 80 000 000 төгрөгийг авсан дээр талууд маргаангүй. 8 000 000 төгрөгийн хүүг урьдчилж авсан. Хүү нь илтэд өндөр байгаа учраас хуульд нийцэхгүй байна гэж маргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүгээ урьдчилж төлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус баримтлан хариуцагч ******* аас 30,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч ******* ХХК -аас 1 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******-гийн сөрөг шаардлагын заримыг буюу нэхэмжлэгч ******* гаас зээлийн гэрээний үүрэгт 47,900,000 төгрөг гаргуулан хариуцагч ******* д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,675 төгрөгийг, хариуцагч *******-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* гаас 397,450 төгрөг гаргуулан хариуцагч ******* д, улсын орлогоос 277,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д тус тус олгож шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 1 дүгээр тогтоолоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4,5 хувь байхаар тогтоосон бөгөөд энэ нь нийтэд илэрхий баримт хэмээн шүүхээс үзсэн атлаа зээлийн хүүг 6 хувь байхаар шүүх тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүхээс зохигч буюу ******* болон ******* ХХК-ийн хооронд үл хөдлөх хөрөнгө газрын хамт худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа арилжааны гэрээний үнийн дүнг 330,000,000 төгрөг эсхүл 202,120,000 төгрөгөөр тогтоосон эсэх нь маргаантай гэж үзсэн байна.
8.1. Манай компани болон ******* , Ж.Ганбаатар нар арилжааны гэрээний үнийг эцсийн байдлаар 202,120,000 төгрөг тохирч, үүний дагуу ******* дүүргийн ******* ххороо, ******* хотхоны ******* блокын барилгаас ******* м.кв орон сууцыг *******ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, 22/11 тоот захиалгын гэрээг байгуулсан. Шүүх хуралдаанд *******ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан ба гэрч оролцсоны ач холбогдол нь арилжааны гэрээний үнийг тодорхой болгох байсан хэдий ч шүүх хүсэлтийг хангаагүй атлаа арилжааны гэрээний үнэ хэдэн төгрөгөөр тогтоосон нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
8.2. Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татвар болох 80,000,000 төгрөгийн 2 хувь 1,600,000 төгрөгийг ******* ын өмнөөс манай компани төлсөн ба ******* ХХК үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. ******* ХХК -ийн хүсэлтээр энэхүү маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг ******* д худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн тул нэхэмжлэх үндэслэлтэй хэмээн үзсэн боловч ******* ХХК нь манайх нэгэнт худалдан авахаа больсон болохоор төлөхгүй хэмээн маргасан. Үүнийг шүүх бичгийн нотлох баримтаар нотологдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэгэнт үл хөдлөх хөрөнгө ******* ын нэрээс ******* д 80,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, үүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулахад 2 хувийн татвар авдаг хуулийн заалттай, талууд мэдэж, хүлээн зөвшөөрч байгаа зэрэг үйл баримтаар бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна.
8.3. Шүүх ******* гаас 47,900,000 төгрөгийг гаргуулан ******* д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Үндсэн зээл 80,000,000 төгрөг, бэлэн төлсөн 50,500,000 төгрөг, урьдчилан төлсөн 8,000,000 төгрөг, үлдсэн төлбөр 21,500,000 төгрөг, шүүхээс 6 хувь хэмээн үзсэн хүү 1 сарын 4,800,000 төгрөг, нийт 14,400,000 төгрөг шүүхийн шийдвэрт дурдсанаар тогтоож болох хэмжээ 35,900,000 төгрөг. Гэтэл шүүх ямарч үндэслэлгүй 12,000,000 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдсэн байна. Иймд анхан шатны шүүх тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******-гийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн үед Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэрэгжиж эхлээгүй байсан бөгөөд ******* нь тогтмол зээлийн үйл ажиллагаа явуулж ашиг олдог хүн биш. Үүнийг үндэслэн шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүг буулгасан нь гэрээний чөлөөт байдалд нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгосон.Талууд гэрээнд заасан нөхцөлийг тохиролцсоны үндсэнд уг гэрээг байгуулсан. Уг гэрээ нь 3 сарын хугацаатай байгуулагдсан. Гэтэл 2 жил гаруй хугацаанд маргаантай байгаа бөгөөд үүнтэй холбоотой шалтгаан нөхцөл нь нэхэмжлэгч ******* болон ******* нарын дотоод зохион байгуулалттай, санаатай будилуулсан, ******* уг зээлийг төлнө, төлөхгүй гэх байдлаар ханддаг. ******* нь ******* тай зээлийн гэрээ байгуулж, нөхцөл тохирч барьцаалж буй хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад мөнгөө төлж дууссаны дараа буцаагаад шилжүүлж өгөх байдлаар тохиролцоо хийж бичгээр үйлдэн 80,000,000 төгрөгийг олгосон. Уг зээлийн гэрээнд 2024 онд үйлчилж эхэлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баримталж талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүд өөрчлөлт оруулсанд санал нийлэхгүй. Нэхэмжлэгч зээлийн хүүг 4,5 хувиар буулгах байтал 6 хувиар буулгасан гэж гомдол гаргасантай холбоотой тайлбарлаж байна. Шүүх зээлийн хүүг 6 хувь болгож буулгасан байхад дахин 4,5 хувиар бууруулна гэж ярьдаг. Нэхэмжлэгч хүний мөнгийг олон жил ашиглан өгөөгүй учраас гомдлын шаардлага үндэслэлгүй гэжээ.
10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* ын өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан учраас дахиж ярих зүйл байхгүй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй, үнэн зөв шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* т холбогдуулан 30,435,000 төгрөг гаргуулах, хариуцагч ******* д холбогдуулан зээлийн хүүг багасгуулах, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны 2 хувийн татварт төлсөн 1,600,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, зохигчид харилцан маргасан.
3. 30,435,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.
3.1. Талуудын тайлбараас үзэхэд, *******, ******* нар нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт байрлах, 114 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* сургуулийн хойно хаягт байрлах, 66 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар ******* тай амаар харилцан тохиролцжээ.
3.2. Дээрх тохиролцооны дагуу ******* нь үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх итгэмжлэлийг *******-д олгосон ба ******* нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* тай байгуулж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *******-гийн нэр дээр олгогдсон. /хх-75-81/ Худалдах, худалдан авах гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 80,000,000 төгрөгөөр тусгасан нь бодитой тохиролцоо биш байх бөгөөд зээлдүүлэгч ******* тай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой болохыг талууд маргаагүй байна.
3.3. ******* нь ******* ын заасан ******* ХХК-ийн зээлийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 7 удаагийн гүйлгээгээр нийт 30,435,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б******* дүүргийн ******* хороо, ******* давхрын ******* м.кв талбайтай 3 өрөө, орон сууцыг 202,120,000 төгрөгийн үнээр тооцон ******* т шилжүүлэхээр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. /хх-17, 50-55/
3.4. Хэрэгт ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/00693 дугаар шийдвэр авагдсан ба ******* нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ******* аас Сонгинохайрхан дүүрэгт байршилтай дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг 330,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн авсан талаар тусгажээ. /хх-61-69/ Түүнчлэн, ******* нь 330,000,000 төгрөгөөр тус үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг ******* ХХК-д худалдахаар тохиролцсон 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг шүүхэд ирүүлсэн. /хх-13/
3.5. Дээрх баримтуудыг тал бүрээс нь харьцуулж үзэхэд, нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* аас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 13 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг 330,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн авсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.
******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах орон сууцыг 202,120,000 төгрөгөөр тооцон шилжүүлэхээр орон сууц захиалгын гэрээг ******* т ай байгуулсныг үндэслэн талууд ******* дүүргийн 13 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнэ 330,000,000 төгрөгийг 202,120,000 төгрөг болгож багасгасан гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь тус гэрээнд ийм агуулга илэрхийлэгдээгүйгээс гадна хэргийн бусад баримтаар талууд гэрээний зүйлийн үнийг өөрчлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь тогтоогдоогүй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн тул холбогдох гомдлыг хангахгүй.
4. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татварт төлсөн 1,600,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдох тус шаардлагын үндэслэлээ хариуцагч 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан, мөн түүний хүсэлтээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* д худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн гэж тодорхойлсон.
Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч татвар төлсөн байдлаа баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
Үүнээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* д шилжүүлсэн нь *******, ******* болон ******* нарын хоорондын гэрээний харилцааны хүрээнд хийгдсэн гэж үзэх бөгөөд хариуцагч ******* ХХК-д холбогдолгүй.
Иймээс нэхэмжлэгчийн гаргасан үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулахад 2 хувийн татвар авдаг хуулийн заалттай, талууд мэдэж, хүлээн зөвшөөрч байгаа гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
5. Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн тухайд.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* д холбогдуулан зээлийн хүүг багасгуулах тухай нэхэмжлэл, хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* гаас 53,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан.
5.1. Талууд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 80,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон ба үүний дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-д 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 14 удаагийн 5,000,000 төгрөгийн гүйлгээгээр 70,000,000 төгрөг, мөн 10,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
5.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заасан ба шүүх зээлийн хүүг сарын 10 хувиар тохиролцсон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон гэж дүгнэж, зээлийн хүүг 6 хувь болгож багасгаж шийдвэрлэсэн.
Талуудын дээрх зээлийн гэрээний харилцаа нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдаж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хууль, уг хуулийн дагуу баталсан Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр тогтоолын үйлчлэлд хамаарахгүй тул уг тогтоолоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ сарын 4.5 хувь байхаар тогтоосныг шүүх хүү багасгах үндэслэл болгосон нь алдаатай боловч уг шийдэлд хариуцагч ******* давж заалдах гомдол гаргаагүй.
Иймээс мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувь байхаар тогтоосон нь нийтэд илэрхий баримт хэмээн шүүхээс үзсэн хэрнээ зээлийн хүүг 6 хувиар тогтоосон нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5.3. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 12 удаагийн гүйлгээр нийт 50,500,000 төгрөг төлөгдсөн талаар тайлбар гаргасан байхад шүүх 46,500,000 төгрөгөөр тооцсон нь мэтгэлцэх зарчимд нийцэхгүй тул уг тооцооллыг залруулна. Харин давж заалдах гомдолд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн хүү 8,000,000 төгрөгийг шүүх тооцоогүй гэх боловч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зээлийн хүүний төлбөр 8,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн талаар тодорхой тусгасан байна. /хх-85/ Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэгт төлсөн 50,500,000 төгрөгийн тооцоонд уг 8,000,000 төгрөг багтсан тул энэ талаарх гомдол үндэслэлгүй болно.
5.4. Мөн шүүх зээлдэгч ******* гийн хүлээх үүргийн хэмжээг зөв тодорхойлж чадаагүй байна. Зээлдэгч нь зээл 80,000,000 төгрөг, хүү сарын 6 хувь 4,800,000 төгрөг буюу 3 сарын хүү 14,400,000 төгрөг, нийт 94,400,000 төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс төлсөн 50,500,000 төгрөгийг хасч тооцвол үлдэгдэл төлбөр 43,900,000 төгрөг болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* гаас зээлийн гэрээний үүрэгт 43,900,000 төгрөг гаргуулж хариуцагч ******* д олгож, үлдэх 9,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгч ******* гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангах үнийн дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалт өөрчлөгдөнө.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн зохицуулалтыг тусгах ба зээлийн хүүтэй холбоотой Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дахь хэсгийг орхигдуулсан байх тул нэмж тусгана. Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварт төлсөн 1,600,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгээр тодорхойлогдох учир мөн хуулийн 227.3 дахь хэсгийг баримталсныг мөн зөвтгөнө. Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 30,435,000 төгрөгийг 30,450,000 төгрөг гэж алдаатай тусгасныг залруулж холбогдох өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/00544 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* аас 30,435,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч ******* ХХК -аас 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* гаас 43,900,000 төгрөг гаргуулж хариуцагч ******* д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтын ...397,450... гэснийг 377,450 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******, ******* нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН