Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 37

 

 

Н.Б, Н.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 967 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 862 дугаар магадлалтай, 2014260005827 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Б нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Н.Г нь Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Быг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н.Гг гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Н.Быг 10 жил 06 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Н.Гг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Н.Бын эдлэх 10 жил 06 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Н.Ггийн эдлэх 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Н.Гд оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Н.Гд Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулан, 3 дахь заалтын “…Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Ггийн эдлэх 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид…” гэсэн хэсгийг болон 7 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ахмад А надаас байцаалт авахдаа хэргээ хүлээчих гэж хүчээр тулгаж шаардсан. Тэр үед миний даралт ихдээд бие муу байсныг далимдуулж олон цагаар суулгаж, үнэнээ хэлбэл та одоо явж болно гэж хэлэхээр нь би хурдан гэртээ харихын тулд худлаа хэлсэн юм. Мөн гурван долоо хоногийн дотор гурван мөрдөн байцаагч солигдож хууль эрх зүйн мэдлэггүй надад зохиомол хүн амины хэрэг үүсгэсэн гэж үзэж байна. Үнэндээ бол би хэрэг гарсан өдөр тухайн газарт байгаагүй, юу болсныг ч огт мэдээгүй. Мөрдөн байцаагч нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох олон заалтуудыг илт зөрчиж, намайг хүн амины хэрэгт гүтгэж байгаад маш их харамсаж байна. Шүүх хуралдааны явцад гэрч П.Энхжаргал, Ц.Буянжаргал нарын хэлсэн мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байгаа нь сэжиг төрүүлж байна. Гэрч Д.Д мэдүүлэхдээ гэртээ унтаж байтал шөнө 00-01 цагийн үед манай дүү Ц.Буянжаргал орж ирээд би энд унтья гээд гэрийн баруун талд матрасан дээр унтсан. Ц.Буянжаргалыг орж ирээд унтсаны дараа манай дүүгийн эхнэр П.Энхжаргал гаднаас намайг дуудсан. Би өндийж босоод гараад очтол Ц.Буянжаргалын найз Р.Б нь гадаа үүдний амбаарын баруун талд газарт хэвтэж байсан. Дэргэд нь П.Энхжаргал гарыг нь барьчихсан өргөж даагаагүй бололтой зогсож байсан гэжээ. Мөн тэрээр хэлэхдээ 2014 оны 11 дүгээр сарын 19-ний орой Ц.Буянжаргал, П.Энхжаргал нар хашгиралдаад маргалдаад байх шиг байсан гэж мэдүүлэг өгсөн нь зориуд хэргийг булзааруулах гэж, анхаарлыг нь өөр тийш сарниулах гэсэн санаархал байж болох юм. Учир нь гэрч Д.Д өмнөх мэдүүлэгтээ Ц.Буянжаргалыг 2014 оны 11 дүгээр сарын 20-21-ний хооронд манай гэрт орж ирж унтсан гэж мэдүүлчихээд дараа нь уг мэдүүлгээсээ эргэж буцсан нь сэжигтэй байна. Үнэнийг хэлж чадах цорын ганц гэрч болох М.Туяаг анхан шатны шүүх хуралд зориуд оролцуулаагүй. Уг нь шүүх хуралд заавал байлцуулж үгийг нь сонсох ёстой байсан юм. Хэрэгт зайлшгүй байцаах ёстой гэрчээс мэдүүлэг аваагүй зэрэг хийгдвэл зохих ажиллагаанууд дутуу хийгдсэн. Мөн шинжээчийн дүгнэлт хоёрдмол утгатай байна. Миний бие хийгээгүй хэргийнхээ төлөө цагдан хорих төвд 1 жил 02 сар хоригдон сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байна. Та бүхэн энэ хэргийг үнэн зөвөөр нь шүүн тунгааж, намайг цагаатгаж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Б.Энх-Амгалан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхээс энэ хэрэг гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байна гэсэн дүгнэлт хийсэн. Өмгөөлөгчийн хувьд хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр хэрэг бодитой, бүх талаас нь тогтоогдож байгаа нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Учир нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад П.Энхжаргал зэрэг гэрчүүд Н.Быг хэрэг болсон газраас 20-21 цагийн орчим явсан гэдгийг нотолж, тогтвортой мэдүүлсэн. Н.Быг хэргийн газраас 20-21 цагийн үед яваад Бэлхэд 22 цагийн үед очсон гэж мэдүүлдэг. Үүнийг шалгуулах зорилгоор мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчдийн зүгээс зам шалгалт хийлгүүлэх тухай хүсэлт прокурорт тавьсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Уг ажиллагааг хийлгүүлэх гол шалтгаан нь шинжээчийн дүгнэлтээр “...ийм гэмтэл авсан хүн 6-8 цаг амьд явах боломжтой” гэж дүгнэсэнд оршиж байгаа юм. Н.Быг хэргийн газрыг орхиж явсан өдрийн маргааш өдөр нь хэрэг болсон айлын эзэгтэй П.Энхжаргал нь 11 цаг 50 минутын үед талийгаачийн эхнэр рүү утсаар залгаад талийгаачийг сонин урт урт амьсгал аваад байна. Эм тариа яах вэ гэж ярьсан байдаг. Үүний дараа өрхийн эмч 13 цагийн үед тухайн айлд очиход хохирогч амьсгал хураасан байдаг. Цаг хугацааны хувьд зайлшгүй тодруулбал зохих үйл баримт нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан 6-8 цаг амьд явах боломжтой гэсэн цаг хугацаанд амь хохирогчийн үхэлд Н.Бын оролцоо байсан уу, эсхүл өөр хүмүүсийн оролцоо байсан уу гэдгийг тогтооход чухал ач холбогдолтой юм. Хэрэв үнэхээр Н.Б хэргийн газраас 20-21 цагийн үед явчихсан байгаад, талийгаач 11 цаг 50 минутын үед амьд байсан байж таарах юм бол цаг хугацааны хувьд Н.Бын талийгаачийг цохьсон үйлдэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулах боломжгүй болоод байгаа юм. Мөрдөн байцаалтын шатанд энэ үйл явдлыг тогтоох талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй учраас уг чухал үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлгээр тогтоох боломжгүй байсан болно. Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийг хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэдгийг хоёрдмол утгагүй хэлсэн байдаг. Мөн шинжээч эмчийг байцаахад үхэлд хүргэсэн гэмтлийг гараар цохиход үүсэх боломжгүй гэж мэдүүлсэн. Харин шүүх хуралдааны явцад өмнө нь гаргасан дүгнэлт, мэдүүлгээ өөрчлөөд талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийг гараар цохиход үүсэх боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр алинд нь итгэх вэ гэдэгт зүй ёсны эргэлзээ төрж байна. Иймд бүрэлдэхүүнтэй шинжээчид томилон дүгнэлт гаргуулж эргэлзээтэй асуудлыг нэг талд нь шийдвэрлэх нь хэргийн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Н.Б анх өгсөн мэдүүлэгтээ би хоёр удаа цохьсон гэдэг. Энэ талаараа манай үйлчлүүлэгч бидэнд ярихдаа биеийн байдал муу байсанг далимдуулаад ингээд хэлбэл чамайг тавьж явуулна гэж хэлж авсан мэдүүлэг байгаа юм гэсэн. Мөрдөн байцаалтын шатанд үүнийг нь шалгуулах хүсэлт тавиагүй болохоор энэ мэдүүлэг хуулийн дагуу авагдсан юм шиг болоод явчихсан. Н.Б талийгаачийн шанаан тус газар нь цохьсон гэж мэдүүлдэг. Талийгаачийн шанаанд гараараа цохьсон байхад яагаад талийгаачийн толгойд дагзны урт шугаман хугарал бүхий гэмтэл бий болов. Шинжээчид чухамхүү Н.Бын гарын цохилтын үйлчлэлээр талийгаачид дагзны ясны шугаман хугарал бүхий гэмтэл учруулсан эсэх талаар бүрэн дүүрэн дүгнэлт өгч чадаагүйгээс гадна манай шүүхийн шинжилгээнд физик, техникийн үйлчлэлийн шинжилгээ хийх боломжгүй байдгийг энд онцлон тэмдэглэе. Иймд дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж, нэмэлт ажиллагаа хийж эргэлзээгүй нотолж байж онц хүнд гэмт хэргийн гэм буруугийн асуудал яригдах ёстой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэрэгт зайлшгүй байцаах ёстой гэрчээс мэдүүлэг аваагүй, хийгдвэл зохих ажиллагаанууд дутуу хийгдсэн, шинжээчийн дүгнэлт хоёрдмол утгатай байгаа тул дахин шинжээч томилох шаардлагатай зэргийг харгалзан шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Н.Бд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Н.Б нь манай хүнтэй 30 жил нөхөрлөсөн. Тэрээр энэ хэргийг үйлдсэн нь үнэн тул хэргийг хурдан шуурхай, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач тархины хүнд гэмтлээс болж нас барсан нь тогтоогдсон. Н.Быг гэмт хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа байцаахад талийгаачийн шанаа болон толгойн тус газар нь 2 удаа цохьсон гэж мэдүүлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Н.Б, Н.Г нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хянаж үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

 

Шүүхээс дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүйгээр шүүгдэгч Н.Б нь Р.Бгийн толгойн тус газар нь цохиж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаар Н.Б нь хэрэг учрал болсон гэх газраас 2014 оны 11 дүгээр сарын 20-ны 20-21 цагийн үед явсан байх бөгөөд “...Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь түүнийг нас барахаас өмнө үүссэн гэмтэл бөгөөд ...уг гэмтэл нь 6-8 цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой” /хх-I-175 дугаар хуудас/ гэсэн шинжээч Н.Туяагийн талийгаачийн үхлийн шалтгааны талаарх мэдүүлэг, мөн “...2014 оны 11 дүгээр сарын 21-ний 12 цагт дуудлага ирсний дагуу очиж Б гэх хүний биед үзлэг хийхэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа нь зогсож байсан” /хх-II-200-201 дүгээр хуудас/ гэсэн дуудлагаар очсон эмч Э.Батчимэгийн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч Н.Туяагийн “...Р.Бг үхэлд хүргэсэн гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гараар цохиход үүсгэгдэхгүй” /хх-I-174-175 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэгтэй түүний шүүх хуралдаанд өгсөн “...Гараар цохиход энэ гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэсэн мэдүүлэг нь эрс зөрүүтэй, эргэлзээ төрүүлж байна.

 

Иймд мөрдөн байцаалтаар доорх ажиллагааг дахин шалгаж тодруулах шаардлагатай байна. Үүнд:

Амь хохирогч Р.Б нь үхэлд хүргэсэн гэмтлийг нас барахаас хэдэн цагийн өмнө авсан, уг гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой талаар дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 967 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 862 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бын гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ