Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2017/0007/З |
Дугаар | 0026 |
Огноо | 2017-07-20 |
Маргааны төрөл | Тендер, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 0026
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал “Монкабель системс” ХХК-иас Булган аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камерь суурилуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” БХС 35/2016 дугаартай тендерт дахин үнэлгээ хийлгүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 158/2017/0007/3 дугаарын индекстэй захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монкабель системс” ХХК нь Булган аймгийн Засаг даргаас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зарласан "Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камерь суурилуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах" БХС-35/2016 дугаартай тендер (цахим тендер)-т оролцож, шаардлага нийцсэн тендерээр шалгарч улмаар Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/1188 тоот албан бичгээр "Монкабель системс" ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэн “гэрээ байгуулах боломжтой” талаар мэдэгдсэн байдаг.
Гэтэл Булган аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/95 дугаар албан бичгээр “Сангийн яамны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7515 тоот албан бичиг"-ийн дагуу тендерийг дахин зарлах болсныг мэдэгдсэн.
Сангийн яамны дээрх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7515 тоот “Гомдлыг хянан үзсэн тухай” албан бичигт зааснаар “Монкабель системс” ХХК-ийн санал болгосон унийн саналын маягтанд урьдчилгаа төлбөр шаардсан байгаа нь хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй гэж заасантай нийцэхгүй байх тул шаардлага хангасан төндер гэж үзэх үндэслэлгүй. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийх”-ээр шийдвэрлэсэн байна.
Харин Сангийн яам уг тендерийг шинээр дахин зарла гэсэн шийдвэр гаргаагүй, дахин үнэлгээ хий гэсэн шийдвэр гаргасан байхад захиалагч Булган аймгийн Засаг дарга нь Сангийн яамны гаргасан шийдвэрийг зөрчиж 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тендерийг дахин зарласан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
Манай компани Сангийн яамны тендерт дахин үнэлгээ хийх шийвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 884 дугаар захирамжаар манай компанийн гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно.
Захиалагч Булган аймгийн Засаг даргад хандан уг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд уг тендерийг дахин зарлахгүй байх талаар мэдэгдсээр байтал ийнхүү тендер шалгаруулалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Манай компани Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа маргаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Булган аймгийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг шүүхэд өгсөн боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/Ш32017/1260 дугаар захирамжаар Булган аймгийн Засаг дарга тендер шалгаруулалтыг дахин зарласантай холбоотой маргаанаа харьяалах шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй болно.
Мөн манай компани Сангийн яаманд хандан “Булган аймгийн Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцанд хяналтын көмер суурилуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендерийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин зарласан Булган аймгийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан боловч Сангийн яам 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/877 дугаар албан бичгээр хариу өгсөн байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна.
Иймд “БХС-02/2017 дугаартай Булган аймгийн Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцанд хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендерийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин зарласан Булган аймгийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Монкабель системс” ХХК нь урьдчилгаа төлбөр шаардсан байгаа нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу тендерийн баримт бичигт заагаагүй гэсэн заалттай нийцэхгүй байгаа тул шаардлага хангасан тендер гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж дахин тендер зарласан байна.
Тус компани нь урьдчилгаа төлбөр гэдгээ ажлын хөлстэй холбон үзэж байгаа боловч ямар хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсний дараа авах санхүүжилтээ тодорхой дурдаагүй бөгөөд Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанаас тендерийн бичиг баримтанд урьдчилгаа төлбөрийн талаар дурдаагүй тул дээрх төлбөрийг Сангийн яам урьдчилгаа гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амараас 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайбартаа: “ “Монкабель системс” ХХК-ийн Булган аймгийн Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцанд хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул тендер дахин зарлах тухай 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/21 тоот захирамжийг хүчингүй болгож, тус компанитай гэрээ байгуулах эрхийг холбогдох албан тушаалтнуудад олгож шийдвэрлэв. Иймд дээрх хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Монкабель системс” ХХК нь Булган аймгийн Засаг даргад холбогдуулан ““Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камерь суурилуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” БХС 35/2016 дугаартай тендерт дахин үнэлгээ хийлгүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/379 тоот “Гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжийн хуулбар болон “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэсэн тайлбараа бичиж ирүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0007/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар...нөхөн төлүүлнэ” гэсэн байх ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “Монкабель системс” ХХК-иас Булган аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Тэшиг сумын Эгийн голын гүүрэн гарцуудад хяналтын камерь суурилуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” БХС 35/2016 дугаартай тендерт дахин үнэлгээ хийлгүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0007/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн санд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ