Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 08

 

И.Болдбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Х.Гэрэлмаа,  Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Д.Баянмөнх

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч И.Болдбаатар

Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг   оролцуулан хийж,  Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Л.Одончимэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаар  шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл, ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор И.Болдбаатарт  холбогдох эрүүгийн 201612000101 тоот хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  1982 оны 8 дугаар сарын 12-ны  өдөр  Дундговь аймгийн  Адаацаг  суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн  тодорхой  ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт  Дундговь  аймгийн Адаацаг сумын төв Тавины 5-15 тоотод  оршин  суух, урьд 1 удаа  ял  шийтгүүлж  байсан, хэрэг  хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан  мэдрэл  бүрэн Хорин  овгийн  Итгэлмаагийн Болдбаатар /РД:ЗЮ82081919/

Шүүгдэгч: И.Болдбаатар нь  давтан буюу 6 удаагийн  үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан, орон  байранд нэвтэрч бусдын  эд  хөрөнгийг хулгайлах, хулгайлах гэмт  хэрэгт  шийтгүүлэн  ялтай  байх   хугацаандаа  давтан буюу 3 удаагийн үйлдлээр  бусдын эд хөрөнгийг залилан  мэхлэх гэмт  хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:  

Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн 246 дугаар  зүйлийн 246.2 дахь хэсэгт  зааснаар хохирогч О.Тэмүүлэнгийн  эзэмшлийн “Хонда сивик” маркийн  86-59 УБЦ улсын  дугаартай автомашиныг залилан  мэхэлж авсан  гэж шүүгдэгч И.Болдбаатарт Эрүүгийн  хуулийн  148 дугаар зүйлийн  148.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгон, яллах  дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн  хуулийн  145 дугаар зүйлийн 145.2 гэж  хөнгөрүүлэн  өөрчилж,

Шүүгдэгч Хорин  овгийн  Итгэлмаагийн  Болдбаатарыг 7 удаагийн буюу давтан үйлдлээр, орон  байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг  хулгайлж бусдад үлэмж  хэмжээний  хохирол учруулах гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд, мөн  бусдын  эд хөрөнгийг  хулгайлах гэмт  хэрэгт  шийтгүүлээд  ялтай байх хугацаандаа 2 удаагийн буюу давтан үйлдлээр бусдын эд  хөрөнгийг  залилан  мэхэлж  авч бусдад  бага  бус хэмжээний  хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцож,

Анхны ардчилсан  сонгууль  болж  байнгын  ажиллагаатай  парламент  байгуулагдсаны 25 жилийн  ойг тохиолдуулан  Өршөөл  үзүүлэх тухай  хуулийн  7 дугаар  зүйлийн  7.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч  И.Болдбаатарт  холбогдуулан Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн  145.2 дахь хэсэгт  зааснаар  ял сонсгон, яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн  “2015 оны 5 дугаар  сард Төв аймгийн  Бүрэн  сумын  5-р багийн Булангаа  гэх  газар  оршин  суух иргэн  Н.Ганболдын  гэрээс 1 ширхэг мөнгөн хазаар хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан”  хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч  Итгэлмаагийн  Болдбаатарт  Эрүүгийн  хуулийн  Ерөнхий  ангийн 49 дүгээр  зүйл, мөн  хуулийн Тусгай ангийн 145 дугаар  зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар  500.000 /таван зуун мянга/  төгрөг  хурааж 4 /дөрөв/ жилийн  хугацаагаар  хорих ял, Эрүүгийн  хуулийн  Ерөнхий  ангийн 49 дүгээр  зүйл, мөн  хуулийн Тусгай ангийн 148 дугаар  зүйлийн  148.3 дахь хэсэгт зааснаар  2.100.000 /хоёр сая нэг  зуун мянга/ төгрөг хурааж, 8 /найм/ жилийн  хугацаагаар  хорих  ял тус тус оногдуулан  шийтгэж,

Эрүүгийн  хуулийн  57 дугаар  зүйлийн  57.1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч  И.Болдбаатарт оногдуулсан  хөнгөн  ялыг  хүндэд нь багтааж, түүний  биечлэн  эдлэх  ялыг  2100000 /хоёр сая нэг зуун мянга/  төгрөг  хурааж, 8 /найм/ жилийн  хугацаагаар  хорих  ялаар тогтоож,

Эрүүгийн  хуулийн  52 дугаар  зүйлийн  52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатарт оногдуулсан 8 жилийн  хугацаагаар  хорих   ялыг  чанга  дэглэмтэй  хорих   ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн  хуулийн  59 дүгээр  зүйлийн  59.1, 59.2, Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.7 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч  И.Болдбаатарын  энэ хэргийн  улмаас баривчлагдсан, цагдан  хоригдсон нийт 276 хоногийг  хорих ял  эдэлсэн  хугацаанд нь оруулан  тооцож,

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж,

 Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж  ирсэн 27-93 ДУЗ улсын  дугаартай   “Vingang” /чансаа/ мотоциклийг  хохирогч Л.Самданжамцад,  улсын дугааргүй “ИЖ планета-2” маркийн  шар өнгийн  мотоциклийг хохирогч П.Амьдралсайханд,  улсын дугааргүй,  хар өнгийн “Дайлим дая стар” маркийн  мотоциклийг хохирогч Т.Амгаланд,  улсын  дугааргүй  шаргал  өнгийн  “Fekon” маркийн  мотоциклийг  иргэний  нэхэмжлэгч Т.Пунцагдашид тус тус эгүүлэн олгож,

Иргэний  хуулийн  497 дугаар  зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн  510.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатараас 9779200 /есөн сая долоон зуун  далан  есөн мянган/  төгрөгийг  гаргуулан  хохирогч Ч.Энхтүвшинд 1980000 /нэг сая есөн зуун наян мянган/ төгрөгийг, хохирогч Б.Жамбалд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг, хохирогч Н.Ганболдод 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, хохирогч Г.Мөнхбаатарт  200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг,  хохирогч Б.Ариунболдод 800000 /найман зуун мянган/ төгрөгийг, иргэний  нэхэмжлэгч Ц.Отгонжаргалд 1480000 /нэг сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг, иргэний  нэхэмжлэгч С.Тунгалагтуяад 100000 /нэг зуун мянган/ төгрөгийг,  иргэний  нэхэмжлэгч Д.Отгонбатад 119000 /нэг зуун арван есөн мянган/ төгрөгийг, иргэний  нэхэмжлэгч Г.Оюунбүргэдэд 100000 /нэг  зуун мянган/ төгрөгийг  тус  тус  олгож,

Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3, 121.4 дэх хэсэгт зааснаар  иргэний нэхэмжлэгч И.Бямбасүрэн, Т.Пунцагдаш, Ж.Энхзул, Т.Ёндон нар нь иргэний  нэхэмжлэлээсээ татгалзсан тул холбогдох нэхэмжлэлийг  хэлэлцээгүй болохыг дурдаж,

Хохирогч Ч.Энхтүвшинд мөнгөн аяга 3 ширхэг, үндсэн  хул 2 ширхэг, модон хул 1 ширхэг, хохирогч О.Тэмүүлэнд “Хонда сивик” маркийн 86-59 УБЦ улсын  дугаартай автомашиныг  тус тус хүлээлгэн өгсөн  болохыг дурдаж,

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дундговь  аймаг  дахь Цагдаагийн  газарт хадгалагдаж  байгаа 27-93 ДУЗ улсын  дугаартай “Vingang” /чансаа/ мотоциклийг  хохирогч Л.Самданжамцад,  улсын дугааргүй “ИЖ планета-2” маркийн шар өнгийн  мотоциклийг хохирогч П.Амьдралсайханд,  улсын дугааргүй,  хар өнгийн “Дайлим дая стар” маркийн  мотоциклийг хохирогч Т.Амгаланд,  улсын  дугааргүй  шаргал  өнгийн  “Fekon” маркийн мотоциклийг  иргэний  нэхэмжлэгч Т.Пунцагдаш нарт тус тус  хүлээлгэн  өгч баримтыг И.Болдбаатарт холбогдох  эрүүгийн  201612000101 тоот  хэрэгт хавсаргахыг  шүүгчийн туслах Г.Нямаад даалгаж,

Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн 99 дүгээр  зүйлийн  99.1.2, 101 дүгээр  зүйлийн  101.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн  үнэлгээний  хөлс 58000 /тавин  найман мянган/ төгрөгийг шүүгдэгч И.Болдбаатараас гаргуулан  хохирогч О.Тэмүүлэнд олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 88 дугаар  зүйлийн  88.1.3 дахь хэсэгт  зааснаар  энэ хэрэгт эд  мөрийн  баримтаар хураагдаж  ирсэн “Vongvi top cecuite” гэсэн  бичигтэй  цоож 1 ширхэг, “Blossom super” гэсэн  бичигтэй цоож  1 ширхэгийг тус  тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Болдбаатарт урьд авсан цагдан хорих таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Баянмөнх эсэргүүцэлдээ: Дээрх хэргийг шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд: Тогтоолын тодорхойлох хэсэгт:“Шүүгдэгч И.Болдбаатар нь бусдаас хулгайлсан болон залилан мэхэлж авсан 3 мотоциклийг ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар уг 3 мотоциклийн үнийг шүүгдэгчээс хурааж улсын орлогод оруулахаар, шүүгдэгч И.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөг хурааж, 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 2.100.000 төгрөг хурааж 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ” гэж заасан байна.

          Дээрх заалтаас үзэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг эд хөрөнгө хураах ялаас тусад нь улсын орлогод оруулахаар заажээ.

           Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтанд:

-“Шүүгдэгч И.Болдбаатарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дугээр зүйл, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөг хурааж 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйл, мөн хуулийн Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 2.100.000 төгрөг хурааж, 8 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй” гэж,

- 5 дахь заалтанд Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдбаатарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 2.100.000 төгрөг хурааж, 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж тус тус заасан боловч шүүгдэгч И.Болдбаатараас гэмт хэрэг үйдлэх үедээ ашигласан үндэслэлээр хурааж ирүүлсэн 3 ширхэг мотоциклийн үнэ хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгийг улсын орлогод оруулах асуудлыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааж өгөөгүй, орхигдуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 11 дүгээр зүйлд: “Шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг, мөн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсэгтэй, харин гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн болон бусад хэрэгслийг зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтална” гэж заасан байхад шүүх шийтгэх тогтоолдоо дээрх хуулийн заалтыг зөрчиж, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх 3 ширхэг мотоциклийн үнийг гаргуулж, улсын орлогод оруулах асуудлыг шийдвэрлээгүй байна.

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт заасан: "Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Мөн шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргасан атлаа тогтоох хэсгийн удирдлага болгох хуулийн заалтанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийг бүхэлд нь буюу шүүхээс цагаатгах тогтоол гаргахад баримтлах хуулийн заалтыг баримталж, шийтгэх тогтоол гаргажээ.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч нарт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцээгүй болохыг дурьдсугай гэж тогтоолд заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсгийг тогтоох хэсэгт удирдлага болгоогүй зэрэг нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Лхамын давж заалдах гомдолд: И.Болдбаатар нь анхан шатны шүүхээс хөнгөн  ялыг  хүндэд  нь багтааж Болдбаатарын биечлэн эдлэх ялыг 2.100.000 төгрөг хурааж 8 жилийн хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэгдсэн. И.Болдбаатар нь давтан буюу 6 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлах, хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг  залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учируулсан гэмт хэрэгт холбогдсон. И.Болдбаатар нь хохирогч Л.Самданжамц, Т.Амгалан, П.Амьдралсайхан нарын  мотоциклыг хулгайлж, залилан мэхэлж авч ашигласан боловч биет байдлаар нь хураан авагдсан. Энэ эд зүйлийг нь хохирогч нарт буцаан олгохоор шүүх шийдвэрлэсэн тул Монгол улсын Эрүүгийн хуулийн 148.3-д заасан бага бус хэмжээний хохирол төлбөр төлөгдсөн байдал харагдаж байна. И.Болдбаатар нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг  ойлгож гэмшиж байгаа төдийгүй, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөвөөр мэдүүлэг өгч байсан. Иймд И.Болдбаатарт анхан шатны шүүхээс оногдуулсан 8 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргав гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Г.Лхамаас: Оногдуулсан хорих ялын хэмжээг доош нь татаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүх ялтан И.Болдбаатарыг 7 удаагийн давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах ялтай байх хугацаандаа 2 удаагийн давтан үйлдлээр бусдын итгэлийг эвдэж, хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь залилан мэхэлж авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан “...И.Болдбаатараас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан үндэслэлээр хурааж ирүүлсэн 3 ширхэг мотоциклийн үнэ хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгийг улсын орлогод оруулах асуудлыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааж өгөөгүй, орхигдуулсан байна.” гэснийг хүлээн авах зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх И.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийг давхар баримталсан нь эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулсан уу эсвэл гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хураасан уу гэдэг нь ойлгомжгүй болжээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан шүүхийн тогтоол  тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна гэснийг зөрчжээ.

Иймд шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг буруу хэрэглэснийг зөвтгөн шийдвэрлэв. Мөн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн улсын дугааргүй “Дайлим дая стар” маркийн мотоциклийн /арал №KMYOVL1252C309767988, хөдөлгүүр №VL12E1019361/ үнэ 1100,000 төгрөг,  27-93 ДУЗ улсын дугаартай мотоциклийн /арал №LW4UBCMC 2DK005877, хөдөлгүүр №UG163FML 39002143/ үнэ 1000.000 төгрөг нийт 2100.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар И.Болдбаатараас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав. Мөн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхээс ялтанд оногдуулсан хорих ялын хэмжээг багасган хөнгөрүүлж өөрчилсөн болно.

 

Давж заалдах шатны шүүх  прокурорын гаргасан эсэргүүцлийн зарим хэсэг, ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315.1.4-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт:

а. 4 дүгээр заалтыг “ Шүүгдэгч Итгэлмаагийн Болдбаатарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөг хурааж 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.” гэж,

б. 5 дугаар заалтын “2100000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг хурааж, 8 /найм/ жилийн”гэснийг “100.000 /нэг зуун мянга/ төгрөг хурааж, 5 /таван/ жил 1 /нэг/ сарын” гэж,

в. 6 дугаар заалтын “8 жилийн” гэснийг “5 жил 1 сарын” гэж,

г. 8 дугаар заалтыг “8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн “улсын дугааргүй “Дайлим дая стар” маркийн мотоциклийн /арал №KMYOVL1252C309767988, хөдөлгүүр №VL12E1019361/” үнэ 1100,000 төгрөг, “27-93 ДУЗ улсын дугаартай мотоциклийн /арал №LW4UBCMC 2DK005877, хөдөлгүүр №UG163FML 39002143/” үнэ 1000.000 төгрөг нийт 2100.000 төгрөгийг шүүгдэгч И.Болдбаатараас гаргуулж хурааж, улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                               Х.ГЭРЭЛМАА

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ